Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2025/00130

 

 

 

 

2025 02 05

 

 

 

317/ШШ2025/00130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Бүр..........мсүрэн,

/Төв аймаг, Угтаалцайдам сум, .................. оршин суух/,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ба...........ун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э............ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т...........эн нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг гаргасан.

Хүсэлтийн үндэслэлээ: Миний бие 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Угтаалын Сангийн аж ахуйд ажилласан хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Төв аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэн үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Надад өөр ямар ч баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймаг Угтаал сумын Угтаалын сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаар Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, Төв аймгийн Нийгмийн даатгалаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 24/05 дугаар зөвлөмжийн хуудас, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 115 дугаар лавлагаа, Д..............ийн 114285 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 596 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж Төв аймаг, Монголын хувьсгалч залуучуудын эвлэлийн нэрэмжит Угтаалын сангийн аж ахуйн 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 259 дугаар ТҮ-ийн ээлжийн ажилчдыг ээлж зохион байгуулж ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт, Төв аймаг Угтаал хувьцаат компанийн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар Компаний мэргэжилтэн ажилтан томилох тухай тушаал, түүний хавсралт, 1996 оны 05 дугаар сарын 01-ний 52 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт, төрсний гэрчилгээний хуулбар, Төрөл садангийн лавлагаа, ..........үрэн нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зэргийг гаргаж ирүүлсэн.

Шүүх, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШЗ2024/03750 дугаар захирамжаар Төв аймгийн Төрийн архивын тасаг болон Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газрын архиваас нотлох баримтыг шүүлгэх ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т..............рэн нь Төв аймаг, Угтаал сум, Угтаалын сангийн аж ахуйн Тэжээлийн үйлдвэрт 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргажээ.

Төв аймаг, Угтаал сум, Угтаалын сангийн аж ахуйн Тэжээлийн үйлдвэрт Т.Б.............эн нь 1987 оны 10 дугаар сарын 15-наас 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 151/ШЗ2024/03750 дугаар захирамжийн дагуу Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 649 дугаар архивын лавлагаанд хавсаргаж ирүүлсэн 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаар Ажилд томилох ажлаас шилжүүлж ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар Амралт олгох тухай тушаал, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 329 дугаар ТҮ-ийн ээлж зохион байгуулах тухай тушаал, түүний хавсралт, 1990 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаар Амралт олгох тухай тушаал, 1991 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 311 дугаар Үтрэмд түр хугацаагаар ажилчид томилох тухай тушаал, Угтаал хувьцаат компани 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бү.........д овогт Түн.............сүрэнг Төв аймгийн Угтаалын Сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт нормчноор 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Бү...........эд овогт Т...........мсүрэнг Төв аймгийн Угтаалын Сангийн аж ахуйн тэжээлийн үйлдвэрт нормчноор 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ