Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/273

 

 

 

 

 

   2024           3             05                                       2024/ШЦТ/273

            

    Э.П-т холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Э.П,

хохирогч Ц.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М,

хохирогч Б.А-гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д,

иргэний хариуцагч М.М, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.П-т холбогдох эрүүгийн 2303 00574 0481 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн ....-ийн П, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил.., хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-ийн хамт .... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ................/;

Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/827 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр биелүүлж дууссан.

Шүүгдэгч Э.П нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Товчооны зам, Аз төвийн урд замд, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд “Beiben North Benz” 64-24 УНГ улсын дугаартай автомашинийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хориглосон газар зүүн гар тийш эргэх үйлдэл хийсний улмаас H.Country маркийн 29-85 ҮАК улсын дугаартай автобустай мөргөлдөж, уг автобусанд зорчиж явсан зорчигч Н.Э-ийн биед хөнгөн, хохирогч Ц.Т, Б.А нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-ыг 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497.1, 498.1, 505.1, 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дэх заалтад зааснаар иргэний хариуцагч М.М-гаас нийт 31.468.545 төгрөг гаргуулж хохирогч Ц.Т-д 12.168.895 төгрөгийг, хохирогч Б.А-т 9.210.850 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Б М” ХХК-д /РД: 5135621/ 9.125.850 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 1009000020080 дугаарын дансанд 963.000 төгрөг тус тус төлүүлж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зайлшгүй асуудлуудыг шалгаж тодруулаагүй, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болгон нотлох баримтуудыг цуглуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байна.

“Хоёулаа хүү” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гүйцэтгэх захирал Н.Ганболд гэж гарын үсэг зурсан боловч хуулийн этгээдийн тамга дарагдаагүй, санхүүгийн тэмдэг дарагдсан байдаг.

Мөн тус тодорхойлолтод хэдэн сарын хэдний өдөр ажлаас нь чөлөөлсөн талаарх хугацаа бичигдээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал хавсрагдаагүй, 2023 оны 9 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл тасарсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Ж.Н нь хохирогч Ц.Т-ийг асрах шаардлагаар ажлаасаа чөлөөлөгдсөн эсэх, 2023 оны 9 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тасарсан эсэх талаарх хэрэгт авагдаагүй байхад асаргааны зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 230.2 дахь хэсэгт заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж хуульчилсаны дагуу Ц.Т, Б.А нарт тус тус 8.250.000 төгрөг нийт 16.500.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Хуульд гэм хор учруулсан этгээдээс гаргуулахаар хуульчилсан байхад иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь, иргэний хариуцагч гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын төлөө Монгол Улсын Иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээх хувь хүн ба хуулийн этгээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг хэлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх  зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Тэгэхээр иргэний хариуцагч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хуульд зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, утсаж, гэмтсэн бол хохирлыг хариуцахаар хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын сэтгэцэд учруулсан гэм хор 16.500.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. 

 Мөн “Б М” ХХК-ийн эзэмшлийн Countu 29-85 УАК улсын дугаартай авто машины техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргаагүй байдаг.

Хавтас хэргийн 119 дүгээр талд Авто тээврийн үндэсний төв Төрийн өмчид үйлдвэрийн газар Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 117 дугаар албан бичгээр “авто тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмж дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн тодорхойлолт, 183 дугаар талд Countu 29-85 УАК улсын дугаартай авто машины хохирлын үнэлгээ авагджээ.

Тус хохирлыг үнэлгээгээр Countu 29-85 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем гэмтсэн талаар үнэлгээ гараагүй байдаг.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс үл шалтгаалан түүний тоормосны систем нь ямар дамжуулалттай эсэх, тоормосны систем бүрэн ажиллагаатай байсан эсэх, хамгийн сүүлд хэдэн онд тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд орсон эсэх зэргийг тогтоох боломжтой байсан гэж үзэж байна. Countu 29-85 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн мэдүүлэгт 64-24 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буцаж эргэх үйлдэл хийж байгааг 100 метрийн цаанаас харсан талаар мэдүүлдэг.

Хэрэв Countu 29-85 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем бүрэн ажиллагаатай байсан бол 100 метрийн зайнаас зам дээр аюул саад байгааг харсан даруй хурдыг хасах, алгуурхан тоормос гишгэн зогсоож, зорчигчийн эрүүл мэндэд гэмтэл учруулахгүй байх бүрэн боломжтой байсан. Тус тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус ажиллагаатай байсан нь зэм дээр үүссэн баруун талын нэг дугуйны 10.3 метрийн тоормосны мөр үүссэнээр нотлогддог.

Нөгөөтэйгүүр Countu 29-85 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хүн тээвэр нийтийн тээвэрт явах стандарт шаардлагыг хангаж байгаа эсэх, “Б М” ХХК нь Авто тээврийн үндэсний төвтэй ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр тээвэрлэлт гүйцэтгэж байсан, тээврийн хэрэгслийн жолооч нь “Б М” ХХК-д ямар гэрээ хэлцлийн дагуу ажилладаг, нийгмийн даатгал төлөгддөг эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Хохирогчийн эрүүл мэнд, сэтгэц, иргэний нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг дан ганц иргэний хариуцагчаас бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөрдөгчийн магадлагаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог болно. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч, шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр 2023 оны 10 дугаар сарын 10 ны өдрийн 1329 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” үйлджээ.

Учир нь, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1329 дугаартай “Мөрдөгчийн ажиллагаа”-г гаргасан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, дэслэгч цолтой, дээд боловсролтой эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 4 жил, тээврийн цагдаагийн албанд 3 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай, Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн Авто инжинер хөтөлбөрийн Авто машин цахилгаан тоноглол, Замын хөдөлгөөний зохион байгуулалт, Авто машины шасси, Авто хөдөлгүүр модулийн “С” зэрэглэлийн 60 хан цагийн сургалтад хамрагдаж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр магадлагаа гаргасан мөрдөгч С.Дэмбэрэл нь сертификат авсан байх тул жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын туай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчлийг тогтооход /хувь жолоочид, тээврийн хэрэгсэлд, замын нөхцөл байдалд, орчны нөлөөлөл зэрэг бүхий л хүчин зүйлүүдийг үндсэлдэг/ тусгай мэдлэгийг эзэмшсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч, шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно. Мөрдөгч С.Дэмбэрэлийн гаргасан мөрдөгчийн магадлагааг судалж үзэхэд, тэрээр жолооч Э.П, Э.О нар Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийсэн боловч жолооч Э.О-ын хувьд хэдэн км/цаг-ийн хурдтай явсан, ямар зайнаас 64-24 улсын дугаартай автомашиныг харах боломжтой байсан, жолооч нь тухайн замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлогоос хамаарч, самбаачлах хугацааны дотор зогсоох арга хэмжээ авахад 64-24 дугаартай тээврийн хэрэгслийн мөрдөхгүй, зорчигч нарыг эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан эсэх зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дүгнэхгүй орхигдуулсан байна.

Мөн мөрдөн байцаах шат болон шүүхийн шатанд иргэний хариуцагч надад хохирол төлбөр төлөх, сэтгэл санааны хохирол төлөх талаарх эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, гарын үсэг зуруулаад байсан, шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу явагдсан, хохирлыг бүгдийг нь иргэний хариуцагчаас гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч М.М-гийн өмгөөлөгч Ц.Батмэнд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зам тээврийн осол гарсан нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс 31.000.000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол, төлбөрийн дийлэнхи хэсэг буюу 16.000.000 төгрөгийг хохирогч нарын сэтгэл санааны хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хуульд гэм хор учруулсан этгээдээс хохирогчийн сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар заасан байдаг тул бүх хохирлыг иргэний хариуцагч М.М-гаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс эмчилгээ, асаргаатай холбоотой зардлыг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар асаргааны зардалд 2.970.000 төгрөг гаргуулсан нь мөн үндэслэлгүй байна. Иймд хохирол, төлбөрийг иргэний хариуцагч М.М-гаас бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.  

Хохирогч Б.А-гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч Ц.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Э.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг болсон газарт буцаж эргэхийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй бөгөөд бүх машин тэнд буцаж эргэдэг. Жолооч намайг 100-150 метрийн цаанаас харсан гэж мэдүүлсэн бөгөөд би бас тэгж харсан. Автобусны ажиллагаа, эд анги бүрэн бүтэн байсан бол хангалттай зогсох боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зөвшөөрөгдөөгүй газар буцаж эргэх хөдөлгөөн хийснээс болж тухайн осол гарсан байдаг. Зөвшөөрөгдсөн газар буцаж эргэх үйлдэл хийхдээ ч чигээрээ явж байгаа автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Э.П зам тавьж өгөх үүргээ зөрчсөн. Шүүгдэгч Э.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Хохирол, төлбөрийг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн тул үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөгч нь шинжээч биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж заасны дагуу магадлагаа гаргасан байдаг. Мөн хуулийн 4 дэх хэсэгт “Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно.” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хэргийн оролцогч нар хүсэлт, гомдол гаргаагүй тул шинжээч томилоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч М.М-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.П нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Товчооны зам, Аз төвийн урд замд, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд “Beiben North Benz” 64-24 УНГ улсын дугаартай автомашинийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хориглосон газар зүүн гар тийш эргэх үйлдэл хийсний улмаас H.Country маркийн 29-85 ҮАК улсын дугаартай автобустай мөргөлдөж, уг автобусанд зорчиж явсан зорчигч Н.Э-ийн биед хөнгөн, хохирогч Ц.Т, Б.А нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 5-6/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургууд /1 хх 7-12/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 189/,

хохирогч Ц.Т-ийн “...Би тухайн өдөр 15 цаг өнгөрч байхад Хархорин захын автобусны буудлаас Партизанд байх гэр рүүгээ харихаар автобусанд суусан. Би автобусанд суугаад /автобусны хаалга руу хараад/ явж байтал автобус юм мөргөх шиг болсон. Тэр үед би сууж байсан сандлаасаа унах үед автобусанд явсан хүмүүс миний дээрээс дараад унасан. Ослын дараа түргэний эмч ирээд намайг үзээд өөр бусад хүмүүсийг үзсэн. Тэр хооронд манай хүүхэд ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...би хэвтрийн дэглэмтэй байна, босож чадахгүй байгаа. 2021 онд зүрхэндээ аппарат тавиулсан бөгөөд зүрхний хэм алдагддаг болохоор тийм аппарат тавиулж хяналтад байдаг. Гомдолтой байна, өөрийн эрүүл мэндтэй холбоотой одоо гарсан зардал, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. ...” /1 хх 17/,

хохирогч Б.А-гийн “...Тухайн өдрийн 14 цагийн орчимд би Партизанд байх гэрээсээ Улаанбаатар хот орох автобусанд суугаад Хархорин худалдааны төв орсон. Тэгээд буцаад Партизанд байх гэр рүүгээ явахаар автобусанд суугаад явж байсан. Би автобусны гол хэсгийн суудал дээр суугаад явж байсан. Тэгэхэд л автобус юм мөргөх шиг болоод миний сууж явсан сандал хугараад би урд байсан сандлаа мөргөөд унасан. Ослын дараа түргэний машин ирээд намайг үзээд гар хөл хугарсан байна гэж хэлээд бусад хүмүүсийг үзэж байсан. Тэгээд манай хүүхэд ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. ...одоо хэвтрийн дэглэмтэй охин Даваа намайг сахиж байна. ... жолооч нарт гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. ...”  /1 хх 30/,

иргэний нэхэмжлэгч Н.Э-ийн “...Тухайн өдөр Хархорин захаас хүүхдийнхээ сургуулийн юмыг бэлдээд 14 цаг өнгөрч байхад Партизан орох автобусанд суусан. Ингээд товчооны замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байх үед автобус юм мөргөх шиг болсон. Би урдаасаа 3 дахь сандал дээр буруу тийш ээ хараад сууж явсан. Ослын дараа харахад том автомашин зам дээр буцаж эргэж байхад нь автобус араас нь мөргөсөн байсан. Ингээд би гэмтлийн эмнэлэг рүү явж үзүүлсэн, тухайн үед миний 3 шүд унасан байсан. Тэгээд КТГ-т харуулсан тархинд доргилттой байна гэж хариу гарсан. ...Би зүүрмэглээд сууж явсан болохоор тоормос гишгэсэн үгүйг анзаараагүй. ... толгой өвдөх, эргэх зэрэг зовуурьтай байна, шүд унасан болохоор хоол унд идэхэд хүндрэлтэй байна. Одоогийн байдлаар 500.000 орчим төгрөгийн зардал гарсан байна. Би буруутай жолоочид гомдолтой байна, өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарах зардлыг нэхэмжилнэ. ...” /1 хх 38/,

гэрч Э.О-ын “...Би тухайн өдөр ажлаа хийгээд Н.Country маркийн 29-85 УАК улсын дугаартай автобусыг жолоодоод Хархорин худалдааны төвөөс хүмүүс суулгаад Партизан явахаар хөдөлсөн. Ингээд Энхжин худалдааны төвийн буудал дээр хүн буулгаж суулгаад, дараа нь Оргил худалдааны төвөөс хүн буулгаж суулгаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 40 орчим км/цагийн хурдтай явж байсан бөгөөд хуучин 22 товчооны ойролцоо явж байхад эсрэг урсгалд явж байсан том оврын автомашин буцаж эргэх үйлдэл хийж байсан. Би тэр машиныг 100 орчим метр зайнаас хараад хурдаа хасаад явж байсан. Тэр машин манай урсгалд орж ирээд эргэх үйлдлээ хийж байхад нь цааш явчихна гэж бодоод тоормос гишгэхэд тэр машин багталгүй зогссон. Би тэр үед тоормос гишгэсэн чигээрээ том оврын автомашины баруун хойд хэсэг рүү нь мөргөсөн. Би уг нь тоормос гишгэсэн бөгөөд автобус инерцээрээ эргэх үйлдэл хийж байсан ачааны машиныг мөргөхтэй зэрэгцээд зогссон... Миний эрүүл мэндэд хохирол учраагүй... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Сүүлд нь гэмтсэн гээд 3 эмэгтэй хүн эмнэлэг дээр байсан. ...” /1 хх 76/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10843 дугаар “...Б.А-гийн баруун шуу, богтос яс, баруун 5, 6 дугаар хавирга, шаант ясны хугарал, баруун өвдөгний дотор жийргэвч, урд чагтан холбоосын урагдал, арын чагтан холбоос, тойгны шөрмөсний сулралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун тавхай, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /1 хх 126-127/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10843 дугаар “...Ц.Т-ийн биед умдаг, суудал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1 хх 143-144/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10692 дугаар “...Н.Э-ийн биед гурван шүдний булгарал, уруулд цус хуралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” /1 хх 135-136/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3351 дугаар /хх 160-162/ гэсэн дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.П-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.П-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Нэг. Хэвтээ тэмдэглэл 1.4.1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. 1.15.а тэмдэглэлээр эсрэг урсгал тусгаарласан арлыг ... тэмдэглэнэ. Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас H.Country маркийн 29-85 ҮАК улсын дугаартай автобусанд зорчиж явсан зорчигч Н.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Ц.Т, Б.А нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Иргэний хариуцагч М.М-гийн “...мөрдөн байцаах шат болон шүүхийн шатанд иргэний хариуцагч надад хохирол төлбөр төлөх, сэтгэл санааны хохирол төлөх талаарх эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, гарын үсэг зуруулаад байсан, шүүхээс шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу явагдсан. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, “...хохирлыг бүгдийг нь иргэний хариуцагчаас гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Учир нь, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, иргэний хариуцагч М.М-г 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн тогтоол гарч, иргэний хариуцагчид эрх, үүрэг тайлбарлсан, хууль сануулсан баталгаа /1 хх 14-150/, мөн анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн баримт /1 хх 245/ тус тус авагдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Харин анхан шатны шүүх хохирол, хор уршигийн талаар дүгнэхдээ хохирол, гэм хорыг дан ганц иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 230.2 дахь хэсэгт заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, гэм буруутай этгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй, харин тээврийн хэрэгслийн өмчлөгч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан төлөх үүрэгтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.П-аас хохирогч Т.Т, Б.А нарын сэтгэцэд учирсан хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн тус бүр 8.250.000 төгрөг буюу нийт 16.500.000 төгрөгийг гаргуулж олгохоор,

иргэний хариуцагч М.М-гаас 14.968.545 төгрөгийг гаргуулж, үүнээс Б.А-т 960.850 төгрөг, Ц.Т-д 3.918.895 төгрөг, “Б М” ХХК-д 9.125.850 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 1009000020080 дугаарын дансанд 963.000 төгрөгийг тус тус олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд иргэний хариуцагч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлоос “...хохирлыг бүгдийг нь иргэний хариуцагчаас гаргахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна....” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар иргэний хариуцагч М.М-гаас нийт 14.968.545 төгрөг гаргуулж хохирогч Ц.Т-д 3.918.895 төгрөгийг, хохирогч Б.А-т 960.850 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч “Б М” ХХК-д /РД: 5135621/ 9.125.850 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 1009000020080 дугаарын дансанд 963.000 төгрөг,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар Э.П-аас нийт 16.500.000 төгрөг гаргуулж үүнээс Б.А-т 8.250.000 төгрөгийг, Ц.Т-д 8.250.000 төгрөгийг тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч иргэний хариуцагч М.М-гийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                             ШҮҮГЧ                                           С.БОЛОРТУЯА

 

                             ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР