| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00039/И |
| Дугаар | 318/ШШ2025/00285 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Д.Д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Н сумын Э.м.т-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаатай тэнцэх цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Д /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.М /цахимаар/,
Хариуцагч: П.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч: Т.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаатай тэнцэх цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие ....онд тус байгууллагад сувилагчаар ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2023 оны 09 дүгээр сараас манай суманд шүд эрүү нүүрээр мэргэшсэн боловсон хүчин байхгүй тул Нийслэлийн шүд эрүү нүүрний төвөөс зохион байгуулсан сургалтад суухаар өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. Миний бие нэгэнт бүртгүүлсэн тул тус сургалтад суусан. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төгссөн. Тус өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа үргэлжлүүлээд авсан. Гэтэл ажил олгогч миний нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан тул энэ асуудлаар маргаан үүсгээд тус шүүхэд хандаад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхээс шийдвэр гарсан. Гэтэл ажил олгогч намайг ажлаас халчихсан. Ажлаас халсан шийдвэр нь болохоор өөр газар ажиллаж байснаа хэлээгүй гэсэн байна. Миний бие одоо 9 сартай хүүхэдтэй бөгөөд ажил олгогч энэ үндэслэлээр ажлаас халах ёсгүй гэж үзэж байна. Манай суманд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй учраас шууд шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, өмнө ажиллаж байсан Увс аймаг Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар эгүүлэн томилуулах, ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаатай тэнцэх цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд ажлын байраа удирдлагынхаа зөвшөөрлийг аваагүй үндсэн дээр 2023 оны 8 сард орхиж явсан асуудлууд байгаа. Хэрэв ажлын байраа орхиж явж байгаа байдал нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд зааснаар энэ үйлдлийг нь зөвтгөх үү? буруутгах уу? гэдгийг бид нар харах нь зөв байх. 2 түүнээс дээш хоногийн хугацаагаар ажлын байраа орхиод явсан тохиолдолд ажилтан үүргээ зөрчиж байгаа асуудал мөн юм байна гэж харж байна. Гэхдээ хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил лүү орж байна уу? үгүй юу, БҮ-ДО ХХК-д давхар ажил эрхэлсэн гэж байна. Түрүүн бид нар хөдөлмөрийн гэрээг шинжлэн судлахад давхар ажил эрхэлж байгаа нь ноцтой зөрчил мөн гэдэг ойлголтод ерөөсөө багтаагүй. Тиймээс гаргаж байгаа зөрчил нь ноцтой зөрчил биш байна. Хамгийн гол асуудал ажилтан болон ажил олгогч нар нь 2023 оны 8 дугаар сараас тушаал гаргах хүртэл хугацаанд хөдөлмөрийн харилцаагаа хэн, хэн нь дуусгавар болгоё, цуцлая гэдэг асуудлаар аль аль тал маргаагүй. Нэг тал нь чамайг ажиллуулахгүй шүү гээд нөгөө тал нь би гаръя гэж хандаагүй. Харин 2024 оны 12 дугаар сарын 16-ны тушаалын агуулгыг нь харах нь зөв юм. Тушаалын агуулгаа саяхан өөрчилсөн гэж яриад байна. Миний үйлчлүүлэгчийг ноцтой зөрчил гаргаагүй гэж үзээд байгаа юм. Миний үйлчлүүлэгч бага насны хүүхэдтэй буюу 1 нас гарантай хүүхэдтэй бюу 3 хүртэл насны хүүхэдтэй гэдэг нь тогтоогдож байна. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д зааснаар жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахгүй байх талаар зохицуулчихсан. Ямар тохиолдолд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харьцаагаа цуцлах вэ? гэхээр 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан энэ 3 тохиолдлоо нотолж байж, хөдөлмөрийн харилцааг цуцална. Өнөөдрийн хуралд тушаал өөрчлөгдсөн байдал мөн хариуцагчийн асуултад хариулж байгаа байдлаас нь үзэхэд ноцтой зөрчлөөрөө халаагүй, өөрөө сайн дураараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах боломж ажил олгогчид байхгүй гэж дүгнэж байгаа. 2 тушаал яваад байгаа болохоор мэтгэлцэхэд төвөгтэй байна. Зөрчил хэзээ үүсэж байна вэ? гэвэл 2023 оны 8 дугаар сард үүссэн. Миний үйлчлүүлэгч амаржих хүртэлх хугацааг нь бодоод үзэхээр 2024 оны 1 дүгээр сар болж байгаа юм. 1 дүгээр сард гаргасан зөрчил нь дуусчихаж байгаа юм. Энэ зөрчлийг ажил олгогч анхнаасаа мэдэж байсан. Зөрчил дууссан 2024 оны 1 дүгээр сараас хойш 6 сарын дотор миний үйлчлүүлэгчийг ажлаас чөлөөлье, халъя, хөдөлмөрийн харилцааг нь дуусгавар болгоё гэж байгаа бол сахилгын арга хэмжээ авах ёстой байсан. Энэ заалт нь ямар заалт юм бэ? гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Тэгэхээр нөхцөл байдлыг анхнаасаа мэдэж байж арга хэмжээ авахгүй 6 сараа хэтрүүлсэн нь ажил олгогчийн буруу байна. БҮ-ДО ХХК-тай холбоотой асуудлыг би шүүх дээр мэдсэн гэж ярьж магадгүй. Шүүх дээр мэдсэн ч давхар ажил эрхэлсэн асуудал нь байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд орохгүй байгаа юм. Үүнээс шалтгаалж ноцтой зөрчил гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар халах үндэслэл биш. Тиймээс миний үйлчлүүлэгчийн шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлье гэсэн шаардлагыг нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч П.Н шүүх хуралдаан хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлын байраа орхиж яваад Улаанбаатар хотод БҮ-ДО ХХК-д ажилласан. Ажиллаж байгаа нь нийгмийн даатгалын төлөлтөөс нь харагддаг. Энэ талаараа 2023 оны 12 дугаар сард шүүхэд миний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлтэй холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадладд ажлын байраа орхиод явсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийг эрүүл мэндийн төв нь хүлээхгүй гэдгийг тогтоосон байдаг. Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээгээд Д.Д нь өөрийн санаачилгаар ажлын байраа орхиж явсан тул нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хүлээхгүй гэдгийг тогтоосон. Д.Д-н тушаалд 2025 оны 4 дүгээр сарын 23-нд эрүүл мэндийн төвийн Б/6 тушаалаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн Хөдөлмөрийн тухайг хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар тогтоогдсон учир тушаалд нэмэлт өөрчлөлт оруулаад уг тушаалыг Д.Д-д хүргүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу ажил олгогч ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох, цуцлах эрхтэй субъект. Энэ эрхийнхээ хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/15 дугаартай тушаалыг гаргасан байдаг. Тушаалын үндэслэлээ гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож тушаал гаргасан. Тушаал гаргасны дараагаар өмнөх буюу нэхэмжлэгч Д.Д-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлье гэдэг нэхэмжлэлтэй хэрэг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх дээр явж байсан. Давж заалдах шатын шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай магадлалаар нэхэмжлэгчийг 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлын байраа орхиж явсан буюу ажил олгогчоос албан ёсны чөлөө, зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн ажлаа орхиж явснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох юм байна гэдэг дүгнэлтийг хийж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлье гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор гомдлыг хүлээж авахаас татгалзаж, хэлэлцэхээс татгалзсан тогтоол гарч тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Эндээс юу харагдаж байна вэ? гэвэл нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлын байраа ямар нэгэн чөлөө, зөвшөөрөл авахгүйгээр сайн дураараа орхиод явчихсан үйл баримтад бид нар өнөөдөр маргах шаардлагагүй. Энэ бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон. Мөн хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалчихлаа, дуусгавар болгочихлоо гэдэг асуудал дээр ч маргах зүйл байхгүй. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдчихсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчаас асууж байгаа асуулт, өмгөөллийн саналаа танилцуулахдаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 80-д заасан үндэслэлийг тайлбарлаад байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд явагдах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч намайг халсан тушаал үндэслэлгүй байна гэсэн. Халсан тушаалын үндэслэл юу вэ? гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80-д заасныг үндэслэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8 болон 78.1.9 дэх заалтыг үндэслэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Цуцлах болон дуусгавар болгох нь 2 өөр эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг гэдгийг анхаарах ёстой. Нэгэнт хөдөлмөрийн харилцааг 80-д зааснаар биш 78-д зааснаар дуусгавар болгоод байхад 80-д заасан ноцтой зөрчил, сахилгын шийтгэлд ноогдуулах ёстой, илрүүлснээс хойш 1 сар, үйлдсэнээс хойш 6 сар гэж байгаа зөрчлийн хугацаанууд тоологдохгүй. Яагаад гэхээр нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гээд зохицуулаад өгчихсөн. Иймээс 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай магадлал болон 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатын тогтоолыг хариуцагчийн зүгээс биелүүлж, өмнө нь гаргасан буюу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/15 дугаартай тушаалын үндэслэх хэсгийн буюу хууль хэрэглээний хэсэгт өөрчлөлтийг оруулж, тухайн Улсын дээд шүүхийн тогтоол болон магадлалд заагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 гэж өөрчлөлт оруулсан. Өнөөдөр хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоод байгаа үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.8 болон 78.1.9 болчхож байгаа, энэ үндэслэлийн хүрээнд мэтгэлцэх ёстой. Энэ үндэслэлийг шүүх тогтоогоод, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болчихсон. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин маргахгүй, дахин нотлох үүрэг хүлээдэггүй учраас тогтоогдсон буюу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон учраас энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэг байхгүй гэж шийдсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 заасан тухайн асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэдэг үндэслэлд өөрөө хамаарч байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Яагаад гэхээр өмнө нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг байхгүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болчихсон байна гээд шүүх тогтоочхоод байхад өнөөдөр дахиад нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэлээ, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлье гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явж байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 169 дугаартай албан бичиг, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/15 дугаартай Д.Д-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, төрөлжсөн мэргэшлийн үнэмлэх, Н.Ч-н төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаартай шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 8 дугаар сарын ажлын цагийн тооцоо, 2023 оны 7, 8 дугаар сарын илүү цагийн баримт, 2023 оны 9 дүгээр сарын ажлын цагийн тооцоо, 2023 оны 10 дугаар сарын ажлын цагийн тооцоо, 2023 оны 11 дүгээр сарын ажлын цагийн тооцоо, 2023 оны 12 дугаар сарын ажлын цагийн тооцоо, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай Д.Д-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийн тухай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай хуралдааны тогтоол, шуудан илгээсэн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгчээ
7. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 408 дугаар захирамжаар Д.Д-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумынг Эрүүл мэндийн төвд холбогдох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үзлэг хийсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 533 дугаартай Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжаар Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвөөс нотлох баримт гаргуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 915 дугаартай захирамжаар Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас нотлох баримт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Дн хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаатай тэнцэх цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие 2008 онд тус байгууллагад сувилагчаар ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2023 оны 09 дүгээр сараас манай суманд шүд эрүү нүүрээр мэргэшсэн боловсон хүчин байхгүй тул Нийслэлийн шүд эрүү нүүрний төвөөс зохион байгуулсан сургалтад суухаар өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй. Миний бие нэгэнт бүртгүүлсэн тул тус сургалтад суусан. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төгссөн. Тус өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа үргэлжлүүлээд авсан. Гэтэл ажил олгогч миний нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байсан тул энэ асуудлаар маргаан үүсгээд тус шүүхэд хандаад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шүүхээс шийдвэр гарсан. Гэтэл ажил олгогч намайг ажлаас халчихсан. Ажлаас халсан шийдвэр нь болохоор өөр газар ажиллаж байснаа хэлээгүй гэсэн байна. Миний бие одоо 9 сартай хүүхэдтэй бөгөөд ажил олгогч энэ үндэслэлээр ажлаас халах ёсгүй гэж үзэж байна. Манай суманд Хөдөлмөрийн тухай хуульд заасан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй учраас шууд шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, өмнө ажиллаж байсан Увс аймаг Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд сувилагчаар эгүүлэн томилуулах, ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаатай тэнцэх цалин хөлсийг гаргуулах, тус хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү...гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Днь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ажлын байраа орхиж яваад Улаанбаатар хотод БҮ-ДО ХХК-д ажилласан. Ажиллаж байгаа нь нийгмийн даатгалын төлөлтөөс нь харагддаг. Энэ талаараа 2023 оны 12 дугаар сард шүүхэд миний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлтэй холбоотойгоор 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадладд ажлын байраа орхиод явсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийг эрүүл мэндийн төв нь хүлээхгүй гэдгийг тогтоосон байдаг. Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээгээд Д.Днь өөрийн санаачилгаар ажлын байраа орхиж явсан тул нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хүлээхгүй гэдгийг тогтоосон. Д.Дэнсмаагийн тушаалд 2025 оны 4 дүгээр сарын 23-нд эрүүл мэндийн төвийн Б/6 тушаалаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн Хөдөлмөрийн тухайг хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар тогтоогдсон учир тушаалд нэмэлт өөрчлөлт оруулаад уг тушаалыг Д.Д-д хүргүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/15 дугаартай Д.Д-н хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.8, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1, 3.7, 3.1.2, 5.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ээлжийн сувилагч Д.Д нь байгууллагын удирдлагад мэдэгдэж чөлөө авахгүйгээр ажлын байраа орхиж, 2023 оны 8 дугаар сараас эхлэн Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт БҮ-ДО ХХК эмэгтэйчүүдийн эмнэлгийн ажилтнаар ажиллаж, 2024 оны 3 дугаар сараас БҮ-ДО ХХК эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирлаар томилогдон ажиллаж байгаа нь иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Д.Днь хуулийн хугацаанд буюу 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Мөн Увс аймгийн Наранбулаг суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 169 дугаартай Тус суманд хөдөлмөрийн маргаан таслах хороо байхгүй нь үнэн болно гэх албан бичгээр тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.Д өмнө Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан 2024 оны 1 дүгээр сараас хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 21.14-д зааснаар нэхэмжлэгч Д.Д-н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвөөр нөхөн төлүүлж, нэхэмжлэлээс үлдэх 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай Д.Д-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийн тухай магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152/ШШ2024/00573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Д-н 2024 оны 1 дүгээр сараас хойш хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай хуралдааны тогтоолоор нэхэмжлэгч Д.Д-н хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, тухайн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 9 дугаартай Д.Д-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийн тухай магадлалаар нэхэмжлэгч Д.Днь Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажиллаж байгаад 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын байраа орхиж явснаас хойш тухайн байгууллагад ажил, хөдөлмөр эрхлээгүй болох нь нотлогдсон байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас болон мэргэшил дээшлүүлэх чиглэлээр суралцах зорилгоор хувийн чөлөө хүссэн, түүнчлэн ажил олгогчоос түүнд Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд зааснаар хувийн чөлөө олгосон, сувилагчийн мэргэшүүлэх сургалтад хамрагдах талаар ажил олгогчтой зөвшилцөж тохиролцсон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, мөн зүйлийн 4.1.3-т ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно гэж тус тус заасан ба энэ агуулгын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагчийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа талууд буюу ажил олгогч, ажилтан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Д.Д-н хувьд, 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш тус эрүүл мэндийн төвд хөдөлмөр эрхлээгүй байх ба энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэл, эсхүл хуульд заасан бусад үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, түүнчлэн түүний ажлын байр хэвээр хадгалагдах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдлуудыг нэрлэн заасан ба мөн зүйлийн 60.1.11, 60.1.12 дэх заалтад тус тус зааснаар ажил олгогчийн зөвшөөрснөөр сургалтад хамрагдаж байгаа болон хувийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байр хэвээр хадгалагдах боловч нэхэмжлэгч Д.Д хувийн чөлөөтэй байсан, мөн ажил олгогчийн зөвшөөрснөөр сургалтад хамрагдсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй болно.
Иймээс, ажилтан Д.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчоос зохих журмын дагуу хувийн чөлөө хүсэх өргөдөл гаргасан, ажил олгогч нь хууль болон тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд зааснаар ажилтанд хувийн чөлөө олгосон, түүнчлэн ажилтан нь ажил олгогчтой зөвшилцөж, түүний зөвшөөрснөөр мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах зорилгоор ажлаас түр чөлөөлөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин нэхэмжлэгч нь ажлын байраа ажил олгогчид мэдэгдэлгүйгээр, зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сайн дураараа орхиж явснаар тэдний хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтад зааснаар ажилтны санаачилгаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 9 дугаартай магадлалаар Д.Д нь хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасны дагуу ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон нь тогтоогдсон тул Б/15 тушаалын үндэслэлд өөрчлөлт оруулан хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 гэсэн заалтыг 78.1.9 дэх заалтаар өөрчилжээ.
Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай Тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалыг нэхэмжлэгч Д.Д-д 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шуудангаар хүргүүлсэн бөгөөд энэ талаар маргаагүй.
5. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус нэхэмжлэгч Д.Д-н хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаатай тэнцэх цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус нэхэмжлэгч Д.Д-н хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаатай тэнцэх цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР