| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01140/И |
| Дугаар | 317/ШШ2025/00117 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 317/ШШ2025/00117
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 317/ШШ2025/00117 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Мө....... овогт Си........Г......риг ,
/Төв аймаг, Баянцогт сум 2........... оршин суух/,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш........на,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ........хзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С..........ориг нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг гаргасан.
1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэлээ: Миний бие 1968 онд төрсөн. Бага наснаасаа одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Миний бие Өвөрхангай аймаг Өлзийт сумын Оч нэгдэлд 1981, 1984 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мал маллаж байгаад 187 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн албанаас 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр халагдаж ирсэн даруй Өвөрхангай аймаг, Өлзийт сумандаа МАА-н 4-р хэсгийн малчнаар /хуучнаар Оч нэгдэл/ үргэлжлүүлэн мал маллаж байгаад Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын малчин энхэр М.Эрдэнэчимэгтэй 1991 оны 10 дугаар сарын 28-нд Өлзийт сумандаа гэр бүл болж, 1993 онд Есөн зүйл сум руу шилжин мал маллаж амьдарч, одоо Төв аймгийн Баянцогт суманд эхнэрийн хамт одоог хүртэл мал маллаж байна. Би малчны тэтгэвэр тогтоолгохоор Төв аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад 1981, 1984-1992 онд ажилласан жилүүдээ шүүхээр тогтоолго гэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие нь 1981, 1984-1987.10.01, 1990-1992 оныг дуустал 7 жил 5 сар мал маллаж малчин хийж байсан тухай 1984 онд нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр, 1991 онд нээсэн Хөдөлмөрийн дэвтэр-үүдэд тэмдэглэсэн бичилтүүд, мөн Өлзийт сумын Оч нэгдлийн жинхэнэ гишүүд 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хүртгэлд 4 жил гэж бүртгэгдсэн бүртгэл /дутуу бүртгэгдсэн байдаг/, мөн 1991 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн ар талд ажилласан хугацааг 06 жил 9 сараар тооцов баталгаажуулсан нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэг, тэмдэг дарсан баримтууд, хамт мал маллаж, туувар тууж байсан Т.Цэ........йн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Эдгээр баримтууд нь тухайн үеийн холбогдох төрийн байгууллагуудын ажилтнуудын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан баримтууд болно. Миний бие 1981 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар дуустал, мөн оны 10 дугар сард бүтэн, 1984 оны 1 дүгээр сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сар хүртэл, 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал миний эцэг И.......гва овогтой С.....йн хамт мал маллаж, мал тууварт явж малчин хийж байсан. Энэ хугацаанд миний цалинг эцэг Си.........гийн нэрээр олгож бид малчны цалингаа хувааж авдаг байсан. Үүнийг миний нэгдлийн хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн нийгмийн даатгалын байцаагч 1984-1990 оныг дуустал /эцэг Си........йн нэрээр/ цалингийн цэсийг шалгав/ гэж бичиж баталгаажуулсан байдаг. Цалин эцэг И.С......... нэрээр олгогдож байсан тул эцэг И.С..........н 1981, 1984-1990 оны цалингийн цэс буюу А дансыг авахаар Өлзийт сумын Нийгмийн даатгалд хандахад зөвхөн миний өөрийн нэрээр авч байсан 1991 оны цалингийн цэс гардаг, харин 1981-1990, 1992 он аймгийн архивд шилжсэн гэдэг. Өвөрхангай аймгийн архивд хандахаар сумын архивд байгаа гэж сум, аймаг хоёр гаргаж өгөхгүй байна. Сийнаагийн цалингийн цэсийг гаргаж өгөхгүй байна. /эцэг Сийнаа нас барсан/. С.Ганзориг миний нэр дээр малчин А дансны баримт гардаггүй. Миний бие эцэг, эхийнхээ ууганхүү болж мэндэлж төрсөн цагаасаа эхлэн эхнэр автлаа 1986-1991 он хүртэл эцэг, эхтэйгээ хамт амьдарч ажиллаж байсан. Иймд С.Г..........риг намайг Өвөрхангай аймаг, Өлзийт сум, Оч нэгдэлд 1981 онд 8 сар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30, 1990-1992 оны 12 дугаар сарын 31-ний дуустал 7 жил 5 сар малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэж тодорхойлсон.
1.2 Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С...........игийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, С.Г...........игт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай Өлзийт сумаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Одоо ажиллаж байгаа нэгдлийн жинхэнэ гишүүд гэх нэрсийн жагсаалтын хуулбар, И.Си......... 1982, 1985, 1986 онуудын сайшаал болон аймгийн Аварга малчны дипломын хуулбар, 1986 оны Засгийн газрын хүндэт жуух бичгийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03-08/363 дугаар албар бичиг, Т...........н иргэний үнэмлэхийн хуулбар, түүний шүүхэд бичиж өгсөн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн 70 дугаар дансны 5 хуудас хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн С.ригий.........н 1991 оны мал тооллогын лавлагаа зэрэг нотлох баримт гаргаж ирүүлсэн.
1.3 Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 151/ШЗ2024/03343 дугаар шүүгчийн захирамжаар Үндэсний төв архивын газар, Өвөрхангай аймгийн Архивын газраас тус тус нотлох баримт гаргуулах ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С...........ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч С......иг нь Ш............ад өөрийн бүрэн эрхийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэлээр олгожээ. /хх-6/
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш...........змаа нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар багасгасан.
3.1 Үүнд: “1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ажилласан жилийн хугацааг багасгасан.
3.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж буйг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж үзнэ.
3.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар Си.гийн Га..............иг нь Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Оч нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь ............игийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 243 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаар Арга хэмжээ авах тухай захирамж, түүний хавсралт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дугаар “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох” тухай тушаал, түүний хавсралт, 1989 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, 1991 оны Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдлийн ерөнхий хорооны бүх гишүүдийн хурлын ирцийн бүртгэл, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Өлзийт сумын Оч нэгдэлд ажиллаж байгаа нэгдлийн жинхэнэ гишүүдийн нэрсийн жагсаалтын хуулбар баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
5. Харин 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэх байдал нь баримтаар нотлогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн мөн дээр дурдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж дүгнэж, тэдгээрт бичигдсэн байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн үндэслэн С.Г............йн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлд хавсаргаж 1982, 1985, 1986 онуудын эцэг И.С.............йн баярын бичиг, сайшаалын үнэмлэх, баярын бичиг, хүндэт жуух бичиг, мөн түүний цалингийн баримтыг хавсаргаж ирүүлснийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
8. Хүний ажиллаж байсан байдлыг тогтооход ажиллаж байсан буюу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хамаарч ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэдэг бөгөөд эцэг И.С............йн ажилласан жилийн баримтыг хүү С.Га............йн ажилласан хугацааны баримтад тооцохгүй болно.
9. Ажилласан хугацааг тогтоохдоо хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн болон ажилд авсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын он, сар, өдрөөр тооцож тогтоосон бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлд ажилласан жилээр тооцож тогтооно.
10. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар сарын 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Сий............ Өвөрхангай аймгийн Өлзийт сум, “Оч” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бор....гон овогт Сий.............игийг Өвөрхангай аймгийн Өлзийт сум, “Оч” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ