Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01178

 

 

 

 

 

 

 

 

 

Л.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01281 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б, Э ХХК-д холбогдох, бетон зуурмаг, хайрганы үнэ 70 629 091 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК-ийн захирал Г.Б- нь Л.О-т Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах түрээсэлж байсан газраа Үйлдвэрлэл явуулдаг гэж үзүүлсэн тул түүнд итгэж тухайн үеийн бетон зуурмагны ханшаар хэрэгцээтэй бетон зуурмагийг нь зээлээр нийлүүлэх, Г.Б- нь төлбөрийг 7 хоногийн дараа төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Бетон зуурмаг зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар хийж, зуурмагаа дараах байдлаар нийлүүлсэн. 2017 оны 04 сарын 04-ний өдөр өдөр 180 м.куб буюу 27 252 000 төгрөгийн бэлэн зуурмаг, 2017 оны 04 сарын 19-ний өдөр 168 м.куб буюу 24 964 000 төгрөгийн бетон зуурмагуудыг Хөшигтийн хөндийд Төгс Цэлмүүн ХХК-ийн хэрэгжүүлж байгаа хувийн хауснуудад аваачиж өгсөн. 18 413 091 төгрөгийн үнэ бүхий хайргыг дээр дурдсан Г.Б-гийн түрээсэлж байсан бетон зуурмагийн үйлдвэрт буулгасан.

Бетон зуурмаг болон хайрганы үнэ 70 629 091 төгрөгийг олон удаа шаардсан боловч өгөөгүй тул цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас иргэний эрх зүйн маргаан гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 225 дугаартай Хариу мэдэгдэх хуудас өгсөн. Г.Б- нь Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь баримтаар нотлогдсон. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйл 262.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар Э ХХК болон захирал Г.Б-гаас 70 629 091 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан Нью пеарл хотхоны барилгын цутгалтад ашиглах бетон зуурмагийг нийлүүлсэн. Хариуцагч Г.Б- нь Л.О-аас бетон зуурмаг худалдаж аваагүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд харин Төгс цэлмүүн констракшн ХХК нь тухайн бетон зуурмагийг өөрийн барьж буй барилгын ажилд ашиглахаар Л.О-аас худалдаж авсан.

Прокурорын байгууллагаас ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад 2017 оны 07 сарын 07-ны өдөр 70 629 091 төгрөгийн төлбөрийг буцааж өгнө гэсэн байгаа. Үүнд маргахгүй боловч нэхэмжлэгч талын шаардах эрх 2017 оны 07 сарын 07-ны өдрөөс үүсэж байгаа. Гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул 2020 оны 07 сарын 07-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх өнгөрсөн учир үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч тал 2021 оны 01 сарын 27-ны өдөр шүүхэд хандсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шаардах эрхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70.629.091 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 095 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК-иас 511 095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-т олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн оролцогч буюу хариуцагч нарын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүй, хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба уг гэрээний үндсэн шинж нь тухайн худалдсан эд хөрөнгийн үнэ нь шууд төлөх үеийн үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг. Л.О- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тодорхойлсон ч шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож, ойролцоо төрлийн гэрээнээс ялгаж холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэх ёстой. Гэтэл шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүй зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж илт үндэслэл муутай дүгнэсэн байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч Л.О-ыг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ гэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад ...Энэхүү өрийн үлдэгдлийг 2017 оны 06 сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлж барагдуулна. Үлдэгдэл 20 629 091 төгрөгийг 2017 оны 07 сарын 07-ны өдөр нэхэмжлэн авахаар тохиролцов гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.О-ын шаардах эрх нь 2017 оны 07 сарын 08-ны өдрөөс үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу 2020 оны 07 сарын 08-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 2021 оны 01 сарын 27-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь тухайн баримт, тайлбараар тогтоогддог.

Улмаар шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа зогссон, цагдаагийн байгууллагад хандсан гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн ба Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 225 тоот хариу мэдэгдэх хуудас нь нэхэмжлэгчээс цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байсан хэргийг дахин сэргээж шалгуулах агуулга бүхий гомдолд хариу өгсөн мэдэгдэх хуудас байхад шүүхээс уг мэдэгдэх хуудсыг үндэслэж нэхэмжлэгч талыг хөөн хэлэлцэх хугацаандаа эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолж байгаа эсэх, хэзээ хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь тогтоосон журмын дагуу бус харьяаллын бус байгууллага болох цагдаагийн байгууллагад хандсан зөрчилтэй гомдлоо гаргасан мөн нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсаныг нотолсон баримтуудыг гаргаж өгөөгүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй юм.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч Э ХХК нь үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна.

Хариуцагч нарын өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн тухайд, шүүхээс 2021 оны 05 сарын 06-ны өдөр Г.Насанжаргалд товыг мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаан 2021 оны 05 сарын 11-ний өдөр болж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаж байхад үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хариуцагч нарын хуулиар олгосон хууль зүйн туслалцаа авах эрхийг нь зөрчсөн. Түүнчлэн 2021 оны 04 сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 сарын 07-ны өдрийг дуустал Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон байсан тул хариуцагч нь ,шүүх хурлаас өмнө өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах ямар ч боломжгүй байсан.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ нийт 70 629 091 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулж, дээрх мөнгийг компаниас гаргуулна гэжээ. /хх 1, 42-45, 76/

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Э ХХК-ийн захирал Г.Б-гийн 2017 оны 04 сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтээр мөн оны 04 сарын 04, 19-ний өдөр нийт 70,629,091 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн, тохиролцсон ёсоор 7 хоногийн дараа төлбөрийг хийгээгүй, хожим үлдэгдлийг баталгаажуулж акт үйлдсэн гэж тайлбарладаг бол хариуцагч нар татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь Төгсцэлмүүн констракшн ХХК-ийн барилгад ашиглах бетон зуурмагийг нийлүүлсэн, Г.Б- нь Л.О-аас бетон зуурмаг худалдан аваагүй, тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдагдсан төлбөр хийх өдөр буюу 2017 оны 07 сарын 07-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход шаардах эрхийн хугацаа дууссан учир төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлан маргадаг. /хх 1, 27, 75, 76/

 

Хэргийн 40 дүгээр талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч Э ХХК-д 2017 оны 04 сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 сарын 29-ний өдрийн хооронд нийт 70 629 091 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, дээрх төлбөрийг хариуцагч Э ХХК нь 2017 оны 06 сарын 12-ны өдөр 50 000 000 төгрөг, 2017 оны 07 сарын 17-ны өдөр 20 629 091 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон үйл баримт Тооцооны үлдэгдлийн баталгаа №04 гэсэн баримтаар тогтоогдож байна. /хх 40/

 

Мөн энэхүү иргэний маргааны зүйлтэй холбоотой гомдлыг эрүүгийн журмаар шалгагдаж байх үед Э ХХК-ийн захирал Г.Б-гаас 2017 оны 10 сарын 25-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан талаарх бичгийн баримт хэргийн 29-31 дүгээр талд авагдсан байх ба уг баримтад Г.Б- нь ...Би... Отгонбаатар гэх хүнээс 2 удаа бетон зуурмаг авсан. Тэр бетон зуурмагаа Төгс цэлмүүн ХХК-ийн... барилга угсралтын ажилд нийлүүлсэн. ...Гэтэл Төгс цэлмүүн ХХК-аас... өнөөдрийг болтол мөнгийг өгөөгүй... учраас би Отгонбаатараас авсан зуурмагныхаа мөнгийг өгч чадахгүй байгаад байгаа юм гэж мэдүүлсэн нь тусгагджээ. /хх 29-31/

 

Иймд Л.О- Э ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх талууд гэрээг бичгээр байгуулаагүйг болон уг гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөхөөс өөрөөр буюу хүү тохиролцсон талаар тайлбар, баримт гаргаагүйг анхаараагүй байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2.3-т тус тус зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага, уг бичгээр байгуулсан гэрээнд талуудын харилцан тохиролцсон хүүгийн хэмжээг заавал тусгах шаардлага тус тус хангагдсан тохиолдолд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсанд тооцогддог.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч Л.О- нь нийлүүлсэн бетон зуурмагийн үнийг шаардах, худалдан авагч Э ХХК нь хүлээн авсан бетон зуурмагийн үнийг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байхаар зохицуулсан боловч хариуцагч Э ХХК-ийн захирал Г.Б- нь бетон зуурмагийн үнэ болох 70 629 091 төгрөгийг 2017 оны 07 сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, Тооцооны үлдэгдлийн баталгаа №04 гэх баримт үйлдсэн /хх 40/ байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлэх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э ХХК-ийн хүлээх мөнгөн төлбөрийн үүргийн үнийн дүнг зөв тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хариуцагчаас 70 629 091 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгож шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагч Г.Б-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлгүй орхигдуулсныг зөвтгөх боломжтой.

 

Шүүх 2021 оны 02 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч Г.Б-д 2021 оны 02 сарын 23-ны өдөр, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргалд 2021 оны 03 сарын 29-ний өдөр эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон сунгагдсан хугацаа болох нийт 90 хоног өнгөрсөн байх тул хариуцагч талд эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан гэж үзнэ. Мөн дээрх хугацаанд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01281 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-аас 70 629 091 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгож, хариуцагч Г.Б-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР