Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 123/ШШ2025/0067

 

 

 

 

2025        07         28                                                      123/ШШ2025/0067

 

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, хариуцагч Ж.Эрдэнэтоль, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, Л.Мөнхдөл, гэрч*******,*******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******* нь Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******ийг ажлаас халах тухай 03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, *******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг /энэ өдрийн байдлаар нийт 21,821,694 төгрөг/ нөхөн олгож, энэ үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон гаргасан. 

1.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******ийг ажлаас халах тухай 03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, *******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. ******* нь Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, ... Зуунмод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажилласан[1].

2.2. Маргаан бүхий захирамжийг гаргахын өмнө Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга******* нь *******тэй биечлэн уулзаж, сонсгох ажиллагааг явуулан сонсгох ажиллагааны явцын талаар дуу бичлэг хийж, түүнээс тэмдэглэл[2] хөтөлж баримтжуулжээ. (Энэ тэмдэглэлд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй боловч тэмдэгдэл, яригдсан зүйлд маргахгүй, зөвшөөрч байгаа гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн).

2.3. Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хороо нь иргэн*******гаас Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга *******т холбогдуулан гаргасан өргөдлийг хэлэлцээд 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр[3] ... ******* нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.10, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.

2.4. Улмаар Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай “*******ийг ажлаас халах тухай” захирамжийн 1 дэх заалтаар  Аймгийн ИТХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 03 дугаар сарын 11-ний дүгнэлт, 2025 оны 03 сарын 11-ний өдрийн тэмдэглэл, Мөн Зуунмод сумын ИТХ-ын даргын хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлийг үндэслэн Зуунмод сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга ******* нь албаны бүрэн эрхээ хэтрүүлж Сонгуулийн Ерөнхий хорооны даргад 2025 оны 04/18 дугаар албан бичгийг явуулсан, сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2025 оны 02 сарын 20-ны өдөр дур мэдэн хуралдуулахаар зарлаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж нэхэмжлэгч *******т “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ[4].

2.5. Дээрх маргаан бүхий захирамж нь “…Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6, 52.1.12, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2, 83.3, 83.4 дэх заалтыг” тус тус үндэслэжээ.

2.6. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 03 дугаар захирамж гарч, албан тушаалаас халсан учраас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* миний бие нь Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил үүргийг ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэж байсан. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ажлаас халах тухай 03 тоот захирамж гарч албан тушаалаас халсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 03 тоот захирамжийн агуулгад ******* нь албаны бүрэн эрхээ хэтрүүлж Сонгуулийн ерөнхий хорооны даргад 2025 оны 04/18 дугаар албан бичгийг явуулсан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2025 оны 02 сарын 20-ны өдөр дур мэдэн зарлаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул... албан тушаалаас халсугай гэжээ. а/ Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1/01 дугаартай албан бичгээр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан нөхөн сонгууль явуулах, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахтай холбоотой асуудлаар зохих арга хэмжээ авахыг мэдэгдсэн байсан. Үүний дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 42 дугаартай албан бичиг ирсэн байдаг. ******* би Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувиар өөрийн суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар тайлбар ирүүлэхийг хүссэн 04/18 дугаартай албан тоотыг Сонгуулийн ерөнхий хороо руу явуулсан. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь хэвлэмэл маягт, тамга тэмдэг хэрэглэх эрхтэй. ******* миний бие хэн нэгэн албан тушаалтны өмнөөс гарын үсэг зураагүй, эрх зүйн үр дагавар бүхий тушаал шийдвэр биш харин мэдээлэл лавлагааны хүсэлт илгээсэн, бусдаас нуусан хаасан үйлдэл эс үйлдэхүй байхгүй тул ажлаас халагдах зөрчил дутагдал гаргаагүй гэж үзэж байна. б/ 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 02 тоот төлөөлөгчийн албан тоотоор "Ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай" Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-аас сонгогдсон 10 төлөөлөгчдийн гарын үсэг бүхий албан тоот ирсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдаа ирж оролцох талаар гишүүдийн групп чатад урилга бичсэн. Энэ талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга мэдэж байсан, тухайн хурал ирц хүрэлцэхгүй гэх шалтгааны улмаас хуралдаагүй. ******* би ээлжит бус хуралдааныг дур мэдэн зарласан зүйл байхгүй, тийм эрх ч надад байхгүй. Төлөөлөгчдийн гарын үсэг бүхий албан бичигт ээлжит бус хурлын огноог цагтай нь бичсэн байсан. Өөрөөр хэлбэл дур мэдэн хурал зарлаагүй, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хувьд Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хувиар өөрийн суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотой тайлбар ирүүлэх агуулгатай маргаж буй 04/18 дугаартай тоотыг Сонгуулийн ерөнхий хороо руу явуулсан. Холбогдох хууль тогтоомж дүрэм журамд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга хэвлэмэл маягт тамга тэмдэг хэрэглэх эрхтэй. Албан бичгийг харсан ч гэсэн ******* бол хэн нэгэн албан тушаалтны өмнөөс гарын үсэг зураагүй. Мөн эрх зүйн үр дагавар бүхий тушаал шийдвэр биш харин мэдээлэл лавлагааны хүсэлт илгээсэн. Үүнийг бусдаас нуусан, хаасан эс үйлдэхүй гаргаагүй. Өөрийн гарын үсэг, нэрийг бичиж явуулсан. Үүнийг ажлаас халах үндэслэл болохгүй гэж нэхэмжлэгч тал харж байна. Өөрөөр хэлэх юм бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлж Сонгуулийн ерөнхий хороо руу маргаж буй албан бичгийг явуулсан.  Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн 17 дугаар зүйлийн 17.1-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын чиг үүргийг заагаад өгсөн. Чиг үүрэгт юу гэж байдаг вэ гэхээр 1.4-т бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч нарт туслах, 1.6-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын зөвлөлөөс Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг байгууллага Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдтэй өдөр тутам шууд харилцах асуудлыг эрхлэх, 1.8-т хууль тогтоомж төр засгийн тогтоол шийдвэр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, удирдлагаас өгсөн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллах, 1.11-т сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг түших бүрэн эрхийг хуульчилж зааж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол өөрийн хуульд заасан бусад дүрэм журамд заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна. ... Ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулах тухай Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Монгол Ардын намаас сонгогдсон 10 гишүүний гарын үсэгтэй албан бичиг,  Мөн Ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн албан тоот ирсэн. Албан тоот ирсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдаа ирэх талаар гишүүдийн групп чатад урилга бичсэн. Миний үйлчлүүлэгч үүнийг бичсэн. Маргах зүйлгүй. Энэ талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга мэдэж байсан. Тухайн хурлын ирц хүрэлцэхгүй гэх шалтгааны улмаас хуралдаагүй. ... *******ийн хувьд ээлжит бус хуралдааныг дур мэдэн зарласан зүйл байхгүй. Тийм эрх ч хуулиар олгогдоогүй. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10 гишүүн гарын үсэг зурсан албан бичиг ирсэн байдаг. Агуулга нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулаарай гэсэн албан бичиг байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугар зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан гэж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгч нарын гуравны нэгээс доошгүй саналаар эсхүл хурлын зөвлөл, хурлын даргын санаачилгаар хуралдуулна гэсэн заалт байдаг. Би энэ заалтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага боловч нам намаас сонгогдсон төлөөлөгч нар ордог. Тийм учраас өөр өөр үзэл бодол улс төрийн ямар нэгэн шалтгаанаар хуульд заасан ээлжит бус хуралдааныг зарлахгүй байх магадлал улсын төрийн шалтгаанаар байдаг учир Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т хууль дээдлэх зарчмыг хангахын тулд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах эрхийг 3 субъектэд олгож байдаг. Хэн нэгэн хүнд олгочихоор тэр хүн аль нэг намын ч байдаг юм уу өөр ямар нэгэн улс төрийн шалтгаанаар хурлыг зарлахгүй байх, үүний улмаас хууль ёс, шударга ёс алдагдах нөхцөл байдал үүсдэг учир хууль тогтоогчоос ээлжит бус хуралдааныг зарлан эрхийг 3 этгээдэд өгсөн байдаг. Нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй бол эсхүл хурлын зөвлөл,  хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравны нэг гэдэг нь 29 хүний 10 хүн гэдэг нь гуравны нэгээс доошгүй хувь нь мөн. Тийм учраас ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2025 оны 02 дугар сарын 20-ны өдөр дур мэдэн зарласан зүйл байхгүй. ... Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хороо бол Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу байгуулагдаагүй. Иймд гаргасан аливаа шийдвэр нь хууль бус. Ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болохгүй. Үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны үйл ажиллагааны журмын 4.1.7а-д ёс зүйн дэд хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч биш харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга.  Захиргааны албан тушаалтан. Тийм учраас ёс зүйн хорооны дүгнэлт бол миний үйлчлүүлэгчийн  ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн эсэх, ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг дүгнэх боломжгүй гэж үзэж байна. ... Ёс зүйн дэд хороо бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэглэх эрхгүй. Хоёрдугаар өмгөөлөгч гурван үндэслэл ярилаа. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт байдаг. Сонгуулийн ерөнхий хороо руу албан бичиг явуулсан. Ээлжит бус хуралдааныг дур мэдэн зарласан гэдэг. Ээлжит бус хуралдааныг товлон зарлах нь хурлыг даргын эрх гэх тайлбар хэлж байна. Миний үйлчлүүлэгчийн товлон зарласан, өөрөөр хэлэх юм бол хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахаар *******ийн гарын үсэг ямар тушаал, шийдвэрт ээлжит бус хуралдааныг товлон зарласан бэ гэдгийг хэлээд өгөх байлгүй. Монгол Ардын намын 10 гишүүн хуульд заасан эрхээ эдэлж албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу хурлын заалыг бэлдэж хуралдаа ирээрэй гэсэн урилга явуулсан. Өөр зүйл байхгүй. Тамга түших гэдэг асуудал. Тамга түшнэ гэдэг нь тамгыг хадгалаад байж байдаг. Юун дээр ч дарах эрхгүй гэдэг зүйлийг хэлнэ. Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам байгаа. Журмын 4-т тамга тэмдэг, баталгааны тэмдэг хэрэглэх гэдэг заалт байдаг. журмын 4.9-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, баримт бичигт дарна гэсэн агуулга байдаг. Хурлын нарийн бичгийн дарга тамгыг түших эрхтэй, хэрэглэх эрхтэй, дарах эрхтэй гэдэг нь Засгийн газрын тогтоолоор харагдаж байна. ... Ёс зүйн дэд хороо бол Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэглэх эрхгүй. Миний үйлчлүүлэгчийн товлон зарласан, өөрөөр хэлэх юм бол хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахаар *******ийн гарын үсэг ямар тушаал, шийдвэрт ээлжит бус хуралдааныг товлон зарласан бэ гэдгийг хэлээд өгөх байлгүй. Монгол Ардын намын 10 гишүүн хуульд заасан эрхээ эдэлж албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу хурлын заалыг бэлдэж хуралдаа ирээрэй гэсэн урилга явуулсан. Өөр зүйл байхгүй. Тамга түших гэдэг асуудал. Тамга түшнэ гэдэг нь тамгыг хадгалаад байж байдаг. Юун дээр ч дарах эрхгүй гэдэг зүйлийг хэлнэ. Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам байгаа. Журмын 4-т тамга тэмдэг, баталгааны тэмдэг хэрэглэх гэдэг заалт байдаг. журмын 4.9-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, баримт бичигт дарна гэсэн агуулга байдаг. Хурлын нарийн бичгийн дарга тамгыг түших эрхтэй, хэрэглэх эрхтэй, дарах эрхтэй гэдэг нь Засгийн газрын тогтоолоор харагдаж байна. Тийм учраас эдгээрийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

Хариуцагч******* хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2025 оны ээлжит 3 дугаар хуралдаан 2 дугаар сарын 07-нд хуралдахад нөхөн сонгуулийн тухай буюу сонгуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан шийдвэр гарсан байхад ******* дур мэдэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж сонгуулийн ерөнхий хорооны даргад хандаж албан бичиг явуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэнд халдсан. 2025 оны 02 сарын 10-нд нэг өдөр 2 өөр утгатай албан бичгийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхболд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд явуулсан. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад ирүүлсэн 2025 оны 04/17 дугаар албан бичигт нөхөн сонгуулийн товийг хойшлуулсан талаар шийдвэрлэсэн утгатай, Сонгуулийн ерөнхий хороонд явуулсан 2025 оны 04/18 албан бичиг нь хуулийн тайлбар хүссэн агуулгатай байдаг. Энэхүү үйлдлээрээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхэд халдсан, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн ******* нь МАН-ын 10 гишүүн шаардсан гэсэн шалтгаанаар нөхөн сонгууль явуулах сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцүүлэх ээлжит бус хуралдааныг дур мэдэн 2025 оны 2 дугаар сарын 20-нд зарласан. Үүнийгээ цахим сүлжээгээр зарлан төлөөлөгч нарт урилга илгээсэн ба хурлын танхимыг бэлтгэн, төлөөлөгч нарын нэр бүхий пайзуудыг ширээнд байрлуулсан. Энэ үйлдлээ мөн л иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон зөвлөлд мэдэгдэлгүй, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг судлан шийдвэрлэж, хурлын тов тогтоон зарлах эрхэнд халдсан, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус үйлдэл бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд удаа дараалан гаргасан энэхүү үйлдэлд нь хариуцлага тооцохоор сонсох ажиллагааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга өөрийн биеэр хийж тэмдэглэл хөтөлж баримтжуулсан. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ёс зүйн дэд хороонд төлөөлөгч*******, Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Ганчимэг, М.Баттүвшин нарын гаргасан гомдлын дагуу тус хороогоор хэлэлцэн гаргасан дүгнэлтийн үндэслэлийг судлан үзсэн. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 52 дугаар зүйлийн 52.1.10, 52.1.1, 52.1.2, 52.1.4, 52.1.7, Зуунмод сумын ИТХ-ын дүрмийн 18 дугаар зүйлийн 1, 4, 5, 6, 7, 13, 14, 15, 16, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.4, Торийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.8, 7.1.10, 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.6, 52.1.12, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4 дэх заалтуудыг үндэслэн Төрийн албанаас халах хариуцлага ногдуулсан захирамж гаргасан нь хуулийн үндэслэлтэй гэж хариу тайлбар гаргаж байна. ... 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гурван газар руу бичиг хүргүүлсэн байдаг. Сонгуулийн ерөнхий хороо, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол улсын Үндсэн хуулийн Цэц рүү албан бичиг явуулахдаа надад ч хэлээгүй хурлын төлөөлөгч нарт ч хэлээгүй. ...  би шүүхэд өгсөн материал шаардлага хангахгүй байна гээд буцаагаад материал өгч байхад мэдсэн. Мөн тухайн үед нөхөн сонгууль зарлахад ирцийн шаардлага хангаагүйн улмаас тэр хурал хуралдаагүй гэж байна. Ирцийн шаардлага хүрсэн байсан. Ирцийн шаардлага хүрсэн гэдэг нь Ардын намын 19 гишүүн, Ардчилсан намаас 7 гишүүн ирсэн байсан. Хурал зарлах болоогүй та нарын хүсэлтийг хүлээж авлаа. Зөвлөл хуралдаж байна, хурал дуусаад эргээд хариу хэлье гэхэд хурлын бэлтгэл ажлыг хангаад хурлын группт зар тавьсан байсан. ... Удирдлага нь уг нь би. Иймд хариуцлагагүй үйлдэл гаргаж байсан учраас өөрөө сонсох ажиллагаа хийж мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн хорооноос дүгнэлт гаргуулж байгаад хууль зөрчсөн нь үнэн юм байна гэдгийг олон зүйлээс тодруулсны үүднээс би энэ тушаалыг гаргасан. Ардын намын 10 төлөөлөгчийн гарын үсэгтэй хурал зарлана гэсэн албан бичиг дээр хамгийн сүүлд хуралдааныг зарлан хуралдуулна уу гэсэн байдаг. Энийг надтай зөвлөөд даргаа үүнийг зөвлөлийн хуралдаанаар оруулах уу гэхгүйгээр хурлын бэлтгэл ажлыг хангаад хурлын групп дээр шууд зар тавьсан. Гадагш явуулж байгаа бичгээ яагаад надаар зуруулж болдоггүй юм бэ. Надад танилцуулсан зүйл байхгүй. Өөрөө дур мэдээд явуулаад байгаа нь өөрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлээд байна гэж харж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... маргааны гол зүйл болсон ...  захирамжийг гаргахдаа гурван гол үндэслэлээр захирамж гаргасан. Нэгт аймгийн Ёс зүйн хорооны 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн дүгнэлт мөн тэмдэглэл. Хоёрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийг дарга албаны эрх мэдлээ хэтрүүлж Сонгуулийн ерөнхий хорооны даргад 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/18 дугаар албан бичиг явуулсан. Гуравт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын  20-ны өдөр дур мэдэн залгаж, холбогдох хууль зөрчсөн. ... Хурлын нарийн бичгийн даргын эрхийг хууль болон хурлын дүрэмд заасан. Мөн албан тушаалын тодорхойлолт дээр ямар эрх мэдэлтэй, ямар ажлын чиг үүрэгтэй ажиллахыг заасан. Миний дурдсан бүх үйл баримтууд дээр товлон зарлах эрх үүрэг байхгүй. Товлон зарлах эрхээ хэтрүүлсэн байна. ... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн 17.1-т эрх олгогдсон гэж өмгөөлөгч нь тайлбарлаад байна. Нэхэмжлэл дээр дурдаад байгаа асуудлаас харахад 1.6, 1.8, 1.11-д бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон төлөөлөгчид туслах эрхтэй,  1.6-т дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын зөвлөлөөс Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг байгууллага Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдтэй өдөр тутмын шууд харилцах асуудлыг эрхэлнэ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулалттай холбоотой асуудлаар байгууллагуудтай харилцах эрх нь байгаа. Гэхдээ зөвхөн нарийн бичгийн даргын эрх хэмжээнд дотоод зохион байгуулалтаар харилцана. 1.8-т хууль тогтоомж, төр засгийн тогтоол шийдвэр, хурлын тогтоол шийдвэр, удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх, ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавьж ажиллана. Албан тушаалын тодорхойлолт дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын харилцах субъектүүдийг тодорхой заагаад өгсөн. 3-4 субъект байна. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүд, багийн иргэдийн нийтийн хурлын дарга, иргэн хуулийн этгээд. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын гадагш бусад байгууллагуудтай харилцах, лавлагаа хүсэлт авах, эрх нь хурлын нарийн бичгийн дарга нь өөрөө шууд халдаад, тэр лавлагаа тодорхойлолтыг өөрөө хүсээд байна. Энэ өөрөө буруу байна гэж үзэж байна. Нарийн бичгийн даргад энэ эрх олгогдоогүй. Хурлын даргад олгогдсон эрхийг энэ хүн хэрэгжүүлчихээр эрх мэдлээ хэтрүүлсэн гэж харагдаж байна. ... Хэргийн материалаас тамгын газрын даргын албан тоот дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ёс зүйн дэд хороог хуулийн дагуу байгуулагдаагүй гэсэн албан тоот байгаа. Гэхдээ аймгийн Ёс зүйн дэд хороо байгуулагдсан тушаал шийдвэр, хороог хүчингүйд тооцсон шийдвэр тушаал гараагүй. ... Ёс зүйн дэд хорооны дүгнэлт үндэслэлтэй гарсан. ... Тамга дарах эрх байж болно. Гэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйл буюу хурлын даргын дотоод гадаад төлөөлөл гэдэг бүрэн эрхэд халдаж, хурлыг төлөөлөөд, жишээ нь 04/18 дугаартай албан бичиг бол хурлын өмнөөс албан бичиг тоот, лавлагаа явуулаад байна. Хурлыг хурлын дарга төлөөлнө. Хурлыг нарийн бичгийн дарга төлөөлөхгүй. Хурлын нарийн бичгийн даргын эрх бол тодорхой заасан. Хурлыг төлөөлөх, бусад газраас лавлагаа авах эрх байхгүй. Тамга дарах эрхээ хольж сольж, тамга дарах учраас би гарын үсэг зурж тамга дарж болно гэдэг зүйлийг нэхэмжлэгч талын яриад байгаа зүйл үндэслэл байхгүй. Хууль бусад дүрэм, ажлын байрны эрхээ хэтрүүлсэн гэж харагдаад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал даргын 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар захирамж тодорхой үндэслэлээр гарсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, Мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлт, Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг үндэслэж халах захирамж гарсан. ... Төрийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг зүйлийг зөрчсөн байна. Хэдий тушаалд ороогүй ч гэсэн улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно гэдэг зохицуулалт. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар хуралдах ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийн тухай зохицуулалт. Үүний 52.1.1-т хурлын дарга тухайн ээлжит болон ээлжит бус хуралдааныг зарлах, бэлтгэлийг хангах бүрэн эрхтэй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 гэдэг зохицуулалт бол хурлын хуралдуудлах санаачлах эрх нь байгаа. Энэ эрхийг 3 субъектэд олгодог гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар зөв. Өөрөөр хэлэх юм бол төлөөлөгч нарын гуравны нэгээс доошгүй хүний саналаар хурлын зөвлөлөөр хурлын даргын санаачилгаар хуралдана. Хурлын товыг тогтоох эрх нь хурлын даргад байдаг. ... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба гэдэг зохицуулалт, 54.4 дэх зохицуулалт бол ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана. Маш тодорхой заалт. Албан тушаалын тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга хэний удирдлага дор ажиллах бас хэнийг удирдаж ажиллах вэ гэдэг зохицуулалтыг тодорхойлоод өгсөн. Яаж ажиллах  арга замыг хүртэл зааж өгсөн. Багийн иргэдийн нийтийн хуралтай, багийн Засаг даргатай, сумын Засаг дарга, тамгын газрын даргатай нартай, дотоод албаны хүний нөөцтэй холбоотой, санхүү төсөвтэй холбоотой дотоод зохион байгуулалттай холбоотой ийм шийдвэр гаргана гэсэн зүйлийг хууль болон албан тушаалын тодорхойлолтод зааж өгсөн. ... Яагаад албаны эрх мэдлээ хэтрүүлж байна гэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-т хурлыг товыг хурлын дарга тогтооно гэдгийг хуульчилсан. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.10-т  хурлыг гадаад дотоодод төлөөлөх эрхийг хурлын дарга эрхтэй. Монгол улсын Ёс зүйн хорооны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол байдаг. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай. Энэ тогтоолын 1.3-т Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хороо нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн ажлын албаны албан хаагч нар болон харьяалах сумын дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч албан хаагчийг ёс зүйн асуудлаар гаргасан гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэнэ. Монгол улсын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 5 дугаар тогтоолд Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг тодорхойлж өгсөн. Энэ журмын 2.4-т 40 ба түүнээс цөөн төрийн албан хаагчтай байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороо нь 3 гишүүний бүрэлдэхүүнтэй. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хороо бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын захирамж тогтоолоор хавтаст хэрэгт авагдсан. 7 хороотой бөгөөд үүний ёс зүйн дэд хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй, өнөөдөр 4 гишүүн нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд маргааны хянан шийдвэрлээд явж байгаа. Энэ дүгнэлтээр ******* нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиудыг зөрчсөн учраас холбогдох арга хэмжээ буюу халах шийдвэрийг гаргая гэдэг дүгнэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн. Мөн гомдол гаргах хувийг хүргүүлсэн байдаг.  2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга******* болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ******* нар уулзсан. Хурлын дарга нарийг бичгийн даргад сонсох ажиллагааг явуулсан. Та албаны эрх мэдлээ хэтрүүллээ, хуульд заасан дүрэм журмыг биелүүлсэнгүй. Та хуульд зааснаар ажилласангүй гэдэг үндэслэлээр халсан. Энд сахилгын ямар төрлийн арга хэмжээ оногдуулах гэж байгааг ******* хэрвээ та намайг халах юм бол хууль шүүхийн байгууллагаар явна гэдэг байдлаар хандаад гарч байдаг. Сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар маргахгүй гэдгээ өмнөх хурал дээр хэлж байгаа. ... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.2, 14.3, 15.6, Улсын Их хурлын ёс зүйн сахилга хариуцлагын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор батлагдсан ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрмийн 3.5-т үндэслэж тогтоох нь, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ёс зүйн зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэхэд дараах зарчмыг баримтлан ажиллахыг Засгийн газар, төрийн болон орон нутгийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хороо томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай. Үүний 3-т аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хороо нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч өөрийн ажлын албаны албан хаагч болон харьяалах сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэх. Ийм эрх үүргийг олгосон.... . Хамгийн гол нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ямар эрх хэмжээтэй, ямар чиг үүрэгтэй, ямар байдлаар ажиллах вэ гэдгийг хуульчилсан. Мөн албан тушаалын тодорхойлолтод ямар эрх хэмжээтэй, юуг хариуцаж, удирдлагын ямар түвшинд ажиллахыг тодорхойлоод заагаад өгсөн. Хэнд захирагдах, хэнийг захирах, хаашаа ямар албан бичиг хүргүүлэхийг, тэдгээр албан бичиг тэдгээр этгээдүүдэд хандаж ямар нэгэн байдлаар зохион байгуулалтын ч бай мэдээллийн ч бай хүсэлт, арга хэмжээ гэдэг байдлаар харилцаж, хандаж харилцах ёстой. Сонгуулийн ерөнхий хороо руу, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал руу, Үндсэн хуулийн Цэц рүү хуульд заагаагүй эрх мэдлийг хэрэгжүүлж ярих нь хууль бус. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ******* гэдэг хүнд холбогдуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан. Миний бие 2024 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар Зуунмод сумын Номт багаас 1414 буюу хамгийн өндөр саналыг авч, Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон. Төлөөлөгч нарыг батламжлах, Засаг даргад нэр дэвшүүлэх, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэх хурал товлогдсон. Надад мэдэгдэж очсон. Нарийн бичгийн даргын өрөөнд ороход чамайг энэ хуралд суулгахгүй гэж байсан. Яагаад сууж болохгүй вэ гэхэд суулгахгүй чи давхар сонгогдож болохгүй гэж хэлсэн. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байдаг. Та яагаад ингэж байгаа вэ. Би сонгох, сонгогдох эрхийн хүрээнд би орж бүрэн эрхээ баталгаажуулаад дараа нь хориглосон заалтаар яах нь миний эрхийн асуудал гэхэд чамайг энэ хуралд суулгахгүй. Сонгох, сонгогдох эрх чинь хамаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төрийн байгууллага биш гэсэн. Анхдугаар хурал болсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдаанд даргалагч удирддаг гэж ойлгосон. Би анх удаа төлөөлөгч болж байгаа. Гэтэл нарийн бичгийн дарга нь хурал даргалж микрофон авч чи гар, чамайг суулгахгүй гэдэг асуудал үүссэн. Маргаан болсон тэнд байсан хүмүүс бүгд мэдэж байгаа. Энэ асуудлыг судлаад үзэхэд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай гэдэг хууль батлагдсан юм байна лээ мөн Төрийн албаны тухай хууль гэж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэж мөн байгаа. Хурлын нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албан хаагч яагаад ийм зүйл яриад байгаа вэ гээд ёс зүйн асуудалтай нь холбоотой Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан. Миний гомдлын дагуу Ёс зүйн дэд хороо хуралдаад миний гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж, шийдвэр гарч хувийг надад өгсөн гэв.

Гэрч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Анхдугаар хуралдааныг хамгийн өндөр настай нь удирдаж байсан. Тэр хүн бол хурлын даргаар анх удаа удирдаж байсан болохоор хажуугаас нь зөвлөгөө мэдээлэл өгч байсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд санаачилж хуралдуулна гэж заасан. Бид эрхийнхээ дагуу хоёр ч удаа  шаардлагыг хурлын даргад хүргүүлсэн. Эхний удаа 02 дугаар сард мөн 3 дугаар сард шаардлага хүргүүлсэн. Хурлын зааланд бол ирээгүй. Ардчилсан намын зарим гишүүд хурлын ажлын албаны өрөөнд ирсэн. Би тоог нарийн мэдэхгүй. 5-6 хүн ирсэн байх гэж бодож байна. Хуралд оролцох гэж ирсэн байх гэж ойлгож байна. Тэгсэн хэр нь орж ирээгүй. Цаанаа ямар шалтгаан байдгийг мэдэхгүй. Улс төрийн намын шалтгаан байдаг байх. Санаачилж хуралдуулна гээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан. Бид түүнийг үндэслэсэн. Санаачилж байгаа тохиолдолд хугацаагаа тодорхой тавьж өгөх ёстой. Хугацаагаа тавиад хурлын даргад эрх үүргийн хүрээнд хуралдааныг зохион байгуулж өгнө үү гэсэн шаардлага тавьсан гэв.

Гэрч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Анхдугаар хуралдаанд бид шинэ төлөөлөгч болсон. Анхны хуралдаан дээр хурлын дарга ч мөн шинэ хүн. Хурлын нарийн бичгийн дарга бидэнд ажилтай холбоотой мэдээллийг өгч байсан. Хурал үймүүлж байсан хүн бол 29 төлөөлөгчөөс 2 төлөөлөгч нь аймаг болон сумын хурал дээр давхар сонгогдсон гээд хоёр талдаа эрхээ хэрэгжүүлнэ гэдэг зүйл ярьсан. Нэгт нь Зуунмод сумын Засаг дарга Хатанбаатар болон Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч******* гээд хоёр хүн орж ирж байсан. Үүнтэй холбоотой *******тэй******* төлөөлөгч нар маргалдсан. Тэрнээс биш *******тэй холбоотой хурал удирдаад, даргын урдуур ороод шийдвэр гаргаад байсан зүйл болоогүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Иргэн ******* нь Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******ийг ажлаас халах тухай 03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, *******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэх[5] гэж нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Харин шүүх хуралдаанд “Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******ийг ажлаас халах тухай 03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, *******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 21,821,694 төгрөгийг нөхөн олгож, энэ дүнгээс татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн гурав дахь шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх гэсэн шаардлагаа, ажилгүй байсан хугацааг маргаан бүхий акт гарснаас хойш энэ өдрийг хүртэл тооцож, нийт дүнгээр 21,821,694 төгрөг, энэ үнийн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл суутгагдах дүн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан[6].

 

Нэг: Нэхэмжлэгч *******өөс Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******ийг ажлаас халах тухай 03 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгчээс ... Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын хувиар өөрийн суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлын талаар тайлбар ирүүлэхийг хүссэн агуулга бүхий 04/18 дугаартай албан тоотыг Сонгуулын ерөнхий хороо руу явуулсан. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд зааснаар ИТХ-ын нарийн бичгийн дарга нь хэвлэмэл маягт, тамга тэмдэг хэрэглэх эрхтэй. ******* нь хэн нэгэн албан тушаалтны өмнөөс гарын үсэг зураагүй, эрх зүйн үр дагавар бүхий тушаал шийдвэр биш харин мэдээлэл лавлагааны хүсэлт илгээсэн, бусдаас нуусан хаасан үйлдэл, эс үйлдэхүй байхгүй тул ажлаас халагдах зөрчил дутагдал гаргаагүй гэж үзэж байна. Ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай Зуун мод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас сонгогдсон 10 гишүүний гарын үсэг бүхий албан бичиг, мөн ардчилсан намаас сонгогдсон гишүүдийн гарын үсэг бүхий албан тоот ирсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдаа ирж оролцох талаар гишүүдийн групп чатад урилга бичсэн. Энэ талаар сумын ИТХ-ын дарга мэдэж байсан, тухайн хурал ирц хүрэлцэхгүй гэх шалтгааны улмаас хуралдаагүй. ******* би ээлжит бус хуралдааныг дур мэдэн зарласан зүйл байхгүй, тийм эрх ч надад байхгүй. Гишүүдийн гарын үсэг бүхий албан бичгүүдэд ээлжит бус хурлын огноог цагтай бичсэн байсан. Өөрөөр хэлбэл дур мэдэн хурал зарлаагүй, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй гэж,

1.2. Хариуцагчаас ... ******* дур мэдэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж Сонгуулийн ерөнхий хорооны даргад хандаж албан бичиг явуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэнд халдсан. 2025 оны 02 сарын 10-нд нэг өдөр 2 өөр утгатай албан бичгийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхболд, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд явуулсан. ... МАН-ын 10 гишүүн шаардсан гэсэн шалтгаанаар нөхөн сонгууль явуулах сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцүүлэх ээлжит бус хуралдааныг дур мэдэн 2025 оны 02 дугаар сарын 20-нд зарласан. Үүнийгээ цахим сүлжээгээр зарлан төлөөлөгч нарт урилга илгээсэн ба хурлын танхимыг бэлтгэн, төлөөлөгч нарын нэр бүхий пайзуудыг ширээнд байрлуулсан. Энэ үйлдлээ мөн л иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон зөвлөлд мэдэгдэлгүй, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг судлан шийдвэрлэж, хурлын тов тогтоон зарлах эрхэнд халдсан, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус үйлдэл бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж тус тус маргасан.

1.3. Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай “*******ийг ажлаас халах тухай” захирамжийн 1 дэх заалтаар  Аймгийн ИТХ-ын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 03 дугаар сарын 11-ний дүгнэлт, 2025 оны 03 сарын 11-ний өдрийн тэмдэглэл, Мөн Зуунмод сумын ИТХ-ын даргын хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлийг үндэслэн Зуунмод сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга ******* нь албаны бүрэн эрхээ хэтрүүлж Сонгуулийн Ерөнхий хорооны даргад 2025 оны 04/18 дугаар албан бичгийг явуулсан, сумын ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2025 оны 02 сарын 20-ны өдөр дур мэдэн зарлаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэгч *******ийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халж шийдвэрлэжээ.

1.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ******* нь Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/17 дугаар “Нөхөн сонгуулийн товын тухай” албан бичгийг[7] төлөвлөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Энхболдод хаяглан, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/18 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг[8] төлөвлөн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд хаяглан, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/19 дугаар “Мэдээлэл хүсэх тухай” албан бичгийг[9] төлөвлөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланд хаяглан гарын үсэг зурж, тамгалан баталгаажуулан тус тус явуулсан байна.

1.5. Түүнчлэн Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар “Ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай” хүсэлтийг[10] тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 төлөөлөгчөөс гаргахдаа Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга*******д хандаж хаяглан гаргасан байна.

1.6. Гэтэл ******* нь “Зуунмод 2024-2028 оны Бүрэн эрхийн ИТХТөлөөлөгчид” гэх хаяг бүхий цахим хуудас /фэйсбоок/-ийн групп чатад[11] Сумын ИТХ-ын Ээлжит бус хурлыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48.3 дахь заалтын дагуу төлөөлөгчийн 1/3 шаардсанаар хуралдуулах бүрэн эрхийн хүрээнд Ажлын алба хурлын бэлтгэл хангах, хурал зохион байгуулах үүрэгтэй тул төлөөлөгчид та бүхнийг 10 цагт хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна гэх зарыг байршуулан, хурлын товыг зарлаж,  хуралдаан болох танхимыг бэлтгэн зохион байгуулсан байна.

1.7. Дээрх үйл баримтаас үзвэл, ******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн, хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдах хурлыг ямар нэгэн шийдвэргүйгээр хуралдах нөхцлийг бүрдүүлж, сум, багийн Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс хэтрүүлж, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эрх хэмжээнд халдаж, түүнд хаяглагдсан төлөөлөгчдийн хүсэлтийг түүний ямар нэгэн шийдвэргүйгээр өөрөө дур мэдэн шийдвэрлэж, хурал зохион байгуулсан  байна.

1.8. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ”, 52 дугаар зүйлийн 52.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 52.1.1-т “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах”, 52.1.2-т “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 52.1.7-т “Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 52.1.10-т “тухайн Хурлыг дотоод, гадаадад төлөөлөх” гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг хуульчилсан байхад энэ эрхэд халдаж, мөн Төрийн албаны тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

1.9. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж заасан, мөн Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 11 дугаар “Жагсаалт батлах тухай” захирамж, түүний хавсралтын 6-д сумын ИТХ-ын хэвлэмэл хуудас буюу албан бичигт сумын ИТХ-н дарга, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга гарын үсэг зурахаар баталсан[12] зэргээр нэхэмжлэгч өөрөө “тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх” эрхтэй гэж тайлбарлах боловч энэ нь тус байгууллагыг гадагш шууд төлөөлөх эрх олгогдсон гэж үзэх үндэслэл биш бөгөөд төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрөлгүйгээр нутгийн өөрөө удирдах байгууллагыг шууд төлөөлсөн нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

1.10. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т "нутгийн өөрөө удирдах байгууллага" гэж аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хэлэх бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичиг нь нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнөөс сумын ИТХ-ын даргад мэдэгдэхгүй бусад байгууллагад хандаж “хүсэлт гаргах тухай”, “нөхөн сонгуулийн товын тухай” “мэдээлэл хүсэх тухай” зэрэг агуулга бүхий албан бичгийг өөрөө төлөвлөж, албан бичиг буюу хэвмэл хуудсын ашиглан, гарын үсэг зурж баталгаажуулан явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаагаар мөн хуулийн 52 дугөөр зүйлийн 52.1.7, 52.1.10-д тус тус заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгч хууль бусаар албаны бүрэн эрхээ хэтрүүлэн дур зоргоор ажиллаж, байсан нь тогтоогдож байна гэж үзлээ.

1.11. Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн Хурлын хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна” гэж заасны дагуу сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч нарын санал санаачилгыг үндэслэн зөвхөн тухайн Хурлын дарга хурлыг товлон зарлах эрхтэй атал тус ИТХ-ын нарийн бичгийн дарга нь “... хуралдааныг зарлах эрхийг  3 этгээдэд олгосон байдаг, нийт 29 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч нь төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй хувь мөн бөгөөд тэд өдөр, цагаа бичиж хурал зарласан,  би тэдний зарласнаар хурлын ажлыг зохион байгуулж, хурлын төлөөлөгч нарт товыг мэдэгдсэн урилга явуулж, танхимыг бэлдсэн, би хурлыг товлон зарлаагүй” гэж  хуулийг буруу тайлбарлан хэрэгжүүлснээ тайлбарлаж байна. Харин үүнд холбогдох баримтаас үзвэл, тус хурлын даргад хандан 10 төлөөлөгчөөс хурал зарлан хуралдуулах тухай саналыг гаргасан байхад ИТХ-ын нарийн бичгийн дарга нь тухайн 10 төлөөлөгчийг хурал товлон зарлах эрхтэй гэж үзээд, шууд хурлыг хуралдуулах тов, зарыг төлөөлөгч нарт хүргүүлж, хуралдах танхимыг бэлдэн зохион байгуулсан нь хууль бус үйлдэл хийсэн буюу албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

1.12. Иймд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “МАН-аас сонгогдсон 10 төлөөлөгчдийн гарын үсэг бүхий албан тоот ирсний дагуу 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдаа ирж оролцох талаар гишүүдийн групп чатад урилга бичсэн, тэд хурал зарлан хуралдуулах эрхтэй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

1.13. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар “Ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай” албан бичгийг[13] 10 төлөөлөгчөөс гарган Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга*******д хандсан боловч албан бичгийг сумын ИТХ-н дарга шийдвэрлээгүй тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарласан шийдвэр, захирамж гараагүй байхад Зуунмод 2024-2028 оны Бүрэн эрхийн ИТХТөлөөлөгчид гэх Фэйсбоок-ийн групп чатад[14] ... төлөөлөгчид та бүхнийг 10 цагт хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна гэх хурлын тов тогтоож, зарласан зарыг байршуулснаар хурлын даргын болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хэрэгжүүлсэн болох нь хэрэгт авагдсан хуралдааныг зохион байгуулж хурлын танхимыг бэлтгэн зассан талаархи гэрэл зураг (энэ гэрэл зургийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн) болон, нэхэмжлэгчийн “... 10 төлөөлөгч хурал заралснаар хуралыг зохион байгуулсан” гэх тайлбар, хурлын төлөөлөгч нарт тов зарласан баримтад шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

1.14. Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ажлын албатай байна”, 54.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно”, 54.3-т “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын нарийн бичгийн дарга байх бөгөөд орон тооны байна”, 54.4-т “Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтэй байх бөгөөд төсвийг Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна” гэж хурлын ажлын албаны эрхлэх асуудлын хүрээг заасан, харин мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Энэ хуулийн 55.1-д заасан төсөв нь Хурлын үйл ажиллагааны болон ажлын албаны төсвөөс бүрдэнэ”, 55.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж хуралд буюу хурлыг төлөөлөх эрх бүхий этгээдэд хурлын байгууллагын нэрийн өмнөөс тамга тэмдэг хэрэглэх эрхийг тодорхойлж заасан. Улмаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн 17, 18, 22 дугаар дугаар зүйлд тус тус Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил үүргийн чиг үүрэг болон Хурлын ажлын албаны ерөнхий чиг үүргийг тус тус журамлан тогтоосноор хурлын нарийн бичгийн дарга нь зөвхөн тус хурлын ажлын албаны холбоотой асуудлаар байгууллагын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба бусад байгууллага хоорондын буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийн олонхоор шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарах асуудлаар бусад байгууллагатай түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болох хурлын дарга нь төлөөлөхөөр байхад дээр дурдсан албан бичгүүдээр хурлын нарийн бичгийн дарга нь тус байгууллагыг төлөөлөн үйл ажиллагаа явуулсан нь мөн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

1.15. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т “төрийн албанаас халах” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халж шийдвэрлэсэн. Уг хуулийн мөн зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж заасанд холбогдуулж маргаагүй буюу нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гарган маргахдаа сахилгын шийтгэл ногдуулан гаргасан сахилгын шийтгэлийн тохирсон эсэхэд маргаагүй, зөвхөн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаагүй буюу нэхэмжлэгч өөрөө хууль зөрчөөгүй, өөрийн эрх мэдлийн хүрээнд бусад байгууллагад албан бичиг явуулж тайлбар, лавлагаа авсан, төлөөлөгчдийн хурал зарлан зохион байгуулаагүй, тус хурлын 10 төлөөлөгч өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд хурал товлон зарласанд ажил үүргийн дагуу зохион байгуулсан гэж маргасан үндэслэлд нь холбогдуулан үзвэл, нэхэмжлэгчийн албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь нэгэнт тогтоогдож байгаас гадна өөрийн хууль бус үйлдлээ үндэслэлгүй зөвтгөн тайлбарлаж байгаа зэргээс нэхэмжлэгчид хариуцагчаас  тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан, сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулах эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

1.16. Дээрхээс нэхэмжлэгч нь тус байгууллагад ажиллах төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчид хориглох үйлдлийг хийсэн, тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “захирах, захирагдах ёсыг баримтах” зарчмыг болон тухайн ажлын байранд тавигдах ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрөө дур мэдэн төлөөлж, хуульд зааснаар ямар нэг шийдвэргүйгээр дур мэдэн хурал зарлаж үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байх тул  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж зааснаар маргаан бүхий акт болох Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар захирамж нь хуульд үндэслэсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гэж үзэж, мөн тус маргаан бүхий акт хүчин төгөлдөр үлдэх тохиолдолд нэхэмжлэлийн бусад шаардлага хангагдах боломжгүй учир бусад шаардлагад дүгнэлт өгөх шаардлагагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

1.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 52 дугаар зүйлийн 52.1, 52.1.1, 52.1.7, 52.1.10, 54 дүгээр зүйлийн 54.4, 55 дугаар зүйлийн 55.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн *******ийн Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн *******ийг ажлаас халах тухай 03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, *******ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 21,821,694 төгрөгийг нөхөн олгож, энэ дүнгээс татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЗОРИГТБААТАР

 

[1] 1 дүгээр хавтас 189 тал

[2] 1 дүгээр хавтас 39-44 тал

[3] 1 дүгээр хавтас 46-54 тал

[4] 1 дүгээр хавтас 38 тал

[5] 1 дүгээр хавтас 1-2 тал

[6] 2 дугаар хавтас ............................................

[7] 1 дүгээр хавтас 75 тал

[8] 1 дүгээр хавтас 23 тал

[9] 1 дүгээр хавтас 192 тал

[10] 1 дүгээр хавтас 179-180 тал

[11] 1 дүгээр хавтас 165 тал

[12] 1 дүгээр хавтас 229 тал

[13] 1 дүгээр хавтас 179-180 тал

[14] 1 дүгээр хавтас 165 тал