Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2025/00272

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

Дулааны төлбөр 1,411,845 төгрөг, алданги 705,922 төгрөг, нийт 2,117,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь Манго фрукт ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-ны өдөр өгдөг ба тухайн дулаан хэрэглэгч байгууллага нь нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс 3 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг. Манго фрукт ХХК-д төлбөрийг төлөх мэдэгдэл, нэхэмжлэлийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 1,411,845 /4 сарын бичилт орсон болно/ төгрөг, гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 705,922 төгрөг, нийт 2,117,767 төгрөгийн хохирлыг Манго фрукт ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Манго фрукт ХХК-ийн менежер Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манго фрукт ХХК-д менежер албан тушаалтай Б.Алтанцэцэг миний бие нь нэхэмжлэлийн шаардлага хүлээн авсан ба 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг үндсэн төлбөр болох 1,411,845 төгрөгийг барагдуулах болно. Тус кофе шоп-н талбайг давхар түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан ба тус хүмүүстэй холбогдож төлбөрийг барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Манго фрукт ХХК-ийн менежер  Б. нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Манго фрукт ХХК-тай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан ба 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сум дундын анхан шатны шүүхэд 2,117,767 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Манго фрукт ХХК нь үндсэн төлбөр 1,411,845 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулна гэх тул 705,922 төгрөгийн алдангиас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь хариуцагч Манго фрукт ХХК-д холбогдуулан дулааны төлбөр 1,411,845 төгрөг, алданги 705,922 төгрөг, нийт 2,117,767 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Манго фрукт ХХК-ийн менежер  Б. нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:  Манго фрукт ХХК нь үндсэн төлбөр 1,411,845 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулна гэх бөгөөд нэхэмжлэгч дулааны төлбөрийн алданги 705,922 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлжээ.

3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамжид 48,834 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1,411,845 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,539 төгрөгийн төгрөгийн 50 хувь буюу 18,770 төгрөгийг хариуцагч Манго фрукт ХХК-аас, төрийн сангаас 18,770 төгрөгийг тус тус гаргуулан Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК–д олгож, 30,064 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Манго фрукт ХХК-ийн менежер  Б.А нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, Манго фрукт ХХК нь үндсэн төлбөр 1,411,845 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь алданги 705,922 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 48,834 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 1,411,845 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37,539 төгрөгийн төгрөгийн 50 хувь буюу 18,770 төгрөгийг хариуцагч Манго фрукт ХХК-аас, төрийн сангаас 18,770 төгрөгийг тус тус гаргуулан Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгож, 30,064 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

        ШҮҮГЧ                               П.БОЛОР