| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00336/И |
| Дугаар | 318/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 318/ШШ2025/00292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогт Т.Ж-н,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар оролцов.
Нэхэмжлэгч Т.Ж-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие Т аймгийн Б суманд амьдардаг. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие ….. оны ......дугаар сарын ..-нд төрсөн, .....настай. Би 1988 онд Увс аймгийн Тэс сумын сургуулиа төгсөөд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотод худалдааны зөөгчийн ангид орж, 1989 оны 6 дугаар сарын 30-нд төгссөн. 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн харъяа 7 дугаар гуанзанд 1993 он хүртэл зөөгчөөр ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед орсон тушаал нь байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 он хүртэл Улаангом хотын Худалдаа трестийн харъяа 7 дугаар гуанзанд зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан тогооч Ч.Н, угаагч С.Д нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Улаангом хотын худалдааны трестийн даргын 1989 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай Амралт авсан хүмүүсийг орлох ажилчид томилох тухай тушаал, Нийгмийн даатгалын байцаагч М.Б-н 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Т.Ж-н хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 161 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан Т-н Ж-н Худалдаа бэлтгэл трестэд 1989 оны 8-12, 1990 оны 5-7, 1991 оны 1-10, 1992 оны 1-2, 1993 оны 1-3, 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Ч.Н-н иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 334 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Дн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 131 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 323 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-15 маягт буюу гэрлэснийг бүртгэх анкет, гэрч Ч.Н, С.Д нараас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.-н Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн харъяа 7 дугаар гуанзанд 1989 оны 8 дугаар сараас 1993 он хүртэл зөөгчөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Т.Ж-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Т.Ж нь хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Т.Ж-н хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт түүнийг ажилд томилж, чөлөөлсөн бичилтүүд хийгджээ.
Увс аймгийн Улаангом хотын худалдааны трестийн даргын 1989 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай Амралт авсан хүмүүсийг орлох ажилчид томилох тухай тушаалаар Т овогтой Ж-г 7 гуанзанд зөөгчөөр 8 дугаар сарын 01-ний өдөр томилжээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан Т-н Ж-н Худалдаа бэлтгэл трестэд 1989 оны 8-12, 1990 оны 5-7, 1991 оны 1-10, 1992 оны 1-2, 1993 оны 1-3, 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
3.1. Шүүхээс гэрч Ч.Н, С.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Н Би 1989-1996 онуудад Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн харьяа 3 дугаар гуанзад тогоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Намайг ажиллаж байхад Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн харьяа 3 дугаар гуанзад Т.Ж 1989 онд зөөгчөөр ажилд орсон. Улмаар 1995 он хүртэл тасралтгүй хамт ажилласан юмаа. Т.Ж нь ажлаа сайн хийдэг, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг хүн байсан юм гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 334 дугаартай шийдвэрээр, С. Би 1988-1993 онуудад Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд сав угаагчаар ажиллаж байсан. Т.Ж нь 1989-1993 оны хооронд Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд зөөгч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед Т.Ж нь ажилч хичээнгүй хүн байсан. Т.Жтай хамт ажиллаж байсан нь үнэн болно гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 131 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Нэхэмжлэгч Т.Ж нь Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн харъяа 7 дугаар гуанзанд 1989 оны 8 дугаар сараас 1993 он хүртэл зөөгчөөр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Улаангом хотын худалдааны трестийн даргын 1989 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай Амралт авсан хүмүүсийг орлох ажилчид томилох тухай тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан Т.Ж-н Худалдаа бэлтгэл трестэд 1989 оны 8-12, 1990 оны 5-7, 1991 оны 1-10, 1992 оны 1-2, 1993 оны 1-3, 6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Ч.Н, С.Д нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.
5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Т.Ж Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн харъяа 7 дугаар гуанзанд 1989 оны 8 дугаар сараас 1993 он хүртэл зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Жн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Ж- Увс аймгийн Улаангом хотын Худалдаа трестийн харъяа 7 дугаар гуанзанд 1989 оны 8 дугаар сараас 1993 он хүртэл зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ж-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР