Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

Г.*******д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Э.*******

          Яллагдагч                                                                               Г.*******

          Яллагдагчийн өмгөөлөгч                                                    Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Г.*******д холбогдох 2323000270095 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Г.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох 8 шуудай 133 килограмм хуурамч хонин *******ыг 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* ******* гэх газраас, 2022 оны 11 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “******* *******” гэх газраас түүж, Завхан аймгийн Улиастай сумын баг 3 тоотод байрлах өөрийн гэртээ тээрэмдэж бэлтгэн, хадгалж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт тухайн *******ыг Улаанбаатар хот руу зарж борлуулах зорилгоор тээвэрлэж байгаль экологид 22.299.200 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байна. Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.*******д холбогдох 2323000270095 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа “...нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулж, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулснаар хохирогчийн хохирол, хор уршгаа нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрх хангагдахаас гадна шүүгдэгч гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой болно...” гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

-Шүүгчийн захирамжид ...гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд яллагдагч Г.*******ыг хаана байгаа байсныг тодруулаагүй, хаана байсныг шалгаж тогтоох шаардлагатай гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Г.******* нь  өөрийн гэртээ буюу Улиастай суманд байсныг гэрч Э.ын “...Миний одоо санаж байгаагаар манай нөхөр Г.******* нь 2022 оны 09 дүгээр сард хичээл ороод удаагүй байхад буюу 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 15-ны өдрийн хооронд *******анд явлаа гээд 2 хоног явж байсан...” гэх мэдүүлэг, Г.*******, түүний өмгөөлөгч Б.*******ээс “...гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд Өмнөговь аймагт том тэрэгний жолооч хийдэг байсан тухайн үед өгч байсан ковидын шинжилгээ өгсөн баримт, түүний гадаад паспортын хилээр орсон гарсан талаарх тэмдэглэгээ бүхий хэсгийг гаргаж өгснийг прокуророос Хил хамгаалах газарт албан бичгээр дахин хандаж лавлагаа авсан, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2-3в/2417 дугаартай албан бичигт ийн ******* нь боомтоор 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан болон орсон талаарх мэдээлэл бүртгэгдсэн байсан. Хил хамгаалах газраас авсан дээрх лавлагаа нь зөвхөн хилээр орсон гарсан талаарх мэдээллийг тодруулсан баримт бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2022 оны 09 дүгээр сарын 13-наас хойших, 2022 оны 11 дүгээр сарын  03-наас 05-ны өдрүүдэд хилээр гараагүй, өөрийн оршин суух газартаа байсан гэж үзэх үндэслэл болсон.

Прокуророос яллагдагч Г.*******, түүний эхнэр гэрч Э. нарын хэрэгт өгсөн анхны мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг өгсөн байх боломжтой гэж дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдлыг шалган тогтоохдоо хэдийгээр хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг тайлбарласан, хуульд заасны дагуу мэдүүлэг авсан ч тухайн хэргийн яллагдагч, түүний хамаарал бүхий хүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй, яллагдагч Г.******* нь тухайн *******ыг худалдаж авсан талаарх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадахгүй байгаа  зэрэг нь *******ыг хууль бусаар бэлтгэсэн байж болзошгүй гэж үзэн, тухайн нөхцөл байдал мэдүүлгийн эх сурвалжийг тогтоохоор яллагдагч Г.*******, гэрч Э. нарын мэдүүлсэн Завхан аймгийн ******* сумын ******* *******, Завхан аймгийн Улиастай сумын Довцог багийн “******* *******” гэх газруудад мэргэжилтэн оролцуулан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  тус тус мөрдөгч хэргийн газрын нөхөн үзлэг хийж, гэмт хэрэг гарсан байдлыг давхар нотолсон.

-Мөн захирамжид Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай эд мөрийн баримт хураан авсан прокурорын тогтоол хэргийн материалд авагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж хуульчилсан боловч заавал эд мөрийн баримтаар тооцох тогтоол үйлдсэн байхыг шаардахгүй юм.

Яллагдагч Г.*******оос тээвэрлэж явсан *******ыг хураан авахдаа *******ны хэмжээг 8 шуудай, 133 кг гэж тооцож, тэмдэглэл үйлдсэн байдаг. Прокуророос хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн хохирол, хор уршгийг тооцохдоо гэмт хэрэг илэрсэн үеийн хэмжээгээр бодит хохирлыг тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд шүүгч энэ талаар дүгнэлт гаргасан, шинжээч Н.ээс тодруулж мэдүүлэг авах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд дуудан шинжээчээс мэдүүлэг авах боломжтой бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.  

-Шүүгчийн захирамжийн 3 дугаар заалтад ...Сумын засаг даргыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилоогүй, хууль зөрчсөн, прокурорын тогтоол хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон атлаа, хэрэгт Улиастай сумын засаг дарга Ч.ын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/189 дугаартай албан бичгийг үндэслэн Ч.ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

Учир нь, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/186 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан бөгөөд тус захирамжид “...мөрдөгчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэж дүгнэсэнд үндэслэн  2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолоор “Аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.ын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаа /мэдүүлэг авсан, эрх үүрэг танилцуулсан, хууль сануулсан тэмдэглэлүүд/-ийг хүчингүй болгож”, зөвхөн мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосноос Завхан аймгийн Улиастай сумын засаг дарга Ч.ын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/189 дугаартай хэрэгт төлөөлж оролцуулахаар байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.ыг томилсон албан бичгийг хүчингүй болгоогүй, дээрх албан бичиг нь хүчин төгөлдөр юм. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж хуульчилсан бөгөөд Улиастай сумын засаг дарга Ч. нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон нь хууль зөрчөөгүй, дээрх албан бичгийг үндэслэн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр Б.ыг тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт хохирогч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоохтой холбоотой эрүүгийн хэргийг Монгол улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар 12-ны өдрийн №88 дугаартай тогтоолоор практик тогтоон шийдвэрлэхдээ “Мөн шүүгдэгч Н.А-т холбогдох хэрэгт... аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяа ...хариуцсан байгаль орчны хяналтын улсын байцаагч С.О-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоосон нь үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл С.О-ын амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, хувийн өмчид нь халдаагүй, харин байгаль орчинд хохирол учирсан байх бөгөөд уг учирсан 'хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавих эрхтэй этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй юм. Цаашид ийм төрлийн гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож байх нь зүйтэй гэсэн дүгнэлт” хийсэн, мөн дээрх практик тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу эрх бүхий албан тушаалтан буюу засаг даргын хэрэгт төлөөлөн оролцох албан тушаалтныг томилсон албан бичиг, бусад шийдвэрийг үндэслэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоодог нь нэгэнт тогтсон, хууль ёсны үндэслэлтэй  атал, шүүгч Сумын засаг даргыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёстой хэмээн дүгнэж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүх, засаг даргын тамгын газрыг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн үндэслэл бүхий няцаалт байгаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзвэл хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгох бүрэн эрхтэй байгааг дурьдах нь зүйтэй.

-Шинжилгээний байгууллагаас гадуур шинжээч, томилж дүгнэлт гаргуулахдаа шинжээчийн Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна” гэсэн заалтын дагуу мөрдөгч  Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан мөрдөн шалгах ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварын МША-3.20 буюу “...урьдчилан тодруулсан тэмдэглэл”-ээр тодруулж, баримтжуулсан нь хууль зөрчөөгүй байна. Хууль тогтоогчоос Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 зүйлд “...урьдчилан тодруулж баримтжуулна” гэж заасныг шүүгч буруу тайлбарлаж, “шинжээчээр оролцох хүний мэдээллийг агуулсан баримт бичгийг хавсаргах байсан” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.    

Мөрдөгчөөс шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргахдаа Шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд даалгасан ба тус тогтоолыг яллагдагч болон өмгөөлөгч нарт танилцуулсан нь хэрэгт авагдсан бөгөөд шинжээч томилохдоо шинжээчийн нэр зааж томилох боломжгүй, дүгнэлт гаргахаар хуваарилагдсан шинжээчийн мэдээллийг өмгөөлөгч, хэргийн оролцогчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд гагцхүү гаргасан дүгнэлтийг л танилцуулах үүрэгтэй. Яллагдагчийн өмгөөлөгч шинжээч томилсон тогтоол, дүгнэлттэй танилцаад “өмгөөлөгчийн эрх зөрчигдсөн, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан” талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд гомдол, хүсэлт гаргаагүйгээс дүгнэхэд түүний эрх зөрчигдсөн, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан  гэж үзэхээргүй байна.

Мөрдөгчийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусган, хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулах талаар мэдэгдсэн бөгөөд яллагдагчид Г.******* нь хэргийн материалтай танилцсан. Хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч Б.*******д тухайн цаг хугацаанд хэргийн материалыг танилцуулаагүй, танилцуулах талаар утсаар мэдэгдсэн хэдий ч хэрэгт тэмдэглэл үйлдэж, тусгаагүй байна. *******ин өмгөөлөгчийн зүгээс прокурорын шатанд хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр прокурорын шатанд хэргийн материалтай танилцсан талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд мөрдөгч, прокуророос өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлөөр хангасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд мөрдөгч хэргийн оролцогч нарт хэргийг материалтай танилцах талаар мэдэгдэнэ гэж хуульчилснаас дүгнэхэд хэрэг материалтай танилцах боломж бүрдүүлнэ, танилцах талаар мэдэгдэнэ гэж ойлгогдож байгаа ба өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болохгүй. 

Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе, шатанд хүсэлт, гомдол гаргах эрхтэй бөгөөд энэхүү эрхээ шүүхийн шатанд гаргасан байдалд шүүх үнэлэлт өгч, бодитой дүгнэлт хийлгүйгээр мөрдөгч, прокурор өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан мэтээр тайлбарласан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. 

-Яллагдагч Г.*******д холбогдох эрүүгийн хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шинжээч М.аар шинжилгээ хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан бөгөөд аймгийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай “Мөрдөгчийн хууль бус шийдвэр үйл ажиллагааг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолоор “Шинжилгээний байгууллагаас гадуур шинжээч, томилж дүгнэлт гаргуулахдаа шинжээчийн Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна” гэсэн заалтыг зөрчиж,  шинжээчийн хувийн байдал, ур чадвар, мэргэшил мэдлэг, шинжээчээр оролцоход татгалзах үндэслэл байгаа эсэхийг урьдчилан тодруулж, хэрэгт баримтжуулаагүй, тэмдэглэл үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэн “Завхан аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.ын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол”, түүнтэй холбоотой ажиллагаа /дүгнэлтүүд, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, дүгнэлтүүдийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлүүд/” мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон, нэгэнт өмнө гаргасан шинжээч томилсон тогтоол, дүгнэлтүүд хүчингүй болсон тул Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан болно.

Шүүгчийн захирамжид дахин болон нэмэлт шинжээч томилсон нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд нэгэнт өмнө шинжээч томилсон тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаанууд болох дүгнэлт, мэдүүлэг зэрэг бүх ажиллагаа хүчингүй болсон тул шинээр шинжээч томилохоос өөр боломжгүй юм.

Мөрдөгч, прокурор, шүүгч нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар нотлох баримт нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой эсэх, тал бүрээс нь нягт, нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянаж, харьцуулан судалж, шинэ нотлох баримт цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлэх заалтын дагуу прокуророос хэрэгт авагдсан баримтуудыг шалгаж, үнэлсэн, шүүгч  мөн адил Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д зааснаар нотлох баримтыг шалгаж, үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжтой атал хэрэгт авагдсан баримтуудад хийсвэр, үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль, тогтоомжийн агуулгыг буруу  тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, нотлох баримтыг үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг тогтоох суурь зарчмыг хангаагүй дүгнэлт хийсэн нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаартай захирамж  нь бүхэлдээ хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлүүдээр, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.*******д холбогдох хэргийг прокурорт буцаасан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагч Г.*******ын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг анхан  шатны шүүхээс прокурорт буцаасан байгаа. Прокурорт хэргийг буцаахдаа хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хязгаарласан гэх үндэслэлээр буцаасан. Миний зүгээс энэ ажиллагаанд оролцоод шинжээч томилох асуудал яригдсан. Шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Шүүхийн Шинжилгээний хүрээлэнгээс шинжээч томилоогүй. Энэ шинжилгээг шүүхээс шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гадуурх шинжилгээ гэж би хувьдаа үзэж байгаа. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гадуур, шинжээчийн дүгнэлт хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар шинжээчийг тусгай мэдлэг эзэмшсэн диплом, боловсрол, бүх зүйлийг хавсаргана гэж заасан зохицуулалт хангагдаагүй. Шинжээч томилсон шийдвэрт нь шинжээчийн нэр байгаагүй. Шинжээчийн нэр байхгүй, тодорхой болохоор нь танилцах тухайгаа мөрдөгчид хэлсэн. Арцтай холбоотой хэрэг дээр хотын шинжээч нар хуурамч дүгнэлт гаргаж байгаа тул, надад танилцуулаарай гэж хэлсэн боловч мөрдөгч танилцуулалгүй гэх шинжээч томилсон байсан. Нийтэд илэрхий болсон нэг асуудал байгаа. Төв аймагт шийдвэрлэсэн нэг хэрэг дээр гэх шинжээч хуурай, нойтон *******ыг хольж, солиод хуурайг нь хямдхан болгоод нойтныг нь үнэтэй болгоод шинжээчийн дүгнэлт үйлдсэн байдаг. Тиймээс шинжээчийг зайлшгүй мэдэгдээч гэж хүссэн. Дахин нэг шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Тухайн шинжээчийн дүгнэлтийг надад танилцуулаагүй. Хэргийн материал танилцуулаагүй.  Прокурорын шатанд надад хэргээ танилцуулсан. Яагаад хэргээ танилцуулаагүй вэ? гэхэд намайг хотод байсан тул хэргээ танилцуулаагүй гэх тайлбарыг мөрдөгч өгсөн. Мөрдөгч хэргээ танилцуулаагүй тул хэргийн нөхцөл байдлыг тухайн үед сайн мэдээгүй. Ийм байдлаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал байгаа. Шинжилгээнд явсан шинжилгээний объект дутсан асуудал байгаа. 6 кг ******* дутсан байдаг. Хэзээ, хэдэн кг жинтэй явуулсан нь тодорхойгүй, дээж аваад шинжилгээнд явуулсан байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээжийг хэрэгт хавсаргах ёстой байтал байхгүй, алга болсон байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.  Эд мөрийн баримт устгасан асуудал байна. Хэмжээн дээр маргаж байгаа тул шинжилгээний дээж буцаж ирэх ёстой байсан. хамгаалах тухай хуульд зааснаар сумын Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй. Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлыг тодорхой гаргаж ирээгүй, нотолж чадаагүй асуудал байдаг. Энэ хэргийг анх худалдаж авсан гэх үндэслэлээр шалгаж байсан. Одоо бэлтгэсэн түүсэн гэж үзэн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Арцыг түүсэн, бэлтгэсэн гэж байгаа бол хаанаас, хэзээ түүснийг нь тогтоох ёстой байсан. Яллагдагчаас анх мэдүүлэг авахдаа авсан хүнээ хэл, хэлэхгүй бол чамайг явуулахгүй, түүсэн, худалдаж авсан ялгаагүй эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж мөрдөгчийн зүгээс яллагдагчид ойлголт төрүүлсэн байсан. Яллагдагч мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн гэдгээ хэлсэн. Яллагдагчийн мэдүүлгийг үндэслэж, өөрийг нь яллаж байна. Мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдож байна уу? гэх асуудал яригдаж байна. Мэдүүлэг дээр хэлсэн цаг хугацаанд яллагдагч Өмнөговь аймагт том оврын машины жолооч хийж байсан. Өмнөговь аймагт жолоо барьж байсан нь ковидын шинжилгээ, улсын хил гарсан баримтуудаар тус тус тогтоогддог. Ковидын шинжилгээг мөрдөгч хуурамч байх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ энэхүү шинжилгээ нь хуурамч байх боломжгүй, “PCR” буюу биечлэн өгдөг шинжилгээ юм.  Тухайн үед Завхан аймагт бус Өмнөговь аймагт байсан нь нотлогдож байгаа. Гэтэл прокурор *******ыг түүсэн байна гэж дүгнэсэн. Хэргийн газрын үзлэг хийхдээ яллагдагч талд мэдэгдээгүй, өөрсдөө яллагдагчийн зааж өгсөн газар очоод хийсэн байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар эд хөрөнгө хураахтай холбоотой хүсэлт гаргасан, үүнийг анхан шатны шүүхээс хүлээн авсан, авахдаа захирамждаа дурдаад явсан байдаг. Яллагдагчийн машиныг хурааж авсан байгаа. Үүнийг яагаад зөрчил гэж үзээд байгаа юм бэ? гэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу үнэлгээ гаргуулж байгаа, үнэлгээний мөнгөн дүнг улсын орлого болгож байгаа тогтсон практик байгаа.  Гэтэл яллагдагчийг анх шүүхээр ороход нь унаж явсан машиныг нь хурааж аваагүй, үнэлгээ гаргаагүй, яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг өмнө нь шүүхээс прокурорт буцаахад, үнэлгээг гаргасан мөртлөө машиныг нь хурааж авсан. Яллагдагчийн машин Тосонцэнгэл сумын журмын хашаанд ямар ч бүртгэлгүй байгаа.  Машины үнэлгээ буурсан асуудал байгаа. Баттерей нь хүйтэнд дуусдаг. Машин нь гэр бүлийн дундын өмч байх бөгөөд эхнэр, хүүхдээ зөөх асуудал гарч байна. Яллагдагчийн ар гэрийн асуудал хөндөгдөж байна. Хэргээ шийдвэрлүүлээгүй, гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад эд хөрөнгийг хурааж авсан. Улсын орлого болгох гэж байгаа бол үнэлгээ гаргах ёсгүй байсан. Машиныг улсын орлого болгоод шийдвэр гүйцэтгэлээр дуудлага худалдаанд оруулах байсан. Гэтэл үнэлгээ тогтоогоод, үнэлгээгээ танилцуулчхаад, машиныг нь хурааж байгаа нь хууль зөрчсөн байна. Тиймээс давж заалдах шатны шүүхээс яллагдагчийн машиныг цагдаагийн газраас гаргаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Машины үнэ, цэнэ 2.0 сая төгрөгөөр буурах боломжтой нөхцөл байдал харагдаж байна. Машин хураасан асуудлыг анхан шатны шүүхээс шийдсэн боловч, яг тодорхой үндэслэлтэй тайлбар хийгдээгүй дурдаад явсан байдаг. Яллагдагч Г.*******ын машиныг Цагдаагийн журмын хашаанаас чөлөөлж өгөхийг хүсэж байна гэв.

Яллагдагч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Өмнөговь аймагт байсан, хил гарсныг гадаад паспорт, ковидын шинжилгээ батална. Гадаад паспорт болон шинжилгээний хариу дээр хаана, хэзээ, хил гарсан нь тодорхой байгаа. Хил гарсан Хятад, Монголын штамп дарагдсан байгаа. Хуурамчаар үйлдэх боломж байхгүй. Арцан дээр нэг төрлийн ******* байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан, уг нь 2 өөр төрлийн ******* байгаа. Хонин *******, ямаан ******* гэх 2 өөр төрлийн ******* байгаа. Нэг нь тод ногоон, нөгөө нь бүдэг ногоон өөр төрлийн ******* байгаа. Арцны хуурай, нойтон зэрэг дээр маргаж байгаа. Нэг шуудай нь нойтон, бусад нь хуурай. Машины хувьд эрсдэл байгаа. Тосол чанараа алдах юм бол машины моторын блок, аржатор хөлдөх магадлалтай. Эхнэр Дэнжид ажилтай, манайх ногоон хашаанд байдаг. 2 хүүхэд цэцэрлэг, сургууль руу хүргэх гээд машины хэрэгцээ шаардлага байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

Яллагдагч Г.*******  нь 2022 оны  09 дүгээр сарын 10-наас 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын “******* *******” гэх газраас, 2022 оны 11 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд  Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэр болох “******* *******“ гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 8 шуудай  133 кг хуурамч *******ыг түүж, өөрийн гэртээ тээрэмдэж бэлтгэн хадгалж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт тухайн *******ыг Улаанбаатар хотод зарж борлуулах зорилгоор тээвэрлэж байгаль экологид 22.299.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн хэрэгт хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх дээрх хэрэгт хэргийн бодит байдал бүрэн нотлогдоогүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.           

Шүүгчийн захирамжид:

1. Гэмт хэрэг гарсан байдал бүрэн нотлогдоогүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд яллагдагч хаана байсныг шалгаж тогтоох шаардлагатай гэжээ.

 Шүүх хэрэгт авагдсан яллагдагч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтуудад үндэслэн яллагдагч Г.******* нь 2022 оны  09 дүгээр сарын 10-наас 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын “******* *******” гэх газраас, 2022 оны 11 дүгээр сарын 03-наас 05-ны өдрийн хооронд  Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг дэвсгэр болох “******* *******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуурамч хонин *******ыг түүж бэлтгэсэн эсэхэд дүгнэлт хийж, яллагдагч дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой байна.  Түүнчлэн яллагдагч  Г.*******ыг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 20-ны хооронд, 2022 оны 11 дүгээр сарын 03-наас 05-ны  өдрүүдэд хаана байсан, энэ цаг хугацааг тогтоох ажиллагааг хийх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

2. Яллагдагч Г.*******ын тээвэрлэж явсан гэх 8 уут 133 кг *******ыг эд мөрийн баримтаар хураан авсан байх боловч, эд мөрийн баримтаар тооцох тогтоол үйлдээгүй, мөн хурааж авсан гэх 133 кг *******наас 9 кг ******* дутсан байхад шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгаагүй гэжээ.

Хэрэгт Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай эд мөрийн баримт хураан авсан тогтоол байх ба яллагдагч Г.*******оос тээвэрлэж явсан *******ны хэмжээ 8 шуудай, 133 кг гэж тооцон, *******ыг хураан авсан тэмдэглэл үйлдсэн байна.

Мөрдөгч, прокурор нь яллагдагч Г.*******ын тээвэрлэж явсан гэх *******ыг хураан авч тэмдэглэл үйлдсэн ажиллагаа хийсэн байх ба энэ нь эд мөрийн баримтаар тооцох, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, үнэлэх, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.14 дүгээр зүйл, 16.15 дугаар зүйлийг  зөрчөөгүй байна.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* нь өөрөө байгалийн чийгээ алддаг ургамал  учир,  гэмт хэрэг илэрсэн үед хураан авсан *******ны жин нь хэрэг шүүхэд шилжүүлсэн үеийн жингээс багассан нөхцөл байдлыг заавал нотлох шаардлагагүй ба  шүүх  гэмт  хэргийн хохирол, хор уршигийг тооцохдоо *******ны энэ шинжийг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийх боломжтой байх ба хэрвээ эргэлзээтэй гэж үзвэл шүүх хуралдаанд шинжээч оролцуулан тодруулах, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх  боломжтой байна.

3. Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл,  Байгаль хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, гэмт хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тухайн ургамлыг түүж, бэлтгэсэн сумын засаг дарга томилогдох ёстой гэжээ.

Хэрэгт Завхан аймгийн Улиастай сумын засаг дарга Ч. нь тус хэрэгт Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.ыг оролцуулахаар томилсон 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/189 дугаартай албан бичиг байх бөгөөд тус албан бичигт үндэслэн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр Б.ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон мөрдөгчийн тогтоол нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.5 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь бие, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ”.

8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ. 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно. 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна гэжээ.

Өөрөөр хэлбэл, Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирлыг нөхөн төлүүлэхээр томилсон этгээдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр томилсон нь дээрхи хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд зааснаас үзэхэд иргэний нэхэмжлэгч, хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил эрх эдэлж оролцохоор байх тул Б.ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хэрвээ хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн яллагдагч Г.******* нь Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Байгалийн ургамлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Байгаль хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар ******* сумын Засаг даргыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр нэмж тогтоох ёстой гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох шийдвэр гаргах боломжтой байна.

4. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд мэргэжлийн байгууллагыг шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахдаа... шинжилгээ хийлгэх этгээд нь шинжилгээ хийх этгээдэд санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг мэргэжил, чадварыг нотолсон баримт бичгийг баримтжуулаагүй, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг д, шинжилгээ хийлгэхийг даалгасан атлаа, яллагдагчийн өмгөөлөгч Б.*******д тус байгууллагаас шинжилгээ хийх, шинжээчийг томилсны дараа татгалзан гарах эрхийг хангаагүйгээс оролцогчид шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл болсон гэжээ. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс томилогдсон шинжээчийн талаар өмгөөлөгчид мэдэгдэж, татгалзан гарах эрхийг эдлүүлсэн нь тодорхойгүй гэжээ.

5. Мөн яллагдагч Г.*******д холбогдох хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шинжээч М.аар шинжилгээ хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан ба мөн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шинжээч Н.гээр шинжилгээ хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан байна. Гэвч эхний шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэхэд эргэлзээ байсан эсэх талаар шинжээчийг томилохдоо тусгаагүй, ямар учраас дахин шинжээч томилсон нь тодорхойгүй байна гэжээ.

Яллагдагч Г.*******д холбогдох хэргийг өмнө нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан ба тус шүүх 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 186 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн хэргийг прокурорт буцаах болсон нэг үндэслэл нь ...хэрэгт шинжилгээг хийх бусад этгээдээр хийлгүүлэхдээ Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчиж, шинжээчийг оролцуулсан байна. Нэмэлт шинжилгээ хийсэн боловч, шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг яллагдагч болон түүний өмгөөлөгчид танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэсэн байна.

Прокурор шүүгчийн захирамжид заасныг биелүүлж, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 03 дугаартай тогтоолоор Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.ын 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, түүнтэй холбоотой ажиллагаа/ дүгнэлтүүд, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, дүгнэлтүүдийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл, дүгнэлтүүдийг хэргийн оролцогч нарт танилцуулсан тэмдэглэлүүд/-ийг тус, тус хүчингүй болгосон байна.

Мөрдөгч нь өмнөх шинжээч томилсон тогтоол, түүнтэй холбоотой бүх дүгнэлт тэмдэглэл хүчингүй болсон учраас 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тухайн д /*******/ шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахыг Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг даалгаж, шинжээчээр Н. томилж, шинжээчээр ажиллах хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг урьдчилан тодруулсан, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн, хэргийн оролцогч нарт шинжээч томилсон тогтоолыг танилцуулсан,  2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 28-ны өдөр, шинжээчийн дүгнэлтийг яллагдагч түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус танилцуулсныг дахин шинжилгээ хийлгэсэн гэж үнэлэх боломжгүй байна.

Энэ шинжилгээг хийлгэхдээ мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй байна. Шинжээч томилсон тогтоол болон дүгнэлттэй холбоотой яллагдагч, түүний өмгөөлөгчөөс ямар нэгэн гомдол, хүсэлт гараагүй байна.

6. Мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа яллагдагч, түүний өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад мөрдөгч 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг хийж дуусган, хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж, улмаар яллагдагч Г.******* хэргийн материалтай танилцсан байна. *******ин яллагдагчийн өмгөөлөгч Б.*******д прокурорын шатанд хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн, өмгөөлөгч яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцсан байгаа нь өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг хангаагүй, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхи үндэслэлүүдээр хэргийг заавал прокурорт буцаахгүйгээр, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн, хэргийн үйл баримтыг тогтоож, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Э.*******ын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  прокурор Э.*******ын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                                                     Б.НАМХАЙДОРЖ

                                                                        Б.АРИУНБАЯР