| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00011/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Д.Б
Шүүгдэгч О.У нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овгийн О.У-т холбогдох эрүүгийн 1722000770007 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, Адаацаг сумын Дундговь “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д шуурхай үйлчилгээ засварын монитёр ажилтай, ам бүл 1, ....... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б овгийн О.У
Шүүгдэгч О.У нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Д-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай гэр бүлийн хүн багш нарын урлагийн үзлэгт явсан. Тухайн өдрийн оройн 10 цагийн үед айлд очиход багш нар ирсэн байхаар нь гэртээ очиход манай эхнэр ирээгүй байсан. Манай эхнэр хохирогч Б.Д-ын машинтай айлын хашааны буланд зогсож байсан. Би мотоцикльтой ард нь очоод зогстол хөдлөөд явахаар нь араас нь очоод Б.Д-тай муудалцаж нүүрлүү нь нэг удаа цохисон. Б.Д-ын машинд учруулсан хохирлын мөнгийг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Д-ын: Сумын багш нар Дундговь аймагт багш нарын урлагын бага наадамд оролцоод 2017 оны 9 дүгээр сарын 24-ний орой 00 цагийн үед суманд буцаж ирсэн. Би өөрийн эзэмшлийн 8624 ДУА улсын дугаартай “эстима” маркийн машиндаа багш Б, Ж, У нарыг суулгаж суманд ирээд Б, Ж нарыг буулгаад дараа нь У-ыг буулгах гээд зогсож байтал У-ын нөхөр О.У мотоцикльтой ирээд намайг урдуур хөндлөн хашиж зогссон чинь У “манай нөхөр О.У ирлээ хөдлөхгүй бол болохгүй нь намайг хардана” гэхээр нь гэрээс нь урагш хөдлөөд Т-ийн хашааны үүдэнд очиж зогстол О.У араас ирээд зогссон. Тэгээд У-ыг буулгаад зодохоор нь би салгатал О.У намайг зодсон...Би гэртээ очоод унтаж байтал О.У шөнө 01 цагийн үед хашаа давж ирээд хашаанд байсан чиргүүлийн хугархай гар аваад машины зүүн талын дунд хаалгыг цохиж цөмлөсөн, мөн хаалганы цонхыг цохиж хагалчихаад гараад явсан...Миний хамрын яс цөмрөөд, цагаан мөгөөрс нь чихэгдсэн байна гэсэн...Би гомдолтой байна. Машины хаалга, цонх, хамрын эмчилгээний зардлыг бүрэн гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч Д.У-ын: Дундговь аймагт багш нарын урлагын бага наадам болоод 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг өнгөрөөд суманд ирсэн. Би аймгаас багш Б.Д-ын машинд сууж ирээд сургуулийн баруун талд нэг багшийг буулгачихаад байж байтал манай нөхөр О.У мотоцикльтой ирж байхаар нь би Б.Д багшийг “яв манай нөхөр хардана” гэж хэлэхэд урагшаа хөдлөөд дэлгүүрийн баруун талын гудамжаар эргэтэл О.У мотоцикльтой машины урдуур хашаад зогсоосон...О.У миний нүүр хэсэгрүү цохисон чинь Б.Д О.У-ыг “болиоч” гэж хэлсэн. Тэгээд би тэндээс яваад өгсөн. Манай нөхөр О.У намайг Б.Д-тай хардаад ийм асуудал болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
- Шинжээчийн 2017.10.05-ны өдрийн 170200296 дугаартай дүгнэлтэд: Б.Д-ын биед хамар яс хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 22/
- Эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 23-24/
- “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээний тайланд “Хаалга зүүн хойд /шилтэй/ 155000, 100гр будаг, тус-мат, лак 20000, будах зардал 60000, эд анги солих 10000, нийт үнэлгээгээр тогтоосон дүн 245000 төгрөг” гэжээ /хх-ийн 36/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.У нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Д-тай маргалдаж түүний нүүр хэсэгт цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч О.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял сонсгосныг хүлээн зөвшөөрсөн байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Д-д 245000 төгрөгийн хохирол учирсан болох нь ““Ашид билгүүн” ХХК-ий автомашин техникийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 36/ нотлогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар “эвлэрсэн тухай баталгаа” /хх-ийн 56/ гаргаж уг хохирлыг төлж барагдуулахаар тохиролцсон, шүүгдэгч шүүх хуралдаанд “хохирлыг төлнө” гэх тайлбар гаргаж байх тул шүүгдэгч О.У-аас 245000 /хоёр зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.У-ын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч О.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.У энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн О.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.У-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.У-т оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.У-т шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-аас 245000 /хоёр зуун дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ