| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00423/И |
| Дугаар | 308/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 308/ШШ2025/00288
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 308/ШШ2025/00288 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, Х сум, * дугаар баг, Э гудамж, *** тоотод оршин суух, Б овогт Сгийн Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Д аймгийн Х сумын Н аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1989 оны 08 сарын 10-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сахиул цэвэрлэгч, 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцоо гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тухайн үеийн гаргасан тушаал шийдвэрийг тамга тэмдэг нь арилсан, эх материал нь архивт байхгүйгээс улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Н аж ахуй, ахуй үйлчилгээний төвд цэвэрлэгч, тооцоо гүйцэтгэгчээр 5 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х сумын Н аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын 09 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х сумын Н аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тушаал, цалин тавьж олгох 1989, 1993, 1994 оны хүснэгтийн хуулбар, Б.Аын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн хуудасны хуулбар, Д аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт, 2007.10.24-ний өдрийн хэсгийн төлөөлөгчийн тодорхойлолт, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нүүр хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2007.11.06-ны өдрийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн тодорхойлолт, 1991 онд цохиот 3 дугаар застав хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, гэрч Д.У, Ц.Н нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч С.Б нь Дорноговь аймгийн Х сумын Н аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1989 оны 08 сарын 10-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сахиул цэвэрлэгч, 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцоо гүйцэтгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч С.Б ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлөгдсөн, томилсон тушаал, баримтууд Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт байхгүй болох нь Д аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2** дугаартай тодорхойлолтод Тус архивд Х сумын Н аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн тушаал, цалин ирээгүй, байхгүй тул Сгийн Бт лавлагаа олгох боломжгүй болно. тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч С.Бийн нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл Х сумын Н аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын 09 дугаартай ажилчин түр ажиллуулах тухай цэвэрлэгч сахиул Ё овогтой Я нь удаан хугацаагаар эмчлүүлэхээр эмнэлэгт явсан тул эмчлүүлээд ирэх хугацаанд нь Сандагсүрэн овогтой Болорцэцэгийг түр авч ажиллуулсугай. С.Бт төсөв ёсоор цалин олгохыг нябо Цд зөвшөөрсүгэй. гэх тушаалаар,
1991.08.09 Ажилчин өөрчлөх тухай ... сахиул цэвэрлэгчээр ажиллаж байгаа С овогтой Бгийг ажлаас нь 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс чөлөөлж тооцоо гүйцэтгэгчээр дэвшүүлэн ажиллуулсугай. ... гэх Х сумын Н аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тушаал,
1989.08.29 ХАААҮТөв Цалин тавьж олгох хүснэгт 4 дугаарт Бг, олговол зохих цалин 3**, жинхэнэ олгох цалин 3** гэх цалингийн хүснэгт,
1993.01.25 *******, ****** дугаартай эмнэлгийн хуудас, албан байгууллагын тодорхойлолт ... С.Б улсад тасралтгүй 3 жил 03 сар 21 хоног ажилласан гэх тэтгэмж олгосон тодорхойлолт,
1993.12.24 цалин тавьж олгох хүснэгт 4 дугаарт С.Б, олговол зохих цалин 122 хоног, ***** гэх цалингийн хүснэгт,
1994.06.27 цалин тавьж олгох хүснэгт 1 дугаарт С.Б, Табелийн № 181 хоног, жинхэнэ олгох цалин 8168 гэх цалингийн хүснэгт,
2007.10.24 А-У Х сумын 5 дугаар багийн иргэн Сгийн Б нь 2007 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот дугаартай хөдөлмөрийн дэвтрээ шатааж үрэгдүүлсэн болохыг тодорхойлов. гэх цагдаагийн хэсгийн төлөөлөгч д/ч Ж.Бийн тодорхойлолт,
1995.01.01 ****** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө улсад 5ж 4с 20х ажилласан. 1989 онд бичигдсэн ******** тоот хөдөлмөрийн дэвтэртэй гэх тэмдэглэгээ,
2007.11.6 Цэцэрлэгийн эрхлэгч А******* танаа Танай байгууллагын ажилтан С овогтой Бгийн 1995 оны 01 сарын 01-нээс өмнө ажиллаж байсан 5ж 4с 20х ажилласан хугацааны ажилд орсон тушаал, цалин архивт байгаа нь үнэн учир улсад ажилласан нийт хугацаанд оруулж тооцохыг зөвшөөрөв. гэх тодорхойлолт,
2025.05.21 бүртгэлийн дугаар 05/**** Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт Иргэн С овогтой Б /РД:********/-ийн хүсэлтийн дагуу байгууллагын архивд хадгалагдаж байгаа баримтаас шүүн үзэхэд Д аймгийн Х сумын Ахуй үйлчилгээ-нд 1991 онд Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болохыг тодорхойлов ХН-ийн дугаар 01, хуудасны дугаар 03 Захиргаа хяналтын хэлтсийн дарга С.Г-О, лавлагаа гаргасан архивын ажилтан Э.Э гэх тодорхойлолт байхаас гадна гэрч нарын тодорхойлолтоор дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул С.Бийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Сгийн Бийг Д аймгийн Х сумын Н аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сахиул цэвэрлэгчээр,
1991 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцоо гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ