Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00286

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00286

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, Са сум, * дугаар баг, Д гудамж, **** тоотод оршин суух О овогт Сын А,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Иыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Иыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.С.А миний бие нь Бийн И гэх иргэнтэй 2023 онд танилцаад үерхэж нөхөрлөн, дотно харилцаатай болж, хоёулаа гэр бүл болохоор бие биенийхээ гэр орноор орж гардаг байсан. Би Б.Ит жирэмсэн болсноо хэлтэл хөдөө явлаа, шандад байж чадахгүй нь, намайг дагаад хөдөө явах уу гэж хэлээд тэгээд л хэсэг хугацаанд чатаар харилцаж байгаад ямар ч сураггүй алга болсон. Би ч хүүгээ 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрүүлсэн. Намайг жирэмсэнг мэдэж байсан боловч төрөхөд ч ирж хүүхдийнхээ өлгийг бэлтгээгүй болохоор их гомдож байна. Хүүгээ төрүүлээд гэрчилгээг нь авахад бид гэрлэлтийн баталгаагүй байсан учир би Өөрөөрөө овоглож гэрчилгээг нь авсан. Б.И одоог хүртэл хүү бид хоёрт ямар ч асрамж, халамж, дэмжлэг, туслалцаа байдаггүй. Мөн хүүг маань төрснөөс хойш ямар ч холбоо харилцаагүй байгаа. Би Б.Иын эгч болон ах дүү хамаатан садангаас хаана байгааг асууж сурахаар тодорхой хариу өгдөггүй. Б.Иын эгч болох Н-Этэй холбогдох утас: 91112941 гэх дугаар руу холбогдохоор надад тодорхой хариу өгдөггүй. Иймд Бгийн Иыг эрэн сурвалжлуулж, хүүхдийнхээ эцэг болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа тул оршин суугаа хаягийг нь тодруулан өгч эрэн сурвалжилж өгнө үү. Б.И нь үр хүүхдээ тэжээн тэтгэх, эцэг байх үүргээ ухамсарлахгүй байгаад гомдолтой байна.гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Д аймгийн С сумын * дугаар багийн ажлын албаны албан бичиг, А өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг, Б.Иын фэйсбүүк цахим хаягийн нэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч С.А иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Иыг оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б.И нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.Иийн төрсөн эцэг болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох зорилгоор эрэн сурвалжлуулах болсон гэж нэхэмжлэгч тодорхойлсон.

Нэхэмжлэгч Б.Иын оршин суудаг хаягийг гэр бүлийнхнээс нь асуухад оршин суух хаягийг хэлдэггүй, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргахад Б.Иын оршин суугаа хаяг тодорхойгүй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.9 нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах, 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана,

Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч С.А иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Иыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Иыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Бгийн Иыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Иыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.АРИУНЗУЛ