Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 030

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч тус сумын 5,6,7,8 дугаар багийн оршин суугчид болох Ожых овогт Мейрамханы Тилеужан, Ители овогт Санигийн Аманжол, Жадик-Тилеке овогт Тохтагийн Альбек, Бахат Ахтай овогт Абайн Азат, Жадик овогт Багдатийн Хиюбек, Ботахара овогт Бөкейн Ерболат нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хороонд холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03,04,05,06,07,08 дугаартай Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг тус сумын сонгуулийн хороонд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Тилеужан, С.Аманжол, Б.Хиюбек, Б.Ерболат, Т.Альбек, А.Азат, хариуцагч Ногооннуур сумын сонгуулийн хорооны дарга Ш.Ерсин, нарийн бичгийн дарга Х.Авлаш, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Бид Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3 дахь заалтын дагуу хуулийн хугацаанд багтаан бие даан нэрээ дэвшүүлэхээр мөн хуулийн 157.3 дахь заалтын дагуу холбогдох материалаа биечлэн сумын сонгуулийн хороонд ирүүлсэн билээ. Манай сумын сонгуулийн хороо 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр анх гишүүдээ цуглуулан байгуулагдаж хуралдсан. Бид анх сонгогч дэмжигчдээр гарын үсэг зуруулах бүртгэлийн маягтыг сонгуулийн хорооны дарга Ш.Ерсиний албан ажлын өрөөнөөс авсан, сонгуулийн хороо цаг хугацаанд ажлаа хийгээгүй. Ямар бичиг баримт бүрдүүлэх талаар удаа дараа очиж асуухад бид мэдэхгүй өөрсдөө мэдэж бэлтгэж өгөөрэй гэсэн. Бидэнд тухайн үед сонгуулийн мөрийн хөтөлбөрийг аудитаар баталгаажуулж авч ирээрэй гэж хэлээгүй бөгөөд аймгийн аудитын газар 2016 оны 08 дугаар сарын 25-нд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянаж баталгаажуулах ажиллагааг дуусгасан байсан. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтын дагуу бид материалаа бүрдүүлж өгсөн. Гэтэл биднийг цагдаагийн байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй, цэргийн албыг хаагаагүй, мөнгөн хэлбэрээр хаасан бичиг баримт нь хуурамч, сонгогчдоор гарын үсэг хуурамчаар зуруулсан, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг зөрчиж нэр дэвшигчээр бүртгээгүйд гомдолтой байна. Иймд дээрх асуудлыг яаралтай шалгаж, бидний зөрчигдсөн сонгогдох эрхийг сэргээн өгч, сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03,04,05,06,07,08 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчээр тус тус бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү. Сумын сонгуулийн хороо 03, 04, 05, 06, 07, 08 тоот тогтоолуудыг гаргахдаа үндэслэсэн Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалт нь нам эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхэд тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлэх баримт бичгийн жагсаалтад хамаарах заалт болохоос бие даан нэр дэвшигчдэд хамаарахгүй, бүртгэхээс татгалзах заалт биш юм. Мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь заалтын дагуу тухайн үед бид баримт бичгээ бүрдүүлж өгсөн, уг заалтад бие даан нэрээ дэвшүүлэгч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагаар хянуулан тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ гэж заагаагүй, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө бидэнд сонгуулийн мөрийн хөтөлбөр бэлтгэж, аудитаар хянуулах талаар сумын сонгуулийн хорооноос хэлээгүй бөгөөд 09 дүгээр сарын 04-ний өдөр бид бусад бичиг баримтаа өгөх үед мөрийн хөтөлбөрийн талаар бидэнд ярьсан. Нэр дэвшигч С.Аманжол, Б.Хиюбек нар мөрийн хөтөлбөрөө бичиж авч очсон боловч аудитаар хянуулаагүй гэж аваагүй юм. Аудитын байгууллага 2016 оны 08 дугаар сарын 25-нд нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хянаж дууссан дахиж материал авахгүй, хянахгүй гэж мэдэгдсэн. Дараа нь сонгуулийн хорооны дарга Ш.Ерсин нь бидэнд ...аймгийн сонгуулийн хорооны дарга А.Даримхан нь сонгуулийн мөрийн хөтөлбөр ав гэсэн... гэж хэлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан аймгийн сонгуулийн хорооны 02 дугаартай албан тоот нь бие даан нэр дэвшигчид бид бичиг баримтаа бүртгүүлэх хугацаанд өгч дууссаны дараах 2 хоног өнгөрснөөс хойш буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бичигдсэн байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэр дэвшигчдийн бүх бичиг баримтыг авч дууссаны дараа 2016 оны 09 дүгээр сарын 06-нд аймгийн сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчдээс мөрийн хөтөлбөр ав гэж албан тоот явуулж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.

Нэр дэвшигч С.Аманжолын хувьд цагдаагийн байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй гэсэн боловч тухайн үед цагдаагийн байгууллагад тодорхойлолт авах хүсэлтээ өгсөн ба цагдаагийн байгууллагын ажлын ачааллаас болж С.Аманжолын ял шийтгэлгүй байсан тухай тодорхойлолт нь 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газраас аймгийн Цагдаагийн газарт файлаар ирж, амралтын өдөрт таарч 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн цагдаагийн байгууллагын ажилтан н.Маратаас авч, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр сонгуулийн хороонд хүргүүлсэн боловч хугацаа өнгөрсөн тул авахгүй гэж аваагүй юм. Энэ нь нэр дэвшигчийн буруу биш бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д ...шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулна авна... гэж заасан байдаг.

Иймд сумын сонгуулийн хороо цагдаагийн байгууллагын тодорхойлолт удааширч гарснаас болж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах ёсгүй юм. Нэр дэвшигч М.Тилеужаны хувьд цэргийн алба хаагаагүй, цэргийн албыг дүйцүүлэн хаасан цэргийн үүрэгтний үнэмлэх нь хуурамч гэж тогтоолд бичсэнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, банкны баримтыг мөнгө тушаагаагүй нөхцөлд хэн ч бичиж өгөхгүй, дансанд мөнгө нь орсон үед цэргийн үүрэгтний үнэмлэх олгодог ёстой байхад сумын сонгуулийн хороо санаатайгаар зориудаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хуулийн үндэслэлгүй юм. Сумын сонгуулийн хорооны гаргасан дээрх тогтоолуудад нэр дэвшигч биднийг Сонгуулийн тухай хуулийн 158.1.4 дэх заалтыг зөрчсөн гэжээ. Бид 158.1.4 дэх 7 төрлийн /а,б,в,г,д,е,ё/ зөрчлийг гаргаагүй. Хариуцагч энэ талаар өөрсдийн гаргасан тогтоолдоо тодорхой дурьдаагүй бөгөөд бидний цуглуулсан гарын үсгийг өөр этгээдээр хуурамчаар зуруулсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон тэдний бичиж өгсөн баримтыг үндэслэж бид Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-д заасны дагуу 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан. Гэрчүүдийн ихэнх нь сумын төвд байхгүй, өвс тэжээлийн ажилд явсан учраас бүгдийг гэрчээр асуулгаж чадаагүй ба сумын сонгуулийн хорооны хүмүүс өөрсдөө сонгогчдыг төлөөлөн баримт бичиж, тэдний гарын үсгийг хоосон цаасанд зуруулан авч хэрэглэсэн тохиолдол байна. Энэ талаар бид цагдаагийн байгууллагад жич хандах болно. Одоогоор бидэнд зөрчилтэй гэж тооцож буй хүмүүсийг хасахад бидний гарын үсэг зуруулах сонгогчдын тоо Сонгуулийн тухай хуулийн 156.2.3 дахь заалттай нийцсэн, нэр бүхий 6 нэхэмжлэгч тус бүр 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг бодитой зуруулсан тооцоо гарч байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Тус сумын сонгуулийн хороо хуулийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж, орон нутгийн сонгуульд оролцох нам болон бие даан нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Бие даан нэр дэвшигчдэд дэмжигч сонгогчдоор гарын үсэг зуруулах бүртгэлийнмаягтыг хугацаанд нь өгсөн. Бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд дуусгаж, бие даан нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсгийн жагсаалтыг хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 06 дугаар тэмдэглэл үйлдсэн. 2016 оны 09 дүгээр сарын 01-нд сумын сонгуулийн хороо хуралдаж 07 дугаар тэмдэглэл хөтлөн, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасны дагуу бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсгийг түүвэрлэн шалгасан. Аймгийн сонгуулийн хорооноос асууж лавласны дагуу тухайн иргэний гэрт биечлэн очиж, тусгай цаасанд гарын үсгийн хэв маягийг авч тулган шалгасан. 2016 оны 09 дүгээр сарын 04-нд 7 бие даан нэр дэвшигчдээс 6 хүн баримт бичгээ өгснийг жагсаалт үйлдэн хүлээн авч аудитаар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна гэдгийг дахин сануулж гарын үсгийг зуруулж авсан. Бие даан нэр дэвшүүлсэн нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх ёсгүй гэж маргалдсан ба тухайн үед С.Аманжол, А.Азат нар нь мөрийн хөтөлбөртэй гэж бариад явж байсан ч аудитаар хянуулаагүй учир бид хүлээн аваагүй, сумын сонгуулийн хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж, тэдэнд хуулийн заалтыг тайлбарлан өгч хэлсэн боловч тийм зүйл байхгүй гэж гараад явсан. Энэ тухай аймгийн Сонгуулийн хороонд уламжлан танилцуулсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот албан тоотоор зөвлөмж ирснийг мөрдөн ажилласан. Мөрийн хөтөлбөр нь сонгуулийн сурталчилгааны үедбаримтлах гол бичиг баримт гэж үзсэн болно. Нэр дэвшигч нь сонгуульд оролцоход иргэдэд сурталчилгаа хийдэг юм.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.4-т ...сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно... гэж заасныг бие даан нэр дэвшигч нь заавал мөрийн хөтөлбөртэй байх ба зөвхөн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлээр сурталчилгаа хийнэ гэж ойлгож үүнийг гол зарчим болгон баримтлан ажилласан болно.

Аудитаар хянуулаагүй мөрийн хөтөлбөр аваагүй шалтгаан нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д заасан тухайн баримтад тусгахыг хориглосон зүйл байгаа эсэхийг шалгуулан үзэх шаардлагатай гэж ойлгосон тул уг заалтыг баримтлан ажилласан. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь хуулийн 67.5-д зааснаар нэр дэвшигч Монгол улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэхийг аудитын байгууллагаар хянуулсан байна гэж заасныг бие даан нэр дэвшигчид нэгэн адил хамаарагдана гэж ойлгож тогтоолын үндэслэл болгосон.

Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна гэж заасныг УИХ, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл болон сум дүүргийн сонгуульд нам эвсэл бие даан нэр дэвшигчдэд нэгэн адил хамаарагдана гэж ойлгосон болно. Хуулийн дээрхи шаардлагыг ажлын гол зарчим болгон ажиллаж Сонгуулийн тухай хуулийн 67.5.2-т заасан бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагаар хянуулсан байна гэдэг заалтыг тогтоолын үндэслэл болгосон. Сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03, 04, 05, 06, 07, 08 дугаар тогтоолуудад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 гэж заасныг залруулан 157.3 дахь заалт гэж авч үзнэ үү. Энэ нь бичилтийн алдаа болно. Сонгогчдоор гарын үсэг зуруулсан асуудлын хувьд А.Азат нь нийт 87 хүний гарын үсэг цуглуулснаас 29 иргэний гарын үсгийг нягтлан шалгахад, 13 хүний гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн. Жагсаалтын 13-т байгаа Х.Толганай, 38-д байгаа Т.Мусахан нарын 2 хүний гарын үсэг хуурамч байсан нь тэдний гарын баримтаар тогтоогдсон. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 3.1.8, 158.1.4-ийн а-д заасан заалтуудыг зөрчсөн. Т.Альбек нь нийт 62 хүний гарын үсэг цуглуулснаас 17 иргэний гарын үсгийг нягтлан шалгахад 2 хүний гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн. Үүнд, жагсаалтын 38-д байгаа Орынбай Рысгүл, 41-д байгаа Нугман Тилеуберди нар болно. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 3.1.8, 158.1.4.в-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзсэн.Б.Ерболат нь нийт 102 хүний гарын үсэг цуглуулснаас 11 иргэний гарын үсгийг нягтлан шалгахад 5 хүний гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн ба энэ тухай иргэн С.Азатхан нь гарын баримт гаргаж өгсөн. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 3.1.8, 158.1.4.а-д заасан заалтуудыг зөрчсөн. М.Тилеужаны хувьд түүний цуглуулсан гарын үсгээс 10 иргэний гарын үсгийг нягтлан шалгахад Хосхарагай багийн иргэн Сайырбай овогтой Азатхан, Сахит овогтой Айым, Тилейхан овогтой Гүлжанар нарын гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн зөрчил илэрсэн ба 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Азатхан овогтой Талгатбекийн гарын үсгийг бүртгэлийн маягтын дэс дугаарын 56, 64-т тус тусхуурамчаар 2 удаа зуруулсан тул Сонгуулийн тухай хуулийн 3.1.8 буюу 158.1.4-ийн а, в дүгээр заалтуудыг зөрчсөн байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар бие даан нэр дэвшигч нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногийн дотор дуусгана гэж заасан. Энэ нь бие даан нэр дэвшигчдэд хуваарийн дагуу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл байх ёстой. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д зааснаар нэр дэвшигч нь цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх ёстой. М.Тилеужан нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр алба хаасан бичиг баримт бүрдүүлсэн байна. Энэ нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэв.Аймгийн сонгуулийн хороонд энэ талаар мэдэгдэж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 02-нд М.Тилеужаны төлсөн мөнгө нь төрийн сангийн дансанд ороогүй гэдгийг аймгийн цэргийн хэлтсийн мэргэжилтнээс утсаар лавлаж мэдсэн тул цэргийн алба хаасан баримт нь хуурамч болж гарсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 154.3.5, 158.1.4-д заасныг зөрчсөн. Б.Хиюбек нь нийт 68 хүний гарын үсэг цуглуулснаас 35 иргэний гарын үсгийг нягтлан шалгахад өөр багийн иргэн Хазаны Замен, Багдатын Дилдагүл, Хайсагийн Саулеш, Көнселханы Жабай, Каримханы Хуандых, Каримханы Айнагүл, Аюугийн Нурбатиш, Жанатын Нургүл нарын 8 хүн гарын үсэг зураагүй гэж тодорхойлолт гаргасан С.Сейтхан, М.Төленхан, А.Мухамади, Х.Перизат, Х.Гүлжан, Д.Алтангүл нарын 6 хүн гарын үсгийг, мөн өөр этгээдээр үйлдүүлсэн 14 хүн, нийт 28 хүний гарын үсгийн зөрчил гарсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 3.1.8, 156.1, 158.1.4.а.в.-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзлээ. Б.Хиюбек нь нийт 68 хүний гарын үсэг цуглуулснаас зөрчилтэй 28 гарын үсгийг хасахад гарын үсгийн тоо 40 болж, Сонгуулийн тухай хуулийн 156.2.3-т заасан шаардлагыг хангаагүй тухай хуулийн заалтыг үндэслэсэн. С.Аманжол нь нийт 59 хүний гарын үсэг цуглуулснаас 25 иргэний гарын үсгийг нягтлан шалгахад 7 хүний гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн, жагсаалтын 21-д байгаа З.Ботакөзийн гарын үсэг хуурамч байсныг гарын баримтаар нотолж, мөн жагсаалтын 35, 36-д байгаа Ш.Еркежан нь Цэнгэл сумд, Ш.Серикжан нь хотод сурдаг байхад уг хүмүүсийн гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн бөгөөд гарын үсэг цуглуулсан маягтын 20-д байгаа Нүсивийн Хамарын гарын үсгийг сонгуулийн эрхгүй сургуулийн хүүхдээр зуруулсан нь утасны бичлэгээр нотлогдсон тул хуулийн 3.1.8, 156.1, 158.1.4.а, 158.1.4.д.-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзлээ. Бие даан нэр дэвшигч С.Аманжолын цуглуулсан 59 хүний гарын үсгээс зөрчилтэй 10 хүнийг хасахад, гарын үсгийн тоо 49 болж, Сонгуулийн тухай хуулийн 156.2.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж хуулийн заалтыг үндэслэв. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4-д заасан ял шийтгэлгүй гэсэн цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй тул 158.1.3-т заасныг мөн зөрчсөн гэж үзлээ. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ногооннуур сумын сонгуулийн хорооноос тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 5,6,7,8 дугаар тойрогт тус тус бие даан нэрээ дэвшүүлсэн нэхэмжлэгч С.Аманжол, А.Азат, Б.Хиюбек,Т.Альбек, М.Тилеужан, Б.Ерболат нарыг Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.8, 157 дугаар зүйлийн 157.2, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4-д заасныг тус тус баримтлан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, энэ талаар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 03,04,05,06,07,08 дугаартай тогтоолуудыг гаргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалт нь намын сонгуулийн хороонд ирүүлэх бичиг баримт, тэдгээрийг ирүүлэх хугацааны талаарх зохицуулалт байх ба хариуцагч талаас маргаан бүхий захиргааны актуудыг гаргах үед Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-д заасныг баримталсан нь бичгийн алдааны улмаас 157 дугаар зүйлийн 157.2 гэж тусгагдсан гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Хуулийн 157.3 дахь заалт нь бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгуулийн хороонд ирүүлэх бичиг баримт болон тэдгээрийг ирүүлэх хугацааны талаарх зохицуулалт байна.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон маргаан бүхий захиргааны актуудын агуулгаас үзэхэд тухайлбал Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 03 дугаартай тогтоол нь сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч С.Аманжолыг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагаар хянуулан сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй, бие даан нэр дэвшигчийн хувьд зуруулсан сонгогчийн гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн, хуурамч гарын үсэг зуруулсан, ялгүй талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй, зуруулсан гарын үсгийн тоо тогтоосон хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр, 04 дугаартай тогтоол нь нэхэмжлэгч А.Азатыг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагаар хянуулан сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй, сонгогчийн гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн, хуурамч гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээр, 05 дугаартай тогтоол нь нэхэмжлэгч Б.Хиюбекийг сонгогчийн гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн, хуурамч гарын үсэг зуруулсан, сонгогчдоор зуруулсан гарын үсгийн тоо тогтоосон хэмжээнд хүрээгүй, тухайн тойрогт харьяалалгүй сонгогчдоор гарын үсэг зуруулсан, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагаар хянуулан сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй гэх үндэслэлээр, 06 дугаартай тогтоол нь Т.Альбек нь сонгогчийн гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлж, хуульд заасан зөрчил гаргасан, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагаар хянуулан сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй гэх үндэслэлээр, 07 дугаартай тогтоол нь М.Тилеужаныг нэр дэвшүүлэх ажиллагаа дуусахаас өмнө цэргийн алба хаагаагүй, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаасан баримт нь хуурамч буюу төлбөрөө төлөөгүй, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагаар хянуулан сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй гэх үндэслэлээр, 08 дугаартай тогтоол нь Б.Ерболатыг сонгогчдоор зуруулсан гарын үсэг нь хуурамч, өөр этгээдээр гарын үсэг зуруулсан, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагаар хянуулан сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй гэх үндэслэлээр тус тус нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрүүд байна.

Шүүх дараах үндэслэлээр Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03, 04, 05, 06, 07, 08 дугаартай Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Бие даан нэр дэвшигчийн хувьд төрийн аудитын байгууллагаар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нэхэмжлэгч нар сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй гэх маргааны тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь 6.2-т зааснаар сонгуулийн нэг хэлбэр бөгөөд хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна. гэж заажээ. Мөн хуулийн 67.5.2-т зааснаар бие даан нэр дэвшигч нь 67.5-д зааснаар сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдал болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулахаар зохицуулагджээ.

Үүнээс үзэхэд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувьд М.Тилеужан нарын нэр бүхий 6 нэхэмжлэгч төрийн аудитын байгууллагаар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх ёстой ажээ.

Нэхэмжлэгч нараас хуулийн дээрх шаардлагыг хангасан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй нь, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Баян-Өлгий аймгийн аудитын газарт хандаагүй нь тус байгууллагын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 220 дугаартай албан бичиг болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нараас бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасан баримт бичгийг сонгуулийн хороонд ирүүлэх бөгөөд 157.3.1-157.3.6-д заасан бүрдүүлэх бичиг баримтад сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ирүүлэх тухай заагаагүй гэж маргасан боловч нэр дэвшүүлэх ажиллагааг зохицуулсан хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 156 дугаар зүйлийн 156.1-д тус тус зааснаас үзэхэд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг шаардлага, 154.3.1, 154.3.5-д заасан шаардлагыг тус тус хангасан байх ёстой ба хуульд заасан шаардлага хангасан иргэн нь орон нутгийн Хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлэхээр байна.

Хуулийн энэхүү зохицуулалтуудад заасан хуульд заасан шаардлага гэдэгт нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.5-д заасан төрийн аудитын байгууллагаар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх шаардлага хамаарах бөгөөд нэхэмжлэгч нар хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн 154.3, 156.1-д заасан хуульд заасан шаардлага хангасан нэр дэвшигч гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч нар Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т заасан бичиг баримтыг бүрдүүлж сонгуулийн хороонд ирүүлэх бөгөөд уг зүйлд заасан бичиг баримтын төрөлд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ирүүлэх тухай заагаагүй ч нэр дэвшигчийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 67.1, 67.5, 154.3-т заасан шаардлагуудыг давхар хангасан байж 156.1-д зааснаар сумын Хурлын сонгуулийн нэг тойрогт нэр дэвшүүлэх ёстой тул энэ талаарх хариуцагч талын маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нараас Сонгуулийн тухай хуулийг тухайн үед судлаагүй, сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх хуулийн зохицуулалтыг мэдээгүй, сумын сонгуулийн хорооноос энэ талаар мэдэгдээгүй, бусад сумын Хурлын сонгуульд нэр дэвшигчдээс тухайн сумын сонгуулийн хороо нь сонгуулийн мөрийн хөтөлбөр гэх бичиг баримтыг шаардаагүй, аймгийн сонгуулийн хорооноос бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх тухай зөвлөмжийг бүртгэлийн хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн, аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Х.Бахыт нь бие даан нэр дэвшигчдэд сонгуулийн мөрийн хөтөлбөр байх шаардлагагүй гэж мэдэгдсэн гэх тайлбарууд нь үндэслэл бүхий биш байх ба энэ нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Аманжол, А.Азат, Б.Хиюбек, Т.Альбек, Б.Ерболат, М.Тилеужан нар нь бие даагчийн хувьд сонгогчдоор бүртгэлийн маягтад гарын үсэг зуруулахдаа тухайн сонгогчийн гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн, хуурамч гарын үсэг зуруулсан, сонгогчдын гарын үсгийн тоо тогтоосон хэмжээнд хүрээгүй гэх маргааны тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас өгсөн тайлбар болон гэрч нарын мэдүүлэг бүхий нотлох баримтуудыг үндэслээд энэхүү маргаанд шүүх дараах байдлаар дүгнэлт хийлээ.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-т зааснаар сумын Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг 156.2-т зааснаар сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулах бөгөөд 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан байх хуулийн заалтын агуулгыг тухайн бие даан нэр дэвшигч нь 51 эсвэл түүнээс дээш тооны сонгогчоор гарын үсэг зуруулсан байхыг ойлгох юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Аманжол нь сонгуульд бие даан нэр дэвшигчийн хувьд 59 сонгогчийн гарын үсгийг зуруулсан бүртгэлийн маягтыг сумын сонгуулийн хороонд хүргүүлсэн байх ба сумын сонгуулийн хорооноос С.Аманжолын хувьд 47 сонгогчийн гарын үсэгтэй холбоотой маргаан байхгүй, харин 12 сонгогчийн гарын үсэг нь зөрчилтэй байсан гэх тайлбарыг шүүхэд өгсөн.

Шүүхээс тухайн сонгогч гарын үсгээ өөрөө зураагүй гэх 12 сонгогчоос Ш.Еркежан, И.Саулетхан, Х.Тирнекей, С.Рысхан нарын 4 сонгогчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авахад нэр дэвшигч САманжолыг дэмжиж сонгогчийн хувьд гарын үсгээ тухайн үед бүртгэлийн маягтад зурж өгснөө мэдэгдсэн тул эдгээр 4 гэрчийн мэдүүлгийг үндэслэхэд нэхэмжлэгч С.Аманжол нь бие даан нэр дэвшигчийн хувьд хуулийн 156.2.3-т зааснаар 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан байх шаардлагыг хангасан нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Азат нь 87 сонгогчийн гарын үсгийг зуруулсан байх ба үүнээс хариуцагч нарын маргасан зөрчил бүхий гэх 15 сонгогчийн гарын үсгийг хасаж тооцоход сонгогчдын маргаангүй гарын үсгийн тоо 72, нэхэмжлэгч Т.Альбекийн хувьд түүний зуруулсан 62 сонгогчийн гарын үсгийн тооноос хариуцагч нарын маргасан 2 сонгогчийн гарын үсгийг хасаж тооцоход сонгогчдын зурсан гэх маргаангүй гарын үсгийн тоо 60, нэхэмжлэгч Б.Ерболатын зуруулсан гэх нийт 102 сонгогчийн гарын үсгийн тооноос зөрчил бүхий гэх 5 сонгогчийн гарын үсгийг хасахад маргаангүй сонгогчийн гарын үсгийн тоо 97 байгаа нь тус тус тогтоогдсон банэхэмжлэгч А.Азат, Б.Ерболат, Т.Альбек нар нь бие даан нэр дэвшигчийн хувьд хуулийн 156.2-т зааснаар 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан байх шаардлагыг мөн хангасан байна.

Харин нэхэмжлэгч Б.Хиюбекийн хувьд нийт 68 сонгогчоор гарын үсэг зуруулснаас 40 сонгогчийн гарын үсэгтэй холбоотой маргаан байхгүйг, зөрчилтэй гарын үсэг бүхий 28 сонгогчийн 8 сонгогч нь нэхэмжлэгчийн нэр дэвшсэн тухайн тойрогт харьяалалгүй иргэд байсан талаар, тухайн сонгогчийн гарын үсгийг өөр этгээдээр үйлдүүлсэн, хуурамч гарын үсэг зуруулсан 20 сонгогчийн нэр байсныг тус тус хасахад бие даагчийн хувьд зуруулсан гарын үсгийн тоо тогтоосон хэмжээнд хүрээгүй гэх тайлбарыг хариуцагч талаас шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Хиюбекийн гарын үсэг зуруулсан сонгогчдын бүртгэлд нэр ньтусгагдсан нэр бүхий 8 сонгогч өөр багийн иргэд байсан гэдгийг, мөн хариуцагч нараас маргаж буй нэр бүхий 20 сонгогч дотроос сонгогч К.Өвсхан, З.Асемхан нартай тухайн үед биечлэн уулзаагүйг, утсаар холбогдоод тэдний зөвшөөрлөөр нэрийн өмнөөс гарын үсэг зурсан нь, сонгогч М.Махуза, П.Хайратбек нарын нэрийн өмнөөс тэдний гарын үсгийг сонгогч А.Партизан зурсан болохыг нэхэмжлэгч Б.Хиюбек хүлээн зөвшөөрсөн ба энэ үйл баримт нь гэрч А.Манарбек, А.Партизан нарын мэдүүлгээр мөн тогтоогдож байна.

Мөн сонгогч Т.Тохтал, К.Маржангүл, Н.Күнсауле,С.Сейтхан, С.Нурсауле, С.Алибек, Д.Алтынгүл, А.Мухамади, Х.Хазира, Х.Алтай нар нь бие даан нэрээ дэвшүүлэгч Б.Хиюбекийн дэмжигч, сонгогчийн бүртгэлд зарим нь гарын үсэг зураагүй, зарим нь тэдний зөвшөөрснөөр өөрсдийн нэрийн өмнөөс өөр этгээдээр гарын үсэг зуруулсан нь, сонгогч Ө.Келискен, Х.Перизат,А.Серикбол, К.Жанар нар нь нэхэмжлэгчийг тухайн үед дэмжиж гарын үсэг зурсан нь эдгээр сонгогчдын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдсон ба эдгээр гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэхэд бие даан нэр дэвшигч Б. Хиюбекийн зуруулсан сонгогчдын гарын үсгийн тоо \сонгогч Х.Гүлжан, М.Төленхан нарыг эс тооцоход\ 46 болж, бие даан нэр дэвшигч 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Хиюбекийн хувьд бие даан нэр дэвшигчийн хувьд түүний зуруулсан сонгогчдын гарын үсгийн тоо хуулиар тогтоосон хэмжээнд хүрээгүй гэх хариуцагч талын маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Тилеужаны хувьд түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 07 дугаартай тогтоолд сонгогчдын гарын үсэгтэй холбоотой үндэслэл дурьдаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгч М.Тилеужанд холбогдуулж түүний гарын үсэг зуруулсан 108 сонгогчоос нэр бүхий 3 сонгогчын гарын үсэг хуурамч байсан, нэг сонгогчын нэр бүртэлийн маягтад 2 удаа орсон гэх тайлбар ирүүлсэн ь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч А.Азат, С.Аманжол, Т.Альбек, Б.Ерболат нарыг гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэх зөрчил гаргасан гэж үзэж, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-т заасныг баримтлан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болгосныг буруу гэж үзлээ.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаар сумын сонгуулийн хороо нь бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж болох бөгөөд хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а-д заасан гарын үсэг хуурамчаар үйлдсэн зөрчил тогтоогдсон нөхцөлд зөрчилтэй гарын үсгийг нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсгийн тооноос хасаж тооцох бөгөөд хэрэв дээрх байдлаар хасаж тооцсоноор тухайн нэр дэвшигчийн цуглуулсан гарын үсэг нь хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-т заасан 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсэг зуруулсан байх шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд 158.1.4.а-д заасныг үндэслэл болгон 158.2-т зааснаар тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэнэ.

Гэтэл А.Азат нарын нэр бүхий 4 нэхэмжлэгч нараас цуглуулсан сонгогчдын гарын үсэг нь тооны хувьд хуульд заасан шаардлагыг дээрх байдлаар хангасан байхад энэ талаар сумын сонгуулийн хорооноос буруу дүгнэлт хийж, тухайн нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах үндэслэл болгосныг хууль бус гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Аманжол нь ялгүй эсэх талаарх Цагдаагийн газрын тодорхойлолтыг сумын сонгуулийн хороонд ирүүлээгүй гэх маргааны тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4-т заасан ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг бие даан нэр дэвшигч хуулийн 154.3-т зааснаар хангасан байх шаардлагатай бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан 2016 оны ИТХ-д бие даан нэр дэвшигчдийн баримт бичгүүдийг хүлээн авсан жагсаалт бүхий баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Аманжол нь сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгүүлэхээр холбогдох баримт бичгээ сумын сонгуулийн хороонд 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлэх үед ялгүй байх хуулийн шаардлагыг хангасныг нотолсон бичиг баримтаа өгөөгүй байна.

Бие даан нэр дэвшигч С.Аманжол нь нэр дэвшигчээр бүртгүүлэхээс өмнө 2016 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр ялгүй эсэх талаарх тодорхойлолт авахаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт бичгээр хандсан байх ба түүнийг ялгүй-г тодорхойлсон 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолтыг мөн өдөр Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс аймаг дахь Цагдаагийн газарт ирүүлжээ. Нэхэмжлэгч нэр дэвшигчээр бүртгүүлэхээр баримт бичгээ сумын сонгуулийн хороонд ирүүлэх үед уг тодорхойлолтыг бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө зохих газраас авч чадаагүй нь нэхэмжлэгчийн тайлбар, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 30\1708 дугаартай албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.

Зохих газраас энэ талаарх тодорхойлолтыг нэр дэвшигчээр бүртгүүлэх хуульд заасан хугацаа өнгөрсний дараа ирүүлсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш байх ба нэхэмжлэгчээс энэ талаар сумын сонгуулийн хороонд тухайн үед тайлбарласан байхад Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6-д зааснаар шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг... сумын сонгуулийн хороо эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах тухай зохицуулалтын дагуу нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацаанд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас лавлах боломжтой байхад энэхүү үүргээ сумын сонгуулийн хороо биелүүлээгүй байна. Нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухайн өдрийн байдлаар С.Аманжол нь хуульд заасан ял шийтгүүлээгүй байх шаардлагыг хангасан нэр дэвшигч байх ба энэ талаарх тодорхойлолт ирүүлээгүйг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болгосныг хууль бус байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч М.Тилеужан нь нэр дэвшүүлэх ажиллагаа дуусахаас өмнө цэргийн алба хаагаагүй, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаасан баримт нь хуурамч буюу төлбөрөө төлөөгүй гэх маргааны хувьд:

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д зааснаар цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлагыг нэр дэвшигч хангасан байхаар заажээ. Хуульд зааснаар иргэн цэргийн албыг дүйцүүлэн хааж болох ба Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-т зааснаар цэргийн алба хаасан байх гэдэгт цэргийн албыг дүйцүүлэн хаасан тохиолдол хамаарахаар байна.

Хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М.Тилеужан нь нэр дэвшигчийн хувьд цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлагатай холбогдуулж, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаасан талаарх Баян-Өлгий аймгийн Цэргийн штабаас 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр түүнд олгосон цэргийн үүрэгтний үнэмлэхийг нэр дэвшигчээр бүртгүүлэх хугацаанд сумын сонгуулийн хороонд ирүүлсэн байх ба ...мөнгөн хэлбэрээр хаасан бичиг баримт нь хуурамч, хуулийн шаардлагыг зөрчсөн, нэр дэвшүүлэх ажиллагаа дуусахаас өмнө цэргийн алба хаагаагүй гэж үзэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болгосон байна.

Энэ талаар хариуцагчаас М.Тилеужаны цэргийн үүрэгтний үнэмлэх нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой байсан нь хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагааны хугацаа дууссаны дараа олгогдсон, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах төлбөрөө төлөөгүй байсан нь уг цэргийн үүрэгтний үнэмлэхийг хуурамч бичиг баримт гэж үзэх, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болгосон гэх тайлбар гаргасныг шүүх дараах байдлаар үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон сүлжээгээр тухайн иргэн нь Засгийн газраас тогтоосон мөнгөн төлбөрийн 14-100 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг төлж болохоор байх ба нэхэмжлэгч М.Тилеужан нь Засгийн газрын 2016 оны 102 дугаартай тогтоолоор тогтоосон цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах иргэний төлөх 4.807.207 төгрөгний төлбөрийн 14 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлсөн нь мөн өдрийн огноотой ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул энэ талаарх хариуцагчийн маргаан үндэслэлгүй байна.

М.Тилеужаны цэргийн үүрэгтний үнэмлэх нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой байгаа нь уг үнэмлэх хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагааны хугацаа дууссаны дараа олгогдсон гэх маргааны хувьд нэгэнт сумын сонгуулийн хорооноос түүнийг нэр дэвшигчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэгч М.Тилеужан нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д заасан шаардлагыг хангасан талаарх эрх бүхй газраас олгосон цэргийн үүрэгтний үнэмлэх бүхий баримтыг сумын сонгуулийн хороонд ирүүлсэн, дээрх байдлаар мөнгөн төлбөрөө төлсөн байхад нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болгосныг шүүх хууль бус байна гэж дүгнэлээ.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч М.Тилеужан, С.Аманжол, А.Азат, Т.Альбек, Б.Ерболат нар нь бие даан нэр дэвшигчийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.3-т заасан 51-ээс доошгүй сонгогчдын гарын үсгийг зуруулсан байх шаардлагыг хангасан, маргаан бүхий 03, 07 дугаартай захиргааны актуудыг гаргасан тухайн үед нэхэмжлэгч С.Аманжол нь хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.4-т заасан ял шийтгэлгүй байх, М.Тилеужан нь 154.3.5-д заасан цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлагыг тус тус хангасан байх боловч нэр бүхий 6 нэхэмжлэгч хуулийн 67.1, 67.5-д заасан төрийн аудитын байгууллагаар хянуулсан сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байх хуулийн шаардлагыг тус тус хангаагүй, нэхэмжлэгч Б.Хиюбек нь 51-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг зуруулсан байх хуулийн 156.2.3-т заасан шаардлагыг давхар хангаагүй байх тул хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай 03,04,05,06,07,08 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 67 дугаар зүйлийн 67.1, 67.5, 67.5.2, 154 дүгээр зүйлийн 154.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.3, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5, 6, 7, 8 дугаар багийн оршин суугч М.Тилеужан, С.Аманжол, Т.Альбек, А.Азат, Б.Хиюбек, Б.Ерболат нараас тус шүүхэд гаргасан Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03, 04, 05, 06, 07, 08 дугаартай Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг сумын сонгуулийн хороонд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА