Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

 

Д.Энхбаясгалан, М.Соёл-Эрдэнэ,

Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам,

Д.Баярмагнай, Д.Ганзориг, Д.Энхтайван,

Т.Ууганбаатар, Т.Батням нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ

Цагаатгагдсан этгээд Д.Энхбаясгалан, М.Соёл-Эрдэнэ, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Д.Баярмагнай, Д.Ганзориг, Д.Энхтайван, Т.Ууганбаатар, Т.Батням       

Цагаатгагдсан өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Гомбо, Ч.Булган, Г.Буянбадрал Г.Ганбадрах, Д.Цагаандарь, Г.Орхон /цахим/

          Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын прокурор Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан эсэргүүцлээр Д.Энхбаясгалан, М.Соёл-Эрдэнэ, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Д.Баярмагнай, Д.Ганзориг, Д.Энхтайван, Т.Ууганбаатар, Т.Батням нарт холбогдох 2202000000452 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Жинчин овогт Минжийн Соёл-Эрдэнэ,1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг Нисэхийн Буман залуус хорооллын 201-21 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

2. Монгол Улсын иргэн, Цорос овогт Батнямын Оргил, 1998 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 315-125 тоотод оршин хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

3. Монгол Улсын иргэн, Онгдоо овогт Баатаржаргалын Отгонсүрэн, 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Хонгор сум дахь Экологийн асуудал хариуцсан байцаагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 13-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

4. Монгол Улсын иргэн, Барнууд овогт Батсүхийн Зам, 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Ажилчин 8 дугаар дамжны 77 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

5. Монгол Улсын иргэн, Хорилдой овогт Төмөрийн Батням, 1981 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 11-7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

6. Монгол Улсын иргэн, Арт овогт Төрмөнхийн Ууганбаатар, 1982 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17/1-65 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

7. Монгол Улсын иргэн, Ижрэг овогт Дэлгэрийн Баярмагнай, 1976 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Очир хотхоны 78-503 тоотод шин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

8. Монгол Улсын иргэн, Олхонууд овогт Даваасамбуугийн Ганзориг, 1977 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг 7-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

9. Монгол Улсын иргэн, Таван хонгор овогт Дамбийжанцаны Энхтайван, 1980 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга ажилтай байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Согоотын 63 дугаар гудамжны 844 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

10. Монгол Улсын иргэн, Баяуд овогт Доржийн Энхбаясгалан, 1995 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хорооллын 42-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч М.Соёл-Эрдэнийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэн явах үед тээврийн хэрэгслийг түр саатуулсан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Бат-Оргилд өөрийн үйлдлийг хууль ёсны дагуу шалгуулахаас зайлсхийх зорилгоор 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг өгөхийг хүсэж хахууль өгөхийг завдсан,

шүүгдэгч Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Т.Батням, Т.Ууганбаатар, Д.Баярмагнай, Д.Ганзориг нарыг үйлдлээрээ нэгдэж бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М.Соёл-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэн явсан үйлдлийг цагдаагийн газрын гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээлэлд оруулан шалгалгүйгээр явуулж М.Соёл-Эрдэнэд давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Д.Ганзориг, Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нар нь бүлэглэн албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Гомбожавын Эрдэнэбатын 2022 оны 06 дугаар сарын 21-нд 13 цагийн үед Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Мөнгөн хөөс” авто угаалгын газрын орчим албаны Мицибущи маркийн 27-85 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг хуульд заасны дагуу шалгуулж, хариуцлага тооцуулахгүйгээр явуулж, зөрчил гаргагч Г.Эрдэнэбатад хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: М.Соёл-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, Д.Энхбаясгалан,  Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Д.Баярмагнай, Д.Ганзориг, Д.Энхтайван, Т.Ууганбаатар, Т.Батням нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Соёл-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баярмагнай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ууганбаатар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2,2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганзориг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зам, Т.Батням, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оргил, Б.Отгонсүрэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Энхтайван, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Энхбаясгалан нарт холбогдох эрүүгийн 2202000000452 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Соёл-Эрдэнэ, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Т.Батням, Т.Ууганбаатар, Д.Баярмагнай, Д.Ганзориг, Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Соёл-Эрдэнэ, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Т.Батням, Т.Ууганбаатар, Д.Баярмагнай, Д.Ганзориг, Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нарт холбогдох 2202000000452 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч М.Соёл-Эрдэнэ, Д.Баярмагнай нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Ганзоригт авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Т.Батням, Т.Ууганбаатар, Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1346 дугаартай зөвшөөрлөөр М.Соёл-Эрдэнийн эзэмшлийн 99-90 УЧ улсын дугаартай чиргүүлийн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1343 дугаартай зөвшөөрлөөр М.Соёл-Эрдэнийн эзэмшлийн Mercedens benz маркийн Асtros 963-4-А загварын зүтгүүр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож,

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ураагдан ирсэн 3 ширхэг СД бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын прокурор Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нар эсэргүүцэлдээ:

... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Ууганбаатар, Д.Ганзориг, Т.Батням, Б.Зам, Б.Оргил, Б.Отгонсүрэн нар нь нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн байна.

Дээрх нийтийн албан тушаалтнуудын М.Соёл-Эрдэнийн гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал тээвэрлэж явсан үйлдлийг холбогдох хууль, журмын дагуу бүртгэж шалгахгүйгээр явуулж байгаа үйлдлийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзнэ.,.” гэж цагаатгах тогтоолд дурдсан атлаа шүүгдэгч Т.Ууганбаатар, Д.Ганзориг, Т.Батням, Б.Зам, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Д.Баярмагнай нарын үйлдлээс М.Соёл-Эрдэнэд давуу байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй, эдгээр шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн “бусдад давуу байдал бий болгосон” гэх шинж тогтоогдохгүй байна...” гэх дүгнэсэн нь ойлгомжгүй буюу шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлд хамаарч байна.

Мөн шүүгдэгч Т.Ууганбаатар, Д.Ганзориг, Т.Батням, Б.Зам, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Д.Баярмагнай нарын үйлдлийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан боловч тухайн үйлдлийн улмаас бусдад давуу байдал бий болгоогүй гэж хоёр өөр дүгнэлт хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэсэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Соёл-Эрдэнэд давуу байдал бий болгох зорилгоор буюу бүгд ижил санаа зорилгоор нэгдэн мод модон материал тээвэрлэж явсан М.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийлгүйгээр явуулсан гэж дүгнэсэн атлаа гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал тээвэрлэсэн эх үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй, ямар нэгэн эрх зүйн зөрчилд тооцогдохгүй гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь мөн л учир дутагдалтай байна.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын 19 дүгээр үйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.

Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

Шүүгдэгч М.Соёл-Эрдэнэ нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 9990 УЧ улсын дугаартай чиргүүлтэй, Mercedes benz Actros 963-4-А загварын тээврийн хэрэгслээр зохих журмын дагуу бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээтэй эсэх нь тодорхойгүй модон материал тээвэрлэн явсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын хоорондоо утсаар ярьсан үйлдлийн улмаас тухайн үйлдлийг тухайн цаг хугацаанд нь зохих бүртгэлд оруулан шалгуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болохыг тогтоолгохгүйгээр буюу хууль ёсны ажиллагаа явуулахгүйгээр явуулсан үйлдэл нь бусад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг хангаж байна үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Соёл-Эрдэнийн талаар эрх бүхий албан тушаалтнууд нь хоорондоо ярилцаагүй байсан бол бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан иргэдийн адил тухайн цаг хугацаандаа зохих бүртгэлд бүртгүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгуулах ёстой байхад өөрийн танил, бусдын албан тушаалын байдлыг ашиглан тухайн цаг хугацаандаа шалгуулахгүйгээр явж өөртөө давуу байдал олж авсан, харин Т.Ууганбаатар, Д.Ганзориг, Т.Батням, Б.Зам, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Д.Баярмагнай нар нь шалгуулахгүй явуулах үүрэг өгснөөрөө бусдад давуу байдал олгосон байна.

Авлигын гэмт хэргийн шинж нь гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдаг онцлогтой бөгөөд албан тушаалтнууд нь алагчлал, ялгаварлал гаргаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ижил тэгш, шударгаар шалгуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эсхүл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах процессыг алдагдуулж М.Соёл-Эрдэнийг явуулсан нь давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч М.Соёл-Эрдэнийн 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг өгье гэж Ц.Бат-Оргилд хэлсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй байна гэснийг шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж эсэргүүцэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл...амласан, санал болгосон..." гэж тусгасан буюу өөртөө давуу байдал бий болгохоор зорилгоор бусдад эд зүйл, мөнгө, хөрөнгө санал болгож хэлснээр энэ гэмт хэргийн шинж хангагдах юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн байгууллагын албан хаагч Ц.Бат-Оргил нь өөрт нь хахууль өгөхөөр санал болгосон талаар шууд мэдүүлдэг бөгөөд гэрч Ц.Бат-Оргил, шүүгдэгч М.Соёл-Эрдэнэ нарын дунд урьдын өш хонзон, өр авлагын асуудал байхгүй, гэрч Ц.Бат-Оргил нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал, мэдүүлэх, гүтгэх талаар санаа зорилго агуулаагүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд шүүх үүнийг үгүйсгээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч М.Соёл-Эрдэнэд тухайн санал болгосон мөнгө нь байсан эсэхийг тогтоогоогүй байна гэж дүгнэсэн, Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу М.Соёл-Эрдэнийн харилцах банкны дансны хуулгаар, шүүгдэгч нь тус санал болгосон мөнгийг өгөх боломжтой, санхүүгийн чадвартай болох нь тогтоогдсоныг шүүх үнэлээгүй зөвхөн тухайн цаг хугацаанд шүүгдэгчийн биед болон тээврийн хэрэгсэлд мөнгө нь бэлнээр байх ёстой, түүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлэн нотлох зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ.

Шүүгдэгч М.Соёл-Эрдэнийн хахууль санал болгосон үйлдлийг хойшлуулшгүй ажиллагаагаар илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй тул цагаатгах тогтоолд дурдсан мөнгө байсан эсэхийг тогтоох боломжгүй ажиллагаа бөгөөд хэрэгт хувийн ашиг сонирхолгүйгээр өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой.

Дархан-Уул  аймгийн “Дархан ус суваг" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Г.Эрдэнэбатын согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсон зөрчлийг хуульд заасны дагуу шалгуулж, хариуцлага тооцуулахгүйгээр явуулж, зөрчил гаргагч Г.Эрдэнэбатад хууль бус давуу байдал бий болгосон гэх шүүгдэгч Д.Ганзориг, Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нарт холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ганзориг, Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нар нь иргэн Г.Эрдэнэбатын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг хуульд заасны дагуу шалгуулж, хариуцлага тооцуулахгүйгээр явуулж, Г.Эрдэнэбатад давуу байдал бий болгосон үйл баримт хангалттай тогтоогддог. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэсэн үйл баримт тогтоогдсон.

Гэвч шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Энхтайван нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт байгаагүй, гэрчийн мэдүүлэг өгсөн Ч.Батзориг нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан “Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх хуваарь” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдаагүй бичгийн нотлох баримтуудыг гарган, шинжлэн судалсан бөгөөд тухайн баримтуудаар Г.Эрдэнэбатад 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байдаг. Улсын яллагчийн зүгээс гэрчүүдийн мэдүүлснээр 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн ч шүүх хуралдаанаар 06 дугаар сарын 23-ны өдөр тухайн үйл явдал болсныг хүлээн зөвшөөрсөн болно. Гэмт хэрэг гарсан, үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх тухайн өдөр болоогүй нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжтой буюу шүүхээс өдрийг залруулан шийдвэрлэх эрх хэмжээтэй байхад бусад нотлох баримтуудыг бүтнээр нь үгүйсгэж шийдвэрлэсэн нь буруу байна.

Дархан:Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/381 дугаартай цагаатгах тогтоолд хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг дурдаагүй, шүүх хуралдаанд улсын яллагч нарын гаргасан дүгнэлтийг бүхэлд нь няцаасан хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан “Шүүхийн цагаатгах тогтоол”-д тусгах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/381 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Д.Ганзориг, М.Соёл-Эрдэнэ нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням ирүүлсэн тайлбартаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянах, нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй. Гэтэл миний үйлчлүүлэгч М.Соёл-Эрдэнэд холбогдох хэргийг зөвхөн нэг гэрчийн мэдүүлэгт үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд “гэрч Ц.Бат-Оргил болон М.Соёл-Эрдэнэ нарын дунд урьдын өш хонзон, өр авлагын асуудал байхгүй, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэх, худал мэдүүлэх санаа зорилго агуулаагүй” гэж, мөн шүүгдэгчийн хувийн байдлаа нотлох зорилгоор өгсөн хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулж, орлого олдог талаарх баримтыг /яллах дүгнэлтэд нотлох баримтаар тусгагдаагүй/ шүүх хуралдааны шатанд “М.Соёл-Эрдэнэ ажил хийдэг. мөнгө олдог учраас авлига өгөх гэсэн мөнгө нь өөрт нь байсан” гэх хэт яллах талыг баримталсан, хийсвэр субьектив дүгнэлтийг хийж, өөрийн хийсвэр дүгнэлтэд тулгуурлан, гэрчийн мэдүүлэг 100 хувь үнэн бодитой байх ёстой гэж үзэж, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж бай.гааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Цагаатгагдсан этгээд Д.Ганзоригт холбогдох согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд давуу байдал бий болгосон гэх хэргийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 Дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2- т яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “яллаж байгаа хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэдэг. Гэтэл улсын яллагч нар нь шүүх хуралдаанд яллах дүгнэлтээ уншиж сонсгож, холбогдогч нараас тайлбар авч, гэрчийг асууж, нотлох баримтыг шинжлэн судалсны дараа буюу шүүхийн хэлэлцүүлгийн явагдаж дууссаны дараа дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Д.Ганзориг, Д.Энхтайван, Д.Энхбаясгалан нар нь 2022.06.21- ний өдөр биш, 2022.06.23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байна гэх дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй. Хэргийн бодит байдлыг тогтоох, ач холбогдолтой нөхцөл байдлуудыг эргэлзээгүйгээр тогтоох үүрэгтэй мөрдөгч, прокурор нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт холбогдсон Д.Энхтайванг гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Дархан-Уул аймагт байсан эсэхийг ч шалгаагүй, энэ үйлдэлтэй холбогдуулж, миний үйлчлүүлэгч Д.Ганзоригоос нэг ч удаа мэдүүлэг тайлбар аваагүй байдаг.

Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 2022.06.21-ний өдөр, эсхүл прокурорын эсэргүүцэлд дурдагдаад байгаа 2022.06.23-ны өдөр гэх өдрүүдийн алинд нь ч гэрч Г.Эрдэнэбат гэх этгээд нь миний үйлчлүүлэгч Д.Ганзоригтой утсаар ярьсан үйл баримт тогтоогдоогүй, миний үйлчлүүлэгч Д.Ганзориг нь шүүгдэгч Д.Энхтайвантай, эсхүл Д.Энхбаясгалантай утсаар ярьсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд тухайн гэрч Г.Эрдэнэбат нь анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож мэдүүлэг өгөхдөө миний үйлчлүүлэгч Д.Ганзоригтой утсаар ярьсан зүйл байхгүй гэдгээ мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Прокурорын эсэргүүцэлд гэмт  хэрэг  гарсан цаг хугацааны тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр 2022.06.21-ний өдөр үйлдэгдсэн гэсэн үйл баримт тогтоогдсон. ... гэвч шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Энхтайван нотлох баримтууд нэмж гаргасан ... нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд тухайн баримтуудаар Г.Эрдэнэбатад 2022.06.23-ны өдөр давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байдаг. Улсын яллагчийн зүгээс ... шуух хуралдаанаар 06.23-ны өдөр тухайн гэмт хэрэг уйл явдал болсныг зөвшөөрсөн болно” гэх тайлбарыг гаргаж байгаа нь илтэд үндэслэлгүй юм. Учир нь хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлох, тогтоох үүрэгтэй прокурор өөрөө 2022.06.21-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байна гэж нэр бүхий этгээдүүдийг яллагдагчаар татан шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлчхээд, шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа өөр өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах эрх прокурорт байхгүй юм.

Нөгөө талаар цагаатгагдсан этгээд Д.Энхтайвангаас гаргаж өгсөн 2022.06.21- ний өдөр Улаанбаатар хотод Дуатлоны тэмцээнд оролцож байсан талаарх баримт болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ажлын хуваарь зэрэг баримтууд нь тухайн этгээдийн хувийн байдлыг нотолсноос гадна мөрдөгч, прокурор хуульд заасан ажил үүргээ ямар дутуу хийж гүйцэтгэж байгаа, бусдыг хэрхэн гэмт хэрэг үйлдсэн мэтээр хууль бусаар буруутгаж байгааг тодоор харуулсан гэж үзэхээр байна.

Цагаатгагдсан этгээд Д.Ганзоригт холбогдох тээврийн хэрэгслийг саатуулахгүй байх хууль бус үүрэг чиглэл өгч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийн талаар:

Миний үйлчлүүлэгч Д.Ганзориг нь тус хэргийн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн 2022.11.08-ны өдөр Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Ууганбаатар нь өөрийн гар утсаар холбогдож, тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагч нь бичиг баримттай, зөрчилгүй тээврийн хэрэгслийг хууль бусаар саатуулж, иргэдэд чирэгдэл учруулж байж болзошгүй гэх талаар мэдээлэл хүлээн авсан, энэ мэдээллийн дагуу холбогдох асуудлыг шалгаж, шийдвэрлэх үүргийг тухайн цаг хугацаанд хамт хуралдаанд сууж байсан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Т.Батням өгсөн гэх талаараа мэдүүлсэн байдаг.

Энэ ч эрүүгийн 2202000000452 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн Т.Ууганбаатар, Т.Батням нарын мэдүүлэгтэй зөрүүгүй тохирдог. Мөн шүүхийн шийдвэрт “... Д.Ганзориг нь Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга, Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Т.Батнямд “Буурал хангайн пост”-д тээврийн хэрэгсэл саатуулагдсан гэх асуудлыг шалгаж тодруулах үүрэг өгсөнгэх үйл баримт тогтоогдож байгаа талаар Шийтгэх тогтоолын 23 дугаар тал 2 дахь догол мөр хэсэгт тусгасан байгаа нь миний үйлчлүүлэгч Д.Ганзоригийн үйлдэлд хэн нэгэнд давуу байдал бий болгох, ямар нэгэн хууль бус үүрэг чиглэл өгсөн, хууль бус үүрэг биелүүлэхийг шаардсан гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.18-ны өдрийн №221/МА2023/0466 дугаартай Магадлалаар М.Соёл-Эрдэнийн гомдолтой захиргааны хэргийн тухай хянан шийдвэрлээд зөрчлийн шийтгэвэр ногдуулсан нь үндэслэлгүй, модыг хураан авсан нь үндэслэлгүй байна гэх шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Өөрөөр хэлбэл жолооч анхнаасаа ямар нэгэн хууль, дүрэм зөрчөөгүй байсан болох нь тогтоогдсон байхад гэмт хэрэг зөрчИл гаргаагүй этгээдийг шалгахгүй явуулсан гэж цагдаагийн байгууллагын алба хаагчдыг буруутгаж, гэмт хэрэг зөрчил гаргаагүйнхээ төлөө шалгуулаагүй байдлыг өөртөө давуу байдал олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Гэтэл хууль ёсны шийдвэр үйл ажиллагааныхаа төлөө эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нь мөрдөгч, прокурор хэт яллах талыг барьж, хэргийн үйл баримтыг бүрэн бодитой хянан шалгах, нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.24-ний өдрийн №2023/ШЦТ/381 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

/Жич: Өмгөөлөгч Ц.Дэлгэрням би 2024.01.10-ны өдөр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон шүүх хуралдаанд цахимаар оролцох тул шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжоор хангаж өгнө үү/ гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд М.Соёл-Эрдэнэ, Д.Ганзориг нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.Энхтайван, Д.Баярмагнай нарын өмгөөлөгч Г.Буянбадрал тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Б.Замын өмгөөлөгч Ч.Булган тайлбартаа: Миний үйлчлүүлэгч гэмт хэргийн хамжигч биш. Хамжигч гэж урьдчилан амлаж байж санаатайгаар үйлдсэнийг хэлдэг. Б.Замын хувьд хамжигчийн үүрэг гүйцэтгээгүй. Хоёрдугаарт давуу байдал олгосон гэдэг нь тогтоогдоогүй. Ачиж явсан мод нь зөрчилгүй байсан. М.Соёл-Эрдэнэд давуу байдал олгоогүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Дархан-Уул аймгийн орлогч прокурор Д.Батмөнх гэрчээр мэдүүлэг өгсөн. Надад “цагдаагийн дэд дарга, аймгийн орлогч прокурор дамжуулж байна” гэдгийг хэлсэн. Д.Батмөнхийн хувьд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хуулийн хүрээнд шалгах. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хянах бүрэн эрхтэй. Гэтэл Д.Батмөнх прокурор адил хэмжээнд оролцсон байхад яллагдагчаар татаагүй юм. Иймд Д.Батмөнх гэм буруугүй байсан гэсэн үг. Д.Батмөнх гэм буруугүй бол энэ хүмүүс мөн адил гэм буруугүй гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Б.Оргил, Б.Отгонсүрэн нарын өмгөөлөгч Э.Гомбо тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан учир хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.Ганзоригийн өмгөөлөгч Д.Цагаандарь тайлбартаа: Анхан шатны шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслээд цагаатгасан нь хууль ёсны байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Т.Батнямын өмгөөлөгч Г.Ганбадрах тайлбартаа: Эрүүгийн хуульд тухайн гэмт хэргийг заасан байх ёстой. Гэмт хэргийн 4 үндсэн шинж хавтаст хэрэг дотор байгаа цагаатгагдсан этгээдүүдийн мэдүүлгээр холбогдох нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Т.Ууганбаатарын өмгөөлөгч Г.Орхон тайлбартаа: Замын цагдаагийн алба хаагч нар хуучирсан өгөрсөн модыг тээвэрлэж явсан тэр хүнийг зогсоож саатуулахгүйгээр бичиг баримтаа харуул гэж, модыг нь буулгуулж, өөрөөр хэлбэл энэ хүнийг шалгахгүй явуул гэсэн бол модтой нь явуулах ёстой. Гэтэл огт тэгээгүй. Модыг нь буулгуулж, бичиг баримтыг нь харъя, үзье гэсэн асуудал тавьсан байгаа. Энд эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн ямар ч баримтгүй. Анхан шатны шүүх зөв дүгнэж шийдвэрлэсэн. Ийм учир анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нар дүгнэлтдээ:

Өмгөөлөгч нарын зүгээс цагаатгагдсан этгээдүүдийн гэмт хэргийн санаа зорилго гэмт хэргийг хэрэгжүүлсэн шинж буюу хоорондоо утсаар ярихдаа ямар үйл баримт ярьсан нь тогтоогддоггүй гэж ярилаа. Гэхдээ цагаатгах тогтоол үндэслэлтэй гэж тайлбарлалаа. Гэвч цагаатгах тогтоолыг үзэх юм бол 22 дугаар хуудсанд шүүх өөрөө дүгнэсэн байгаа. Дүгнэхдээ Д.Баярмагнай нь Дархан-Уул аймагт саатуулагдсан М.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгслийг шалгуулахгүй зорилгоор Т.Ууганбаатар руу ярьсан. Т.Ууганбаатар нь мөн адил зорилгоор Д.Ганзориг руу ярьсан. Д.Ганзориг нь М.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгслийг шалгуулахгүй явуулах үүргийг Т.Батнямд өгсөн. Т.Батнямаас Б.Замд өгсөн. Б.Замаас Б.Оргил, Б.Отгонсүрэн нарт өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж цагаатгах тогтоол дээр дүгнэсэн. Гэтэл өмгөөлөгч нарын зүгээс ийм үйл баримт болоогүй гэж хэлсэн мөртөө энэ дүгнэсэн байгаа дүгнэлтийг үндэслэлтэй цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэр дурдагдсан шүүгдэгч нар нь бүгд нэг ижил санаа зорилгоор нэгдэн мод модон материал тээвэрлэж явсан М.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийлгэхгүйгээр явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч нарын хоорондоо ярьсан яриа тэдний санаа зорилго шалгуулахгүйгээр явуулах зорилго байсан байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл өмгөөлөгч нар тийм үйл явдал болоогүй гэж үзсэн мөртөө энэ дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээе гэж байгаа нь хоорондоо нийцэхгүй байна гэж үзэж байна. М.Соёл-Эрдэнийн мод модон материал тээвэрлэж явсан үйлдэл нь зөрчил биш гэдэг нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон. Гэмт хэрэг биш гэдэг нь Нийслэлийн прокурор Ч.Батзоригийн хэрэг бүртгэлийг хаах тогтоолоор тодорхойлогдсон байна. Улсын яллагч нарын зүгээс хууль журамд заасны дагуу сэжигтэй гэж үзсэн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх болон эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. Энэхүү ажиллагааг явуулж байгаа нь давуу байдал гэж үзэж байгаа юм. Өмгөөлөгч нарын гэмт хэрэг, зөрчил биш гэж үзэж байгаа нь өөрөө тодорхой ажиллагаа хийгдээд түүнийг шийдвэрлэх субъектүүд нь адилхан шийдвэр гаргасан. Прокурорын зүгээс хаах шийдвэр гаргалаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдлаа. Захиргааны хэргийн магадлал ч гэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр шийтгэл оногдуулсан. Үүнд гаргасан гомдлыг дахин хэлэлцэж үзээд зөрчил биш юм байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдаж эцсийн шийдвэр гарсан байдаг. Гэтэл энэхүү ажиллагааг явуулахгүйгээр тухайн үед явуулсан байгаа нь хуулийн өмнө эрх тэгш байх ёстой зарчим алдагдсан байна. Энэ нь өөрөө давуу байдал олгосон байна гэж үзэж байна. Гэрч Г.Эрдэнэбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй. Тухайн үед журмын дагуу шалгаагүй. Драйгер үлээлгээгүй, цуснаас дээж аваагүй. Тэрийг яаж илрүүлж тогтоох юм бэ тухайн үед цагдаагийн алба хаагч яв гээд явуулчхаж байгаа юм чинь тэрийг шалгах ямар боломж байсан юм. Энэ үйл баримтыг хийж гүйцэтгэх боломжийг олгоогүй нь давуу байдал олгосон гэж байгаа болохоос биш. Энэ хүн тухайн үед шалгуулсныг нь бид нар гэмт хэрэг гэж үзээгүй. Дээрээс нь гэрч Г.Эрдэнэбатыг шүүхэд дуудсан, мэдүүлэг өгөх чадвартай байсан эсэх нь тодорхойгүй байсан гэж яриад байна. Гэрч Г.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг авсан. Тус мэдүүлэгт Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ганзоригтой ярьсан юм гэдгийг гэрч Г.Эрдэнэбат нь хэлдэг. Үүнтэй холбогдуулаад Д.Энхбаясгалан ч гэсэн мэдүүлдэг. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар гэрч Б.Төрмөнхийн утсан дээрх бичлэгийг хавтас хэрэгт хавсаргасан. Шүүх хуралдааны явцад бичлэгийг шинжлэн судлахад илтэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэдэг нь харагддаг. Дээрээс нь цагаатгагдсан этгээд Д.Энхбаясгалан хэлдэг. Гэрч Г.Эрдэнэбатаас шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс асуулт асуухад тухайн болсон үйл явдлыг 2-3 удаа өөр байдлаар илэрхийлдэг. Өөрөө согтуу байсан юм гэж ярьдаг нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр авагдсан гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар өмгөөлөгч нар ярьж байна. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэгдэх ёстой. Шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд гэж яриад байна. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар болох цагаатгагдсан этгээд Д.Энхтайвангийн гаргаж өгсөн нотлох баримтаар 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул цаг хугацааны хувьд зөрүүтэй байна гэдэг нь тогтоогдсон. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтооно гэсэн үндэслэлийн хүрээнд энэхүү баримтаар 6 сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх магадлалтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүнийг шүүх хүлээж аваагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Энхтайвангийн өмгөөлөгч үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох боломжтой байсан боловч миний үйлчлүүлэгчээс мэдүүлэг авч тодруулаагүй нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг нь хааж боогдуулсан зөрчсөн байх үндэслэл тогтоогдсон нөхцөл байдалтай уялдуулж болно. Шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тодорхой үндэслэлээр эрхийг зөрчсөнөөр тодорхой ажиллагааг нэмж хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах зэргийг дүгнэж үзэлгүйгээр шүүх цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Цагаатгах тогтоол маань хуульд заасан үндэслэл журмыг хангаагүй. Хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Тусгайлан судлуулах нотлох баримт байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд М.Энхбаясгалан тайлбартаа:

Миний хувьд албан үүргээ зөрчиж бусдад давуу байдал олгоход хамтарч оролцсон зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байгаа учир прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.Баярмагнай тайлбартаа:

Би авлига албан тушаалын гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болоод шалгагдаж байгаад гайхаж байна. Аливаа гэмт хэргийн субьектив санаа зорилго бол үйлдэгдсэн нөхцөл байдал, эрх бүхий албан тушаалтан, улсын яллагч нар анхнаасаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолдоо үндэслэл бүхий нотлох баримт тогтоогдсон тохиолдолд хүн хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ёстой. Гэтэл анхнаасаа яллагдагчаар татсан тогтоол нь үндэслэл маш тааруу, маш бүрхэг зүйлээр татсан. Анх татахад нь би энэ албан тушаалтнуудад нь хэлж байсан. Та нар яагаад гүйцэт шалгаагүй, нотлогдоогүй юман дээр хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаа юм бэ. Дараа нь ямар нэгэн асуудалд орно шүү болохгүй шүү, сайтар нягталж үзээч ээ, болдоггүй юм уу гэдгийг анхнаасаа хэлж байсан. Яллах дүгнэлтэд миний гэмт үйлдэл, сэдэл санаа зорилгын талаар хууль зүйн үндэслэл тайлбар байхгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч надаас асууж тайлбар аваагүй. Би өөрөө босож надаас тэр талаар асуугаач ээ би ямар байдлаар гэмт хэргийн хамтран оролцогч болоод байгаа юм бэ. Би хатгагч юм бол яаж хатгасан юм. Ямар идэвхтэй үйлдэл хийсэн юм. Би Т.Ууганбаатар гэдэг хүнийг хатгасан, ятгасан, шахсан, хавчсан, залилсан, итгэл төрүүлсэн ямар идэвхтэй үйлдэл гаргасан юм бэ. Хатгагч гэдгийн тайлбарласан нь Нарангэрэл багшийн тайлбар дээр ч байдаг. Хатгагч гэдэг үг чинь өөрөө юу юм. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдсэн этгээд хууль бус зүйл хийлгэхээр бусдыг хатгаж байгаа этгээдийг хатгаж, шахаж байгаа идэвхтэй үйлдэл биз дээ. Авлига албан тушаалын гэмт хэрэгт татан оролцуулах гэж байгаа бол энэ талынх нь нотлох баримтыг маш сайн нарийн шалгаж байж бид нарыг татан оролцуулах ёстой. Видео бичлэг дээр дурдагдаагүй зүйлийг гэрчийн мэдүүлэг дээр  Д.Ганзориг гэснийг үнэлж, бодит видео бичлэгээ үнэлэхгүй байна гэсэн нь юу гэсэн юм бэ. Ийм хоёр эргэлзээтэй баримт байхад нэгийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлж, нөгөөхийг нь үнэлэхгүй байна гэдэг нь байж болохгүй асуудал. Мөрдөгч нар бол иймэрхүү хачин юм хийж орж ирдэг. Үүнийг прокурор таслан зогсоож, яаж ийм баримтаар хүнийг яллах юм бэ гэж буцаагаад шидэж байх ёстой. Би үнэхээр гомдолтой байна. Би сэтгэл санаа болон бие мах бодиороо хохирч хорин килограмм турсан. Өнөөдрийг хүртэл эмнэлэгт очоод шинжилгээ өгье гэхээр хилийн хязгаар тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээгч хүчингүй болгодоггүй. Анхан шатны шүүх болчихсон. Давж заалдах шатны шүүх шинээр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан. Хаана хэзээ хийсэн үйлийн үр юм. Би монголын төрд хэзээ ч муу юм хийхийг хүсдэггүй хүн. Ингээд зогсож байгаадаа харамсаж байна. Намайг тээврийн хэрэгслийг шалгахгүйгээр явуулах зорилгоор миний дотоод итгэл үнэмшлийг тогтоохын тул бусад нотлох баримтаар нотолсон юм чинь хаана байгаа юм бэ. Би ярьсан. Ярьснаа хэлдэг. Ярьсан нь үнэн. Хэд хэдэн удаа над руу залгаад байсан. Энэ олон дуудлага дотор миний аваагүй дуудлага хүртэл бүртгэгдчихээд байгаа. Би сүүлдээ уурласан чи чинь одоо албатай юм шиг хүн рүү дахин дахин залгаад гэж уурласан. Энэ байдлаа нотолчхооч дээ. Бид нар үнэхээр үгсэн хуйвалдаад ийм юм хийдэг байсан бол хамаа алга. Авдаг ялаа аваад явъя. Би өөрийгөө шүгэл үлээсэн гэж хардаг. Буруу юм болоод байна энийг тодруулаад өгөөч гэсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээгээд байж байна. Хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь хуульчид бид нарын үүрэг хариуцлага гэж ойлгож байна. Эрхэм шүүгч нар үнэн зөвийг олж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Т.Ууганбаатар тайлбартаа:

Би анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй хуулийг нэг мөр хэрэглэж хуулийн хүрээнд зөв гарсан гэж үзэж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд нэг талыг бариад явчихсан асуудал байдаг. Бодит байдал дээр шүүгдэгчээр оролцож байгаа хүмүүс хоорондоо таньдаг байсан юм уу, урьд нь ярьж байсан юм уу гэдгийг шалгаад ч юм байхгүй. Нэг нэг удаа хоорондоо ярьсан байдаг. Намайг хууль бус үүрэг чиглэл өгсөн гэж яллаад байдаг. Анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ хангалттай биелүүлсэн. Би асуудлаар Баярмагнай гэж хүнтэй нэг удаа ярьсан. Ярихдаа модтой гэж яриагүй. Транзит дугаартай машин зогсоосон байна асуугаад өгөөч, удаж байгаа гэнээ гэсэн. Би тухайн үед хүмүүстэй уулзаад гадуур явж байсан. Ажлын бус цагаар. Би энэ хүмүүст ямар ч хууль бус чиглэл өгөөгүй. Анхан шатны шүүх дээр мэдүүлсэн мэдүүлгийг үндэслээд цагаатгах тогтоол гаргасан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Улсын яллагч нар цагаатгах тогтоолыг ойлгомжгүй, хууль зөрчиж гарсан гэж байгаа боловч би анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй болж чадаагүй учир эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.Ганзориг тайлбартаа:

Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Прокурорын эсэргүүцэл дээр алба хаагч нарт шалгуулахгүйгээр Д.Баярмагнай руу ярьсан. Цаашаа эрх мэдэлтэй албан тушаалтан руу ярьж, утсаар чиглэл өгч М.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхгүйгээр явуулж хууль ёсны төрийн ажлыг хийгээгүй давуу байдал бий болгосон гэдэг. Энэ хавтаст хэрэгт авагдсан материалд энэ талаар ярьсан. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан нотлох баримт байхгүй. Юу гэж алба хаагч нар бусдад давуу байдал олгосон гэж үзээд энэ олон алба хаагч нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж өнөөдрийг хүртэл ингэж явж байгааг ойлгохгүй байна. Ч.Батзориг прокурор анх танилцуулахдаа хэлж байсан. Аливаа гэмт хэргийн субьектив санаа зорилгыг тогтоосны үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг гэж танилцуулсан. Бид нарын хувьд бусдад давуу байдал олгохоор санаа, бодол, зорилгоороо нэгдэж, илтэд хатгагч, хамжигч болоод санаатай хийсэн үйлдэл энэ хэрэг дээр байхгүй. Өөрсдөө ч гэсэн прокурорууд мэдэж байгаа байх. Ч.Батзориг прокурор өөрөө модны асуудлыг шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр энэ асуудал өөрөө зөрчлийн хэрэг биш гэж зааж өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан хамгийн гол санаа зорилгыг тогтоогоогүй байж яллаж өнөөдрийг хүртэл явуулж байгаад туйлын гомдолтой байна.  Намайг Г.Эрдэнэбат гэж хүнд давуу байдал бий болгож алба хаагч нартаа үүрэг өгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд давуу байдал олгосон гэж энэ хэрэгт холбогдуулсан. Анхнаасаа энэ хэрэг дээр нэг ч мэдүүлэг аваагүй. Яллах дүгнэлттэй танилцаад энэ хэрэгт холбогдож явж байгаагаа мэдсэн. Д.Энхтайванаар дамжуулж үүрэг чиглэл өгсөн гээд байгаа. Тухайн өдөр Д.Энхтайван ч Дарханд байгаагүй. Б.Төрмөнхөөс гурван удаа, Д.Энхбаясгалангаас зургаан удаа гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Эдгээр мэдүүлгүүд өөр байгаа. Д.Ганзориг даргын утсыг асуусан гэж ярьж байгаа. Б.Төрмөнх анх тэр бичлэгийг хийхдээ Д.Энхбаясгалан цаанаас ирээд Г.Эрдэнэбаттай уулзаж байгаа. Г.Эрдэнэбатын утсаар ярьж байгаа нь хэлбэрийн төдий, хүнтэй утсаар яривал гар утсаараа дуудлага хийх ёстой. Манай алба хаагч нар анхан шатны шүүх хуралдаанд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар дарамт үзүүлсэн гэдэг. Спикер дээр нь тавиад ярьсан бол харагдах ёстой. Анхан шатны хэлэлцүүлэг дээр бүх зүйл тодорхой болсон. Хавтас хэрэг дээр миний алба хаагч нартай утсаар ярьж холбогдсон нэг ч удаагийн утасны билл холбогдох материал байхгүй. Хуулиа хүндэтгээд эцсийн шийдвэрийг нь гаргуулах гээд явж байна. Энд 7 алба хаагч нар байгаа. Үүний ард 22 хүүхэд байгаа. Залуучуудын ажиллах итгэл урам зоригийг нь мохоож болохгүй байх. Эрхэм шүүгч нар тунгаан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Т.Батням, М.Соёл-Эрдэнэ тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Д.Энхтайван тайлбартаа:

Прокурорын эсэргүүцэл дээр 6 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байдаг. Тэр үед нь ч би Дарханд байхгүй байсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж сүүлд нь 23-нд үйлдэгдсэн гэдэг. Би 23-ны өдөр Улаанбаатар хотод ээжийндээ байсан. Анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааг нягталж чадаагүй. Сонссоноо ярьсан гэрчийн мэдүүлгийг үндэслэж яллаж, хуулиа зөрчиж нягталж шалгаагүй. Сонссоноороо яллаж байгаа. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруутай этгээдүүдээс үйлдсэн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт буруу байна.

Шүүхийн дүгнэлт буруу болсноор гарсан шийдвэр нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ гэж давж заалдах шатны шүүхээс үзэж байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Прокурор нь хувийн сонирхлын үүднээс харьяаллын бус, бусдын хяналтад байгаа хэрэгт хөндлөнгөөс оролцох, мөрдөгч, прокурор, шүүгч, шинжээч нарт өөртөө ашигтай болон үндэслэлгүй шийдвэр гаргуулах хүсэлт тавих, дарамт шахалт үзүүлэхгүй байх, албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсхүл сөргөөр нөлөөлж болзошгүй аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийх ёстой.

Ингэснээр иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэлийг алдагдуулах, Прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулахаас сэргийлж, Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж, прокурорын мэргэжил, ёс зүйн хэм хэмжээ, нэр хүндийг өндөрт өргөж явах ёстой.

Гэтэл Т.Ууганбаатар нь Дархан-Уул аймгийн Прокурорын газарт ерөнхий прокуророор ажиллаж байх үедээ буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулан зогсоож хуульд заасан үйл ажиллагаа явуулж байсан цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудад “...Аймгийн прокурор шаардаж байна.” гэсэн агуулга бүхий өнгө аясаар хөндлөнгөөс нөлөөлж, хэргийг шударгаар шийдвэрлэхэд саад болж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба юм.

Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх зарчмыг баримтлан” ажиллах ёстой.

Ийнхүү ажиллахдаа дээд шатны албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах, татгалзаж буй үндэслэлээ тайлбарлах бүрэн эрхтэйг Цагдаагийн албаны тухай хуульд тодорхой заасан байна.

Түүнчлэн цагдаагийн алба хаагч нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах, гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар хууль болон тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод тодорхой зааж өгсөн байхад энэ хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагчид өөрт хариуцуулж өгсөн үндсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас ... “Шүүгдэгч М.Соёл-Эрдэнэ гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн болоод зөрчлийн шинжгүй” гэж мэтгэлцдэг хэдий ч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэр бүхий цагдаагийн албан хаагчид  өөрсдийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдэл нь Эрүүгийн  хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэхийн зэрэгцээгээр анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа “цагдаагийн албан хаагчид  өөрсдийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдэл”-г харгалзан үзээгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3.т заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй шийдвэр болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ганзоригийг 2 үйлдлээр буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

 Хэргийг давж заалдах журмаар хянах явцад шүүдэгч Д.Ганзоригийг шүүгдэгч Т.Батням яллагдагчаар татагдсан үедээ өгсөн мэдүүлгээр буруутгаж байгаа ба өөр бусад баримтуудаар нотолсон нэг ч баримт хэрэгт байхгүй байгаа нь тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”

“Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.” гэж тодорхойлжээ.

Яллагдагч /шүүгдэгчийн/ мэдүүлэг гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлж авсан бөгөөд сонсгосон ялын агуулгыг тодорхойлж буй нөхцөл байдал мөн бөгөөд хэргийн байдлын талаар яллагдагч /шүүгдэгч/-аас өгч буй аман мэдээлэл юм.

1. Яллагдагч /шүүгдэгч/ ял шийтгэл хүлээхээс эмээж, худал мэдүүлэг өгч болзошгүй ба ийнхүү худал мэдүүлэг өгснөөр хариуцлага хүлээдэггүй;

2. Бусдын нөлөөгөөр өөр хүний үйлдсэн гэмт хэргийг хүлээж, энэ талаар мэдүүлэг өгч байж болзошгүй;

3. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул хэргийг ямар нэгэн аргаар өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх сонирхол давамгайлсан байдаг зэрэг хүчин зүйлийг харгалзан онцгой анхаарах шаардлагатай байдаг.

Иймд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад яллагдагч /шүүгдэгч/ үйлдсэн хэргээ үнэхээр хүлээсэн бусдын гэм бурууг илчилсэн мэдүүлгүүдийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан авч үзэх ёстой.

Үүнээс гадна тухайн хэргийн яллагдагч /шүүгдэгч/ нь заавал өмгөөлөгчтэй байх эсэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хийгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаануудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан эсэх, яллагдагчийг хөтлөх, тулгах аргаар байцаасан, аль нэг талыг барьсан эсэхийг нарийвчлан шалгасан байх шаардлагатай байдаг.

 

Хэрэв нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол нотлох чадвараа алдахаас  гадна шүүхийн тогтоол, магадлал хүчингүй болгох үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл:

“ Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох хэдий ч уг мэдүүлэг дангаараа түүнийг /бусдыг/ яллах үндэслэл болохгүй.”,

“ Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” тул шүүгдэгч Д.Ганзоригийн гэм бурууг хангалтай тогтоогдсон гэж үзэхгүй байна.

Шүүгдэгч Т.Батням, Д.Энхтайван нар нь доод албан тушаалтнууддаа “... Газрын дарга .... үүрэг өгсөн.” гэх болон яллагдагч Т.Батнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.Ганзориг дарга надад замын постон дээр мод ачсан машин зогсоосон асуудал байгаа юм байна, тэр машин нь бичиг баримттай байгаа юм байна, асуугаад тодруул, аймгийн прокурор яриад байна гэсэн. Би тодруулаад эргээд Ганзориг даргад машин зогсоосон юм байна, шалгалтын ажиллагааг хийх гээд Экологийнх нь ирчихсэн байна гэж хэлэхэд бичиг баримттай машин гэж аймгийн прокурор надад хэллээ, наад машинаа явуул гэж хэлсэн. Би тэгэхээр Б.Замд мод нь бичиг баримттай гэж байна, бичиг баримтад нь явуул гэсэн үүргийг өгсөн. Түүнээс биш газрын даргын өгсөн үүрэг шиг шууд явуул гэсэн үүрэг өгөөгүй. Байхгүй байгаа бичиг баримтад нь явуул гэдэг үүрэг өгсөн...” гэж /1-р хх 234 дүгээр тал/ мэдүүлсэн хэдий ч газрын дарга гэх шүүгдэгч Д.Ганзориг тэрхүү үүргийг өгсөн эсэхийг давхар нотолсон өөр бусад баримт эрүүгийн хэрэгт байхгүй байгааг анхаарвал зохино.

Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлд зааснаар олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим болон Монгол Улсын олон улсын гэрээ нь тус улсын эрх зүйн тогтолцооны нэг хэсэг бөгөөд Монгол Улс нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудын нэг болох "гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх" зарчмыг баримтлах талаар Үндсэн хуулийн мөн зүйлийн 2 дахь хэсэгт тунхагласан байдаг.

Иймд Хууль, хүчний байгууллага аливаа нэг байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа “ Хүнийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхээс эсрэг конвенц”-н нэгдүгээр зүйлийг баримтлан ажиллах ёстой ба “нэг яллагдагчийн мэдүүлгээр өөр яллагдагчийн гэм бурууг нотолж буй нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцэхгүйгээс  гадна тус ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүдэгч Д.Энхбаясгалан мөрдөн байцаах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлэгт:

“…Д.Энхтайван даргын өгсөн үүргийг яагаад биелүүлсэн бэ гэвэл дарамт шахалт ихтэй, шууд удирдлагын өгсөн үүргийг биелүүлэхгүй бол хамт олон дундаас үгээр болон үйлдлээрээ хэлбэр дүрс гаргаж байгаа харилцаа зэргээр хавчиж, гадуурхдаг. Д.Энхтайван дарга хэлэхдээ “дарга яриад байна” гэж хэлж байсан болохоор газрын даргын хэлсэн хүнийг явуулахгүй, шалгасан бол хамт олон дунд ялгаварлан гадуурхагдаж эхэлнэ.

Ямар сайн ажлаа хийдэг юм ч гэх юм уу ийм байдлаар хавчаад эхэлдэг...”,

 “...Энэ байдлаас газрын дарга, тасгийн даргаас өгсөн үүргийг биелүүлэхгүй бол ажлын үзүүлэлт, ажлын ачаалал зэрэг дарамт ирэхээс айж өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс өөр арга байгаагүй.

Тасгийн дарга Д.Энхтайван ... гайгүй зантай хүн. Гэхдээ баяр амралтын өдрүүдэд хуваарьт тавих, эргүүлд гаргах юм уу ажлаар шахах, бусдаас илүү ажиллуулах, шагнал урамшуулал хасах, ажлаас хоцроход ажил тасалсан гэх байдлаар дарамт шахалт ирэхээс айж егсөн үүрэг даалгаврыг нь биелүүлэхээс өөр арга байгаагүй.

Тасгийн дарга Д.Энхтайван урд харьцаж байсан харилцаа өөрчлөгдөж, үр дүнгийн гүйцэтгэлийн тайлангаа би хангалттай дүгнүүлж чадаагүй. Өөрийгөө “В” үнэлгээтэй ажилласан гэж бодтол “С” үнэлгээ тавьсан. Энэ мэтчилэн энэ хүмүүсийн дарамт шахалт их байдаг...”,

 “... Ер нь бол онол, практик хоёр зөрдөг гэдэг шиг амьдрал дээр энэ зүйл хэрэгжих нь учир дутагдалтай. Хэрвээ удирдах албан тушаалтан наадахаа явуул гэхэд явуулахгүй арга хэмжээ авбал буцаад бид нарт дарамт үүснэ.

Тасгийн дарга Д.Энхтайван ажлын цаг дууссан байхад нэг орой /он өдөр санахгүй байна/ ажлын коридорт “сүрхий мэдүүлэг өгсөн байна лээ шүү” гэж надад хэлсэн.

Ийм байдал замын цагдаагийн нэгж дээр нийтлэг тохиолддог...” гэж мэдүүлжээ. /1-р хх 34, 35, 39 дугаар тал/,

Энэ мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд Цагдаагийн газар, замын цагдаагийн тасагт дээд албан тушаалтнууд доод албан тушаалтнууддаа хууль бус үүрэг өгдөг түүнийг нь биелүүлэхгүй бол янз бүрийн арга хэлбэрээ дарамталдаг, цалин, урамшууллыг хасдаг, өөр бусад ажлаар дардаг ба энэхүү байдлаас болж шүүгдэгч Д. Энхбаясгалан хийх ёстой албан үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн нь тогтоогдсон тул:

Түүнийг буруутгаж буй “ ...иргэн Г.Эрдэнэбатын согтуурлын зэргийг шалгаагүй, гэмт хэрэг өргөдөл гомдлын бүртгэлт бүртгүүлээгүй.” нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ ашиг хонжоо олох өөрт болон бусдад давуу байдал олгох зорилгоор санаатайгаар биелүүлээгүй гэж үзэж болохгүй байна.

Харин энэхүү байдал нь бусдын эрхшээл, гарцаагүй байдалд автаж хийсэн үйлдэл ба энэ нь гэмт хэргийг үгүйсгэх нэг нөхцөл байдал болно гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Түүнчлэн яллагдагч Д.Энхбаясгалан нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар түүний Замын цагдаагийн тасагт ажилладаг албан тушаалтнууд нь доод албан тушаалтнуудаа дарамталдаг, ашиг сонирхлыг нь хохироодгийг ил болгосноор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн гэж үзэж болохоор байх тул “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-н 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан хууль зүйн хариуцлагад татах үндэслэл болохгүй.” гэх хуулийн үндэслэл байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаар цагаатгах тогтоолын шүүгдэгч М.Соёл-Эрдэнэ, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Б.Зам, Д.Баярмагнай, Д.Энхтайван, Т.Ууганбаатар, Т.Батням нарыг цагаатгасан хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ганзориг, Д.Энхбаясгалан нарыг цагаатгаж шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр дүгнэлтэд тусгасан хэсгүүдэд холбогдох эсэргүүцлийн болон давж заалдах гомдлын зарим үндэслэл хэсгүүдийг хүлээн авч бусад хэсгүүдийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаар цагаатгах тогтоолын 1 дэх заалтыг:

         “1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Энхбаясгалан, Д.Ганзориг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасныг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Соёл-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Баярмагнай, Т.Ууганбаатар, Б.Зам, Т.Батням, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Д.Энхтайван нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасныг хүчингүй болгосугай гэж,

            2. Шүүгдэгч Д.Энхбаясгалан, Д.Ганзориг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч М.Соёл-Эрдэнэ, Д.Баярмагнай, Т.Ууганбаатар, Б.Зам, Т.Батням, Б.Оргил, Б.Отгонсүрэн, Д.Энхтайван нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

              3. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

           ДАРДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.ТӨМӨРХҮҮ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                         Б.МАНЛАЙБААТАР