| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00306/И |
| Дугаар | 318/ШШ2025/00260 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 318/ШШ2025/00260
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: А ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Арвин хишиг өгөөж ХЗХ нь хуулийн дагуу зөвхөн гишүүдэд үйлчилдэг хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулдаг. Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гишүүнээр элссэн. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэрэглээний зээл /орон сууц барих/ 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар /барьцаа цалингийн орлого/ зээл авсан. 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөх байсныг төлөөгүй. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн хүү төлсөн. Байгууллагаас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зээл төлөх, итгэл хүлээлгэсэн төлөөгүй. Энэ хугацаанд 5 удаа өөрийн биеэр уулзахын зэрэгцээ утсаар ярьж зээл төлөхийг сануулж мөн мэдэгдэл өгсөн. Зээлийн хороо болон бид олон удаа гуйж шаардахад зээлээ одоо удахгүй, сарын сүүл төлнө гэж хэлдэг байсан. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн Х.Э утсаар залгахад холбогдож ТЗГ гишүүн Б. ярихад Б.Б дахь өдөр Тариалан суманд очиж уулзана гэж яриад ирээгүй, худал хэлсэн. Хоршооны дарга С.Н утсаар зээлдэгчтэй ярьсан бас л төлөөгүй. Мөн Монголын хадгаламж зээлийн хоршооны үндэсний холбооноос хоршоонд үнэлгээ хийхээр ирсэн зөвлөх багшийн нэг Д.У нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Б.Б утсаар холбогдож ярихад мэдэж байгаа энэ сард төлнө гэж хэлээд одоо болтол төлөөгүй байна Б.Б хуулийг сан мэддэг байж бидэнд хуурамч зан гаргаж санаатайгаар төлөхгүй байна. 2024 оны 01 дүгээр сард мөн шүүхэд өгөхөд Б.Б нь Улаанбаатар хотод сурч байсан тул хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг маань буцаасан болно. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн бүх гишүүдийн хурлаас хуулийн байгууллагад шуурхай ханд гэсэн. Иймд Б.Б-с үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 2,000,000, нийт 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А хоршооноос авсан зээлийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг 8 сарын хугацаанд төлж дуусгах буюу 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 750,000 төгрөгийн төлөлт хийж уг хоршоог хохиролгүй болгож өгөх хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгч А ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хариуцагчийн хариу тайлбартаа танилцлаа. 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 750,000 төгрөгийн төлөлт хийж байхыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв хариуцагч Б.Б хугацаандаа төлбөрөө хийхгүй бол шүүхийн шийдвэрээр албадан төлүүлэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Арвин хишиг өгөөж ХЗХ нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Арвин хишиг өгөөж ХЗХ-ны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 8 сарын хугацаатай сар бүрийн 25-нд 750,000 төгрөгийн төлөлт хийж байхаар хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийн тал хувь болох 55,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 55,475 төгрөг, хариуцагч Б.Б-с 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Арвин хишиг өгөөж ХЗХ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Арвин хишиг өгөөж ХЗХ-ны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийн тал хувь болох 55,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 55,475 төгрөг, хариуцагч Б.Б-с 55,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Арвин хишиг өгөөж ХЗХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР