| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2017/00085/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Г.Х
Хохирогч Л.М, түүний өмгөөлөгч Д.Ц
Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.М-т холбогдох эрүүгийн 1722000680052 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Х овогт Н.М
Шүүгдэгч Н.М нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу “Хүнсний зах”-ын хашаанд Л.М-тай маргалдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр С.Т эгч намайг дуудаад Өмнөговь аймагруу явуулах 3 малын мах эвдээд, автобусанд хийхэд туслаад өг гэж хэлсэн юм. Би 6 цаг болж байхад очоод автобусанд өгч явуулах махыг нь жин дээр тавих гээд баруун өрөөнд ортол Л.М С.Т эгчтэй муудалцаж байсан. Би махыг шуудайлаад аваад гарах гэтэл энэ хүн миний баруун мөрөнд цохиод намайг “чи ингэх болоогүй, муу барлаг, би чамайг бодвол хятад хүний барлаг хийсэн, чам шиг Монгол хүний барлаг хийгээгүй” гээд доромжлоод байсан. Би уурлаад энэ хүний зүүн шанаанд нэг алгадсан. Ийм л зүйл болсон учраас би гэм буруугүй, хохирогчид гэмтэл учруулаагүй гэв.
Хохирогч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний баруун нүдрүү цохьсон, хоёр шүд хөдөлгөсөн. Тухайн үед би эмнэлэгт үзүүлэхэд миний нүүр хавдартай байсан, би түргэн тусламжид хандаж шүд, нүдээ үзүүлсэн. Миний шүд унасан, тагнай хагарсан. Би өмнө нь машин барьдаг байсан ч одоо машин барихаа больсон. Би гомдолтой байна, сохор болсон учраас хэцүү байна. Халуун савнаас аягатай цай хийхэд аягаа олохгүй гадуур нь хийдэг болсон...гэв.
- Шүүгдэгч Н.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр махны зах дотор мах зөөгөөд байж байтал нэг үл таних хөгшин С.Т эгч дээр ирээд “чи хэзээ ийм болсон юм бэ, гуйлгачин байсан биздээ” гэж хэлсэн. С.Т эгч “чи согтуу байна, дуугүй бай, яв” гэж хэлсэн. Тэгтэл тэр өвгөн С.Т эгчийн зүүн мөрлүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би складнаас түлхээд гаргасан. Намайг тэр хүн хэл амаар доромжлоод байхаар нь би нэг удаа баруун гараараа зүүн талын шанааруу алгадсан. Тэгэхэд тэр хүн хиймэл шүдээ авч шидээд “би чамайг харнаа” гээд миний машины ард талруу цохиод байсан. С.Т эгч цагдаа дуудаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
- Гэрч Б.С-ийн “...Хэдний өдөр байсныг санахгүй байна. Уг асуудал ажил тарж байх үед 19 цагийн үед болсон гэж бодож байна. Би захын үсчиний үүдэнд байж байхад М гэх хүн С.Т болон түүнд ачигчаар ажилладаг залуу гурав С.Т гэх хүний складны үүдэнд хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгээд М гэх хүн ачигч залуу хоёр хоорондоо цохилцсон. Яг хаана, хаанаа цохилцсоныг би сайн хараагүй. С.Т гэх хүн тэр хоёрыг салгаад М гэх хүнийг хөөгөөд байсан. Тухайн үед М гэх хүн амаа бариад “чи намайг шаачихлаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
- Цагдаагийн илтгэх хуудаст “Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн жижүүрийн офицер албан тушаалтай цагдаагийн дэслэгч Г.О би 2017 оны 6 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед Л.М нь согтуугаар олон нийтийн газар агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу тус цагдаагийн газарт авчирж өөрийн хяналтандаа 21 цаг 30 минутаас 00 цаг 15 минутын хооронд түр байлгаж биеийн байдлаас нь болж эмнэлгийн байгууллагад үзүүлээд эргэж цагдаагийн байгууллагад ир гэж хэлээд явуулсан болно. Л.М гэгчийг захиргааны журмаар албадан саатуулаагүй болно” гэжээ /хх-ийн 57/
- Гэрч С.Т-ийн “...Л.М-ын хэрүүл маргаан үүсгэдэг өдрийн 15 цагийн үед Л.М приус машинтай хүнтэй цуг ирээд “махны үнэ хэд вэ” гэж асуучихаад явсан...Л.М склад дотор орж ирээд миний хажууд суугаад би эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлэхээр нь “чи эмнэлэгт хэвтэж байгаа юм бол яв, согтуу байна” гэж хэлтэл Л.М намайг хэл амаар доромжилж хараасан. Манай туслах ажилтан Мэндээ Л.М-т хандаж “та болиоч, эмэгтэй хүнийг ингэж доромжилж байхдаа яадаг юм бэ” гээд түлхээд складнаас гаргасан. Л.М складны үүдэнд мах ачих гээд тавьсан байсан М-ийн машины ард талын багаажыг цохиод М рүү хандаж салаавч гаргаж, чи баян авгайн нууц амраг юм уу гэх мэтээр доромжилсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Л.М-арыг цохиж зодсон асуудал ерөөсөө байхгүй. Мэндээ Л.М-ыг цохиогүй. Л.М склад дотор өөрөө миний мөррүү гараараа нэг удаа цохисон...Л.М нэлээн согтуу байсан. Л.М эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн мөртлөө согтуу явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
- Гэрч С.О-ийн “...хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Би С.Т хамт захын мах зардаг склад дотор байж байтал үл таних согтуу хүн орж ирээд С.Т-руу хандаж “чи яасан сэхсэн юм бэ” гэх мэтээр янз бүрээр харааж загнасан. Тэгээд байж байтал М гэх ачигч орж ирээд “энд яах гэж агсам тавиад байгаа юм бэ” гээд түлхсэн. Тэр үл таних хүн гараад складны үүдэнд байсан М-ийн машиныг балбаж нүдээд, хашгирч загнаад байсан. М складнаас тэр хүнийг түлхэж гаргасан. Цохисон талаар би мэдэхгүй. Склад дотор би, М, Т, тэр үл таних хүн байсан, өөр хүн байсан эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Тэр үл таних хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, нэлээн согтуу байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 31/
- Гэрч О.Б-ын “...би өдрийг сайн санахгүй байна. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад жижүүрээс ирсэн дуудлагын дагуу зах дээр очиход үл таних настай эрэгтэй хүн, мөн ченж болох С.Т гэх хүнтэй хэрэлдэж байсан. Юу болсон, юунаас болж маргалдсан талаар асуухад С.Т гэх хүн “Энэ хүн согтуу ирчихээд хэл амаар доромжлоод амгалан тайван байдал алдагдуулаад байна, наад хүн чинь өөдөөс ирээд элдэв үг хэлээр доромжлоод салаавч гаргаад өөдөөс нулимаад байна” гэж хэлсэн. Нөгөө үл таних хүн “эд нар муусайн намайг цохиод шүд хугалчихлаа” гэж хэлсэн...Складны хажууд газарт хиймэл шүд нь хэвтэж байсан. С.Т хэлэхдээ “наад хүн чинь өөрөө нулимж байгаад шүдээ унагаасан юм байгаа биз” гэж хэлсэн. Үл таних настай эрэгтэй хүний биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Шүлсээ хаяахад нь амнаас нь цустай шүлс гарч байсан. Нүдрүүгээ цохиулсан талаар мэдэхгүй, тухайн үед нүд рүүгээ цохиулсан талаар ямар нэгэн зүйл яриагүй. Нүд нь хавдсан илт мэдэгдэх зүйл анзаарагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/
- Гэрч Б.Б-ын “...би өдрийг сайн санахгүй байна. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад жижүүрээс ирсэн дуудлагын дагуу зах дээр очиход захын махны худалдагч С.Т гэх хүүхэнтэй складны үүдэнд Л.М гэж хүн хэрэлдэж байсан. Тэгээд хэрүүл маргааныг зогсоогоод цагдаагийн газарруу авч явсан. Л.М-ын биед ил харагдах шарх сорви гэмтэл байсан эсэхийг сайн санахгүй байна. Очиход Л.М гэх хүний хажууд хиймэл шүд газарт уначихсан байсан. Тухайн үед нүд рүүгээ цохиулсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй...Л.М “С.Т-тай хамт байсан залуутай муудалцсан” гэж хэлж байсан...Л.М гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 170200199 дугаартай дүгнэлтэд “Л.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Нүдний харааг тодорхойлох боломжгүй, нарийн оношилгоо хийлгэх шаардлагатай. Баруун дээд 4, 7-р шүд суларсан /буйлны үрэвсэл/. Шалтгаан хамаарлыг тогтоох боломжгүй” гэжээ /хх-ийн 13/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 170200269 дугаартай дүгнэлтэд “Л.М-ын биед баруун нүдний эмгэг, баруун хөлний эрхий долоовор, дунд хурууны үзүүр хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх эмгэг нь чихрийн шижин өвчний хүндрэлээс үүдэлтэй үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-ийн 36/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.10.16-ны өдрийн 12650 дугаартай дүгнэлтэд
“1. Л.М-ын биед гэмтэл тогтоогдлоо.
2. Л.М-ын биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хүүхэн харааны өргөсөлт, 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хүүхэн харааны өргөсөлт, 2 шүдний сулрал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Л.М нь чихрийн шижин өвчний гаралтай 2 нүдний болор цайх өвчтэй нь нүдний эмчийн үзлэгт тусгагджээ. Энэ нь дээрх гэмтэлтэй хамааралгүй болно.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 38/
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 81 дугаартай дүгнэлтэд
“1. Л.М-ын биед тухайн үед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсөлт гэмтэл учирсан байх боломжтой байна.
2. Л.М-ын баруун нүд харааны бууралттай /40 см-т хуруу тоолно/ байх ба энэ нь чихрийн шижин өвчний гаралтай баруун нүдний торлогийн эмгэгшил /хүнд хэлбэр/-тэй холбоотой байна. Чихрийн шижингийн гаралтай нүдний торлогийн эмгэгшлийн хүнд хэлбэрийн үед шилэнцэр болон торлогийн өмнөх хэсэгт цус харвах, торлогийн өмнөх хэсэгт холбогч эд ургах, харааны мэдрэлийн хөхлөг болон нүдний торлог бүрхүүлд шинэ судасжилт үүсэх зэрэг хүндрэлүүд үүсч хараагүйдэлд хүргэдэг байна” гэжээ /хх-ийн 96-97/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.М нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу “Хүнсний зах”-ын хашаанд байх гражны гадаа хохирогч Л.М-тай хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдлоо.
Түүний гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирлын шинж, хэр хэмжээ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн тогтоосон гэмтлийн зэргээр тодорхойлогддог.
Уг хэрэгт 4 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байх ба шинжээч эмчийн анхны буюу 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 170200199 дүгнэлтэд хохирогч Л.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн бол 64 хоногийн дараа 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан 170200269 дүгнэлтэд баруун нүдний эмгэг, баруун хөлийн эрхий, долоовор, дунд хурууны үзүүр хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо, энэ нь чихрийн шижин өвчний хүндрэлээс үүдэлтэй үүссэн байх боломжтой байна гэжээ.
Дээрх 2 өөр агуулгатай дүгнэлтийг магадалж гаргасан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12650 дүгнэлтэд хохирогчийн баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хүүхэн харааны өргөсөлт, 2 шүдний сулрал гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. Л.М нь чихрийн шижин өвчний гаралтай 2 нүдний болор цайх өвчтэй нь нүдний эмчийн үзлэгт тусгагджээ. Энэ нь дээрх гэмтэлтэй хамааралгүй болно. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
Гэтэл хохирогч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “Н.М-т цохиулсаны дараа миний баруун нүд юм харахгүй болсон. “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлэхэд нүдний хагалгааны зардал 3500000 төгрөг болно” гэж мэдүүлж, тус эмнэлэгийн эмчийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгчээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээс чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдал буюу гэмтлийн шинж, хэр хэмжээнд нөлөөлж болзшгүй байдлыг тодруулж, зайлшгүй хийвэл зохих нэмэлт шинжилгээг хийлгэхээр шинжээч томилсны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 81 дугаартай дүгнэлтээр Л.М-ын биед тухайн үед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, гэмтлийн гаралтай хүүхэн харааны өргөсөлт гэмтэл учирсан байх боломжтой байна. Л.М-ын баруун нүд харааны бууралттай /40 см-т хуруу тоолно/ байх ба энэ нь чихрийн шижин өвчний гаралтай баруун нүдний торлогийн эмгэгшил /хүнд хэлбэр/-тэй холбоотой байна. Чихрийн шижингийн гаралтай нүдний торлогийн эмгэгшлийн хүнд хэлбэрийн үед шилэнцэр болон торлогийн өмнөх хэсэгт цус харвах, торлогийн өмнөх хэсэгт холбогч эд ургах, харааны мэдрэлийн хөхлөг болон нүдний торлог бүрхүүлд шинэ судасжилт үүсэх зэрэг хүндрэлүүд үүсч хараагүйдэлд хүргэдэг байна” гэж 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12650 дүгнэлтийг баталгаажуулжээ.
Иймд шүүгдэгч Н.М хохирогч Л.М-ын нүүрэн тус газар цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний хүүхэн харааны өргөсөлт, 2 шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан, харин чихрийн шижин өвчний гаралтай 2 нүдний болор цайх өвчтэй гэх шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлж, шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “Би хохирогчийн зүүн шанаанд нэг алгадсан учраас гэм буруугүй, хохирогчид гэмтэл учруулаагүй” гэж мэдүүлж байна.
Болсон үйл баримтын талаар авч үзэхэд хохирогч 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан /хх-6/ байх ба 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /хх-ийн 8/ үйлдэж гомдлыг хүлээн авахаас татгалзсан байх ба мөн хэргийн 57 дугаарт авагдсан цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудаст Л.М олон нийтийн газар агсам тавиад байна гэх дуудлагын дагуу хэрэг гарсан өдрийн 21 цаг 30 минутаас 00 цаг 15 минутын хооронд Л.М-ыг өөрийн хяналтандаа байлгаж, биеийн байдлаас нь болж албадан саатуулаагүй явуулсан гэж, яаралтай тусламжийн хуудаст /хх-ийн 26/ 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01 цаг 35 минутад ирсэн, өвчний түүх хэсэгт 2017.6.28-ны орой 20 цагийн үед хүнд зодуулж цагдаад баригдсан гэнэ гэж тэмдэглэгдсэн нь хохирогч болон гэрчүүдийн хэрэг үйлдэгдсэн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо уялдаа холбоотой, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.М хохирогчийн нүүрэн тус газар нь цохисон үйлдлийн улмаас Л.Мөнхбаатарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тухайн цаг хугацаанд үүссэн байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн 1.9 дүгээр зүйлийн 1-д “… оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан тул прокуророос шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөх нь зүйтэй байна.
2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан, өөрөөр хэлбэл шүүгдэгч хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Хохирогч Л.М шүүх хуралдаанд нүдний мэс засалд 3500000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600000 төгрөг, хиймэл шүд хийлгэсэн төлбөрт 60000 төгрөг нийт 4160000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх боловч энэ талаарх нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.М-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х овогт Н.М-т 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар татаж ял сонсгосон хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Н.М-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Л.М нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.М-с хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ