| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00001/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж
Нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Д.Б
Хохирогч С.О, түүний өмгөөлөгч Д.Д
Шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Д.Ц нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Э.Д-т холбогдох эрүүгийн 1722001070055 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .......... оршин суух эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Хорин овгийн Э.Д /регистрийн дугаар /
Шүүгдэгч Э.Д нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижихын 15 дугаар гудамжны задгай тоотод иргэн С.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хөдөөнөөс ирээд Ж.Н-нд очиход С.О архи уугаад согтуу байж байсан. Хөдөө явчихаад орой 11 цаг гээд ирэхэд С.О надаас 15000 төгрөг нэхээд “хоёулаа гаръя, зодолдъё” гэж хэлсэн. Тэгээд гадаа гарч уулзаад “уучлаарай би андуурчихаж” гэж үнсээд надаас 7000 төгрөг авч яваад 2 пиво авчирч айлын хүүхэнтэй хамт уусан. Би түүнээс уугаагүй, унтсан. Эд нар шөнөжингөө архи уусан. С.О согтоод хүүхдээ хөхүүлж чадахгүй байсан. Хүүхдээ хөхөөрөө дарчих гээд мөн хүйтэн гэрт хүүхэд нь нүцгэн байхаар нь би хүүхдийг нь авч хоносон. Өглөө босоод ахиж пиво уучихаад Ж гэх айлд Ж.Н, Ж.О бид хэд очсон. Дараа нь цагаан дэлгүүрт ирээд С.О дэлгүүрээс архи, ундаа зээлэх гэтэл худалдагч нь өгөөгүй. Гэтэл “энэ муу луйварчин хүүхэн манай ахын байрны ордерыг аваад луйвардсан” гэхээр нь “Танай ах хүнд луйвардуулах хүн мөн үү, битгий хүн гүтгээд бай” гэж хэлснээс болоод бид 2 айлд байхдаа муудалцсан. Би такси дуудаад явах гээд хүүхдээ тэврээд зогсож байхад “нээрээ манай ахын байрны ордерыг луйвардсан” гэхэд нь би “худалч, худалч” гэж хэлээд гарах гэтэл С.О миний уруулын дээд тал болон гарыг самардсан. Тэгэхээр нь би түлхсэн. Түлхэхэд ойчоогүй, арагшаа ухарсан. Ард талд нь хүүхэд нь газар хэвтэж байсан. Ойчсон бол хүүхэд дээрээ унах байсан. С.О намайг гэрт хүргэж өг гээд ирсэн таксиг бараг 30 минут хүлээлгэсэн. Тэгээд гэрт нь хүргэж өгөх гэтэл “манай нөхөр эзгүй байгаа, хэдүүлээ манайд орж ууя” гэж хэлж байсан. Ж.О дэлгүүр яваад С.О гэрийн гадна үлдсэн. Би С.О-ийн хүүхдийг өөрийнхөө хүүхэдтэй тэврээд гэрт нь орж 20 орчим минут хүлээсэн ч орж ирээгүй. Том охин нь ороод ирэхээр нь хүүхдийг нь тэврүүлчихээд өөрийнхөө хүүхдийг тэврээд гарсан. Гадаа Ж.О пиво барьчихсан С.О-тэй зогсож байсан. Тэгээд байж байтал түргэний эмч ирэхээр нь “яасан, хүүхдэд түргэн дуудсан юм уу” гэхэд “үгүй гараа үзүүлье, гар хугарсан юм шиг байна” гэхээр нь “юундаа баашлаад байгаа юм, яахаараа хугардаг юм” гэж хэлсэн. Түргэний эмч “яасан юм” гэж асуухад “энэ хүүхэн хугалсан, чи хугалаа биздээ” гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд хамт эмнэлэг дээр ирээд байж байтал цагдаа ирээд намайг авч явсан. С.О, Ч.С гэх хүнд шатнаас унаад гараа хугалсан гэж ярьсан байсан. Иймд би гэм буруугүй гэв.
Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр биднийг сууж байтал Ж.Н нөхөртэйгээ пиво аваад Э.Д-тай хамт ирсэн. Э.Д “чи намайг 15000 төгрөг төл гэлээ, гараад зодолдоё” гэж уурлахад нь би “маргахаа больё, би тэр мөнгийг чинь төлнө одоо болно” гэсэн. Маргааш өглөө нь Э.Д пиво аваад ирсэн. Тэр үед Б.О, Ж.Н нар байсан. Гаднаас Ж.О архи аваад орж ирсэн. Би гэртээ харина гэсэн чинь хойшоо айлд очиж монгол гэрийн хөшиг татна гээд тэр айл руу аваад явсан. Э.Д намайг “би мөнгөтэй хүн, чи зүүсэн ээмэг зүүлт ч алга, ичээч хунчир юм” гэж загнаад байхаар нь би “би өөрөө ээмэг бөгжөө барьцаанд тавиад уу” гэсэн. Тэгтэл над руу дайраад хүзүү боосон, би түлхээд нялх хүүхэдтэй юм байж болиоч гэхэд баруун орон дээрээс босч ирээд намайг унагаад, гар мужаад, миний үснээс зулгаасан. Миний гар тас хийгээд дуугарсан. Миний гар эвгүй болоод сууж байсан чинь такси дуудсан байсан, би явна гээгүй, намайг аваад явсан. Би нийт 3109630 /эмчилгээний зардалд 193630 төгрөг, олох ёстой байсан орлого 1800000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700000, банкны 1 сарын төлөлт 416000/ төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.
Гэрч Ж.О-ын өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Хулд сумаас аймагт 12 цаг өнгөрөөж ирээд эгч Ж.Н-ынд очтол тэдний гэрт С.О, Э.Д нар ганц пиво уучихаад дуусгачихсан байхаар нь би нэг 2.5 литрийн нийслэл нэртэй пиво авч өгөөд хамт уусан. Би Ж.Н эгчийг дагуулаад аавын гэрт очиж хөшгийг нь татаж өгөхөөр явах гэтэл С.О, Э.Д 2 хамт явсан. Замаараа дэлгүүрээс 1 шил архи, 1 пиво аваад аавын гэрт нь очиж хөшиг янзлангаа уусан. Тухайн үед С.О, Э.Д хоёр хоорондоо маргалдаад байсан. С.О надаас Э.Д15000 төгрөг авчаад өгөөгүй гэж яриад мөнгөө нэхээд байсан. С.О Э.Д-ыг хүүхэд тэвэрч байхад нь түлхтэл Э.Д зөрүүлээд С.О-ийг сандалруу түлхээд сандал дээр С.О суусан. Э.Д гарнаас нь бариад түлхсэн юм...Тухайн үед С.О гар эвгүй болсон талаар яриагүй мөртлөө гэрийнхээ гадаа ирээд түргэн дуудсан...С.О Э.Д-аас бугуйвч ээмгээ ломбардад тавьчих гэж хэлээд гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч Ж.Н-ын өгсөн”...Э.Д С.О хоёр урьд өмнөх юмаа яриад хоорондоо маргалдаад байсан. С.О Э.Д-аас 15000 төгрөг авах ёстой гээд хэрэлдээд байсан юм. Э.Д-ыг хүүхэд тэврээд байж байтал С.О Э.Д-ын биерүү гараараа түлхээд автал Э.Д болиоч гээд зөрүүлээд С.О-ийг түлхээд сандал дээр суулгасан. С.О-ийг Э.Д цохиж зодоогүй, С.О Э.Д-ыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч Ч.С-ын өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр би аймгийн нэгдсэн эмнэлгийн гадаа явж байгаад С.О-тэй таарахад гараа боочихсон явсан. Би “хуруугаа яасан юм” гэж асуухад “шатны уруу ойчоод гараа хугалчихсан юм” гэж хэлсэн. Би С.О-ийг гараа хаана хугалсныг мэдэхгүй, шатнаас унасанг хараагүй, хүнд зодуулсанг ч хараагүй, өөрийнх нь ярьсанг л хэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч Б.Х-гийн өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр намайг таксинд явж байхад Э.Д гэх эмэгтэй утсаар яриад “таксинд явах уу” гэж дуудсан... дуудлага өгснөөс хойш нэлээн удаан хүлээлгэж байж хэдэн эмэгтэй гэрээс гарч ирсэн. Э.Д, үсчин С.О, О гэсэн гурван эмэгтэй мөн нэг эрэгтэй хүн машинд суусан... С.О-ийн гэрийн гадна буюу захын урд талд байшинд хүргэж өгсөн. Тэр хүмүүс бүгд машинаас буугаад тэндээ үлдсэн... Тэр хүмүүс бүгд л архи уусан согтуу байсан... 30-40 минутын дараа утсаар Э.Д яриад такси дуудаад “цагдаагийн газар хүрээд ир” гэсэн. Э.Даваажавыг аваад явж байхад надад “С.О-ийн гар хугарсан” гэж хэлсэн, өөр юм яриагүй, цагдаагаас хөдлөөд Э.Д-ын гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч Б.Х-ийн өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 2-ны орой 19 цагийн үед нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн 7059103 дугаарт С.О гэх хүний гар хугарсан гэх дуудлагаар жолооч Э-тай хамт Цоглогийн хажуу талын үсчингийн байранд очсон. Тэр байшинд согтуу архи уусан 3 хүүхэн өрөөнд байсан. Надад С.О гэх хүн ирээд зүүн гарын ядам хуруу хугарсан өвдөж байна гээд үзүүлсэн. Хажууд байсан нэг өндөр том биетэй хүүхэнрүү гараараа заагаад “чи ингээ биз дээ” гэж хэлж байсан. Би шууд эмнэлэгрүү түргэний машинд суулгаад авч яваад эмнэлэгт очоод Б эмчид хүлээлгэж өгсөн. Тэр эмэгтэй рентген зураг авахуулсан байсан... гараа мушгиулсан гэж надад хэлсэн... юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
Гэрч Ө.Э-ийн өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр намайг гэртээ байхад Ж.Н утсаар яриад манай аавын гэрт ороод ир гэхээр нь би гэрт нь очсон. Тэдний гэрт Ж.Н, Ж.О, С.О, Э.Д нар архи, пиво ууцгааж байсан... тэгж байтал Э.Д, С.О 2 маргалдаж эхэлсэн. Э.Д “дэлгүүр явж ирээд архи авч өгсөнгүй” гэж С.О-т хэлсэн, мөн байрны ордер гэж яриад байсан... Э.Д “танай ах юу гэж дэлгүүрт ордер тавих юм, худлаа ярьлаа” гэж хэлж байсан. С.О Э.Д-ын өөдөөс сарвайсан чинь Э.Д гарнаас нь барьж аваад гарыг нь атгаж аваад цааш нь сандалруу түлхсэн юм. С.О сандал дээрээс босоод ирэхэд Э.Д үсдэж дарж аваад сэгсрээд байхаар нь би боль боль гээд мөн хамт байсан Ж.Н, Ж.О нар салгасан...Намайг гэрээс гарахаас өмнө С.О “яа яа гар” гэж хэлээд гэрт үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Б.О-ын өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр би хадам аав Ж-ийн гэрт нь очсон юм. Тэр гэрт Э.Д, манай эхнэр Ж.Н, Ж.О, С.О, Ө.Э нар архи хувааж ууж байсан. Э.Д, С.О нар хоорондоо юм авсангүй гэх шалтгаанаас болж маргалдсан. Э.Д С.О-ийн зүүн гарнаас нь гараараа атгаж аваад мушгиад дарахад С.О “гар хугалчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад такси бариад эхлээд намайг гэрт хүргэж өгсөн. Дараа нь тэр таксигаар С.О, Э.Д нар хүргүүлэхээр төв явсан. Тэр 2 нэлээн согтуу хэн хэнийхээ үгийг даахгүй маргалдаад байсан. Э.Д, С.О-ийн зүүн гарын ядам, чигчий хурууг нь давхар атгаж аваад мушгиад цааш нь сандалруу түлхсэн. Сандалын наана С.О газар ойчсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 170200319 дугаартай дүгнэлтэд:
1, 2. С.О-ийн биед зүүн гарын 4-р хурууны 3-р шивнүүр ясны далд хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
3, 5. Дээд уруулын дотор салстын язарсан шарх, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4-р хурууны шивнүүрийн хугарсан гэмтэл нь хуруугаа мушгисан гэх хөшиж дарах хүчний үйчлэлээр үүссэн байх боломжтой. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. 4-р хурууны шивнүүр ясны далд хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
Дээд уруулын язарсан шарх нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-ийн 21/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи бичиг баримтууд, хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох бичиг баримтууд, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-34/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Д Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Арвижихын 15 дугаар гудамжны задгай тоотод иргэн С.О-тэй маргалдаж, түүний зүүн гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.
Энэхүү нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Гэрч Ж.О, Ж.Н, Ө.Э, Б.О нарын өгсөн мэдүүлгээр 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдсан болох нь мөн тус аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх боловч шүүгдэгч гэм буруутай болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “…Тэгтэл над руу дайраад хүзүү боосон, би түлхээд нялх хүүхэдтэй юм байж болиоч гэхэд намайг унагаад, гар мужаад, миний үснээс зулгаасан. Миний гар тас хийгээд дуугарсан…” гэх мэдүүлэг, гэрч Ж.О-ын өгсөн “…С.О Э.-далруу түлхээд сандал дээр С.О суусан. Э.Д гарнаас нь бариад түлхсэн юм... Тухайн үед С.О гар эвгүй болсон талаар яриагүй мөртлөө гэрийнхээ гадаа ирээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Н-ын өгсөн “…Э.Д-ыг хүүхэд тэврээд байж байтал С.О Э.Д-ын биерүү гараараа түлхээд автал Э.Д болиоч гээд зөрүүлээд С.О-ийг түлхээд сандал дээр суулгасан…” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-ийн “…Надад С.О гэх хүн ирээд зүүн гарын ядам хуруу хугарсан өвдөж байна гээд үзүүлсэн. Хажууд байсан нэг өндөр том биетэй хүүхэнрүү гараараа заагаад “чи ингээ биз дээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө.Э-гийн “…С.О Э.Д-ын өөдөөс сарвайсан чинь Э.Д гарнаас нь барьж аваад гарыг нь атгаж аваад цааш нь сандалруу түлхсэн юм. С.О сандал дээрээс босоод ирэхэд Э.Д үсдэж дарж аваад сэгсрээд байхаар нь би боль боль гээд мөн хамт байсан Ж.Н, Ж.О нар салгасан...Намайг гэрээс гарахаас өмнө С.О “яа яа гар” гэж хэлээд гэрт үлдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.О-ын “…Э.Д С.О-ийн зүүн гарнаас нь гараараа атгаж аваад мушгиад дарахад С.О “гар хугалчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад такси бариад эхлээд намайг гэрт хүргэж өгсөн. Дараа нь тэр таксигаар С.О, Э.Д нар хүргүүлэхээр төв явсан. Тэр 2 нэлээн согтуу хэн хэнийхээ үгийг даахгүй маргалдаад байсан. Э.Д, С.О-ийн зүүн гарын ядам, чигчий хурууг нь давхар атгаж аваад мушгиад цааш нь сандалруу түлхсэн. Сандалын наана С.О газар ойчсон... ” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч Э.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Д-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай хийлгэх ялыг сонгон түүнд оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч С.О 2509630 төгрөгийг /эмчилгээний зардалд 193630 төгрөг, олох ёстой байсан орлого 1200000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700000, банкны 1 сарын төлөлт 416000/ шүүгдэгч Э.Д-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 3109630 /эмчилгээний зардалд 193630 төгрөг, олох ёстой байсан орлого 1800000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 700000, банкны 1 сарын төлөлт 416000/ төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлж байна.
Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлж, хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 193630 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болох “МНЧ” ХХК-ний зарлагын баримт гэх 38500 /77000 төгрөг/ төгрөгийн үнэ бүхий 2 баримтыг болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэг сарын хугацаанд олох ёстой байсан орлого 1800000 төгрөгөөс нотлох баримтгүй нэхэмжилсэн 600000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч Э.Д-аас нийт 1316630 /эмчилгээний зардал 116630, нэг сарын хугацаанд олох ёстой байсан орлого 1200000/ төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч нь үсчин, гоо заслын үнэмлэх, мэргэжлийн зэрэгтэй бөгөөд энэхүү мэргэжлээрээ ажил эрхэлж үйл ажиллагаа явуулж орлого олдог болох нь тогтоогдож байна. Харин ХАС банкнаас авсан зээлээ хэрхэн яаж зарцуулсан эсэх талаарх нотлох баримтгүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр явуулж болохгүй тохиолдол биш байх тул банкны 1 сарын төлөлт 416000, өмгөөлөгчийн хөлс 700000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Д энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Э.Д-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Д-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-аас 1316630 төгрөгийг гаргуулж хохирогч С.О-т олгож, хохирогчийн нэхэмжилсэн 1116000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогч С.О-т тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ