Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 109/ШШ2025/0026

 

 

 

 

 

 

                                        109/ШШ2025/0026

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.А

Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б

Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч Б.М

Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын байцаагч Д.Б нарын хооронд үүссэн Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч нарын 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын . холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, хариуцагч А.Б, Б.М, Д.Б,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г (цахим) шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1. Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын . холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байна.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

 

2.1. Нэхэмжлэгч Т.А нь 2019 оны 11 дүгээр сарын . даргад хандан “...ажилласан жил болон ажлын туршлагыг минь харгалзан үзэж зэрэглэл нэмэгдүүлэн “ахлах мэргэжилтэн” болгож өгөхийг хүссэн өргөдөл гаргаж байжээ.  (Хавтаст хэргийн 40 дэх тал)

 

2.2. . тушаалаар Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.8.4-д “Төрийн захиргааны албанд 8-аас доошгүй жил, тухайн албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан жинхэнэ албан хаагчийг ажлын гүйцэтгэл, үр дүн, ачаалал зэргийг харгалзан ахлах мэргэжилтэн болгох асуудлыг Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заажээ. (Хавтаст хэргийн 37, 38 дахь тал)

 

2.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоо”-г батлахдаа “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-1 гэж баталжээ. (Хавтаст хэргийн 39 дэх тал)

 

2.4. Улмаар Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/01 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар байгууллагын орон тоог шинэчлэн баталж “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”, 1-ТЗ 8 ангиллаар, 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралт дэс дугаар 13-т "Хүнс, хоол үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн" гэсэн албан тушаалд ТЗ-8 зэрэглэлээр тушаал гаргаж цалинжуулан ажиллуулж байжээ.  (Хавтаст хэргийн 41-48 дахь тал)

 

2.5. Архангай аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 02 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023, 2024 оны эхний гурван сарын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. (Хавтаст хэргийн 69 дэх тал)

 

2.6. Улмаар хяналт шалгалтын дүнгээр Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 11 дүгээр хяналт шалгалтын танилцуулга хийгдэж Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай улсын ахлах байцаагчийн акт гарсан байна.

 

2.7. Тодруулбал, Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар “... . газрын 2023, 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар батлагдсан . бүтэц орон тоогоор мэргэжилтнээр батлагдсан албан тушаалд ажилладаг албан хаагчдыг ахлах мэргэжилтнээр ангилал тушаал гаргаж цалин тооцож олгосон 4 албан хаагчтай холбоотой 12, 916, 991 төгрөгийн төлбөр илэрлээ. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.3.-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5.-т “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6-д “байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох.”, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Төрийн захиргааны албан тушаалд заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 57 дугаар зүйлийн 57.5-д “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэснийг мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “. газрын бүтэц орон тоо”-г тус тус зөрчсөн гэж үзэн 12,916,991 төгрөгийн төлбөр хариуцагч 4 иргэнээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсний нэгд нэхэмжлэгч Т.А оржээ.  (Хавтаст хэргийн 51, 52 дахь тал)

 

2.8. Тухайлбал, Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай улсын ахлах байцаагчийн актын хавсралтаар . газрын 2023, 2024 онд мэргэжилтнүүдийг ахлах мэргэжилтнээр томилон ангилал ахиулан цалинжуулсан тооцоог хүснэгтээр гаргасны дэс дугаар 4-т нэхэмжлэгч Т.А багтаж 2023, 2024, 2025 онд ангилал ахиулан илүү тооцон олгосон цалингийн дүнг гаргажээ. (Хавтаст хэргийн 53 дахь тал)

 

2.9. Нэхэмжлэгч Т.А-с Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тогтоосон нөхөн төлбөрийн асуудлаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад хандсаныг тус газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай албан бичгээр “... Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 17/02/17/03/17/04/33 дугаартай актаар тогтоосон нөхөн төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалтын явцад хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн танд мэдэгдэн, шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. Иймд улсын ахлах байцаагчийн тус актыг хүчинтэй хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэсэн хариуг өгчээ. (Хавтаст хэргийн 13 дахь тал)

 

2.10. Нэхэмжлэгч Т.А шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь . Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2011 оноос эхлэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 02 тоот удирдамжийн дагуу манай байгууллагын 2023, 2024, 2025 оны эхний нэгдүгээр улирлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 4 албан хаагчдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар газрын бүтэц орон тоогоор мэргэжилтнээр батлагдсан албан тушаалыг ахлах мэргэжилтнээр ангилал ахиулан тушаал гаргаж, цалин тооцсон гэх үндэслэлээр 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр улсын ахлах байцаагчийн акт тогтоосон. Уг дүгнэлт дараах шалтгаанаар үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар батлагдсан шинэ бүтцийн дагуу миний хариуцах албан тушаал бол "хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн" байсан. Гэвч дээрх бүтцийн дагуу томилогдоогүй, харин надад өөр мэргэжилтний хариуцах ёстой "хоол үйлдвэрлэлийн салбар"-ыг давхар хариуцуулсан нь бүтцийн зөрчилтэй нөхцөл байдалд хүргэсэн. Энэ нь миний зүгээс санаатай зөрчил гаргасан бус, байгууллагын удирдлагын өгсөн чиг үүргийг биелүүлсэн, бүтэц, албан тушаалын тодорхойгүй байдалтай холбоотой зүйл болохыг анхаарна уу. Тушаал гаргах, бүтэц, орон тоо батлах эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрт тулгуурлан ажилласан учраас би хууль зөрчөөгүй. Актад дурдсан зөрчил нь захиргааны шийдвэрийн үр дагавар болохоос санаатай хууль зөрчил, санхүүгийн зөрчил биш юм. Иймд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Улсын ахлах байцаагч Улсын байцаагч нарын 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын . холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

2.11. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий  актын  Т.А-д холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж: “...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар батлагдсан шинэ бүтцийн дагуу миний хариуцах албан тушаал бол "хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн” байсан. Гэвч дээрх бүтцийн дагуу томилогдоогүй, харин надад өөр мэргэжилтний хариуцах ёстой "хоол үйлдвэрлэлийн салбар"-ыг давхар хариуцуулсан нь бүтцийн зөрчилтэй нөхцөл байдалд хүргэсэн. Энэ нь миний зүгээс санаатай зөрчил гаргасан бус, байгууллагын удирдлагын өгсөн чиг үүргийг биелүүлсэн, бүтэц, албан тушаалын тодорхойгүй байдалтай холбоотой зүйл болохыг анхаарна уу. Тушаал гаргах, бүтэц, орон тоо батлах эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрт тулгуурлан ажилласан учраас би хууль зөрчөөгүй. Актад дурдсан зөрчил нь захиргааны шийдвэрийн үр дагавар болохоос санаатай хууль зөрчил, санхүүгийн зөрчил биш” гэж;

 

2.12. Хариуцагчаас зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар “Хүнсний үйлдвэрлэлийн салбар хариуцсан мэргэжилтэн” гэж батлагдсан орон тоонд ажиллахдаа “хоол үйлдвэрлэлийн салбар”-ыг давхар хариуцсан нь ангилал зэрэглэл ахиулах үндэслэл болохгүй, улсын байцаагч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд актыг гаргасан. Актаар тогтоосон цалингийн зөрүү цалин хөлс буюу орлогыг олсон этгээд нь Т.А учир улсын төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлөх үндэстэй хэмээн маргадаг.

 

Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:

 

3.1.Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сайдын 2023 оны өмнөх тушаал нь хүнс, хоол худалдаа хариуцсан мэргэжилтэн 1 байна. Доод талд нь 70 мянган хүн амаас илүү байвал 2 салгаж болно гэсэн өгүүлбэр байдаг байсан. Гэтэл газрын дарга чи хүнс, хоолоо хариуц, худалдааг тусад нь гаргаад тусдаа мэргэжилтэн авъя гээд 2023 он хүртэл явсан. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сайдын бүтэц дахин шинэчлэгдэж ирэхдээ хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн 1, хоол, худалдаа хариуцсан 1 байна гэж салгаад ирсэн байсан. Тэрийг газрын дарга надад мэдэгдэхгүйгээр миний өмнө хийж байсан ажлыг шууд хүнс, хоол хариуцсан мэргэжилтэн гэж гаргасан байсан. Би үүнийг маргаан бүхий акт тавигдсаны үндсэн дээр 2023 онд тушаал өөрчлөгдсөн гэдгийг мэдсэн. Миний хариуцах ёсгүй ажлыг надад мэдэгдэхгүй 2 жил хийлгэсэн. Би “өмнөх хүмүүс хүсэлтээ гаргаж ахлах мэргэжилтэн болж болдог юм байна гэж” ойлгоод өмнөх хүмүүсээс үндэслээд хүсэлт гаргасан. Намайг ахлах мэргэжилтэн болгосон үндэслэл нь дотоод журамд заасан заалт биш. н.Т гэдэг хүн судлаад Төрийн албаны тухай хуулиудыг үндэслэж намайг ахлах мэргэжилтэн болгосон. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/04/33 дугаар актын Т.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Т.А-н хувьд . газарт хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр 2011 оноос хойш удаан ажилласан ч тухайн байгууллагын бүтэц орон тоо ямар байгаа, даргын эрх хэмжээ ямар байдаг гэдгийг хууль зүйн хүрээнд мэдэхгүй. Тушаал гаргаад ахлах мэргэжилтнээр томилсон. Т.А ахлах мэргэжилтнээр томилогдоод хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажлыг болон бусад даалгасан ажлыг ахлах мэргэжилтний хүрээнд гүйцэтгэж байсан. Архангай аймгийн Санхүү, дотоод аудитын газраас 2025.04.02-ны өдрийн 02 дугаартай удирдамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023, 2024 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Т.А-г ахлах мэргэжилтнээр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, Ахлах мэргэжилтнээр томилж 3.470.690 төгрөгийн цалинг 2023, 2024 онд илүү олгосон байна. Үүнийг буцааж төлүүлэх агуулгатай акт гарсан. Архангай аймгийн Санхүүгийн хяналтын газраас шалгалт хийгээд энэ тушаал нь буруу байна. Уг тушаалыг Т.А гаргаагүй. Хууль зүйн ямар үндэслэлээр Т.А төлөх ёстой гэдэг нь ойлгомжгүй, бусад тайлбарууд нь ойлгомжгүй байна. Т.А нь өргөдөл гаргасан учраас энэ төлбөрийг төлөх ёстой гэсэн хоёр агуулгаар тайлбар гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Монгол улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд нийцүүлэн хариуц өгөх, ямар хариу өгөх нь тухайн байгууллагын удирдлагын асуудал. Т.А “Би ийм орон байдаг гэдгийг мэдэхгүй. Хүсэлтээ өгвөл ахлах болгодог юм байна ойлгоод хүсэлтээ өгсөн, ахлах мэргэжилтэн болгосон. Хариуцуулсан ажлыг нь хийгээд явж байсан” гэж тайлбарладаг. Т.А-н хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар захирах, захирагдах ёсыг баримталж удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэх үүргийн дагуу хүнсний мэргэжилтний ажлыг хийж байсан. Нэгжийн даргыг байхгүйд нэгжийн даргыг орлоод тухайн нэгжийн тайланг гаргаад, ажилтнуудын ажлыг үнэлээд ахлах мэргэжилтний чиг үүргийг хэрэгжүүлээд явж байсан. Үүнийг хууль бус гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.3.Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б, улсын байцаагч Б.М, улсын байцаагч Д.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын баталсан 02 дугаар удирдамжийн дагуу аймгийн . газрын 2023, 2024 он, 2025 оны эхний 3 сарын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар батлагдсан . газрын бүтэц орон тоогоор “хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр батлагдсан. Энэ нь Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалыг шинэчлэн батлах тухай” 487 дугаар тогтоолоор батлагдсан ангилал зэрэглэлээр ТЗ-9 зэрэглэлээр цалинжих байтал байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэн баталдаг “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.8.4-д “Төрийн захиргааны албанд 8-аас доошгүй жил, тухайн албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан жинхэнэ албан хаагчийг ажлын гүйцэтгэл, үр дүн, ачаалал зэргийг харгалзан ахлах мэргэжилтэн болгох асуудлыг Даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, мөн нэхэмжлэгч Т.А нь 2019 оны 11 дүгээр сарын 28-нд аймгийн . газрын дарга-д “тухайн байгууллагад 9 дахь жилдээ ажиллаж байгаа учир зэрэглэл нэмэгдүүлэн “Ахлах мэргэжилтэн” болгож өгөхийг хүсэж өргөдөл гаргаж байна" гэсэн утгатай өргөдөл гаргаснаар ТЗ-8 зэрэглэлээр буюу 1 ангилал ахиулан цалинжуулж цалинг илүү тооцож олгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл 10.4-д “Төрийн захиргааны албан тушаалд заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 57 дугаар зүйл 57.5-д “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. . газрын даргын 2023 оны 01 сарын 19-нд А/01 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”, 2024 оны 02 сарын 01-ны өдрийн А/02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Худалдаа үйлчилгээний асуудал хариуцсан гүйцэтгэх албан тушаалтан" гэсэн албан тушаалд ТЗ-8 зэрэглэлээр тушаал гаргаж цалинжуулсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар “Хүнсний үйлдвэрлэлийн салбар хариуцсан мэргэжилтэн” гэж батлагдсан орон тоонд ажиллахдаа “хоол үйлдвэрлэлийн салбар”-ыг давхар хариуцсан нь ангилал зэрэглэл ахиулах үндэслэл болохгүй. Улсын байцаагчийн актаар тогтоосон мөнгөн дүн нь тухайн ажилтны ТЗ-9 болон ТЗ-8 зэрэглэлийн цалингийн зөрүүгээр тооцсон дүн болно” гэжээ.

 

3.4.Хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б, улсын байцаагч Б.М, улсын байцаагч Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалаар аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудын бүтэц орон тоог баталсан. Уг тушаалын хавсралт 1-р Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн бүтэц орон тоог баталсан. Хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоон дээр Т.А ажиллаж байгаа. Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн ТЗ-9 ангилал зэрэглэлээр цалинжих ёстой. Гэтэл Т.А ТЗ-8 ангилал, зэрэглэлээр цалинждаг. Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын А/08 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал байдаг. . газар нь тухайн албан тушаалдаа 5-аас доошгүй жил ажилласан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын гүйцэтгэл, үр дүн, ачаалал зэргийг харгалзан ахлах мэргэжилтэн болгоно гэсэн үндэслэлгүй дотоод журамтай. Т.А 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн дарга П.Г-д гаргасан хүсэлтдээ “би тухайн байгууллагад олон жил ажилласан учир зэрэглэл нэмэгдүүлж ахлах мэргэжилтэн болгож өгөхийг хүсэж байна” гэсэн байдаг. П.Г даргын гаргасан тушаал нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал зөрчиж, цалингийн шатлалыг ахиулж цалин олгосон байдаг. Хамгийн гол нь цалингийн шатлалыг 1-ээр ахиулж төсөвт хохирол учруулсан. Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Засгийн газрын тогтоол, сайдын тушаалыг зөрчиж ахлах мэргэжилтэн томилсон байна гэх үндэслэлээр акт тогтоосон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуй нэгж, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасны дагуу тухайн хүнд өөрт нь орсон орлого учраас төсвийг хохиролгүй болгох үүднээс Т.А-р төлүүлнэ гэж шийдвэрлэж акт гаргасан гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлан үзээд нэхэмжлэгч Т.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

1. Иргэн Т.А-с Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Б, улсын байцаагч Б.М, улсын байцаагч Д.Б нарт холбогдууланАрхангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын . холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Т.А-с Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актаар тогтоосон нөхөн төлбөрийн асуудлаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргад хандсаныг тус газрын даргын 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай албан бичгээр “... Аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 17/02/17/03/17/0433 дугаартай актаар тогтоосон нөхөн төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалтын явцад хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн танд мэдэгдэн, шалтгаан нөхцөлийг тайлбарлаж, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. Иймд улсын ахлах байцаагчийн тус актыг хүчинтэй хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэсэн хариуг өгчээ.

 

3. Иймд нэхэмжлэгч Т.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” ..., Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.1. дэх хэсэгт “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана.”, 14.2. дахь хэсэгт “Улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангагдсан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Нэг. Маргаан бүхий актаар . газрын даргын тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо, ажилтны албан тушаалын ангилал зэрэглэлийг тогтоохдоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/18 дугаар тушаалаар мэргэжилтнээр батлагдсан албан тушаалыг ахлах мэргэжилтнээр ангилал ахиулан тушаал гаргаж цалинжуулсан нь хууль бус гэх үндэслэлийн тухайд

 

1.1. Нэхэмжлэгчийн зүгээс өөр үндэслэлээр маргасан бөгөөд албан тушаалын ангилал ахиулж ахлах мэргэжилтнээр цалинжин, цалин хөлсийг тухайн үед авч байсан үйл баримтыг үгүйсгэж маргадаггүй.

1.2. Тогтоогдсон үйл баримтын тухайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “. газрын бүтэц орон тоо”-г батлахдаа “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-1 баталсан. (Хавтаст хэргийн 39 дэх тал)

 

1.3. Улмаар . газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 19-нд А/01 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар байгууллагын орон тоог шинэчлэн баталж “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”, 1, ТЗ-8 ангиллаар, 2024 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн А/02 дугаар тушаалын 2 дугаар хавсралт дэс дугаар 13-т "Хүнс, хоол үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн" гэсэн албан тушаалд ТЗ-8 зэрэглэлээр тушаал гаргаж цалинжуулан ажиллуулж байсан нь,  (Хавтаст хэргийн 41 48 дахь тал)

 

1.4. Гэрч Б.Т-н “... Т.А-г  . газарт Хүнс, хоол үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллуулж байсан нь байгууллагын дотоод журамд тусгагдсанаар 8 жил ба түүнээс дээш жил ажилласан ажилтныг ахлах мэргэжилтнээр ажиллуулна гэсэн дотоод журам болон Т.А-н гэр өргөдлийг үндэслэн байгууллагын даргын тушаалаар ахлах мэргэжилтнээр цалинжуулж байсан” гэх мэдүүлэг[1], нэхэмжлэгч Т.А-н 2019 оны 11 дүгээр сарын . газрын даргад хандан “...ажилласан жил болон ажлын туршлагыг минь харгалзан үзэж зэрэглэл нэмэгдүүлэн “ахлах мэргэжилтэн” болгож өгөхийг хүссэн өргөдөл[2] зэргийг судлан үзэхэд нэхэмжлэгч нь мэргэжилтнээр батлагдсан орон тоонд ахлах мэргэжилтний ангилал, зэргээр цалинжин ажиллаж байсан болох нь тус тус нотлогдож байна.

1.5. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд “...Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.3.-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5.дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.6-д “байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох.”, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Төрийн захиргааны албан тушаалд заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 57 дугаар зүйлийн 57.5-д “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэснийг мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “. газрын бүтэц орон тоо”-г тус тус зөрчсөн гэж” үзсэн байдаг.

1.6. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Төрийн албыг доор дурдсанаар ангилна: 6.1.2.-т “төрийн захиргааны алба”, 6.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ.”, 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэг Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна: 12.1.8.-д “хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж заасан бөгөөд . газарт Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэхэмжлэгч Т.А нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд буюу төрийн захиргааны албан тушаалтан мөн байна.

1.7. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Төрийн захиргааны албан тушаалд заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 57 дугаар зүйлийн 57.5-д “захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гээд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 487 дугаар тогтоолын хавсралтад  ТЗ-9 “Аймгийн Засаг даргын дэргэдэх эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын мэргэжилтэн” гэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “. газрын бүтэц орон тоо”-г батлахдаа “Хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-1 гэж баталсан зэргээс дүгнэхэд акт дурдсан илэрсэн тогтоогдсон үүний улмаас Төрийн албан тухай хууль болон төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах дээр дурдсан хууль зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар дээрх байдлаар тогтоогдож байх маргаан бүхий акт нь хууль зүйн үндэслэлтэй Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан зарчмын агуулгад нийцсэн гэж шүүхээс дүгнэлээ.

Хоёр. Маргаан бүхий 17/02/17/03/17/04/33 дугаар актаар “... нэхэмжлэгч Т.А-р 2023 онд 1,492,305 төгрөг, 2024 онд 1,978,385 төгрөг, 2025 онд 3,470,690 төгрөг”-ийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлтэй эсэх тухайд 

2.1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.-т  “Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.12.2.-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;” гэж заасан.

 

2.2. Нэхэмжлэгч Т.А нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчиж албан тушаалын ангилал, зэрэглэл нийцэхгүй ангиллаар цалинжин ажиллаж тодорхой үнийн дүн бүхий цалин хөлсийг авч орлого олсон болох нь тогтоогдож байх тул нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03/17/04/33 дугаартай актын . холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.3. Түүнчлэн гэрч В.Б-ын: “…Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын байцаагч Б.М, Д.Б нар ирж хийсэн хяналт шалгалтынхаа талаар мэдээлэл хийж манай байгууллагад 7 кт, 2 албан шаардлагыг байгууллагын хамт олонд танилцуулаад хүлээлгэж өгсөн. 2025 оны 17/02/17/03/17/0433 дугаартай актын талаар мөн танилцуулсан. Т.А, С, Б нар байсан” гэх мэдүүлэг[3], Гэрч Б.Т-н “... “...акт албан шаардлага . газарт ирсэн. Дээрх акт, албан шаардлагатай танилцсан” гэх мэдүүлэг[4] болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн гэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

2.4. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа сонсох ажиллагаатай холбоотойгоор тухайлан маргаагүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.А-н шүүхэд гаргасан Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17/02/17/03//04/33 дугаартай актын . холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.ТҮВШИНТУЛГА

 

 

[1] (Хавтаст хэргийн 88 дахь тал)

[2] (Хавтаст хэргийн 40 дэх тал)

[3] (Хавтаст хэргийн 103 дахь тал)

[4] (Хавтаст хэргийн 88 дахь тал)