Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Д.Б

Хохирогч Ц.Д, Л.Ч

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Л  нарыг оролцуулан, Дундговь аймгийн Прокурорын газраас Д.Э-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201712000090 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ....... оршин суух, ........... түр оршин суудаг, ял шийтгэлгүй гэх, /регистрийн дугаар ДМ91052213/ Боржгон овгийн Дашдоржийн Энхбаатар

 

           Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Энхбаатар нь давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө .......... тоотод оршин суух  Ц.Д-гийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 10570000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө ........ тоотод оршин суух Д.И-ын гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 680000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд .......тоотод оршин суух иргэн О.Б-ын гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 920000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө .......... тоотод оршин суух иргэн Д.А-гийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 2440000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ...... оршин суух иргэн Л.Ч-н гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 4236400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,

2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ...... тоотод оршин суух иргэн Д.Ч-ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 22490000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:               

         Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч Д.Э  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 5 сард  ах Э-с хашаа байшин авах гэж  5 сая төгрөг нэг жилийн хугацаатай зээлж авсан ч түүнийгээ эргүүлж төлж чадахгүй 1 жил болсон. Би тэр зээлж авсан мөнгөөрөө Улаанбаатар хотод Дарь эхийн хуучин эцэст  хашаа худалдаж авсан чинь тэр хашаа гэрчилгээгүй байсан, зарсан хүн нь намайг залилсан байсан. Тэр хүн надаас мөнгө аваад зугтаад алга болсон, тэгээд би 5 сая  төгрөгийн өрөнд орсон юм. 2016 он гараад мөнгө төлөх боломж олдоогүй. Би хэрэгт холбогдохоосоо өмнө “ХААН” банкинд хамгаалагчаар ажиллаж байсан. Цалин нь их гэж бодоод уул уурхайн салбарт ажиллах гэсэн боловч уурхайд ажил гараагүй. Тэгж яваад Дундговь аймагт ирэх үед орой болсон байсан учраас айлын байшингийн цонхоор ороход мөнгөн эмээл, хазаар байхаар нь авсан. Түүнийг авч  гараад замын машинд сууж Улаанбаатар хотод очиж  зарсан. Ингэж мөнгө олж болох юм байна, ахынхаа өрийг дарж болох юм байна гэсэн бодол  төрөөд анх  хулгай хийсэн. Өмнө нь хулгай хийж байгаагүй, надад орлого байгаагүй, ахынхаа мөнгийг тэр хүнээс олж авч чадаагүй, өрөнд орсон учраас тийм хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бүх хохирлыг нөхөн төлөх болно. Хөнгөн ял буюу хорих ял оногдуулахгүй байхыг хүсэж байна гэв.

 

         Хохирогч Л.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний хөөрөгний алтан нуух болон том мөнгөн аяга хүүхдийн маань зургийн аппарат, даалуу байсан. Хохирлыг төлсөн учраас одоо гомдолгүй. Миний хүүхдээс ялгаа юу байх вэ, дахиж битгий хулгай хийгээрэй гэж хэлье гэв.

 

          Хохирогч Ц.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай гэрээс  эмээл, ташуур, хөөрөг, мөнгөн аяга  авсан байсан. Надад одоо 1600000 төгрөг өгөх ёстойгоос  300000 төгрөг төлсөн. Одоо 1300000 төгрөгийг  төлвөл гомдолгүй. Дахиж битгий ийм зүйл хийгээрэй гэж хэлмээр байна гэв.

 

- Хохирогч Д.Ч-ийн: ...... тоотод байх гэрээс 12-15 сантиметр өндөр гуулин шармал бурхан багш, 10 сантиметр орчим өндөр гуулин Ногоон дарь эх бурхан, 15-18 сантиметр орчим өндөр гуулин гадна талдаа баримтагтай бурхан багш, 8 сантиметр орчим өндөр мөнгөн бурхан багш, 90x60 сантиметр харьцаатай торгон дээр оёсон Дамбий янсан зармал бурхан, мөнгөн хазаар, очир, дамар,  шар жижиг гарын хув хийцийн хөөрөг, жижиг гарын цагаан шүрэн хөөрөг, дунд гарын эргэдэг шаазан хөөрөг, бага гарын жижиг шүүжин материалаар хийсэн хөөрөг, 1.5 литрийн багтаамжтай маажинтай модон хул 2 ширхэг, энергитэй аяга 1 ширхэг, 15 сантиметр орчим өндөртэй суугаа дүртэй, лусын бурхан гэх нэртэй орчин цагийн жижиг бурхан, 35 сантиметр орчим диаметртэй 12 жилийн товойлгосон дүрстэй гуулин сүвнэрэн таваг, 11 сантиметр орчим диаметртэй жижиг гарын хуучин цагийн үндсэн тагш зэрэг зүйлсийг алдсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-183/

 

- Хохирогч Д.А-ийн: Би Улаанбаатар хотод байж байгаад 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гэртээ иртэл манай үүдний амбаарын чигчээсийг нь татаад гаргачихсан байхаар нь гэртээ ортол гэрийн тооноор хүн орсон байдалтай манай зуухан дээр сандал тавьчихсан байсан. Манайхаас 2 судар, 3 ширхэг хөөрөг, 1 хөөрөг нь даалинтайгаа, мөнгөн ээмэг бөгж хосоороо, монетон ээмэг нэг ширхэг, шармал ээмэг 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, 1 ширхэг хүндэт донорын тэмдэг зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116/

 

- Хохирогч О.Б-ын: 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр би эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байгаад 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 01 цагийн үед ...... тоотод байх гэртээ иртэл  манай гэрийн хаалга цоожгүй байсан...гэртээ ортол хананд өлгөөтэй байсан мөнгөн хазаар, гал тогооны тавиур дээр ил байсан мөнгөн аяга алга байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114/

 

- Хохирогч Д.И-ын: ...2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ....... тоотод байх гэрээсээ 20 цагийн үед гарч айлд очиж байгаад 22 цаг 15 минутын үед гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан...Манайхаас жижиг төмөр сейф, 2 мөнгөн аяга, Нокиа маркийн 1 гар утас, түрийвчний утас гэж нэрийддэг 1 ширхэг жижиг гар утас, сейфин дотор дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, архины жижиг мөнгөн аяга 2 ширхэг архины жижиг хүрэн тагш 2 ширхэг, ягаан өнгийн түрийвч 1 ширхэг хулгайд алдагдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241/

 

-Хохирогч Ж.Д-ын: Манай байшингаас гадуураа модон хайрцагтай саарал өнгийн төмөр сейф, сейф дотор 100000 төгрөг, 2 симтэй утас алдагдсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41/

 

- Иргэний нэхэмжлэгч Ш.М-ы: 2017 оны 5 дугаар сарын сүүлээр “Нарантуул” зах дээр зогсож байтал үл таних, махлаг шар царайтай, тачир үстэй, барилддаг гэхээр залуу ирээд эмээл авах уу гэж хэлсэн...Тэр залуу надад 8 цагаантай, төв халх хийцтэй хуучин эмээл, мөнгөн хазаар, модон ташуур үзүүлээд миний юм байгаа юм, машин тэрэг авах гэсэн юм гэж хэлээд 2 сая төгрөгөөр ав гэхээр нь ярьсаар байгаад 1500000 төгрөгөөр эмээл, хазаар, ташуур гурвыг авсан...Одоо надад эмээл, ташуур 2 байгаа, хазаарыг нь танихгүй хүнд 400000 төгрөгөөр зарсан...надад эмээл зарснаас хойш хэд хоногийн дараа нөгөө залуу маань шаазан хятад шинэ /бэлгийн ажил хийж байгаа дүрстэй/ дотор талд нь эргэдэг хөөрөг, жижиг мөнгөн цөгц, байфир барьчихсан авахуу гээд “Нарантуул” зах дээр явж байсан. Дахиад хэд хоногийн дараа шинэ цагийн цэхэр манан /тархи мана шиг/ хөөрөг зарах гээд явж байсан...Би эмээл худалдаж авсан 1500000 төгрөгнөөс 1100000 төгрөгийг нэхэмжилж байна, мөнгөө авбал гомдол саналгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24/

 

- Иргэний нэхэмжлэгч Ц.Ц-ын: 2017 оны 5 дугаар сарын сүүлээр танихгүй хулгар чихтэй, намхан бор залуу манай лангуун дээр жижиг халтар манан хөөрөг барьж орж ирээд авах уу гэхээр нь би тэр хөөргийг үнэ тохирч 250000 төгрөгөөр худалдаж авсан... Тэр хөөрөг нь шахмал чулуун толгойтой, шармал нуухтай манан хөөрөг байсан...Би уг хөөргийг худалдаж аваад толгой, нуух, халбага, чулуу зэргээр салгаж лангуун дээр тавьсан юм. Хэд хоногийн өмнө хөөрөгний халбага, нуухыг үл таних залууд 30000 төгрөгөөр зарсан. Надад хөөрөгний их бие, толгой 2 байна, хураалгахад татгалзах зүйлгүй...би хөөрөг худалдаж авсан 250000 төгрөгөө нэхэмжилж байна, мөнгөө авбал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70/

 

- Иргэний нэхэмжлэгч П.Л-ын: 2017 оны 5 дугаар сард шиг санаж байна, намайг Хархорин зах дээр явж байхад Ээгий гэж дууддаг зүс  таних залуу над дээр ирээд толгойгүй сүүжин хөөрөг, дотор нь эргэдэг бэлгийн ажил хийж байгаа дүрстэй шаазан хөөрөг, бурханы зурагтай зэс металлаар хийсэн хөөрөг, зүүлт шиг жижиг гадуураа төмөр гуутай, шилэн нүүртэй бурхан, “Аюуш” нэртэй гуулин бурхан, “Богдзонхав” нэртэй гуулин бурхан зэрэг эд зүйл үзүүлж та авах уу, бүгдийг нь 500000 төгрөгөөр ав гэхэд нь би авахгүй гэхэд цааш яваад хэсэг хугацааны дараа эргэж ирээд та авчих л даа гээд гуйгаад байхаар нь өөрт байсан ногоон өнгийн мөнгөн чимэглэлтэй, даваа толгойтой, алтан нуухтай хөөргөөр наадахаа солих уу гэхэд тэгье гээд сольсон...хөөргөө авчихвал надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185/

 

- Гэрч Г.О-ийн: ...Би Э-ын эхнэр нь байгаа юм...манай нөхөр хүнээс хямдхан хашаа байшин авах гээд ахаасаа 4 сая төгрөг зээлсэн боловч нөгөө хүндээ залилуулчихсан юм...Би Э-ыг хулгай хийж байсныг огт мэдээгүй, ажилдаа яваад л ирдэг байсан. Гэртээ хөгжим, спикр, хөөрөгний даалин авчирч байсныг мэдэж байна. Хүнээс хямдхан худалдаж авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26/

 

- Гэрч Н.П-ийн: ...Нарантуул захын 15-р лангуун дээр бурхан шашны эд зүйлээ зараад зогсож байтал намхан, махлаг, хулгар чихтэй бөх царайтай залуу бурхан авах уу гээд 5 сантиметр өндөртэй, гуулин “Авид” бурхан барьчихсан ирээд 30000 төгрөгөөр зарна гэхээр нь би 15000 төгрөгөөр худалдаж авсан...Одоо тэр бурхан надад байгаа хураалгахад татгалзах зүйлгүй...Би хулгайн эд зүйл байсныг мэдээгүй, тэр залуугаас 15000 төгрөгөө нэхэмжлэхгүй, надад гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 189/

 

- Гэрч У.Б-ы: ...2017 оны 5 дугаар сарын сүүлээр миний танил Ээгий гэж дууддаг Э гэх залуу над дээр ирээд 1 ширхэг даавуун дээр зурсан бурхан, 2 ширхэг модон хул, нэг ширхэг энергийн гуулин аяга авчраад зараад өгөөч гээд үлдээгээд явсан...Авчирсан эд зүйлийг зарах гээд лангуун дээр тавьсан боловч одоо болтол зарагдаагүй байгаа. Түүнийг хураалгахад татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 190/

 

- Гэрч Г.Ц-ийн: ...2017 оны 5 сард би ажил дээрээ буюу “Нарантуул” захын цахилгаан барааны дэлгүүрийн үүдэнд хөөрөг худалдаж авч зарахаар зогсож байтал жижигхэн биетэй, улаан хацартай, бүлтгэр шар бөх царайтай залуу ирээд хазаар үзэх үү гээд 5 товруутай, мөнгөний орц багатай, 2 товрууны завсар 2-3 мөнгөн кольцоотой хуучин хазаар байсан ба би түүнийг 120000 төгрөгөөр худалдаж авсан...Авсан хазаараа цуг зогсдог Болд ахад 130000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186/

 

- Гэрч Н.Н-ийн: ...2017 оны 5 дугаар сарын дундуур Э шинэ цагийн хийцтэй “Манал” бурхан /гуулин, мөнгөний уусмалаар бүрсэн/, шар торгон гэртэй гуулин хонх, очир үзүүлээд...та энийг 40000 төгрөгөөр авчих гэхээр нь би худалдаж авсан...Надад зарсан бурхан, хонх, очир нь байгаа хураалгахад татгалзах зүйлгүй...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188/

 

- Гэрч Л.П-н: ...2017 оны 6 дугаар  сарын үед “Нарантуул” зах дээр явж байхад зүс танихгүй эрэгтэй хүн мөнгөн хазаарыг 150000 төгрөгөөр ав гэхээр нь би ярьж байгаад 130000 төгрөгөөр худалдаж авсан...надад хазаар зарсан хүн хазаарын мөнгийг дансаар шилжүүлэн өгсөн тул хазаарыг хураалгахад татгалзах зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117/

 

         - 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 5/

         - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-12, 34-35, 89-95,

- Эд зүйлс түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 17, 107, 110, 161, 165, 167, 170, 172, 2-р хх-ийн 16, 97/

- Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 19, 58, 62, 108, 175, 177, 2-р хх-ийн 21, 23, 99/

- Үнэлгээний комиссын дүгнэлт /1-р хх-ийн 74, 76, 119, 122, 201, 204, 2-р хх-ийн 32/

         - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 19/ зэрэг болно.

 

         Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

              Дээрх баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

 

  Шүүгдэгч  Д.Э  давтан үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ..... оршин суух  Ц.Д-ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 10570000 төгрөгийн хохирол, 2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө .......тоотод оршин суух Д.И-ын гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 680000 төгрөгийн хохирол, 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хооронд .... тоотод оршин суух иргэн О.Б-ын гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 920000 төгрөгийн хохирол,  2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө ......тоотод оршин суух иргэн Д.А-ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 2440000 төгрөгийн хохирол,  2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ..... тоотод оршин суух иргэн Л.Ч-ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 4236400 төгрөгийн хохирол, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд ... тоотод оршин суух иргэн Д.Ч-ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлж 22490000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох  нь тогтоогдож  байна.

 

        Шүүгдэгч нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө буюу 2017 оны 5 болон 6 сард гэмт хэрэг үйлдсэн, түүнийг прокурорын тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна.

 

         Одоо дагаж мөрдөгдөж байгаа буюу 2015 оны Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.8 дугаар  зүйлийн  1-д  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн 1.9 дүгээр зүйлийн 1-д “… оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.      

 

         Иймд шүүгдэгч Д.Э-ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Мөн шүүгдэгч  Д.Э-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан оногдуулах ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд  эдлүүлэхээр  шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Шүүгдэгч Д.Э-ын энэ хэргийн улмаас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс  2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон хоногийг  хорих ял  эдэлсэн  хугацаанд нь оруулан  тооцох нь зүйтэй байна.

 

        Хохирол төлбөр, иргэний  нэхэмжлэлийн  талаар:

 

         Шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.И-т 680000 төгрөг, хохирогч О.Б-д 920000 төгрөг, хохирогч Д.А-д  2440000 төгрөг,  хохирогч Л.Ч-д 4236400 төгрөг, хохирогч Д.Ч-д 22490000 төгрөгийн, хохирогч Ж.Д-д 70000 төгрөгийн хохирол тус тус учруулсан боловч мөрдөн байцаалтын шатанд эд зүйлийг хураан авч, хүлээлгэн өгсөн /1-р хх-ийн 36-38, 54-55, 58, 59, 62, 162-178, 228-237/,  шүүхийн шатанд хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

         Харин хохирогч Ц.Д-д 10570000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн байцаалтын шатанд мөнгөн эмээл, ташуурыг хүлээлгэн өгсөн /1-р хх-ийн 17-19/,  300000 төгрөгийн хохирол төлсөн гэх ба 1270000 төгрөгийн хохирлыг төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Д-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э хулгайлсан эд зүйлээс эмээл, хазаар, ташуурыг иргэний нэхэмжлэгч Ш.М-д 1500000 төгрөгөөр зарсан ба “мөрдөн байцаалтын шатанд хураалгасан эмээл, ташуурын үнэ 1100000 төгрөгийг нэхэмжилнэ” /1-р хх-ийн 24/, иргэний нэхэмжлэгч Ц.Ц “халтар манан хөөргийг 250000 төгрөгөөр худалдаж авсан”  /1-р хх-ийн 70/,  иргэний нэхэмжлэгч П.Л “толгойгүй сүүжин хөөрөг, дотор нь эргэдэг бэлгийн ажил хийж байгаа дүрстэй шаазан хөөрөг, бурханы зурагтай зэс металлаар хийсэн хөөрөг, зүүлт шиг жижиг гадуураа төмөр гуутай, шилэн нүүртэй бурхан, “Аюуш” нэртэй гуулин бурхан, “Богдзонхав” нэртэй гуулин бурхан” зэрэг эд зүйлийг ногоон өнгийн мөнгөн чимэглэлтэй, даваа толгойтой, алтан нуухтай хөөргөөр сольсон...хөөргөө авчихвал надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /1-р хх-ийн 185/ гэх мэдүүлгүүдийг  өгсөн боловч шүүхийн шатанд “хохирол төлбөр барагдсан, гомдол саналгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн тул иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд  мөрийн  баримтаар “yongyi” гэсэн бичигтэй шаргал өнгийн цоож 1 ширхэг, цэнхэр өнгийн бичиг нь арилсан цоож 1 ширхэг, хар саарал өнгийн үүргэвч, ажлын бээлий 2 ширхэг, “Оюутолгой” гэсэн бичигтэй саравчтай малгай, хар өнгийн маск, улаан иштэй бахь, төмөр хасуур, улаан алаг гар чийдэн, асаагуур, 10 ширхэг эм, жижиг цагаан савтай шингэн зүйл, арьсан багажны савыг тус  тус  хураан  ирүүлсэн  байх  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 21.5 дугаар  зүйлийн  1.4-д  зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          

 1. Шүүгдэгч Б овгийн Д.Э-ыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Э-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 14 /арван дөрвөн/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-аас 1270000 /нэг сая хоёр зуун далан мянган/ төгрөг гаргуулж хохирогч  Ц.Д-д олгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “yongyi” гэсэн бичигтэй шаргал өнгийн цоож 1 ширхэг, цэнхэр өнгийн бичиг нь арилсан цоож 1 ширхэг, хар саарал өнгийн үүргэвч, ажлын бээлий 2 ширхэг, Оюутолгой гэсэн бичигтэй саравчтай малгай, хар өнгийн маск, улаан иштэй бахь, төмөр хасуур, улаан алаг гар чийдэн, асаагуур, 10 ширхэг эм, жижиг цагаан савтай шингэн зүйл, арьсан багажны савыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт  даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

      

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.О