Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 318/ШШ2025/00291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И овогт Ө.Н-н,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие .... онд төрсөн, .... настай. Би цэргээс халагдаж ирээд 1990 оны 9 дүгээр сард Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд машинистаар ажилд орсон. 1990 оны 9 дүгээр сараас эхлэн 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал тус нэгдэлд ажиллаж байгаад нэгдэл тарж ажлаа чөлөөлөгдсөн юмаа. Одоо тэтгэвэрт гарах гэхээр 1990-1992 оныг хүртэлх ажил дутсан учир Увс аймгийн архиваас 1990 оны 9 дүгээр сард ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал, цалингийн тодорхойлолт байхгүй учир шүүхэд хандаж байна. Иймд миний 1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд галчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.С, Д.Ннарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Н нь цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн халуун усанд галчаар /машинист/ 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан. Одоо тэтгэвэрт гарах болоход түүний 1990-1992 оныг хүртэлх ажиллаж байсан хугацааны баримт дутуу учир ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд Ө.Нгийн Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн халуун усанд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үүгэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.Одонтуяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Нийгмийн даатгалын байцаагч М.Б-н 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, Б.С-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 666 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Н-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 447 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 306 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Б.С, Д.Н нараас мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Н гийн Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн халуун усанд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал галчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ө.Н-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ө.Н нь хөдөлмөрийн дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалаар Э.Ө-г 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үндсэн ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн  овогтой Н-г машинистаар авч ажиллуулжээ.

3.1. Шүүхээс гэрч Б.С, Д.Н нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.С Ө.Н 1990-1992 онуудад Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн уурын зууханд галч /машинист/-аар ажиллаж байсан. Тухайн үед Ө.Н нь ажилдаа сайн, зан харилцааны хувьд олонтойгоо байдаг буюу нийтэч хүн байсан. Одоо Ө.Н нь Улаанбаатар хотод автобусны жолоочоор ажиллаж байгаа гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 666 дугаартай шийдвэрээр, Д.Н Би 1976-1992 онуудад Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ө.Н нь сургуулиа төгсөж цэрэгт явж ирээд 1990-1992 онуудад Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн уурын зууханд галч /машинист/-аар ажиллаж байсан. Ө.Н ажлаа сайн хийдэг, төлөв даруу зантай юм гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Сагил сумын Ялалт ХХК-д ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 447 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Ө.Н нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн халуун усанд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал галчаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, гэрч Б.С, Д.Н нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Ө.Н-гийн Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн халуун усанд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И овогт Ө.Н-н Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн халуун усанд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал галчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.БОЛОР