| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00401/И |
| Дугаар | 308/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 308/ШШ2025/00292
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 308/ШШ2025/00292 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, А сум, * дүгээр баг, Ц У гудамж, * дугаар байр, * тоотод оршин суух, Б овогт Б Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Д аймгийн А хэсгийн уурын зууханд машинчаар ажиллаж байсан. Тухайн үеийн орсон, гарсан тушаал архивд байхгүй учир 1 жилийн хугацаанд ажиллаж байсныг, мөн Х и ХХК-д 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ****** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын **/*** дугаартай албан бичиг, гэрч Ч.Э, Р.М нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 050696 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0730109 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Д.Г, Д.Д нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Д.Г, Ч.Э нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч нь Д аймгийн А хэсгийн уурын зууханд 1994 оны 09 дүгээр сарын 15-ноос 1995 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зууханд машинчаар, Х и ХХК-д 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч Б.Б ажиллаж байсан хугацааны ажилд орсон, гарсан тушаал, баримтууд архивд байхгүй байгаа болох нь Улаанбаатар төмөр замын төрөлжсөн архивын **/*** дугаартай тодорхойлолтод ... УБТЗ-ын Барилга орон сууцны 4 дүгээр ангийн 1994-1995 оны баримт тус архивд хадгалагдаагүй тул Б.Бд ажиллаж байсан үеийн тушаал шийдвэрт лавлагаа олгох боломжгүй байна. гэх архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Б.Бы нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл түүний ****** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1986.11.18 Ажилд орохыг хүссэн тул уурын зууханд 2 зэрэгтэй машинчаар томилон ажиллуулав. Айргийн Ашиглалт хайгуулын үйлдвэрийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4** тоот тушаалаар,
1989.05.16 Галлагааны хугацаа дууссан тул уурын зуухны машинчийн үүрэгт ажлаас чөлөөлж аж ахуйн хэсэгт ачигч буулгагчаар шилжүүлэн томилж ажиллуулав. Үйлдвэрийн даргын 1989 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1** тоот тушаалаар,
1989.10.16 цэргийн албанд татагдсан тул аж ахуйн хэсгийн ачигч буулгагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Айргийн ашиглалт хайгуулын үйлдвэрийн даргын 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3** тоот тушаалаар,
1992.03.11 өөрийн хүсэлтийг үндэслэн барилгын хэсэгт туслах ажилчнаар ажиллуулав. Айргийн уулын үйлдвэрийн даргын 1992 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ** тоот тушаалаар,
1993.07.09 өөрийн хүсэлтийг үндэслэн барилгын туслах ажилчнаас чөлөөлөв. Айргийн уулын үйлдвэрийн даргын 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2** тоот тушаалаар,
1994.09.15 А хэсгийн уурын зууханд туслах машинчаар томилон ажиллуулав. БОС-ны 4 дүгээр ангийн даргын 1994 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б-1** тоот тушаалаар,
1995.01.01 Б.Бы хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон 050696 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов. Улсад нийт 4ж 7 сар 12 хоног ажилласан болно.
050696 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт ажилд орсон 1995.01.01, 1995.09.01 ажлаас гарсан, БОС-ны 4 дүгээр анги айргийн хэсэгт туслах машинч, Улаанбаатар төмөр замын Барилга орон сууцны 4 дүгээр анги гэх бичигдсэн байдал,
Х и ХХК жолоочоор ажилд авав. Х и ХХК-ийн захирлын 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5 дугаартай тушаалаар,
Х и ХХК жолоочоос чөлөөлөв. Х и ХХК-ийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай тушаалаар,
Х и ХХК хүнд даацын автомашины жолоочоор ажилд авав. Х и ХХК-ийн захирлын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар,
0730109 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт Х и ХХК жонш баяжуулах үйлдвэр 050696 тоот хөдөлмөрийн дэвтэр дуусгавар болсон тул *******дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов.
Х и ХХК ажлаас чөлөөлөв. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 15/74 тоот тушаал байхаас гадна гэрч нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.Бы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Б Быг У т зын Б орон сууцны * дүгээр ангийн А хэсгийн уурын зууханд 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах машинчаар,
Х и ХХК-д 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүнд даацын автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ