Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/249

 

 

 

 

 

 

     2024           02           27                                      2024/ДШМ/249

 

 

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогч А.Т-гийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/862 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М-д холбогдох 2303004120383 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ...-ийн М, 20.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ... төрсөн, 22 настай, э..эгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... нарын хамт .. дүүргийн .. дүгээр хороо, “...” гудамжны ... дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” хотхоны хойд зогсоолын замд “Тоуоtа Аqua” маркийн ..-.. УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Т-гийн зүүн хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тоггоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э, шүүгдэгч Б.М нараас хувь тэнцүүлэн 14.639.572 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Т-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Т-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.112.062 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч А.Т-гийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны олох байсан орлого болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн эм тариа авсан баримт болон сэтгэцэд учирсан хор уршиг зэрэгт хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа 14.639.572 төгрөгийн хохирлыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэхдээ хохирогчийн ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, цалингийн цэс, цалин авч байсан дансны хуулга болон хэдэн хоног өвчтэй байсан, хэдэн хоног ажлаа хийгээгүйг байгууллагын нягтлан бодогчийн санхүүгийн тамга, тэмдэгтэй тооцоог албан бичгээр ирүүлээгүй, өвчтэй байсан хугацаанд хэд хоногийн цалинтай чөлөө олгосон эсхүл цалин олгоогүй бол эмнэлгийн лист бичиж, нийгмийн даатгалын байгууллагаар хичнээн төгрөгийн листний мөнгө олгосоныг зохих баримтаар тулгаж, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтуудаар нотолж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах ёстой байсныг зөвхөн ажлын газрын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолтод үндэслэж гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинг ханган шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн сэтгэцэд учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг Шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэл санааны хохирлын шинжээчийн дүгнэлт гаргаагүй нь бодитой, үндэслэл бүхий шийдвэр болоогүй тул сэтгэл санааны хохирлыг ханган шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие хэргийн болсон асуудалд гэмшиж байгаа ба хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардалд нийт 1.842.500 төгрөг, мөн хохирогч А.Т Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан Эрүүл мэндийн даатгалын төлбөрт 1.958.000 төгрөг, нийт 3.800.506 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч А.Т нь тухайн өдөр хүүхдээ тэврээд замаа харахгүй гэнэт хажуу талаар ороод ирсэн. Би харангуутаа тоормоз гишгээл зогсмогц хөл дээр нь гарсан. Аль аль нь санамсар болгоомжгүйгээр осол гаргахад нөлөөлсөн учраас хохирлын хэмжээг 50, 50 хувиар хариуцуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирогчийн эмчилгээний зардал болон Эрүүл мэндийн даатгалын санд 3.800.506 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шатанд хохирогч ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхдээ нотлох баримтад үндэслэх ёстой. Хохирогчийн хувьд нийгмийн даатгалын төлөлт хийсэн баримт байдаггүй, төлдөг эсэх нь тодорхойгүй. Анхан шатны шүүхэд ажилд орсон тушаал болон ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Хуульд зааснаар тухайн хүн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн даатгалын газрын ажилтан лист бичиж, үүний дагуу нийгмийн даатгалын шимтгэлээс листийн мөнгө төлөгдөж, цалингийн хэмжээнээс шалтгаалж зөрүүг гаруулах ёстой байдаг. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй, хэдэн төгрөгийн цалин авдаг болох, хэр хугацааны цалин авч чадаагүй болох талаар баримт байхгүй. Нийгмийн даатгалын газрын тамга тэмдэгтэй баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл, хангалттай нотлох баримт байхгүй байхад хохирогчийн хэлсэн үнийн дүнгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Цалингаа дансаар эсхүл бэлнээр авсан нь тодорхойгүй. Иймд дээрх байдлаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хохирогч сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар сэтгэцийн хохирлыг шинжилгээний байгууллагаар тогтоолгоно гэж заасан. Анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд хэр хэмжээний хохирол учирсан талаар нарийвчлан тогтоогоогүй байхад хүсэлт, мэдүүлгийнх нь дагуу шууд гаргаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Т-гийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус ажиллагааны улмаас эрүүл мэнд, амь насанд учирсан хохирлыг шаардах эрхтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардах эрхтэй, Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхтэй.  2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно.” гэж заасан. Хохирогч талаас тус журмыг үндэслэн хүсэлт гаргаж, хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу зэрэглэлээр тогтоосон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Мөн шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй гэдэг боловч давж заалдах гомдол, хэлж буй тайлбар зэргээс нь үзэхэд гэм буруу дээрээ маргаж байгаа мэт харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл болон хэмжээнд маргахгүй байна гэж ойлголоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтад шүүхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах”-ыг хэлэлцэнэ, мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж эрх хэмжээг зааж өгсөн. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Замын хөдөлгөөний дүрэмд хорооллын доторх хөдөлгөөнийг тусгай журмаар зохицуулдаг. Үүнд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн ямар ч тохиолдолд явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй. Явган зорчигчийн буруутай үйлдэл байхгүй, жолоочийн буруутай үйлдлээс осол гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Одоогоор гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг хэрэглэх практик бүрэн тогтоогүй байна. Шүүх шинжилгээний тухай хуульд заасан сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх заалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заагдсан. Энэ хугацаанаас өмнө гарсан хэрэгт хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй. Энэ гэмт хэрэг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн тул хуулийг буцаан хэрэглэхгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг бусад заалтыг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 25 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” хотхоны хойд зогсоолын замд “Тоуоtа Аqua” маркийн ..-.. УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Т-гийн зүүн хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх 4/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/,

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 120-121/,        

хохирогч А.Т-гийн “...Тухайн үед буюу 2023 оны 6 дугаар сарын 13-ны орой 20 цагийн орчимд би “Хархорин” захаас гэр рүүгээ харих гээд “Хархорин”-гоос ертөнцийн зүгээрээ зүүн тийш яваад манай хүүхдүүд CU дэлгүүрт орсон байсан. Би 1 нас 3 сартай бага хүүхдээ тэврээд явган хүний шатаар уруудаад байрны хойд талын авто машины зогсоол хэсэг рүү орсон. Тэгээд байрны хойд зогсоол хэсгийн замаар гарах гэтэл миний зүүн талаас баруун чиглэлтэй хар өнгийн “Тоуоtа Аqua” машин ирээд миний шагай хэсэг рүү машинаараа дээгүүр нь гарсан. Тэр үед би тэвэрч явсан хүүхдээ газарт унагаасан, тэгээд тэр хавиар явж байсан хүмүүс манай хүүхдийг газраас авсан, нөгөө хар машин миний зүүн хөлөн дээр зогсчихсон байсан жолооч нь бууж ирэхэд нь хүмүүс орилоод байсан чинь жолооч эмэгтэй урагш хөдөлсөн, тэр үед нь “үгүй ээ хойшоо ухраач” гээд хүмүүс орилоод байсан. Тэгээд нөгөө жолооч ухрахдаа дахиад миний зүүн хөлөн дээгүүр машинтайгаа гарсан эргэж ухрахдаа тэгээд тэр мөргөсөн жолооч 102, 103-т дуудлага өгсөн. Миний зүүн хөлийн шагай дотор, гадар хэсгээрээ хугарсан, хөлийн савхан яс хугарсан хагалгаанд орж хөлөндөө 4-н хадаас хадуулсан маш их өвдөж байгаа, байнга өвчин намдаагч хэрэглэж байгаа. ....” /хх 13/,

иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Э-ын “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай дүү Мын буруу гэж тогтоогдвол төлж барагдуулна. ...” /хх 20, 26/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Т нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.958.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.М-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 23/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7783 дугаар “...А.Т-н биед зүүн шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 31-32/ гэсэн дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлагч Э.Батжаргалын гаргасан 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 771 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх 45/,

Toyota Aqua” маркийн ..-.. УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хх 114/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 04/3483 дугаар албан бичиг, түүний хавсралт /хх 116-118/,

хохирогч А.Т-гийн хохирлын баримтууд /хх 66-91/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч А.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасныг зөрчиж явган зорчигчийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Б.М-ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нь цагдаагийн байгууллага болон түргэн тусламж руу мэдэгдсэн, осол болсны дараа хохирогчийг түргэн тусламжийн тээврийн хэрэгсэлтэй авч явж эмнэлэгт хүргэсэн, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдалд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.М-ын “...зөвхөн ажлын газрын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалинг ханган шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, мөн “...Шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэл санааны хохирлын шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байж сэтгэл санааны хохирлыг ханган шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, хохирогч А.Т-гийн ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого болох 6.000.000 төгрөгийн талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх уг хэрэгт Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг олгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Тодруулбал, сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах заалт нь Иргэний хуульд шинээр тусгагдсан заалт бөгөөд 2023 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа билээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.М-д холбогдох гэмт хэрэг 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн ба хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн учир хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагагүй байх тул хохирогч А.Т-гийн сэтгэцэд учирсан хохирлыг 9 хувиар тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 7.150.000 төгрөгийг шүүгчдэгч Б.М, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Э нараас хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлоос “...сэтгэл санааны хохирлыг ханган шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/862 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэххь хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э, шүүгдэгч Б.М нараас хувь тэнцүүлэн 7.489.578 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Т-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Т-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.112.062 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Э нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэйг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлыг заримыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

 

                             ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ

 

                             ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР