Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Н

Улсын яллагч Т.Т

Иргэний нэхэмжлэгч А.Н

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Б-т холбогдох эрүүгийн 1722001120009 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар  сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радио холбооны техникч, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.16 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх Д овогт В.Б

                                            

              Шүүгдэгч В.Б  2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 20 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт байх хатуу хучилттай асфальтан зам дээр 2999 УНУ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчин замын хажууруу онхолдож машин дотор явсан иргэн Д.Д, А.Н, П.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Э.Д, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн бусдад нийт 38808363 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ/яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                                                                                          

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч В.Б шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад хэргийн талаар бүх зүйлээ мэдүүлсэн, миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Иргэний нэхэмжлэгч А.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 19-20 цагийн үед “ланд круйзер 200” маркийн машинтай Улаанбаатар хотоос Өмнөговь аймагруу явах замдаа Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас өнгөрөөд 10 гаруй километрт осол гарсан. Жолооч хурд хэтрүүлсэн, бас цаг агаар тааруухан байсан учраас осол гарсан гэж бодож байна. Машин дахин хэрэглэхээргүй эвдэрсэн. Би шүүгдэгч В.Б-тэй хамтдаа ажиллаж, амьдарна гэж тохироод  машинаа зах зээлийн үнээс доогуур буюу 35470000  төгрөгөөр үнэлүүлсэн. Уг машиныг “Таван богд” хязгаарлагдмал хувьцаат компаниас  худалдаж авсан нэхэмжлэх хэрэгт авагдсан байгаа. Дахин “ланд круйзер 200” машин худалдаж авна гэвэл 171 сая төгрөгөөр худалдаж авах юм. Би машинаа дахин үнэлүүлэх гэж байсан боловч шүүгдэгчийн ажил амьдралыг бодоод зах зээлийн үнээр үнэлүүлээгүй. Манай бэр Д.Д бид хоёрын эмчилгээний зардалд 6463000 төгрөг гарсан, хохирогч Э.Д-ийн эмчилгээний зардал 1200000 төгрөгийг би төлсөн. Иймд шүүгдэгчээс нийт 43133000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

              Шүүгдэгч В.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотоос А.Н гэх хүний 2999 УНУ улсын дугаартай “ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хүн аваад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаан хад” гэх газарруу ажлаар явсан... Дэлгэрцогт сумаас баруун тийш ойролцоогоор 10 гаруй километр яваад замын хажууруу халтираад онхолдсон...Тухайн осол болох үед 80 километр цагийн хурдтай явсан. Зам дээр явж байхад өөдөөс нэг машин орж ирэхээр нь би замын хажууруу дартал шарваад онхолдсон... Зам халтиргаатай, цас орж байсан... Би хохирогч Э.Д-д эмчилгээний зардалд нийт 2600000 төгрөг, Б.Э-т 150000 төгрөг, Дундговь аймагт авахуулсан рентгений зурагны мөнгө, анхан шатны тусламжийн мөнгийг мөн төлсөн. Тэр машин А.Н гэх хүний машин. Намайг машин жолоодоод өг гэхээр нь би жолоодож явсан...гэжээ /хх-ийн 77-80/

 

              Хохирогч Э.Д-ийн: ...2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотоос 17 цагийн үед 2999 УНУ улсын дугаартай “ланд круйзер 200” маркийн машинд суугаад Өмнөговь аймгийн нутаг “Цагаан хад” гэх газарлуу явсан.  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас урагшаа ойролцоогоор 10 километр яваад машин замаас гарч онхолдсон. Би машин дотор арын суудлын голд сууж явсан... Гадаа цас орж, зам халтиргаатай байсан. Жолооч тээврийн хэрэгслийг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй... гэх мэдүүлэг  /хх-ийн 16-17/

 

              Хохирогч Д.Э-ын: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн  Ханбогд сумын нутаг “Цагаан хад” гэх газарлуу 17 цагийн үед 2999 УНУ улсын дугаартай хар ногоон өнгийн “ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгсэлд мөнгийг нь төлөөд суусан юм. Тэр машинд 6 хүн явсан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг өнгөрөөд 10 гаруй километр яваад машин замын хажууруу орж онхолдсон... Осол болох үед би машин дотор унтаж явсан. Хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Жолооч нь В.Б гэх залуу байсан... Миний нурууны 7-р нугалмын урд ирмэг сэлтэрч хугарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/

             

              А.Н-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр би хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх “Цагаан хад” гэх газарлуу хувийн ажлаар явах гээд бэр Д.Д-ыг аваад В.Б гэх залуугаар өөрийн эзэмшлийн 2999 УНУ улсын дугаартай “ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулаад 18 цагийн үед 3 хүн аваад гарсан...Дэлгэрцогт сумаас урагшаа ойролцоогоор 10 километр яваад замын хажууруу миний сууж явсан тээврийн хэрэгсэл шарваж ороод онхолдсон. Тэр машиныг В.Б жолоодож явсан...”Ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг  2014 онд “Таван богд” группээс худалдаж авсан... гэжээ /хх-ийн 39/

 

               Д.Д-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 18 цагийн үед 2999 УНУ улсын дугаартай  “ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслээр хадам ээж А.Н-ййн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумруу явсан... Би замдаа машин дотор зүүрмэглээд явж байтал машин гэнэт замаас гарч замын хажууруу онхолдсон. Тээврийн хэрэгслийг В.Б гэх залуу жолоодож явсан юм. Тэр хүн архи дарс уугаагүй, эрүүл явсан...” гэжээ /хх-ийн 35/

 

              П.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт: ...би Улаанбаатар хотоос 17 цаг гээд 2999 УНУ улсын дугаартай “ланд круйзер 200” маркийн хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэлд суусан юм... Би машин дотор унтаж явсан... Машин 3 удаа хөлбөрөөд онхолдсон... Машиныг В.Б гэх залуу жолоодож явсан... гэжээ /хх-ийн 36/

 

               Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтэд

              “1. Жолооч В.Б нь 2999 УНУ улсын дугаартай “ланд 200” маркийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байна.

              2. 2999 УНУ улсын дугаартай ланд 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч В.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж явсан ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.

              3. Уг осол болоход тээврийн хэрэгслийн жолооч В.Б-ийн буруутай үйлдэл байна” гэжээ /хх-ийн 41/

 

 Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 170200323 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

“1,2. Д.Д-ын биед тархи доргилт, хөмсөгт шарх, зовхинд цус хурсан зөөлөн эдийн  гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Тархи доргилт, хөмсөгний шарх, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэжээ /хх-ийн 45/

 Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 170200322 дугаартай шинжээчийн  дүгнэлтэд

“1. А.Н-ийн биед тархи доргилт, дух, зовхинд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрх гэмтэл нь зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэжээ /хх-ийн 47/

 

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 170200321 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

“1. Э.Д-ийн биед хүзүүний 5-р /С5/ нугалмын их бие сагитал тэнхлэгийн шахагдсан хугарал, хугарлын улмаас нугалмын ар хана нугасны сувагруу 0.5 сантиметр орчим түрж орсон. Хүзүүний 5-р нугалмын арын нееврал арк хоёрлосон хугарал, баруун талын суудал ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, толгойн орой хэсгийн шарх, нүдний эвэрлэгт цус харвалт, зовхинд цус хурсан, тохой орчимд зулгарсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хүзүүний 5-р нугалмын хугарал, талын суудал ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, толгойн орой хэсгийн шарх, нүдний эвэрлэг цус харвалт, зовхинд цус хурсан, тохой орчимд зулгарсан гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

4. Зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэжээ /хх-ийн 49-50/

 

Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 170100336  дугаартай шинжээчийн  дүгнэлтэд

“1. Ирүүлсэн материалд П.Б-ын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 55/

 

 Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 170200324  дугаартай шинжээчийн  дүгнэлтэд

“1. Б.Э-ын биед баруун талын 5-р хавирга өвчүүний холбоос салсан, духанд зулгарсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 5-р хавирга өвчүүний холбоос салсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Духанд зулгарсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй

4. Дээрх гэмтэл нь  зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэжээ /хх-ийн 4-ийн 43/

 

 Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 170200324  дугаартай шинжээчийн дүгнэлтэд

“1. Нэмэлтээр ирүүлсэн  материалд Б.Э-ын биед нурууны 7-р нугалмын урд ирмэг сэлтэрч хугарсан, өвчүү ясны гадна ялтас дайрсан зөрүүгүй хугарсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Нурууны 7-р нугалмын урд ирмэг сэлтэрч хугарсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Өвчүү ясны гадна ялтас дайрсан зөрүүгүй хугарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 57/

 

- Дундговь аймгийн Авто тээврийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн техникийн дүгнэлтэд

“2999 УНУ улсын дугаартай “ланд 200” маркийн тээврийн хэрэгсэл нь 2017 оны 5 дугаар сарын 10-нд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Автотээврийн төвд техникийн

 

 

 

 

 

 

 

хяналтын үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Ослын улмаас зүүн гар талын крыло дотогш цөмөрсөн, зүүн гар талын толь хугарсан, зүүн гар талын 2 дугуй хагарсан, копут цөмөрч гажсан, урд буфер хагарч унжсан, урд их гэрлүүд хагарч бутарсан, нүүр хагарсан, салхины шил хагарсан, ачмаг хэмхэрч жаажийсан, баруун гар талын крыло дотогш цөмөрч хуниралдсан, толь хагарсан, баруун гар талын урд хаалга цөмөрсөн, хойд хаалганы шил хагарч гажсан, зүүн хойд талын гэрлүүд бүгд хагарсан, хойд буфер хагарч бутарч унасан, моторын хамгаалалт бүгд ойчсон, зүүн хойд талын дугуй хагарсан, зүүн хойд талын хэсэг дотогш цөмөрч заалны шил хагарсан, зүүн талын 2 хаалга цөмөрч гажсан хаагдаж нээгдэхгүй болсон, аваарын дэрнүүд бүгд ажилласан, салоны хэсэг салж ойчсон, аккумлятор хагарсан, хөдөлгүүрийн лаф тасарч хөдөлгүүр хажуу тийш гүйсэн зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ.  2999 УНУ улсын дугаартай “ланд 200” маркийн тээврийн хэрэгсэл нь асахгүй хөдөлгөөнд оролцох боломжгүй тул тормозыг шалгах боломжгүй байна. Осол гарахад тухайн тээврийн хэрэгслийн ямар нэгэн эвдрэл гэмтэл нөлөөлөөгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь хальтиргаатай зам дээр хальтирсаны улмаас баруун гар тийш замын хөвөөн өндөр далангаас ниссэн байдалтай онхолдож урд хэсгээрээ эхэлж газар мөргөсөн байх талтай. Хэдэн километр цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ /хх-ийн 67/

 

- “Тэгш сонголт эстимэйт” ХХК-ний 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 62 дугаартай хохирлын үнэлгээнд “шууд зардал 2000000 төгрөг, шууд бус зардал 33470000 төгрөг, нийт 35470000 төгрөг” гэжээ.

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

              - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/

              - Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9/

              - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84/

- 2999 УНУ улсын дугаартай “ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 108/

- Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 109/

- Хохирлын баримтууд /хх-ийн 128-165/  зэрэг болно.

 

Дээр дурдсан баримтуудаар шүүгдэгч В.Б 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутагт 2999 УНУ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэххhхх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан Д.Д, А.Н, П.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Э.Д, Б.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн  үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтдаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэлээр дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан ч мэдээгүй гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна.

   Уг гэмт хэргийн улмаас Д.Д, А.Н, П.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол /хх 45, 47, 55/ учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжгүй боловч холбогдох иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч А.Н “тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 35470000, Д.Д болон өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын эмчилгээний зардал 6463000, хохирогч Э.Д-ийн эмчилгээний зардалд төлсөн 1200000 төгрөг, нийт 43133000 төгрөг нэхэмжилнэ” гэж холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн ба шүүхэд гаргасан тайлбартаа “би В.Б-т жолоо барихыг зөвшөөрсөн” гэж мэдүүлж байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “… тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй”, 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд …2999 УНУ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол Нарны замын гудамж … тоотод оршин суух А.Н бөгөөд /хх-ийн 108/ уг тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шүүгдэгч В.Б-т шилжүүлсэн болох нь А.Н-ийн мэдүүлгээр тогтоогдож байх учир шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар гэм хор арилгах үүрэг бүхий этгээд, уг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээс эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 35470000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч Э.Д-ээс сэтгэл санааны хохирол 5000000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогчийн сэтгэл санааны хохирлын хэмжээг нотолсон баримтгүй, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид энэ төрлийн хохирлыг хэрхэн тооцох зохицуулалт байхгүй тул уг  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч В.Б-с нийт 1352000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Д-д 1135000 төгрөг, хохирогч Д.Э-т 150000 төгрөг, П.Б-т 67000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулахаар хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогч нарт дээрх хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн хохирогч Д.Д, иргэний нэхэмжлэгч А.Н нар өөрт учирсан эрүүл мэндийн хохирол 6463000 төгрөгтэй холбогдох хэсэг, иргэний нэхэмжлэгч А.Н хохиролд тооцож бусдад өгсөн гэх 1200000 төгрөг, хохирогч Э.Д байрны түрээсийн төлбөртэй холбогдох хэсгээ нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.Б-с нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч В.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт эрх хасах нэмэгдэл ял оногдуулах хуулийн заалтгүй тул хэрэгт хураагдсан шүүгдэгчийн “BCE” ангиллын 367287 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болмогц В.Б-т буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  В.Б-т Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

                                                                                                                               

Шүүгдэгч В.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн В.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Б-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

                                            

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

4. Шүүгдэгч В.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч В.Б-ийн “BCE” ангиллын 367287 дугаартай жолоочийн түр зөвшөөрлийг шүүгдэгч В.Б-т эргүүлэн олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч А.Н-ийн нэхэмжилсэн 35470000 /гучин таван сая дөрвөн зуун далан мянга/төгрөг, мөн хохирогч Э.Д-ийн сэтгэл санааны хохирол 5000000 /таван сая/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Д, А.Н нар өөрт учирсан эрүүл мэндийн хохирол 6463000 төгрөгтэй холбогдох хэсэг, иргэний нэхэмжлэгч А.Н хохиролд тооцож бусдад өгсөн гэх 1200000 төгрөг, хохирогч Э.Д байрны түрээсийн төлбөртэй холбогдох хэсгээ нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч В.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.        

      

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.О