| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00420/И |
| Дугаар | 308/ШШ2025/00285 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 308/ШШ2025/00285
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 308/ШШ2025/00285 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, Б дүүрэг, **-р хороо, **-р хороолол, **-** тоотод оршин суух, Б овогт Жгийн Ө,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Ж.Ө
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ж.Ө нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Д аймгийн С сумын * дугаар баг Згийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Мөн Д аймгийн Х сумын цэцэрлэгт 1991 оноос 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Энэ хугацаануудад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тушаалууд архиваас олдохгүй байгаа тул намайг өндөр насны тэтгэвэрт гарахад зөрчил гарсан юм. Миний бие дээрх хугацаануудад цэцэрлэгийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ****** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д аймгийн Х сумын дунд сургуулийн захирлын 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар, 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай тушаалын хуулбар, 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, гэрч Б.Б, Б.М нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Б.Б, Б.М нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Ж.Ө нь Д аймгийн С сумын * дугаар баг Згийн цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал цэцэрлэгийн багшаар, Д аймгийн Х сумын цэцэрлэгт 1991 оноос 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд цэцэрлэгийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч Ж.Өийн ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлөгдсөн, томилсон тушаал, баримтууд Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт байхгүй, шилжиж очоогүй болох нь Д аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн *** дугаартай тодорхойлолтод Д аймгийн Х сумын дунд сургуулийн 1992 оны захирлын тушаал, 1992 оны цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг шүүж үзэхэд Жгийн Өгийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна гэх, 3** дугаартай тодорхойлолтод Тус архивт хадгалагдаж буй Згийн 3 дугаар цэцэрлэгийн архивын баримтад 1988 оны эрхлэгчийн тушаал байхгүй тул лавлагаа олгох боломжгүй болно. 1991 оны эрхлэгчийн тушаалыг шүүж үзэхэд Жгийн Өгийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байна. гэх архивын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Ж.Өгийн нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл түүний ****** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1990.04.26 3 дугаар цэцэрлэгт туслах хүмүүжүүлэгчээр авч ажиллуулав. 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 тоот тушаалаар,
1990.04.26 хүмүүжүүлэгч багшаар дэвшүүлэн томилсугай. 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тушаалаар,
1991.07.10 3 дугаар цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаас 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 тоот тушаалаар чөлөөлсүгэй, гэх 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 тоот тушаалаар,
1991.09.02 ажилд авах тухай цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар 1991 оны 9 сарын 12-ноос эхлэн авч ажиллуулав. Д аймгийн Х сумын дунд сургуулийн захирлын 1991 оны 09 сарын 2-ны өдрийн 35 тоот тушаалаар,
1989.04.21 Илүү цаг олгох тухай хүмүүжүүлэгч Ж овогтой Ө нь ахлах бүлгийн багш Лгийн оронд 1989 оны 4 сарын 1-нээс 4 сарын 24-нийг хүртэл 19 хоног ажилласан тул илүү цагийн мөнгийг бодож олгосугай гэх 3-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 04 сарын 21-ний өдрийн 10-р тушаалаар гэсэн бичиглэл,
1991.06.21 ээлжийн амралт олгох тухай Хүмүүжүүлэгч багш Жгийн Өгийн 1991 оны ээлжийн амралтыг 1991 оны 06 сарын 20-ноос эхлэн олгосугай. Ж.Өгийн ээлжийн амралтын мөнгийг ажлын 36 хоногоор бодож олгохыг санхүү тасгийн нябо Ц.Нд зөвшөөрсүгэй. гэх 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал,
1990.01.10 Ажилд авах ба чөлөөлөх тухай Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар Ж овогтой Өгийг 1990 оны 01 сарын 10-наас цэцэрлэгийн туслах хүмүүжүүлэгчээр ажиллуулсугай. гэх 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал байхаас гадна гэрч нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ж.Өгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Өгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Жгийн Өгийг Д аймгийн Згийн дугаар цэцэрлэгт 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүмүүжүүлэгч багшаар,
Д аймгийн Х сумын цэцэрлэгт 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Өгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ