Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/274

 

 

 

 

 

 

   2024            3            05                                       2024/ДШМ/274

 

 

  Б.Б-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох 2309031352750 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ын Б, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, мэргэжил.., ........... оюутан, ам бүл .., ... нарын хамт ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол .. дугаар байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: .........../;

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн 61 дүгээр гудамжинд байрлах агуулахын гадна иргэн Д.З-тай маргалдаж улмаар түүний нүүр хэсэг руу гараараа цохиж газарт унагааж, түүнийг өшиглөсний улмаас баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн завжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Нийслэлийн Хот тохижилтын газарт эдлүүлж, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс нийт 2.750.000 төгрөг гаргуулж, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 61-841 тоотод оршин суух хохирогч Д-ийн З /РД:УХ74071870/-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь хохирогчийн буруутай харилцаанаас үүдэлтэй иргэн Д.З-тай маргалдан ноцолдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэл учруулан шүүхээс 240 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлээд байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хурлаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд нотлоогүй, гэрч Г.М нь Б.Б-тэй ноцолдон мөн хөнгөн гэмтэл учруулсаар байхад /2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14525 тоот/ шинжээчийн дүгнэлт Б.Б-ийн биед хамар ясны хугарал хамрын таславч муруйлт гэсэн гэмтлийг хуучин гэмтэл байна гэж энэ үйлдлийг дүгнээгүй хэлэлцээгүй байдаг.

Иймд Б.Б нь эхнэрийн хамт хувиараа наймаа хийдэг байнгын тогтмол орлоготой байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа дуусаж байхад шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх эмнэлэгт үзүүлэхэд, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд хавтас хэрэгт албан бичиг хавсарган Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгуулахаар хүргүүлсэн байдаг. Тухайн гэмтлийг учруулсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан гэмтэл учруулсан этгээдийг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос төгсөх курсийн оюутан тул сурч боловсрох эрхийг нь хөндөхгүйгээр 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатны шүүхээс 2.750.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Д.З-н сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан. Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт 4-8 хувиар хувьчилж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлбөрийг тооцох талаар анхан шатны шүүх хуралдаанд санал гаргасан. Анхан шатны шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.750.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Уг аргачлалын дагуу 2.750.000 төгрөгийг 4-8 хувиар тооцоогүй нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн 61 дүгээр гудамжинд байрлах агуулахын гадна иргэн Д.З-тай маргалдаж улмаар түүний нүүр хэсэг руу гараараа цохиж газарт унагааж, түүнийг өшиглөсний улмаас баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн завжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 23-30/,

хохирогч Д.З-гийн “...эмэгтэй залгаад “ачаагаа авъя, одоо хүн очиж байгаа” гэж хэлсэн. Удалгүй хаалган дээр нэг залуу, найз охины хамт Лексус маркийн машинтай орж ирсэн. Ачаа байгаа машиныг нь харуулаад “манай ажилчид амарч байгаа, та танай ачаа энэ машинд байгаа, яг одоо буулгаж өгөх хүн байхгүй байна, өөрөө буулгаад авбал авч болно” гэж би хэлсэн. Гэтэл тэр залуу ачаагаа авмаар байна гээд уурлаад байсан. Энэ үед би ажлынхантайгаа яриад ирэх хүн байгаа эсэхийг асуухаар дотогш орсон. Тэгээд нэг ажилчин ирэхээр болоод машинаа ойртуулж өөрийн ачаагаа складанд буулгахаар болсон. Тэр үед тухайн залуугийн ээж болох эмэгтэй над руу мессэжээр “би юмаа авмаар байна новшоо” гэж бичихээр нь би тухайн залуу дээр очоод “би юмыг чинь өгөхгүй гэж хэлээгүй, ээж чинь яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр залуу “би ямар чиний ажилтан уу, намайг ирэхэд л ачаагаа буулгаад өгчихгүй” гэж дайраад байсан. Тэгээд би дайраад байхаар нь цээж рүү нь өөрөөсөө холдуулахаар түлхсэн. Тэгтэл тэр залуу миний толгой руу 2 удаа цохихоор нь би нэг удаа алгадсан. Тэгтэл тэр залуу миний толгой руу нэг удаа цохиход би унасан. Намайг унахад 2 удаа өшиглөсөн. Тэгээд л би тэр залуугаас зайгаа барьж холдсон. ...Тэр залууд баруун нүд хэсэг рүүгээ цохиулж эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархайн хана хугарсан, ерөнхий мэс заслын имплант тавиулна гэж хэлсэн. Би зодуулсныхаа дараа Болор мэлмий, Люкс мед, Баяр мэдрэлийн эмнэлэгт үзүүлсэн. Би эрүүл мэндээ дээрээ хохирсон. Надад хагалгаа хийхэд 3.000.000-аас 4.000.000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. ...” /хх 38/,

гэрч Г.М-гийн “...Би гэрт байж байхад ажлаас Д.З ах залгаад ачаа буулгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би маш хурдан Дамбад ачаа буулгах гээд ирэхэд хамт ажилладаг Д.З ахын нүүр нь цус болчихсон, нэг нүд нь хөхрөөд хавдчихсан хүнд зодуулсан байдалтай байсан. Би таныг хэн зодсон, хаана байна гэхэд З ах тэр байна гэж “Ар Экс” маркийн машинтай залууг заасан. Би тухайн машин дээр очоод тэр залууд хандан “чи яагаад хөгшин хүн зодож байгаа юм бэ, аав шигээ хүнийг зодоод” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу миний урдаас “миний аав ийм хүн биш” гэх мэтээр элдвээр хараасан, би буугаад ир гээд машинаас татаад “энэ хүнээ ямар болгосоноо хар” гэж татаад дийлээгүй. Тэр үед З ах, тэр залуугийн найз охин хоёр хамт байсан. Нэлээн хугацаанд машин дотроос тэр залуу, машины гадна би хэрэлдсэн. Тэр залуу машинаас бууж ирээд эхлээд өшиглөсөн би хамгаалж эргүүлэн өшиглөж доош нь дараад чамайг би зүгээр болвол тавина гэж хэлсэн. Тэгээд тэр залуу удалгүй тайвширахаар нь би тавьсан. Хэсэг хугацааны дараа би ачаа буулгахаар машин дээр байж байхад тэр залуу “буугаад ир, дахиж зодолдъё” гээд над руу чулуу авч шидээд байсан. ...тэр залуугийн нүүр ам зүгээр байсан, хэл ам нь дийлдэхгүй байсан. ...” /хх 46/,

гэрч Ц.Г-ын “...Би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад зөрчлийн гомдол мэдээллийн хохирогч Д.З-гаас тайлбар авч, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол санал бичиж прокурор руу явуулсан. Д.З тогтоолын дагуу шүүх эмнэлэгт үзүүлээд шүүх эмнэлгийн хөнгөн зэргийн дүгнэлт гарсан. Тус гомдол мэдээллийн гэрч Б-ийн 91198373 дугаар руу өөрийн утас болох 88078764 дугаараас ирж мэдүүлэг өгөх тайлбар өгөх тухай ярихад “би тэгж байгаад очно” гэж хэлээд утсаа тасалж эргэн холбогдоогүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх боломжгүй байсан. ...” /хх 42/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13321 дугаар “...Д.З-гийн биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн завжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 49-50/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б-ийг хохирогч Д.З-гийн эрүүл мэндэд “...биед баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, зүүн завжинд цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Д.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Сүхээгээс “...Анхан шатны шүүхээс нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд нотлоогүй, гэрч Г.М нь Б.Б-тэй ноцолдон мөн хөнгөн гэмтэл учруулсаар байхад /2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14525 тоот/ шинжээчийн дүгнэлт Б.Б-ийн биед хамар ясны хугарал хамрын таславч муруйлт гэсэн гэмтлийг хуучин гэмтэл байна гэж энэ үйлдлийг дүгнээгүй, мөн Б.Б нь эхнэрийн хамт хувиараа наймаа хийдэг байнгын тогтмол орлоготой тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Нийслэлийн Хот тохижилтын газарт эдлүүлэхээр ял эдлэх газрыг тусгайлан зааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Учир нь, шүүх гэм буруутай этгээдэд зөвхөн ял шийтгэл оногдуулах бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад захиалга өгсөн байгууллагын саналыг харгалзан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгч тухайн шүүгдэгчийн нас, хүйс, эрүүл мэнд, боловсрол, оршин суух газрыг харгалзан ял эдлэх газрыг тогтоохоор заасан байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолын хэсгийн 3 дахь заалтын ” ялыг Нийслэлийн Хот тохижилтын газарт эдлүүлж, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн хэсгийг  хүчингүй болгосугай.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

                         ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

                         ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР