Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

                                

 

О.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Энхтулга

            Хохирогч Ц.Энхжаргалын өмгөөлөгч Э.Одончимэг

            Шүүгдэгч О.Мөнхбаярын өмгөөлөгч Ц.Дэлгэрням    

           Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 426 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Д.Оросоо, хохирогч Ц.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч О.Мөнхбаярт холбогдох 2318000000454 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Цэнд овогт Отгоны Мөнхбаяр, 1968 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 55 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 04-37 тоотод оршин суух хаягтай.

Шүүгдэгч О.Мөнхбаяр нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Ц.Энхжаргалыг ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэж, эмх замбараагүй байдал бий болгосон гэх шалтгаанаар Ц.Энхжаргалыг өшиглөн, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Цэнд овогт Отгоны Мөнхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мөнхбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4., 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Мөнхбаярт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,

-Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1,511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч О.Мөнхбаяраас хохирол төлбөрт 1.271.713 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3.300.000 төгрөг, нийт 4.571.713 /дөрвөн сая таван зуун далан нэгэн мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Энхжаргалд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 4.178.975 /дөрвөн сая нэг зуун далан найман мянга есөн зуун далан тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн. давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Д.Оросоо нар давж заалдах гомдолдоо:

... Ц.Энхжаргал нь О.Мөнхбаярыг өдөөн хатгасан, түүний тэвчээрийг барсан уг гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хариуд О.Мөнхбаяр нь ямар нэгэн хууль бус үйлдэл гаргахгүй тэвчээртэй хандаж байгаа нь түүний хувийн байдлыг тодорхойлж, гэмт хэрэг үйлдэхгүй байх, санаатай гэмт хэрэг үйлдээгүй болохыг харуулж байна. Мөн уг үйл баримтаас харахад Ц.Энхжаргал нь эхэлж хууль бус үйлдэл хийж, О.Мөнхбаярыг өдөөн хатгаж, түүний биед халдаж түлхсэн байдаг бөгөөд түүний түлхэлтийн улмаас О.Мөнхбаяр нь тэнцвэр алдаж, сандарч хөл дээрээ бүрэн зогсох явцдаа нэг хөлөөрөө санамсаргүйгээр Ц.Энхжаргалын хөл хэсэгт хүрсэн болох нь харагдаж байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй." гэж заасан. Тухайн нөхцөл байдалд хүний сэтгэхүйн өөрийгөө хамгаалах үйлдэл нь өөр өөр байдаг, нэг хүнийг 7-8 хүн түлхэх үед тэнцвэрээ алдаж, үүнээс шалтгаалж, унаж бэртэхээс өөрийгөө хамгаалж хүн ямар ч хариу үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй юм. Үүнд хохирогч Ц.Энхжаргал буруутай бөгөөд хохирогчийн өөрийн санаа зорилго, гэмт хэргийн өдөөн хатгалга, санаатай үйлдэл байгаа болно. О.Мөнхбаярын тухайн үед тэнцвэр алдаж, сандарсан, өөрийгөө унаж бэртэхээс сэргийлж, хамгаалж хийсэн санамсаргүй үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь алдаатай болсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан тул О.Мөнхбаярт холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШТ/426 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, О.Мөнхбаярыг цагаатгаж өгөхийг хүсье... гэжээ.

Хохирогч Ц.Энхжаргал давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч О.Мөнхбаярын үйлдсэн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэрч Д„Сэлэнгэ, гэрч С.Халтар, гэрч Б.Батжаргал, гэрч Б.Эрдэнэбилэг нарын мэдүүлгээр болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Г.Ганпүрэвийн 2023.08.17-ны өдрийн 817 дугаар  шинжээчийн дүгнэлт болон эд мөрийн баримт болох бичлэг бүхий 2 ширхэг сиди баримтаар нотлогдсон.

Шүүгдэгч О.Мөнхбаяр нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, учруулсан хохирол, хор уршгийн нэг ч төгрөг нөхөн төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн нөхөн төлөхөө илэрхийлээгүй, ядаж л тийм бодит санал санаачилга гаргаагүй байна.

Шүүгдэгч О.Мөнхбаяр гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ц.Энхжаргалд шууд эмнэлгийн бодит туслалцаа үзүүлээгүй. Энэ байдал нь хөл нь гишгэж чадахгүй хавдсан буюу явах боломжгүй болсон хохирогч Ц.Энхжаргалыг автомашинаар эмнэлэгт хурдан шуурхай хүргэх үйлчилгээг үзүүлээгүйд гомдолтой байна.

Шүүгдэгч О.Мөнхбаяр нь Ардчилсан намын Намын байгуулалтын газрын даргын ажил хийдэг гэх боловч энэ талаарх нотлох баримт буюу түүнийг томилсон тушаал шийдвэр, мөн шүүгдэгч О.Мөнхбаяр нь цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх лавлагаа баримт хавтаст хэрэгт байхгүй.

Энэ нь шүүгдэгч О.Мөнхбаярыг тогтмол цалин орлого байхгүйг нотолж байгаа тул хохирол, хор уршгийг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол заавал биелэгдэх ёстой.

Иймд шүүгдэгч О.Мөнхбаяр нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй, цалин орлого байхгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт нэг ч төгрөг нөхөн төлөөгүй зэрэг бодит байдлыг хянан үзэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.24-ны өдрийн 2023/ШТ/426 дугаар шийтгэх тогтоолын 2., 3-д заасан 450.000 төгрөгөөр торгох ял болон түүнийг хэсэгчлэн төлүүлэх заалтыг хүчингүй болгож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол түүнийг санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Гэтэл миний үйлчлүүлэгч  О.Мөнхбаяр нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулах үйлдлийг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн идэвхтэй үйлдэл байхгүй. О.Мөнхбаяр нь Ц.Энхжаргал гэх эмэгтэйд хөнгөн хохирол учруулах санаа зорилго байхгүй. Хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэх үйл баримт эргэлзээгүйгээр хангалттай нотлон тогтоогдоогүй байна. Шүүгдэгчийн хувьд Ардчилсан намын даргын гаргасан тушаал шийдвэр ажил гүйцэтгэх удирдамжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж Дархан-Уул аймагт томилолтоор ирсэн бөгөөд хохирогч Ц.Энхжаргалыг танихгүй, өс хонзон, хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч Ц.Энхжаргал нь нэр бүхий гэрч нарыг зохион байгуулалтад оруулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж Дархан-Уул аймгийн Ардчилсан намын байрны нэвтрэх хөдөлгөөнийг хууль бусаар хязгаарлаж, Улаанбаатар хотоос ажил хүлээлцүүлэхээр ирсэн хүмүүс рүү гурил, өндөг шидэж хэл амаар доромжилж, чангаар орилж хашхирч өөрийн нөхөр Батцэнгэлтэй бүлэглэн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн албаны баримт бичгийг булаан авч урж устгаж байгаа. Өөрөөр хэлбэл санаатай устгаж гэмтээх гэмт хэргийг үйлдсэн бичлэг нь хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авч анхан шатны шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад шинжлэн судлагдсан байдаг. Миний үйлчлүүлэгч О.Мөнхбаярыг түлхэж байгаа. Түлхэх үед тэнцвэр алдаж бусдын биед хохирол учруулсан байж болзошгүй гэх үйлдэл байгаа. Гэрч Эрдэнэбилэгийн мэдүүлэг болон CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь тусгагдсан байгаа. Яагаад заавал дээд хэсгийг тасдаж шүүхэд Ц.Энхжаргал гаргаж өгсөн бэ гэхээр миний үйлчлүүлэгчийг түлхэж байгаа хэсгээ санаатайгаар нуун далдалж, хэргийн бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулах зорилготой байсан. Миний үйлчлүүлэгч гэр бүлийн суурь хүмүүжил сайтай, ёс суртахуунтай хүн учраас ямар нэгэн байдлаар тэр эмэгтэйд санаатайгаар хохирол учруулсан үйлдэл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч шүүх хуралдааны явцад гэмт хэргийн сэдэл зорилго гэм буруугийн хэлбэрийг нотолно гэж заасан байдаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч О.Мөнхбаяр нь бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулах үйлдлийг санаатайгаар хүсэж үйлдсэн гэх баримт байхгүй. Энэ үйл баримтыг хөтөлбөргүйгээр нотолж чадаагүй байна гэж үзэж байна. 4 секунтын бичлэгт миний үйлчлүүлэгч бусдын эрүүл мэндэд хохирол учруулах санаатай үйлдэл хийгээгүй. Өөрсдийн санаатай хийсэн үйлдлээ тасдаж 4 секунтын бичлэг гаргаж өгч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж байна гэж үзэж байгаа. Ц.Энхжаргал нь маш бүдүүлэг, хэлэх үг олдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Миний үйлчлүүлэгч ганцаараа ботинк өмссөн байсан уу? гэдгийг, санаатай өшиглөсөн үү? гэдгийг тогтоогоогүйд маш их гомдолтой байна. Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Миний үйлчлүүлэгчийг илтэд буруутай гэж үзэж, илтэд гэмт хэрэг үйлдсэн хүнийг Зөрчлийн тухай хуулиар торгосон нь шүүх, хууль сахиулж байгаа мөрдөгч, прокурор, цагдаагийн байгууллага нь ард иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа. Шударга ёсыг бэхжүүлэх үнэт зүйлийг алдагдуулан уландаа гишгэсэн үйл явдал болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалт байдаг. Энэ заалтыг тайлбарласан Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд тусгагдсан Энэ заалтыг тайлбарласан Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд тусгагдсан “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.19 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах гэж тайлбарласан тул миний үйлчлүүлэгч О.Мөнхбаярт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

О.Мөнхбаяр нь өөрт оногдсон ажил албан тушаал эрхэлдэг. Ажил албан тушаал эрхэлж байх явцдаа Дархан-Уул аймгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн удирдлага дор гэмт бүлэглэл болчихсон зохион байгуулалтай нэгдсэн хүмүүст дээрэлхүүлж, хэл амаар доромжлуулдаг, хөөгддөг, түлхүүлдэг, цохиулсан, эрх олгосон, үүрэг олгосон баримт бичгийг устгаж гэмтээх гэмт хэрэг нүдэн дээр нь үйлдэгдсэн. Прокурор ч гэсэн тайлбартаа миний үйлчлүүлэгчийг ажил үүргээ гүйцэтгэж байсан талаар дурдлаа. Илтэд ямар үйл явдал болсон бэ гэдгийг бид бүгд үзлээ. Илтэд гэмт хэргийг хэрэг биш болгож байгаа нь өөрөө гэмт хэрэг гэж ойлгож байгаа.  Яагаад гэвэл хэн нэгэн этгээдэд ял завшуулж байна. Субьектив санаа зорилго гэж ярихгүй гэж байна. Миний үйлчлүүлэгч тэр хүнд гэмтэл учруулъя гэсэн субьектив санаа зорилго огт байхгүй. Тийм ч учраас тэр талаар огт мэдэхгүй Болсон үйл баримтын талаар бичлэгээр гаргаж өгсөн. Өмгөөлөгчийн зүгээс санаатай үйлдэл биш гэж үзэж байгаа. Прокурорын хяналт маань хааччихав аа. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг гэж ойлгож байгаа. Бүхэл бүтэн гэмт хэргийг зөрчлийн хэрэг гээд энд хяналт нь хаана явж байгаа юм бэ. Яагаад нүдээ аниад, мэдэн будилаад хөнгөрүүлж байгаа юм бэ? яагаад ял завшуулж байгаа юм бэ. Яагаад субьектив санаа зорилгогүй байсан хүнийг хэрэгтэн гэж оруулж ирж байгаа юм бэ. Үндсэн хуулийн зарчим хаана байна. Шударга ёс хаана байна гэдгийг ойлгохгүй байна. Миний үйлчлүүлэгч энэ хүнийг санаатай өшиглөсөн зодсон үйлдэл надад байхгүй гэдгийг анхнаасаа мэдүүлсэн. Гэтэл шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж алхаа цохисон. Миний үйлчлүүлэгч ёс суртахуунтай, ёс зүйтэй хүн учир шийдвэрт нь шүүх намайг ингэж байгаа бол надад хэлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандсан. Үүнийг хохирогчийн өмгөөлөгч хэргээ хүлээсэн гэж ярьж байна. Ийм үйл баримт болоогүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа гэж ойлгож байгаа. Өмгөөлөгчийн зүгээс өмнөх саналаа дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Э.Одончимэг тайлбартаа:

Шүүгдэгч О.Мөнхбаяр нь хохирол төлбөр төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хэрэгт авагдсан баримтаар ямар ажил, ямар албан тушаал хашдаг нь тодорхойгүй, хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхойгүй. Баримтаа гаргаж өгөөгүй байхад торгуулийн ял оногдуулсан нь биелэгдэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна гэж гомдол гаргасан. О.Мөнхбаярт оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Өөрөө 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү гэж тодорхой бичсэн байгаа. Шүүгдэгч О.Мөнхбаяр нь анхнаасаа миний хөл тэр хүнд хүрээгүй гэдэг байдлаар, анхан шатны шүүх хуралдаан дээр ч тийм байр суурьтай байсан. Хоёр өмгөөлөгч нь эсрэг байр суурьтай байсан. Нэг нь хөл нь огт хүрээгүй гэж, нөгөөх нь санамсар болгоомжгүй хүрсэн гэж эргэлзээтэй зүйл ярьсаар байгаад хурал дууссан. Шүүхээс гэм буруутай гэдгийг тогтоосны дараа О.Мөнхбаяр миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна торгож өгнө үү гэсэн тайлбар хэлсэн. Тухайн үйл явдал сая шинжлэн судалсан бичлэг дээр ч харагдаж байна. Бүх талаас нь бичлэг хийж байгаа. Тухайн үед өшиглөхийг нь харсан Сэлэнгээ, Халтар, Батжаргал, Эрдэнэбилэг нарыг гэрчээр асуусан. Энэ хүмүүс тодорхой нэрлэн заасан. Цаашаа хараад алхаж явахдаа тийрсэн. Өөр хүн өшиглөсөн юм шиг мэдэгдүүлэхээр тийрч гэмгүй царайлж явсан. CD бичлэг дээр ч шүүгдэгчийн өмгөөлөгч нь ямар ч толгой нүүр байхгүй гэж хэлсэн. Гэтэл өшиглөөд цаашаа явж байгаа нь харагдаж байгаа. Нөгөө талаас эхний хэсгийг тасдаад CD-г өгсөн гэж байна. Гэтэл нөгөө талаас 8 ширхэг бичлэг өгөөд байгаа боловч гол үйл явдал нь 10 секунтын бичлэг байгаа. Гэтэл тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгнө гэж байгаа. Энэ дагуу хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг манайх гаргаж өгсөн. Нөгөө талаар бүтэн үйл явдлын бичлэг байж байтал энэ хүн өшиглөөгүй юм, эсвэл тэнцвэр алдаад унах гэж байсан юм гэдгээ өөрсдөө нотолж чадахгүй байна. Тийм баримт угаасаа байхгүй. Тэр нь давхар нотлогдож байна гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор О.Мөнхбаяр нь 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 4,178,975 төгрөгийн хохирол төлбөртэй гарсан боловч өнөөдрийн байдлаар нэг төгрөг ч төлөөгүй. Хохирлоо төлөх нь ч эргэлзээтэй, торгуулийн ялаа ч биелүүлэх нь эргэлзээтэй байгаа учир О.Мөнхбаярын ял хөнгөдсөн гэх гомдол нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шинжлэн судлуулах нотлох баримт нь хавтаст хэргийн 122-131 дүгээр талд авагдсан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх баримтыг О.Мөнхбаярын хувийн байдалтай нь холбогдуулаад шинжлэн судлуулснаар тооцож тэмдэглэлд тусгуулах саналтай байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Учир нь Ц.Энхжаргалын тухайн үед гаргасан хариу үйлдэл, эсэргүүцсэн байдал нь зөрчил юм гэж хуулийн дагуу шийдэгдсэн. Зөрчил үйлдсэн асуудалд нь дургүйцэж Ц.Энхжаргал цаасыг булаахдаа булааж чадаагүйн хажууд Ц.Энхжаргалын нөхөр нь булааж аваад хоёулаа хамт зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн. Цаасыг булаах гэж байхад О.Мөнхбаяр өөрөө цааш нь нэг түлхээд дахиад гараараа түлхэж шүдээ зууж байгаа нь бичлэгт харагддаг. Юу гэж дүгнэх вэ гэвэл тухайн шийдвэрийг унших боломжгүй болгож устгачихлаа энэнд дургүйцэж санаа зорилгодоо хүрч чадаагүй. Шүүгдэгч өөрөө гомдолдоо би маш их тэвчээр гаргаж, тэсээд байсан, тэвчээд байсан гэдэг. Гэтэл яг энэ үед О.Мөнхбаярын тэвчээр нь алдагдсан гэж дүгнэж байна. О.Мөнхбаярт хамгийн хөнгөн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Энэ нь хуульд нийцээгүй байна гэж үзсэн. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдлыг хардаг. Хоёрдугаарт хохирол төлбөрөө төлсөн байдал, хохирогчийн хохирол төлбөргүй болсон байдал зэргийг хардаг. Гэтэл хохирогчийн хохирол өнөөдрийг хүртэл барагдаагүй. Ц.Энхжаргал нь маш их гомдолтой байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй гомдол гаргаж, хамгийн хөнгөн шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Иймд Ц.Энхжаргалын гомдолдоо бичсэний дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхтулга дүгнэлтдээ:

Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлүүлэхээр хавтас хэрэгт авагдсан шүүгдэгчээс гаргаж өгсөн 8 бичлэг бүхий CD зэргийн хамт зөрчил рүү шилжүүлсэн албан бичиг хавтас хэрэгт байдаг. Энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар дуусаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэх үед зөрчлийн хэрэг шийдэгдээгүй байсан. Шүүх хуралдааны явцад уг зөрчлийн маргааныг зөрчил үйлдсэн байна гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн байдаг. Гэмт хэргийн асуудлыг зөрчил байна гэж шийдсэн нь хууль зөрчсөн нь үндэслэлгүй байна гэдэг асуудалд шүүгдэгч О.Мөнхбаярын хувьд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх дээр гомдол гаргахад нь эсэргүүцсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулаад дуусах хүртэл хугацаанд энэ талаар шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн хүсэлт гомдол гаргаагүй. Хэргийг нэг талаас нь шалгаж байна, хамт явсан хүмүүсийг байцааж өгөхгүй байна гэсэн байр сууриар гомдол гаргаж байсан. Энэ дээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч О.Мөнхбаяртай хамт явж байсан хүмүүсийн мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Энэ дээр нэг талын байр суурь, яллах талын байр сууринаас хандсан гэдэг нь тогтоогдоогүй учир хэргийг шилжүүлсэн. Үүнд шүүгдэгчийн зүгээс эрх нь зөрчигдсөн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж гүйцэтгэсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэсэн байр сууринаас шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхээс прокуророос тавьсан байр суурийг үндэслэл бүхий байна, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь цуглуулсан, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан зөрчсөн нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэлт хийж нотлох баримтуудаар тухайн асуудлыг дүгнэж хэрэг шийдвэрлэгдсэн. Энэ дээр ямар нэгэн байдлаар шүүгдэгчийн гомдолдоо дурдаад байгаа асуудал байхгүй гэв.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 426 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн үйл баримт хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн хэмжээнд шийдвэрлэх нь үндэслэл бүхий байна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байгаа эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй байна. Яагаад гэвэл хохирогч Ц.Энхжаргалд халдаж, өшиглөж байгаа нөхцөл байдал бичлэгээс харагдаж байна. Сая бас харлаа. Шинжлэн судалсан нотлох баримтаас гадна тухайн хэрэг учрал болсон гэх газарт цаг хугацаанд байсан гэх гэрч нарын мэдүүлэг болон шууд заасан нотлох баримтууд байдаг. Энэ нөхцөл байдлуудаас үзэхэд О.Мөнхбаярын үйлдлийн улмаас Ц.Энхжаргалын биед хөнгөн хохирол учирсан байна. О.Мөнхбаярын гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь юу вэ? яагаад ийм үйлдэл хийх болсон бэ? гэхээр О.Мөнхбаяр нь ажил хүлээлцэх үүрэг даалгавар авч томилолтоор Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэж байсан Ц.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн хүнийг томилох асуудлыг шилжүүлэх ажлаар ирсэн боловч уг ажлыг нь хийж гүйцэтгүүлэхгүй байх, сарниулах, эмх замбараагүй байдлыг бий болгох нөхцөл байдлыг бий болгосон гэх шалтгаанаар дургүйцлээ илэрхийлж хойшоогоо тийрэх хэлбэрээр зүүн шилбэнд нь Ц.Энхжаргалын биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Өөрийн хийж хэрэгжүүлэхийг журам, үүрэг болгосон ажлыг гүйцэтгэхэд саад учрууллаа гэх шалтгаан тогтоогдсон гэж үзсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Гэмт хэргийн шинжийг нь хангаж байгаа үйл баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн шинжийг хангаж байвал гэм буруугийн асуудлыг 2.3 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. О.Мөнхбаярын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл тогтоогдсон. Өнөөдөр санаатай, санамсаргүй, болгоомжтой, болгоомжгүй гэдэг үйл баримтыг харах юм бол болж буй үйл баримт процесс нь О.Мөнхбаярыг ажлаа гүйцэтгэхэд саад учруулсан, дургүйцлээ илэрхийлсэн хэлбэр нь тогтоогдож байгаа. Тэрнээс О.Мөнхбаяр нь би тэгээгүй шүү дээ гэж хэлж байгаа асуудал субьектив талын шинж гэдэг ойлголтоор үндсэндээ шүүгдэгчийн өмгөөлөгч байр суурьтай байна. Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж гэж 2015 оноос өмнөх хуульд нөхцөл байдал байсан. Гэмт хэргийн субьектив санаа зорилгыг тогтоохгүй. Гэмт хэргийн шинжид заасан нөхцөл байдлыг хэргийн үйл баримтыг нотлон тогтоож байж гэм буруугийн асуудлыг ярьдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйлдэл нь нотлогдон тогтоогдсон байна гэж үзэж гэм буруутайд тооцож ял хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий шийдвэр учраас шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч нь хэргийн үйл баримтаас учирсан хор уршгийг төлөөгүй учраас ялыг нь солих ёстой гэж байна. Шүүгдэгчийн үйлдэж байгаа гэмт хэрэг маань өөрийнх нь үйл ажиллагаанд саад учруулсан хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэмт хэрэг үйлдэхэд шалтгаан нөхцөл байсан гэж үзэж шүүхээс ял оногдуулахдаа 450,000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэл бүхий байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Д.Оросоо, хохирогч Ц.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн   шүүгдэгч О.Мөнхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос О.Мөнхбаярыг Дархан-Уул аймаг, Дархан сумын 12 дугаар багт байрлах Олон улсын худалдааны төвийн урд 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 17.00 цагийн орчимд Ц.Энхжаргалыг ажил хүлээн авахад саад учруулж, маргаан үүсгэж, эмх замбараагүй байдал бий болгосон гэх шалтгаанаар хохирогч Ц.Энхжаргалыг өшиглөн, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа, түүнчлэн прокурор хяналт тавихдаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, хохирогчийн хууль бус үйлдэл, зүй бус харьцаа зэрэгт хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж дан ганц шүүгдэгч О.Мөнхбаяр гэмт хэрэг үйлдсэн гэсэн агуулгаар түүнийг буруутгасан нь хэргийн бодит үнэнд нийцээгүй гэж үзнэ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулан шинжлэн судлаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаагүй, нотлох баримтуудыг хэрхэх талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1., 1.2., 1.3., 1.5., 1.7.д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоохыг хуульчилсан. 

О.Мөнхбаярт холбогдох хэргийг судалж үзэхэд тухайн хэрэг учрал болсон гэх 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цагийн орчим Д.Батцэнгэл, хохирогч гэх Ц.Энхжаргал нар нь бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын даргын үүргийг гүйцэтгэх хүнийг шинээр томилсон шийдвэрийг танилцуулахаар ирсэн хүмүүсийг эсэргүүцэж, саад учруулж, маргаан үүсгэж, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал бий болгож, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг устгах зэрэг гэмт хэргийн шинжтэй байж болох хууль бус үйлдэл гаргасныг шалгаагүй орхигдуулж хэрэгт хамааралтай үйлдэл, нотлох баримтууд байхад нэг бүрчлэн тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, дүгнэлт хийгээгүй, эдгээрийг яагаад үнэлэхгүй байгаа талаараа дурдахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Д.Батцэнгэл, Ц.Энхжаргал нарыг зөрчлийн хэрэг үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Мөнхбаярын давж заалдах гомдлоос ...Ц.Энхжаргал нь өдөөн хатгасан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан...гэснийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 426 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Д.Оросоо нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хохирогч Ц.Энхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

           2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч О.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                    ШҮҮГЧ                                                           З.ТӨМӨРХҮҮ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ