Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01285

 

У.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03403 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1440 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч У.Баярсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нарт холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Баярсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагч Д.Аюуш, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай эмээгийн танил Д.Аюуш манайх тал газраа 5 000 000 төгрөгөөр зарна гэхээр нь очиж үзээд газрын гэрчилгээг асуухад гэрчилгээ асуудалгүй, мөнгөний хэрэг гараад түр хугацаанд банкинд тавьчихсан газрыг авна гэвэл банкнаас суллаад өгнө гэсэн. Д.Аюуш, Д.Цогтсайхан өөр хүн бас авах гээд байгаа юм гэж сандаргаад байхаар нь 2015 оны 06 дугаар сарын 25-нд өөрийн Хаан банкны хадгаламжид байсан 16 060 000 төгрөгийн хүүг цуцалж мөнгө авсан.Хэрэв банкны хүү цуцлагдаагүй бол 2015 оны 10 дугаар сард 18 500 000 төгрөг болох байсан. Газрын үнэд 3 300 000 төгрөгийг Д.Цогтсайхан, Д.Аюуш нарт өгсөн. Газартаа хашаа барих гэтэл газар нь хазгай, эргэн тойрон барилгын хог хаягдал их байсан тул 40 Ховоо шороог 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Ковшийг цагийн 100 000 төгрөгөөр хөлсөлж, уг газраа тэгшилж, 800 000 төгрөг төлсөн. Энэ бүгдийг хийхийн тулд хүмүүс ажиллуулсан зардал 3 000 000 төгрөг болсон.Газраа тэгшилж янзлаад хашаа бариад зөвшөөрлөө авъя гэхэд Д.Цогтсайхан, Д.Аюуш хоёр хөөцөлдөөд аваад өгнө гэсэн боловч авч өгөлгүй өдий хүрсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа газар үерийн аман дээр байрласан зөвшөөрөл өгөх боломжгүй газар болсон.Иймд хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нараас бэлнээр өгсөн 3 300 000 төгрөг, газар тэгшилсэн, техник хөлсөлсөн, хүмүүс ажиллуулсан зардал 4 600 000 төгрөг, хашаа барьсан зардал 1 500 000 төгрөг, банкны хадгаламж цуцлахад алдсан хүүний 2 000 000 төгрөг, нийт 11 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Хан-Уул дүүрэг, Яармаг 9 дүгээр гудамж, 238 тоотод оршин суудаг ба 2010 онд Засаг дарга танай хашааны хойд талд хогийн цэг үүсэх гээд байгаа тул та нар хашааныхаа ар талын хогийг цэвэрлээд хашаагаа сунгаад ав. Тэгээд зөвшөөрлөө аваарай гэж хэлсэн. Ингээд бид хашааны ар талын хогоо цэвэрлэж шороо асгаж газрыг тэгшлээд өвөлжөө бариад тэр газраа өвөлждөг байсан.Ингээд У.Баярсайханд 5 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож, 3 300 000 төгрөгийг бэлнээр авсан. У.Баярсайханд газрын гэрчилгээ гараагүй байгаа, та нар хашаа барьчихвал газрын гэрчилгээ хурдан гарах байх би хөөцөлдөөд аваад өгье гэж хэлээд газрын үнээс 3 300 000 төгрөг өгч авалцсан. Үлдэгдэл 1 700 000 төгрөгийг газрын гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохирсон. Тухайн үедээ газрыг кадастрын зураглалд оруулж газрын гэрчилгээг авч өгөхөөр тохиролцсон. Газар дээр нь малын саравч байсан тул малын өтөг бууц байсан нь үнэн. Гэхдээ газар нь тэгшхэн байсан. Хороон даргатай уулзахад сонгуулийн үеэр газрын гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Анх худалдаж авахдаа газрын гэрчилгээ байхгүй гэдгийг хэлсэн, мэдэж худалдаж авсан.У.Баярсайхан мөнгөө буцааж авна гэж байгаа тул анх өгсөн 3 300 000 төгрөгийг нь буцаан өгч газраа буцаан авахыг зөвшөөрнө. Харин газар дээр гарсан зардал гэх 8 100 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03403 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нараас 3 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Баярсайханд олгож, үлдэх 8 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 197 350 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нараас 67 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1440 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж, “8 100 000 төгрөгийг...” гэснийг “8 100 000 төгрөгт холбогдох хэсгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүх газар худалдаж авсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн тус гэрээний урьдчилгаанд төлсөн 3 300 000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн мөртлөө хариуцагч Д.Аюуш, Д.Цогтсайхан нар нь нэхэмжлэгч бид нартай хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “...Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй...” гэж заасны дагуу тус гэрээгээр худалдан авсан газраа засан сайжруулах, цэвэрлэх, уг газар дээр амьдрах хэвийн нөхцлөөр хангахад зарцуулсан шороо, машин техник, ажлын хөлс болох 8 100 000 төгрөгийг хариуцагч буруутай этгээдүүдээс гаргуулахаар холбогдох нотлох баримтуудын хамт шүүхэд гаргаж өгсөөр байтал хариуцагч талд хэргийг шийдвэрлэсэн.Мөн тус хэргийн хариуцагч Д.Аюуш, Д.Цогтсайхан нар нь Хан-Уул дүүргийн Яармаг-9 дүгээр гудамж 238 тоотод байрлах газрыг эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээгүй үерийн аман дээр байрлалтай газар гэдгийг өөрсдөө мэдсээр байж нэхэмжлэгч У.Баярсайхан надад болон миний ээж Ц.Урантуяа нарт удаа дараа худлаа хэлж хууран мэхэлсэн. Мөн хариуцагч Д.Аюуш, Д.Цогтсайхан нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчаас шүүх хурал дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгч биднийг анхнаасаа тус газрыг худалдаж авахдаа зөвшөөрөлгүй газар гэдгийг мэдсээр байж худалдаж авсан мэтээр худал тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч шүүхэд гаргасан тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг давж заалдах шатны шүүх хянаж үзэлгүй хэвээр үлдээсэн нь тус “газар худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байхаас гадна анхнаасаа Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасанд нийцэж байгаа нь хариуцагч нар анхнаасаа бид нарыг хууран мэхэлсэн тодорхой байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг анхааралгүй шийдвэрлэсэн нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна.Давж заалдах шатны шүүхийн 1440 тоот магадлалын үндэслэх хэсэгт “...Банкны хадгаламж эзэмшигч нь Ц.Урантуяа гэх өөр хүний хадгаламж байжээ...” гэж дүгнэсэн нь эндүүрэл бөгөөд Ц.Урантуяа нь миний ээж юм. Мөн миний ээж Ц.Урантуяагийн нэр дээрхи хадгаламжийг цуцлуулж тус газрын урьдчилгаа мөнгийг өгснийг хариуцагч Д.Аюуш, Д.Цогтсайхан нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа маргадаггүй болно.Иймд дээрхи үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүхийн 1440 тоот магадлалын зарим хэсэг буюу тус гэрээгээр худалдан авсан газраа засан сайжруулах, цэвэрлэх, уг газар дээр амьдрах хэвийн нөхцлөөр хангахад зарцуулсан шороо, машин техник, ажлын хөлс болох 8 100 000 төгрөгийг хариуцагч буруутай этгээдүүдээс гаргуулахыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжпэгч бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын залруулга хийсэн нь үндэслэлтэй болсон боловч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлаагүй тул магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч У.Баярсайхан нь нэхэмжлэлдээ хариуцагч Д.Цогтсайхан, Д.Аюуш нараас газар худалдан авч, түүнд хөрөнгө оруулалт хийсэн боловч хариуцагч нар газрыг эзэмших, ашиглах эрхгүй байсан тул гэрээний үнэд төлсөн мөнгийг буцаан авч, өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний зүйл эрхийн доголдолтой байснаас шалтгаалан гэрээг цуцлах, учирсан хохирол, зардлыг гаргуулах шаардлага гэж   нэхэмжлэлийн агуулгыг тодорхойлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 256 дугаар зүйлийн 256.1.-д заасан зохицуулалтыг шийдвэрийн үндэслэл болгожээ. Давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх худалдах-худалдан авах хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэл гэж үзжээ.

Анхан шатны шүүх газар эзэмшиж, ашиглах эрхгүй этгээд уг эрхийг худалдсанаар хууль зөрчсөн хэлцэл хийсэн болохыг анхааралгүй, нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь буруу болсноос гадна нэхэмжлэгч гэрээгээр шилжүүлсэн мөнгийг өөрт учирсан хохирлын хамт шаардсан байхад зөвхөн хохирол, зардлыг шаардах эрхийг тусгасан Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1.-д заасан зохицуулалтыг шийдвэрт зааж, хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг баримтлаагүйгээр хариуцагчаас гаргуулж буй төлбөрийн эрх зүйн үндэслэлийг зөв тогтоогоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас газар тэгшилсэн, техник хөлсөлсөн, хүмүүс ажиллуулсан зардал 4 600 000 төгрөг, хашаа барьсан зардал 1 500 000 төгрөг, банкны хадгаламж цуцлахад алдсан хүүгийн 2 000 000 төгрөг зэрэг хохирлын хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа ийнхүү хэрэгсэхгүй болгож буй эрх зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлж чадаагүй гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3., 3.1.4.-т зааснаар “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, харин “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг  ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг тус тус хэлдгээс гадна мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.4.-т зааснаар газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглодог байна. Энэ утгаар газар эзэмших, ашиглах эрхгүй этгээдийн эрх худалдсан хэлцэл хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна. Давж заалдах шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7.-д зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй тул зохигчдын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан явдалд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алиныг буруутай гэж үзэхээр байна. Улмаар, нэхэмжлэгч У.Баярсайхан нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн эрх зүйн үр дагавраас өөрийн шилжүүлсэн 3 300 000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй боловч учирсан хохирлыг мөн зүйлийн 56.6.-д зааснаар шаардах эрхгүй гэж үзнэ.      

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 3 300 000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн энэ зохицуулалтаар хангасан нь зөв болжээ.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон эрх зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй нь алдаатай болжээ. Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй боловч хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарахаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5.-д заажээ. Нэхэмжлэгч У.Баярсайхан нь хариуцагч нарыг газар эзэмших, ашиглах эрхтэй эсэхийг тодруулаагүй атлаа тэдгээрээс газрыг шилжүүлэн авч, өөрт нь газар эзэмших, ашиглах эрх олгогдоогүй байхад газартай холбоотой хөрөнгө оруулсан байна. Нэхэмжлэгчийг тухайн газрыг  бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэл байхгүй тул тэрээр гаргасан зардал, хохирлоо нөхөн төлүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1440 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1.1.” гэсний дараа “493 дугаар зүйлийн 493.5.” гэж нэмж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 197 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН