Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч  Д.Б

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Л  нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 1822000110006 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй гэх, “Тэвш” ХХК-нд галч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .......тоотод оршин суух, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овгийн Д.А

 

    Шүүгдэгч Д.А нь 2017 оны 12  дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижихын 7 дугаар гудамжны 7 тоот хашаанд иргэн М.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 31-

ний өдөр би ээлжийн ажилтай байсан. Хүүхэд халуурч хоносон учир хүүхдээ эмнэлэгт үзүүлж, эм

авч өгчихөөд ажилдаа явах гэтэл М.Б надруу утасдаад “нохойн гөлөг минь ирж ажилдаа гар” гэж хэлсэн.  Би “хүүхдийн бие өвдөөд байна, үзүүлчихээд очъё” гэхэд “эхнэр чинь байгаа биздээ, эхнэр чинь хүүхдээ үзүүлэг” гэж хэлэхээр нь “эхнэрийн цөс өвдөөд гар нь даагдахгүй байгаа” гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй М.Б, Х даргатай хамт машинтай ирээд “чи ажилдаа гарчих, яагаад давраад байгаа юм, чи гуйлгаж байх ёстой юм уу” гэж хэлэхээр нь “чиний хүүхэд өвдсөн бол ажлаа орхиод хүүхдээ үзүүлэх байсан биздээ” гэтэл намайг заамдаж аваад “чи гуйлгачин биздээ ажлаа хий” гэж хэлсэн юм. Түүнээс болж маргалдаад би М.Б-ийг мөргөсөн гэв.

 

Хохирогч М.Б-ийн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.А-рүү утасдаж “ээлжиндээ гар” гэж хэлэхэд “хүүхдээ үзүүлэх гэж байна, ээлжинд гарч чадахгүй” гэхээр нь  Д.А-ийн гэрт нь очсон. Би Д.А-тэй гэрийнх нь гадаа уулзаад “ажилдаа гар, эхнэр чинь хүүхдээ үзүүлэг, ямар ч байсан оч, ээлж бүрдвэл эргэж ирээд хүүхдээ үзүүл” гэхэд “хүүхэд өвдөөд байна, хүүхдээ үзүүллээ, эхнэрийн бие өвдөөд байгаа, ээлжинд гарч чадахгүй“ гэхээр нь  би “өчигдөрөөс хойш чамайг гуйлаа, өнөөдөр гарчих, явъя” гэж хэлээд мөрөн дээрээс нь татсан. Д.А гарахгүй гээд гэрлүүгээ зүтгээд байхаар нь энгэрээс нь татаад “явъя, ээлжиндээ гар” гэж хэлэхэд уурлаад хувцасны захнаас заамдаж  татаад нүүррүү нэг удаа мөргөсөн. Тухайн үед Д.А бид хоёр байсан, өөр хүн байгаагүй, намайг гэрийнхээ гадна мөргөсөн. Д.А намайг мөргөснөөс болоод миний дээд уруул язарсан. Эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 5-6/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2018.01.02-ны  өдрийн 180200034 дугаартай дүгнэлтэд:  М.Б-ийн биед уруулын дотор салстад шарх, уруулын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ /хх-ийн 10/

 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.01.09-ний өдрийн 94 дугаартай дүгнэлтэд: Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч М.Б-гийн гаргасан 180200034 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. М.Б-ийн биед уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 13/

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 11/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /хх-ийн 2/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 44-50, 52-55/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Д.А 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижихын 7 дугаар гудамжны 7 тоотод иргэн М.Б-тэй маргалдан түүний нүүр хэсэгт мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй

 

тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял сонсгосоныг хүлээн зөвшөөрсөн байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Хохирогч М.Б хэргийн материалтай танилцаад “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 57/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Шүүгдэгч Д.А-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Х овгийн Д.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.А шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч Д.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ