Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

 С.Төмөрдоржид холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.Сансарбаяр

          Яллагдагчийн өмгөөлөгч                                                    С.Энхболд /цахимаар/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Чулуунхүүгийн бичсэн эсэргүүцлээр С.Төмөрдоржид холбогдох 2324000670071 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч С.Төмөрдорж нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний хөх эрэг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 3.412 метр куб хэрэглээний мод бэлтгэж, сумын ойн санд 1.135.811 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхэд  шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Яллагдагч С.Төмөрдоржид холбогдох 2324000670071 дугаартай хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чулуунхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: ....Шүүгчийн захирамжийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр яллагдагч С.Төмөрдоржийн мод бэлтгэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний хөх эрэг” гэх газрыг улсын тусгай хамгаалалттай газар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн газрын координатыг тодорхойлж, улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарах эсэхийг газрын зургаас тогтоож шинжээчийн дүгнэлтэд тусгасныг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэж байна. Хэрвээ шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж шүүх үзвэл шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, шинжээчийн дүгнэлт гаргасан эх сурвалжийг заалгах боломжтой байсан.

Мөн гэрч Л.Галбаатар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч ажилтай бөгөөд өөрийн хариуцсан орон нутгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газар нутагт аль, аль газрууд харьяалагддаг гэдгийг мэдэх үүрэг бүхий албан тушаалтан бөгөөд гэрчийн мэдүүлгээр дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах талаар мэдүүлснийг мөн нотлох баримтаар үнэлэх боломжтой байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш гэж дүгнэж байна.

2. Шүүгчийн захирамжид Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт дутуу, экологи эдийн засгийн үнэлгээг хэрхэн яаж гаргасан болох нь тодорхойгүй, яллагдагч С.Төмөрдоржийн үйлдлийн улмаас ойн санд хэдэн төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн.

Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад “шинэс төрлийн модыг 570.216 төгрөгөөр, бүх төрлийн хуурай модыг 168.655” төгрөгөөр хохирлыг тодорхойлохоор заасан.

Шинжээч С.Төмөрдоржийн хууль бусаар бэлтгэсэн гэх моднуудын хохирлыг үнэлэхдээ бүх төрлийн хуурай модны үнэлгээгээр буюу 168.655 төгрөгөөр тооцож үнэлсэн нь үндэстэй байна.

Гэтэл шүүх шинэс модны хохирлыг 570.216 төгрөгөөр тооцох ёстой байсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: дээрх үнэлгээ нь шинэс төрлийн нойтон модыг үнэлэх үнэлгээ бөгөөд хуурай модыг үнэлэх үнэлгээ биш юм.

Шүүх Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасан үнэлгээг буруу ойлгон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй мэтээр тайлбарлаж хэргийг прокурорт буцаасан байна. 

3. Шүүгчийн захирамжид гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор эргэлзээгүй нотолж тогтоогоогүй байна гэж дүгнэсэн.

Яллагдагч С.Төмөрдорж нь “Мөнх-Зандан” ХХК-ны тусгаарлалт хийлгэсэн талбайд мод бэлтгэж, бэлтгэсэн нэг ширхэг модыг 10.000 төгрөгөөр тооцож ажлын хөлс авахаар тохиролцож, тусгаарлалт  хийлгэсэн талбайг өөрийн биеэр очиж заалгуулж авсан.

Гэтэл мод бэлтгэхдээ “Мөнх-Зандан” ХХК-ны тусгаарлалт хийлгэсэн талбайд очилгүйгээр, бартаа саад багатай өөр газраас мод бэлтгэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, яллагдагч С.Төмөрдоржийн тусгаарлалт хийлгэсэн газар нь уулын дээд хэсэгт, хэт хол, шалбааг намаг ихтэй гэх шалтгаанаар тусгаарлалт хийлгээгүй газарт буюу уулын нам, доор газарт байрлах модыг “Мөнх-Зандан” ХХК-нд 10.000 төгрөгөөр зарах зорилгоор бэлтгэсэн хэргийн үйл баримт тогтоогдсон.

С.Төмөрдорж нь гэмт хэрэг үйлдсэн болох, түүний сэдэлт санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлүүдийг бүрэн шалгаж тогтоосон байхад, шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн “Мөнх-Зандан” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаартай журам батлах тушаалын 1 дүгээр хавсралтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх боломжтой бөгөөд харин “Мөнх-Зандан” ХХК нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байх тул прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан байна.

4. Шүүгчийн захирамжид яллагдагч С.Төмөрдоржийг хууль бусаар улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн гэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдэж ирсэн атлаа хамтран мод бэлтгэсэн Б.Үржинхандын үйлдэл, хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн П.Цэрэнбатыг үйлдлийг хэрхсэн болох нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн.

“Мөнх-зандан” ХХК Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Баруун эхний хөх эрэг” гэх газраас цэвэрлэгээний зориулалтаар ойн 1 дүгээр мужлалаас мод бэлтгэх зөвшөөрөл авч, эрх бүхий албан тушаалтнуудын хамт тусгаарлалт хийх үед нь С.Төмөрдорж нь хамт явсан бөгөөд тусгаарлалт хийлгэсэн газрын хэмжээ заагийг мэдэж байсан. Харин түүний эхнэр Б.Үржинханд нь тусгаарлалт хийлгэсэн газрын хэмжээ заагийг мэдээгүй бөгөөд тусгаарлалт хийлгэх үед хамт байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн С.Төмөрдоржийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж байгааг Б.Үржинханд нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэн газрыг “Мөнх зандан” ХХК-ны тусгаарлалтын талбай мөн гэж бодож байсан талаар хэрэгт авагдсан мэдүүлэгт дурдсан байна. Иймд Б.Үржинхандыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт хамтран оролцоогүй, гэмт хэргийг үйлдэх санаа зорилгогүйгээр мод бэлтгэхэд оролцсон гэж дүгнэсэн.

Мөн С.Төмөрдоржийн хууль бусаар бэлтгэсэн гэх 4 метрийн урттай 10 ширхэг модыг П.Цэрэнбат нь “Мөнх-зандан” ХХК-ний тусгаарлалтын талбайгаас бэлтгэсэн моднуудыг тухайн компанийн эзэмшлийн Зил-131 маркийн машинаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан мод ачиж тээвэрлэх явцад С.Төмөрдорж нь өөрийн хууль бусаар бэлтгэсэн 10 ширхэг модыг зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн моднуудтай хамт ачуулж явуулсан. Иймд П.Цэрэнбат нь С.Төмөрдоржийн хууль бусаар бэлтгэсэн модыг мэдсээр байж хамтран оролцож, санаатай тээвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул П.Цэрэнбат хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо байхгүй, С.Төмөрдоржийн ачуулсан 10 ширхэг модыг гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн мод гэж мэдэхгүйгээр тээвэрлэсэн гэж үзэхээр байна.

Мод хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Б.Үржинханд, П.Цэрэнбат нарын тухайд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх, ашиг олох санаа зорилго байгаагүй байх тул гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

5. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж С.Төмөрдоржийг яллагдагчаар татсан атлаа мөрдөгч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт 4 метрийн урттай 17 ширхэг модыг эд мөрийн баримтаар тооцож тогтоол үйлдсэн, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт ҮО8595 загварын үйлдвэрлэсэн он тодорхойгүй, гинжит, бензин цагаан өнгийн модны хөрөөг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол үйлдсэн, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан эрүүгийн 2324000670071 дугаартай хэргийг иргэний нэхэмжлэгч болон яллагдагчид танилцуулсан, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан С.Төмөрдоржид холбогдох эрүүгийн 2324000670071 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн. Дээрх мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, саналууд нь техникийн шинжтэй алдаатай үйлдэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэн нэгний эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Яллагдагчид прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулж, мэдүүлэг авах, мөн яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн хувийг гардуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар үйлдэж, танилцуулсан бөгөөд хэргийн зүйлчлэлийн талаар талууд маргаагүй нь хэрэгт явагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж үзэх үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасан үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Төмөрдоржтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр түүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Яллагдагч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оролцож байна. Яллагдагч С.Төмөрдорж нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Баруун эхний хөх эрэг” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр “шинэс” төрлийн 10412 метр куб хэрэглээний мод бэлтгэж, ойн санд хохирол учруулсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдож байгаа. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Улсын тусгай хамгаалалтын газраас хууль бусаар мод бэлтгэсэн нь шинжээчийн дүгнэлт, гэрч Галбадрахын мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүх шинжээчийн эдийн засгийн үнэлгээ тогтоосныг үндэслэлгүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаартай захирамжийг үндэслэл болгон эдийн засгийн үнэлгээг тогтоосон бөгөөд энэ практикийг хэрэглэсээр ирсэн. Яллагдагч нь “Мөнх-Зандан” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайгаас мод бэлтгэж өгөхөөр тохиролцож, мод бэлтгэх зөвшөөрөл бүхий талбайг заалган авсан байдаг. Мод бэлтгэхдээ зөвшөөрөл бүхий газрын ойролцоо Улсын тусгай хамгаалалттай газар мод бэлтгэсэн үйл явдал тогтоогддог. Маргах зүйл байхгүй. Үржинханд, Цэрэнбат нарыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогддоггүй гэв.

Прокурор Б.Сансарбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгаарлалт хийх явцад С.Төмөрдоржийг оролцсон гэж шүүгчийн захирамжид тусгаад байдаг. “Мөнх-Зандан” ХХК-ийн менежер хамт явсан байдаг. Тиймээс тусгаарлалтыг С.Төмөрдорж хийсэн гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүх дээрх хэрэгт хэргийн бодит байдал бүрэн нотлогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Төмөрдорж нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний хөх эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 3,412 метр куб хэрэглээний мод бэлтгэж, сумын ойн санд 1.135.811 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Шүүгчийн захирамжид

1.Яллагдагч С.Төмөрдоржийн мод бэлтгэсэн гэх Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний хөх эрэг” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутаг мөн болохыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй атлаа түүнийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэсэн гэж  прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийг шинжээчээр томилсон байх бөгөөд ойн ангийн шинжээч нь “ гэмт хэрэг гарсан гэх Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Баруун эхний “Хөх эрэг” газрын ойн 1 мужлалд хамаарна, Улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч ажилтай Л.Галбаатар мөн дээрхи газрыг тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна гэж мэдүүлсэн байна.

Шүүх дээрхи баримтуудад үндэслэн гэмт хэрэг гарсан газрыг тодорхойлох боломжтой байх бөгөөд хэрвээ эргэлзээтэй гэж үзвэл улсын тусгай хамгаалалттай газрын  талаарх хууль тогтоомжийг судлан шийдвэрлэх боломжтой байна.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн13 дугаартай шинжээчийн дүгнэлт дутуу, экологи эдийн засгийн үнэлгээг хэрхэн яаж гаргасан болох нь тодорхойгүй гэжээ.

Шинжээчийн дүгнэлтэд С.Төмөрдоржийн хууль бусаар бэлтгэсэн гэх мод нь шинэс мод, бүх төрлийн хуурай мод байна гээд БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай шинэс модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ хэрэглээний хуурай модонд 168.655 төгрөг гэж үнэлсэн нь ойлгомжтой эргэлзээгүй байна. Харин Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаартай тушаалд зааснаар 570.216 төгрөг нь шинэс төрлийн нойтон модыг үнэлэх үнэлгээ байна. Энэ талаарх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

3. Гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлыг мөрдөгч прокурор эргэлзээгүй нотолж тогтоогоогүй байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар С.Төмөрдорж нь “Мөнх-зандан” ХХК-ны тусгаарлалт хийлгэсэн талбайд мод бэлтгэж, бэлтгэсэн нэг ширхэг модыг 10.000 төгрөгөөр тооцож ажлын хөлс авахаар тохиролцдог боловч, тусгаарлалтаас гарч мод бэлтгэсэн үйл баримт тогтоогддог.

Гэтэл яллагдагч С.Төмөрдорж нь тусгаарлалт хийсэн талбайгаас өөр газар очин модыг бэлтгэн “Мөнх-зандан” ХХК-нд 10.000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

Хэрэгт асуугдвал зохих гэрч, хохирогчийг асуусан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар “Мөнх-зандан” ХХК нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй гэж үзсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна.

4. Яллагдагч С.Төмөрдоржийг хууль бусаар улсын тусгай хамгаалалттай газраас мод бэлтгэсэн гэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж, яллах дүгнэлт үйлдэж ирсэн атлаа хамтран мод бэлтгэсэн Б.Үржинхандын үйлдэл, хууль бусаар мод тээвэрлэсэн П.Цэрэнбатыг үйлдлийг хэрхсэн болох нь тодорхойгүй байна гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч С.Төмөрдоржтой мод бэлтгэсэн гэх түүний эхнэр Б.Үржинханд, бэлтгэсэн модыг тээвэрлэсэн гэх П.Цэрэнбат нар нь тухайн үед  С.Төмөрдоржийг хууль бусаар мод бэлтгэсэн гэдгийг мэдээгүй нөхцөл байдал тогтоогддог бөгөөд тэдний үйлдэлд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

5. Яллагдагч С.Төмөрдоржийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа мөрдөгч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан хэргийг иргэний нэхэмжлэгч болон яллагдагчид танилцуулсан тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С.Төмөрдоржид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан С.Төмөрдоржид холбогдох хэргийг гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь, яллагдагчид прокурор эрүүгийн хэрэг  үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулж, мэдүүлэг авах, яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийг гардуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар үйлдэж, танилцуулсан байгаа учраас яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь зөрчөөгүй энэ талаар гомдол, хүсэлтийг тухайн үедээ прокурорт гаргаагүй байна.

Харин мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, саналуудад хуулийн зүйл хэсгийг буруу бичсэнийг оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй гэж үзсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжид хийсэн дүгнэлт, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/13 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Чулуунхүүгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                                                     Б.АРИУНБАЯР

                                                                        Ж.БАТТОГТОХ