| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2306029173032 |
| Дугаар | 2024/ДШМ/275 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ДШМ/275
2024 3 05 2024/ДШМ/275
Т.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2306 02917 3032 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ын Б, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, э..эгтэй, ............. боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, .. дүгээр гудамжны ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:.............../;
Шүүгдэгч Т.Б нь “Солонгос виз цаг захиалга” гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэр бүхий хохирогч нараас Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх цаг захиалж өгнө гэж хуурч, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5165145012 тоот дансаар 10 удаагийн гүйлгээгээр 937.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Б-г бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-д 6 сарын хугацаагаа хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.Б-д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-гаас нийт 937.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Х-д 200.000 төгрөг, Ч.Т-д 127.000 төгрөг, Р.А-т 50.000 төгрөг, Б.Э-д 80.000 төгрөг, Б.О-д 130.000 төгрөг, Д.Ө-д 50.000 төгрөг, П.О-т 100.000 төгрөг, Г.У-т 50.000 төгрөг, Б.Э-т 100.000 төгрөг, Ц.Б-т 50.000 төгрөгийн тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь эхнэр Н.А болон охин Б.С, Б.А гэх бага насны ой хүрээгүй болон 2 настай хүүхдүүдийн хамт амьдран суудаг. Эхнэр маань ажил хийх боломжгүй тул гэр бүлийн өрхийн амжиргааг залгуулах боломжгүй. Мөн хохирогч талын хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан.
Миний бие өөрийн хийсэн үйлдлээ ухаарч гэм буруугаа ойлгож, хийсэн үйлдэлдээ харамсаж ахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Б нь “анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Т.Б нь бага хэмжээний хохирол учруулсан бөгөөд хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ялыг өөр төрлийн ялаар солих боломжтой гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б нь анхан шатны шүүх хуралдаанд хохирол, төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирол төлөгдөөгүй байсан нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзан үзсэн. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүх хохирол, хор уршгийг арилгах хугацаа олгосон боловч тухайн хугацаанд хохирол, хор уршгийг арилгаагүй гэж үзэн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул прокурорын эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч Т.Б хохирол, төлбөр төлсөн гэж байх боловч хавтас хэрэгт энэ талаар баримт хавсаргаагүй тул хохирол, төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Т.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Б нь “Солонгос виз цаг захиалга” гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэр бүхий хохирогч нараас Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх цаг захиалж өгнө гэж хуурч, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5165145012 тоот дансаар 10 удаагийн гүйлгээгээр 937.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 6, 55, 74, 90, 106, 122, 138, 173, 192, 207/,
хохирогч Э.Х-ийн “...Би Солонгос улс руу виз мэдүүлж байгаа юм. Виз мэдүүлэх цаг авахаар Солонгосын визний мэдээлэл материал бүрдүүлэлт зөвлөгөө гэсэн фэйсбүүкийг грүп рүү ороод мэдээлэл хартал Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу би өөрөө чат бичсэн юм. Тэр фэйсбүүк хаягаар чат бичтэл Сүнжин гэдэг нэртэй бас Дидо гэсэн виз мэдүүлгийн газруудад цаг олгож байна энэ газруудад цаг олж өгч чадна гэж надад хариу хэлсэн. Тэгэхээр нь 19-ний өдрийн Дидо дээр цаг авъя гэсэн чинь 100.000 мянган төгрөг гэхээр нь би нөхөртэйгөө хамт виз мэдүүлж байсан болохоор 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад хариу өгөлгүй таг алга болсон. ...” /1 хх 9/ гэсэн мэдүүлэг,
Хаан банкны дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19/,
хохирогч Ч.Т-ийн “...Би БНСАУ руу явж ах дээрээ очих зорилгоор виз анкет бөглүүлж, орчуулах зорилгоор фэйсбүүкийн зар хайж үзсэн. Тэгээд удалгүй виз цаг захиалга гэх фэйсбүүк нэртэй хаягийн админтай холбогдож чатлаад визний анкет бөглүүлэх, орчуулах талаар зөвлөгөө автал надаас нийт 127.000 төгрөг болно, мөнгө дансанд хийхээр орчуулга хийнэ гэх яриа гаргасан. Тэгээд би Хаан банкны дансны 5165145012 дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 127.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй намайг блок хийж фэйсбүүк хаагаад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /1 хх 60/ гэсэн мэдүүлэг,
Хаан банкны 5165145012 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 64-65/,
хохирогч Р.А-ын “...Би 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож визний мэдүүлэг цаг захиалахаар 5165145012 тоот Хаан банкны Б С гэх эзэмшигчтэй данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед фэйсбүүкээр чат бичиж цаг авахаар тохиролцсон байсан бөгөөд маргааш өглөө нь цаг захиалгаа лавлаж асуухаар чат бичих гэтэл блоклосон, хаяг нь өөрчлөгдчихсөн байсан бөгөөд холбогдох утасны дугаар болох 85020855 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй гэж байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” /1 хх 78-79/ гэсэн мэдүүлэг,
Хаан банкны 5065308060 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 81/,
хохирогч Б.Э-ы “...Би 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож визний мэдүүлэг цаг захиалахаар 5165145012 тоот Хаан банкны Б С гэх эзэмшигчтэй данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед фэйсбүүкээр чат бичиж цаг авахаар тохиролцсон байсан бөгөөд маргааш өглөө нь цаг захиалгаа лавлаж асуухаар чат бичих гэтэл блоклочихсон, хаяг нь өөрчлөгдчихсөн байсан бөгөөд холбогдох утасны дугаар болох 85020855 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй гэж байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” /1 хх 94-95/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.О-ын “...2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож нөхөр бид хоёр визний мэдүүлгийн цаг захиалахаар 5165145012 тоот Хаан банкны Б С гэх эзэмшигчтэй данс руу 130.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед фэйсбүүкээр чат бичиж цаг авахаар тохиролцсон байсан ч маргааш өглөө нь цаг захиалгаа лавлаж асуухаар чат бичих гэтэл блоклочихсон, хаяг нь өөрчлөгдчихсөн байсан бөгөөд холбогдох утасны дугаар болох 85020855 гэсэн дугаар нь холбогдохгүй гэж байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” /1 хх 110-111/,
хохирогч Д.Ө-ны “...2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож визний мэдүүлэг цаг захиалахаар 5165145012 тоот Хаан банкны Б С гэх эзэмшигчтэй данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед фэйсбүүкээр чат бичиж цаг авахаар тохиролцож байсан бөгөөд маргааш өглөө нь цаг захиалгаа лавлаж асуухаар чат бичих гэтэл блоклочихсон, хаяг нь өөрчлөгдчихсөн байсан бөгөөд холбогдох утасны дугаар болох 85020855 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй гэж байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” /1 хх 126-127/,
хохирогч П.О-гийн “...Би 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож визний мэдүүлэг цаг захиалахаар 5165145012 тоот Хаан банкны Б С гэх эзэмшигчтэй данс руу Төв аймгийн нутаг дэвсгэрт байхдаа 100.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед фэйсбүүкээр чат бичиж цаг авахаар тохиролцсон байсан бөгөөд маргааш өглөө нь цаг захиалгаа лавлаж асуухаар чат бичих гэтэл блоклочихсон, хаяг нь өөрчлөгдчихсөн байсан бөгөөд холбогдох утасны дугаар болох 85020855 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй гэж байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” /1 хх 142-143/,
хохирогч Г.У-ын “...2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр болох Э.У нь Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож надад визний мэдүүлгийн цаг захиалахаар 5165145012 тоот Хаан банкны Б Содонгоо гэх дансыг авсан байна. Тус эзэмшигчтэй данс руу гэртээ байхдаа 50.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед фэйсбүүкээр чат бичиж цаг авахаар тохиролцсон байсан ч маргааш өглөө нь цаг захиалгаа лавлаж асуухаар чат бичих гэтэл блоклочихсон, хаяг нь өөрчлөгдчихсөн байсан бөгөөд холбогдох утасны дугаар болох 85020855 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй гэж байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” /1 хх 177-178/,
хохирогч Б.Э-ын “...2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож надад визний мэдүүлгийн цаг захиалахаар 5165145012 тоот Хаан банкны Б С гэх данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед фэйсбүүкээр чат бичиж цаг авахаар тохиролцсон байсан ч маргааш өглөө нь цаг захиалгаа лавлаж асуухаар чат бичих гэтэл блоклочихсон, хаяг нь өөрчлөгдчихсөн байсан бөгөөд холбогдох утасны дугаар болох 85020855 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй гэж байсан. Ийм учраас би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” /1 хх 196-197/,
хохирогч Ц.Б-ийн “...2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Солонгос виз цаг захиалга гэсэн фэйсбүүк хаяг руу холбогдож надад визний мэдүүлгийн цаг захиалахаар 5165145012 тоот Хаан банкны Б С гэх данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тухайн үед фэйсбүүкээр чат бичиж цаг авахаар тохиролцсон байсан ч маргааш өглөө нь цаг захиалгаа лавлаж асуухаар чат бичих гэтэл блоклочихсон, хаяг нь өөрчлөгдчихсөн байсан бөгөөд холбогдох утасны дугаар болох 85020855 гэсэн дугаар нь холбогдох боломжгүй гэж байсан. Ийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...” /1 хх 211-212/ гэсэн мэдүүлгүүд,
шилжүүлгийн баримтын хуулбар /1 хх 97, 113, 129, 145, 180, 199, 214/,
шүүгдэгч Т.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б-г “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Б-гийн “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх цаг захиалж өгнө гэж хуурч” нэр бүхий 10 хохирогч нарт 937.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-г шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлж бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б-гийн үйлдлийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь зөв байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх үзлээ.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нэр бүхий 10 хохирогч нарт 937.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь оногдуулсан эрүүгийн хариуцлага хүндэдсэн байна гэж үзлээ.
Тодруулбал, нь анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-г хохирол, хор уршгийг арилгах хугацаа олгосон боловч тухайн хугацаанд хохирол, хор уршгийг арилгаагүй гэж дүгнэн 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгч Т.Б-гийн “хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шүүгдэгч Т.Б-гийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 69 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцон хасаж, түүнийг нэн даруй сулласугай. ..” гэсэн нэмэлт заалтыг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Т.Бнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтыг “...Т.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,
- тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-д 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гийн цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас хасаж, 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-г нэн даруй сулласугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР