| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00019/Э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Г.Н
Улсын яллагч Г.Х
Хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Д.Д
Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Д.Д
Гэрч С.М нарыг оролцуулан, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т.Г-т холбогдох эрүүгийн 201612000109 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ..... оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх Б овгийн Т.Г
Шүүгдэгч Т.Г нь 2016 оны 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 3-нд шилжих шөнө согтуурсан үедээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн нутаг “Гашуун” гэх газарт “фекон” маркийн 4316 ДУЗ улсын дугаартай мотоцикль жолоодож, зам тээврийн осол гаргасны улмаас хамт явсан Б.М-ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би энэ хэргийг үйлдээгүй. Намайг талийгаачийнд очиход талийгаач 2 шил архи найзтайгаа ууж байсан. Мөн Цагаан овооны баруун хойно айлд нэг шил архи уусан. Би архинаас тийм их уугаагүй, талийгаач найзтайгаа уусан. Тэндээс 10 гаруй километр яваад боодог хийж байгаа айлд очоод 1 том пиво, 1 шил 500 грамм хэмжээтэй архи, бас нэг тал архи уусан. 12 цагийн үед ахаа хамт явъя, та явахгүй бол би явлаа гэсэн чинь талийгаач явах гээд боссон. Тэндээс гараад явж байгаад хоёулаа явж чадахгүй нь ээ, энд унтъя гээд унтаад өгсөн. Би үүрээр 4-5 цагийн үед сэртэл хажууд хүн байхгүй байхаар нь талийгаачийг нэрээр дуудахад талийгаач “ах нь энд байна” гэхээр нь би босч очоод “таныг хэн ингэсэн юм бэ” гэхэд талийгаач “миний дүүд хамаа байхгүй” гэж хэлсэн. Би талийгаачийг өргөх гэсэн ч чадаагүй, явж чадахгүй байсан. Тэгэхээр нь буулгаж орхиод түргэн дуудах гэж айл хартал ойрхон Б гэх айл байсан. Би Б-нд ороод түргэн дуудах хэрэгтэй байна, унтаад сэрсэн чинь ийм юм болсон гэж хэлсэн. Талийгаачид цай өгсөн ч уухгүй байсан. Батаа “би яваад түргэний машин дуудаад ирье, чи байж бай, миний утсанд нэгж байхгүй байна” гээд айлруу ганцаараа яваад алга болчихсон. Намайг талийгаачийн нүүр гарыг угаа гээд түмпэнд ус хийж өгсөн. Би сандраад уйлаад талийгаачийн нүүр гарыг угаасан. Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “би тэгж хэлээгүй” гэж хэлсэн байна лээ. Тэр үед М тэр айлын урдуур усанд явж байсан. Манай ээж болон эхнэрт “тэр хүний шүд бүтэн байсан” гэж ярьсан атлаа одоо болохоор хонинд мөргүүлсэн гээд байгаа. Энэ талаар олон хүн мэдүүлсэн байсан. Талийгаачийн эхнэртэй уулзахад шүд нь бүтэн маскгүй явж байсан гэсэн. Өөр хэлэх зүйлгүй. Энэ хэргийг дахин шалгуулмаар байна гэв.
Хохирогч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 3-ны өглөө үүрээр 5 цаг өнгөрч байхад Б.М осолд ороод хөл нь хугарсан гэж талийгаачийн эхнэрт хэлсэн байсан. Бид Улаанбаатар хотоос авто осол болсон гэж бодоод ирсэн. Энд ирээд цогцос хадгалдаг газарт байсан талийгаачийг үзэхэд хамар нь тасарсан, нүд нь хөхөрсөн, энд тэндгүй хөх няц хавдартай, тахим өгзөг хэсэг нь ямар нэг зүйлээр хатгасан, дүрсэн юм шиг болсон байсан. Зам тээврийн осол болсон гэх үндэслэл байхгүй. Талийгаачийг зодоод, багагүй зайд чирсэн байсан. Т.Г, С.М нар талийгаачийн амь насыг хохироосонд маш их гомдолтой байна. Хэргийн талаар Ө ярихдаа С.М-ын гэрт зодоон болсон, Т.Г тэдний гэрээс ууртай хөдлөөд явсан, Ө явах гэсэн боловч явж чадаагүй, С.М хэргийн газарт явсан. С.М гэртээ ирэхдээ “би Б-ийн гэрээс ирлээ” гэж хэлсэн байсан. Мөн Т.Г дүүгээ талийгаачийн гэрт орхиод явсан гэдгийг хүртэл Ө ярьсан. Талийгаачийг унтаж байхад нь Т.Г дуудаад авч явсан. Маргаан болсон, түүнийг салгах гэж байгаад Ө шүдээ цохиулсан, тэгээд маск зүүсэн гэж Ө тодорхой ярьсан. Бид Ө-тэй хэрэг гарснаас хойш сарын дараа уулзахад тийм тодорхой ярьсан. Гэтэл мөрдөгч Ө-ийг сэтгэцийн өвчинтэй гэдэг мэдээллийг утсаар аваад, С.М-ын малчин байсан Ө-ийг шалгаагүй. Хэрэгт гаргаж өгсөн СД дээр энэ хэргийн талаар ярьсан Өсөхгэрэлийн яриа байгаа. Тэр хүн хараагүй зүйлээ тэгж зохиож ярихгүй. Хохирлын 5723400 төгрөгөө яаралтай гаргуулж авмаар байна. Шүүгдэгчээс өгсөн 1 сая төгрөгийг хасч тооцсон. Энэ хэрэг хүн амины санаатай хэрэг гэж үзэж байна, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Хохирогч Ч.О-ийг байцаасан тэмдэглэлд: 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр манайд талийгаач нөхрийн найз нар гэх М, Г, Г, О, Э нар ирсэн. Манай нөхөр Г-тай хамт сумын төв явж 2 шил архи авчирч тэр хэдтэй уусан. Гаднаас манай саахалт айлын Т.Г гэх залуу нэг том пиво авчирсан. Тэр хэд архи, пиво ууж дуусаад байж байтал хажуугаар фургон машин явтал манай хэд “Ж явж байна” гээд гараад явцгаасан...Тэр хэд манайхаас баруун урд замын хажууд сууцгааж байсан. Би хонио эргүүлээд нөгөө хэд дээр очих гээд явж байтал тараад явцгаасан. Манай нөхөр болон Т.Г хоёр гэрлүү чиглэлтэй явж байхаар нь очоод нөхөртөө хандан “хөгшөөн хонь нийлсэн байна, буугаад ир, юм хэлье” гэхэд нөгөө залуу нь хөдлөөд баруун урагшаа явсан. 2016 оны 6 дугаар сарын 3-ны өглөө 5 цагийн үед нөхрийгөө авто осолд орсон гэдгийг мэдсэн...Талийгаач тухайн өдөр хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй... /1-р хх-ийн 70/ гэжээ.
Гэрч О.Б-ийн: ...2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн шөнийн 3 цаг 30 минутын үед ...Т.Г ирээд “мотоцикль дээрээ Б.М-ыг сундалж яваад ойчоод босож чадахгүй байна, ус гээд нэхээд байна, та хамт очоод дүүрээд авчралцаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд хамт явсан. Осол болсон газар манайхаас урагшаа 2 орчим километрт шороон зам дээр байсан. Б.М-ын нүүр нэлэнхүйдээ урагдаж цус гарсан өөдөөс “ус” гэж хэлж байсан. Талийгаачийн зүүн хөл хугарсан юм шиг байсан. Гэртээ авч ирээд баруун орны хажуугаар хэвтүүлээд цай уулгах гэтэл ууж чадахгүй байж байгаад ухаан алдсан. Т.Г “би гэртээ харьж аав, ээжтэйгээ уулзаж ирмээр байна, цагдаа нар ирээд намайг аваад явчихна шүү дээ” гэхээр нь “чи явж болохгүй, цагдаа нар иртэл байх ёстой” гэж хэлсэн. Намайг очиход ойчсон гэх газраасаа хойшоо 400-500 метрт замын хажуу талд хэвтэж байсан. Т.Г талийгаачийг сундалж явж байгаад нэг мэдсэн ойчсон байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 71/
Гэрч О.Б-г дахин байцаасан тэмдэглэлд: ...Талийгаачийг Т.Г-той хамт 04 цаг 50 минутын үед авчирсан. Манай гэрээс баруун тийш 2 орчим километрт байх айлын хороог янзалж байсан Б гэх залуугаас талийгаачийн эхнэрийн утсыг авч утсаар нь эхнэрт нь мэдэгдсэн. Эхнэр нь түргэн дуудсан. Осол болсон гэх замаар тухайн шөнө ямар нэгэн машин яваагүй, дуу чимээ гараагүй... гэжээ /1-р хх-ийн 211/
Гэрч М.Т-ийн: ...2016 оны 6 дугаар сарын 3-ны шөнийн 3 цаг 30 минутын үед нөхөр бид 2 гэртээ унтаж байтал Т.Г гэрт орж ирээд “Б.М ах надтай мотоцикль дээр сундалж яваад нэлээн зайтай ард ойчсон байхаар нь очоод үзтэл босч чадахгүй “ам цангаад байна, ус уумаар байна гэсэн та ус өгөөч эсвэл хоёулаа явж Б.М ахыг авчиръя” гэж хэлсэн. Манай нөхөр хамт явж Б.М-ыг авчирч гэрийн баруун талаар хэвтүүлсэн. Б.М ухаангүй байхаар нь сумруу түргэн дуудахад 08 цагийн үед ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Б.М-ын нүүр хэсэг шалбарсан, цус гарсан, нэг хөл нь хугарсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77/
Гэрч М.Т-ийг дахин байцаасан тэмдэглэлд: ...Осол гарсан шөнө ямар нэгэн машин тээврийн хэрэгсэл яваагүй, дуу чимээ гараагүй. Машин, мотоцикль явсан тохиолдолд дуу чимээ нь сонсогддог юм... гэжээ /1-р хх-ийн 212/
Гэрч С.Ө-ийн: ...2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 20 цагийн үед манай найз Б.М, Т.Г гэх залуугийн хамт ирсэн. Манай нөхөр С.М тэр хоёрт 1 шил 0.5 литрийн “ерөөл” нэртэй архи гаргаж өгөөд түүнийг бид 4 хувааж ууцгаасан. Тэр хоёр орой 22 цагийн үед сум явна гээд мотоцикльтойгоо хөдөлцгөөсөн. Мотоциклийг Т.Г унаж Б.М араар нь сундлаад явсан...Тэр 2 хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, Б.М-ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74/
Гэрч С.Ө-г 3 дахь удаагаа асуусан тэмдэглэлд: ...Талийгаач болон Т.Г нарыг мордуулж өгчихөөд нөхөртэйгээ хамт Пронтер маркийн машинаараа гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш 4-5 километрт байх “Цагаан жирэм”-ийн худагт очин машины тэвшин дээрх савандаа ус дүүргээд 23 цаг өнгөрөөгөөд харьсан... Талийгааач би мотоцикль унаад явна гэхэд Т.Г “үгүй би мотоцикль унаж явна, та мотоцикль унах юм бол ийш тийшээ айлруу явчихна” гэж хэлсэн. Талийгаач үгэнд нь ороод ардуур нь сундалаад явсан, хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй... гэжээ /1-х хх-ийн 221/
Гэрч С.М-ын: ... 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 20 цагийн үед миний найз Б.М, Т.Г гэх залуугийн хамт ирээд бид хэд 1 шил 0.5 литрийн “ерөөл” нэртэй архи хувааж ууцгаасан. Тэр хоёр 22 цагийн үед сум орно гээд явсан... Хэн мотоцикль унаж ирсэнийг хараагүй... О гэх айлаас ирсэн гэж байсан. Б.М “би мотоциклийг унаж явна” гэхэд Т.Г “ мотоцикль унах юм бол айлаар хасаад явахгүй, би унаж явна” гээд мотоцикль унаж явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/
Гэрч С.М-ыг 3 дахь удаагаа байцаасан тэмдэглэлд: ...Тар хоёрыг мордуулж өгчихөөд эхнэртэйгээ хамт пронтер маркийн машинтайгаа яваад гэрээс ертөнцийн зүгээр баруун тийш 4-5 километрт байх “Цагаан жирэм”-ийн худагт очин тэвшин дээрх савандаа ус дүүргээд харьсан юм...Тэр хоёр манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн хойшоогоо гарсан замаар явсан. Тэр замаар тухайн шөнө яман нэгэн тээврийн хэрэгсэл яваагүй... гэжээ /1-р хх-ийн 222/
Насанд хүрээгүй гэрч М.Д-ийн: ...2016 оны 6 дугаар сарын 2-ны орой манай аавын найз Б.М, нэг танихгүй ахтай хамт мотоцикльтой хамт ирсэн. Хэн мотоциклийг унаж явсныг сайн санахгүй байна. Манайд ирээд аав, ээжтэй хамт архи ууж байгаад орой 22 цагийн үед манайхаас зүүн хойш явсан замаар Эрдэнэдалай сум орно гээд явсан. Аав, ээж хоёр тэр хоёрыг мордуулж өгчихөөд баруун тийш байх Цагаан жирмийн ус гэх худагруу аав ачааны машинаа унаад тэвшин дээрх 2 тоннын саваа усаар дүүргээд шөнө ирсэн. Хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна, ирээд шууд унтсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220/
Гэрч Ч.Д-ийн: ...2016 оны 6 дугаар сарын 3-ны өглөө 6 цагт “Эрдэнэдалай сумын 5 дугаар багийн нутаг “Гашуун” гэх газарт О.Б гэх айлд Б.М гэх хүн ухаангүй бие нь хөрсөн байна” гэсэн дуудлага ирсний дагуу Цагдаагийн хэсэгт мэдэгдэж тухайн дуудлага өгсөн айлд ойролцоогоор 8 цагийн үед очсон. Үзлэг хийхэд талийгаач гэрийн баруун хойд талд дээш харж алцайсан байдалтай, нүүр гар хамраас цус гарсан, нүүрний баруун хэсэг хацар шанаа нилэнхүйдээ өнгөц халцарсан шархтай, тухайн хүний бие нь хөрсөн хөшилт үүсч эхэлсэн, нас барсан байдалтай, зүрх цохилохгүй, амьсгал үгүй байсан. Талийгаачийг хөдөөнөөс хамт явсан гэх залуу айлын эзэн Б-ийн хамт авчирсан гэж байсан, яг юунаас болж ийм зүйл болсон талаар асуугаагүй. Тухайн айлд Батаа эхнэртэйгээ, мотоцикль унасан гэх Т.Г гэх залуу байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/
Шинжээч эмч Б.А-ын: ...Талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нидрэгдэх, дайрагдах, сунгах, доргих зэрэг хавсарсан үйлчлэлүүдээр үүсгэгдэнэ. Талийгаачийн биеэн дээгүүр босоо байдлаар нэг удаа мотоциклиор дайрахад цээж, хэвлий мөчдийн хавсарсан олон тооны гэмтэл үүсэх боломжтой. Мотоциклиос чирэгдэх үед сунгах, доргих зэрэг үйлчлэл үүснэ. Мөн талийгаачийн биед үүссэн гар, хөлөнд үүссэн гэмтэл хугарал нь чирэгдэх үед үүсэх боломжтой. Цаг алдалгүй эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч талийгаачийн амь насыг аврах боломжгүй байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь зам тээврийн ослоос үүссэн байх боломжтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184/
- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 26 дугаартай дүгнэлтэд
“1, 2. Б.М-ын цогцост дээрх оношид тусгагдсан хавсарсан гэмтлүүд тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна.
3. Талийгаачийн цусанд 2.6 промилли этилийн спирт илэрч байгаа нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна.
4. Талийгаач А бүлгийн цустай байна.
5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
7. Цаг алдахгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байжээ” гэжээ /1-р хх-ийн 95-97/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1181 дугаартай дүгнэлтэд
“1. Шинжээч эмч М.Б-ийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний 26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 7-р хэсгээс бусад нь үндэслэлтэй байна.
2. Талийгаачид баруун 1-р хавирга нугалмын хажуу шугамаар, 2,6-р хавирга суганы дунд шугамаар, 3,5-р хавирга суганы дунд шугамаар болон өвчүүний бүдэрхий хэсгээр, 4-р хавирга нугалмын хажуу шугамаар, суганы дунд шугамаар, 7,8,9,10-р хавирга нугалмын хажуу шугамаар болон суганы урд шугамаар, өвчүүний бүдэрхий хэсгээр шууд болон шууд бус хугарлууд, зүүн 2-р хавирга эгэмний шугамаар, 6,7,8-р хавирга өвчүүний бүдэрхий хэсгээр шууд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн цус хуралт, зүүн атгаалын дээд булуу хэсэг, дунд чөмөгний хугарал, голтын цус хуралт, элэгний бяцрал, урагдал, цээж хэвлийн хөндийд цус алдалт 500 мл, дух, чамархай, хацар, шанаа, эрүү, хамрын нурууны уг, гарын бугуй, гарын алга тохой өвдөг, шилбэ зулгарал, цээж зүүн мөр, бугалга, баруун өвдөг, өгзөг, шулуун гэдэсний амсарт цус хуралт үүсчээ.
3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нидрэгдэх, дарагдах сунгах доргих зэрэг хавсарсан үйлчлэлүүдээр үүсгэгдэнэ.
4. Хоёр талын хавирганы хоёрлосон хугарал, элэгний урагдал нь цээж хэвлий дээгүүр биеийн босоо тэнхлэгийн эсвэл хагас ташуу байдлаар дайрахад үүссэн байх боломжтой.
5. Үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна.
6. Хавсарсан олон гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ
7. Эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг аврах боломж муу байжээ” /1-р хх-ийн 180-183/ гэжээ.
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1387 дугаартай дүгнэлтэд
“1. Шинжээч эмч М.Б-ийн 2016 оны 7 дугаар сарын 1-ний 26 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 7-р хэсгээс бусад нь үндэслэлтэй байна.
2. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Б.А, Б.Г, М.З нарын гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1181 дугаартай шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй байна.
3. Талийгаачид баруун 1-р хавирга нугалмын хажуу шугамаар, 2, 6-р хавирга суганы дунд шугамаар, 3, 5-р хавирга суганы дунд шугам болон өвчүүний бүдэрхий хэсгээр, 4-р хавирга нугалмын хажуу шугамаар, суганы дунд шугамаар, 7, 8, 9, 10-р хавирга нугалмын хажуу шугамаар болон суганы урд шугамаар, өвчүүний бүдэрхий хэсгээр шууд болон шууд бус хугарлууд, зүүн 2-р хавирга эгэмний шугамаар, 6, 7, 8-р хавирга өвчүүний бүдэрхий хэсгээр шууд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн цус хуралт, зүүн атгаалын дээд булуу хэсэг, дунд чөмөгний хугарал, голтын цус хуралт, элэгний бяцрал, урагдал, цээж хэвлийн хөндийд цус алдалт 500 мл, дух чамархай, хацар шанаа, эрүү, хамрын нурууны уг, гарын бугуй, гарын алга тохой өвдөг, шилбэ зулгарал, цээж зүүн мөр, бугалга, баруун өвдөг, өгзөг, шулуун гэдэсний амсарт цус хуралт учиржээ.
4, 5, 9. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын улмаас үүсгэгдсэн байна.
5. Талийгаачид цогцост шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаач нь элэгний бяцрал, урагдал, цээж хэвлийн хөндийд цус алдалт, цээж, нуруу нугалам, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.
7. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжгүй гэмтлүүд байна.
10. Талийгаачийн цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр тогтоогдсон элэгний урагдал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын улмаас мөргөгдөх дайрагдах аль ч үед үүссэн байх боломжтой.
11. Талийгаачийн цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр тогтоогдсон баруун 1-р хавирга нугалмын хажуу шугамаар, 2, 6-р хавирга суганы дунд шугамаар, 3, 5-р хавирга суганы дунд шугам болон өвчүүний бүдэрхий хэсгээр, 4-р хавирга нугалмын хажуу шугамаар, суганы дунд шугамаар, 7, 8, 9, 10-р хавирга нугалмын хажуу шугамаар болон суганы урд шугамаар, өвчүүний бүдэрхий хэсгээр шууд болон шууд бус хугарлууд, зүүн 2-р хавирга эгэмний шугамаар, 6, 7, 8-р хавирга өвчүүний бүдэрхий хэсгээр шууд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн цус хуралт, дух чамархай, хацар шанаа, эрүү, хамрын нурууны уг, гарын бугуй, гарын алга тохой өвдөг, шилбэ зулгарал, цээж зүүн мөр, бугалга, баруун өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /1-р хх-ийн 196-199/
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 5351 дугаартай дүгнэлтэд
“Шинжилгээнд ирүүлсэн “Т овогтой Г” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн “Т овогтой Г” гэх цусанд спиртийн агууламж илрээгүй” гэжээ /1-р хх-ийн 112/
- Дундговь аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн техникийн дүгнэлтэд
“1. 4316 ДУЗ улсын дугаартай фекон маркийн мотоцикль нь 2016 оны 4 дүгээр сарын 20-нд Дундговь аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.
2. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учраагүй.
3. Уг тээврийн хэрэгслийн их гэрэл гэмтэлгүй болно.
4. Тухайн тээврийн хэрэгслийн тормоз болон бусад эд анги бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байсан ба осол гарахад нөлөөлөөгүй болно” гэжээ /1-р хх-ийн 114/
- Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаартай дүгнэлтэд
“1.Эрүүгийн 201612000109 дугаартай хэрэгт Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.А-ын гаргасан ослын акт үндэслэлтэй байна.
2. Фекон маркийн 4316 ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн дүрмийн 21.8.ж-д “Согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно”, 2.1.а-д “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх”
3. Фекон маркийн 4316 ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчөөгүй байна.
4. Фекон маркийн 4316 ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Т.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын үнэмлэхгүй байна” гэжээ /1-р хх-ийн 93/
- Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтэд
“1. Замын цагдаагийн тасгийн байцаагч ахлах дэслэгч Э.Н-ын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр гаргасан 43 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Жолооч Т.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.18.а-д “согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд хүн тээвэрлэхийг хориглоно”, 2.1.а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
3. Уг осол болоход мотоциклийг жолоодож явсан жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна.
4. Т.Г нь осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон гэх нотлох баримт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Б.Л-ын ирүүлсэн 201612000109 дугаартай хавтаст хэрэгт авагдаагүй байна. Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 5351 дугаартай дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн Т.Ганзориг гэх цусанд спиртийн агууламж илрээгүй” гэжээ /2-р хх-ийн 61/
- Шүүх Сэтгэц эмгэг судлалын 571 дугаартай дүгнэлтэд
“1. Э.Ө нь “оюуны хүндэвтэр хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Э.Ө-ийн дээрх эмгэг нь сэтгэцийн төрөлхийн эмгэг болно.
3. Э.Ө нь мэдүүлэг өгөх чадваргүй байна” гэжээ /2-р хх-ийн 188-191/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-18/, Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-18/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22/, Фекон маркийн 4316 ДУЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-ийн 28/, Хэрэгт осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 90/, Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 100/, Хохирлын баримтууд /1-р хх-ийн 164-168/, Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /2-р хх-ийн 127-128, 199-205/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Цагаан өнгийн метал, даавууны өөдөс”-ийг /1-р хх-ийн 36/ шинжлэн судлав.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:
Дээрх нотлох баримтуудаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар багийн нутаг “Гашуун” гэх газарт 2016 оны 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 3-нд шилжих шөнө шүүгдэгч Т.Г фекон маркийн 4316 ДУЗ улсын дугаартай мотоцикль жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас хамт явсан Б.М-ын амь насыг хохироосон гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.
Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г-ийг дээрхи гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоол үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч дээрхи гэмт хэргийг үйлдээгүй гэж, түүний өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй, эргэлзээтэй тул түүнийг гэм буруугүйд тооцож, цагаатгуулах, улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаараа мэдүүлж байгаа боловч энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж тус тус мэтгэлцэж байна.
Уг хэрэгт 5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байх ба хэрэгт хийгдсэн шинжилгээнүүд хуульд заагдсан журмын дагуу явагдсан, эхний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг дараагийн дүгнэлт батлан нотолсон, хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий тухайн мэргэшлээрээ олон жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай, шинжээч дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг баримталж хэргийг хянан шийдвэрлэв.
Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч С.М, С.Ө, О.Б, М.Т, насанд хүрээгүй гэрч М.Д нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.Г, талийгаач Б.Мнхбат нар 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 20 цагийн үед гэрч С.М-нд ирээд, 22 цагийн үед шүүгдэгч Т.Г фекон маркийн 4316 ДУЗ улсын дугаартай мотоцикль жолоодон талийгаач Б.М мотоциклийн ард сундалж суугаад явсан болох нь дээр дурдсан гэрчүүд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогджээ.
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 26 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 95-97/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 1181, 1387 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 180-183, 196-199/, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 1, 43 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 93, 2-р хх-ийн 61/ тус аймгийн Авто тээврийн төвийн техникийн дүгнэлт /1-р хх-ийн 114/ -ээр Б.М авто ослын улмаас нас барсан, тухайн орон зайд уг тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон болохыг нотолсон байна.
Мөн болсон үйл баримтын талаар гэрч О.Б-ийн “...2016 оны 6 дугаар сарын 3-ны шөнийн 3 цаг 30 минутын үед Т.Г ирээд “мотоцикль дээрээ Б.М сундалж явахад ойчоод босож чадахгүй байна, ус гээд нэхээд байна, та хамт очоод дүүрээд авчралцаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд хамт явсан...Талийгаачийн зүүн хөл хугарсан юм шиг байсан... / 1-р хх-ийн 71/, гэрч М.Т “...2016 оны 6 дугаар сарын 3-ны шөнийн 3 цаг 30 минутын үед …Т.Г гэрт орж ирээд “Б.М ах надтай мотоцикль дээр сундалж яваад нэлээн зайтай ард ойчсон байхаар нь очоод үзтэл босч чадахгүй байна... эсвэл хоёулаа явж Б.М ахыг авчиръя” гэж хэлсэн. Манай нөхөр хамт явж Б.М-ыг авчирч гэрийн баруун талаар хэвтүүлсэн.. Б.М-ын нүүр хэсэг шалбарсан, цус гарсан, нэг хөл нь хугарсан юм шиг байсан... /1-р хх-ийн 77/, шинжээч эмч Б.А-ын “...Талийгаачийн биеэн дээгүүр босоо байдлаар нэг удаа мотоциклиор дайрахад цээж хэвлий мөчдийн хавсарсан олон тооны гэмтэл үүсэх боломжтой... Мөн талийгаачийн биед үүссэн гар, хөлөнд үүссэн гэмтэл хугарал нь чирэгдэх үед үүсэх боломжтой... /1-р хх-ийн 184/ гэх мэдүүлгүүдээр болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ганзориг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.М-ын амь насыг хохироосон болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтандаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас хүчтэй зэргийн согтолттой, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй, тээврийн хэрэгслийн ард сундалж явсан Б.М-ын амь насыг хохироосон, дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна.
Харин түүнийг согтуурсан үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллагдагчаар татаж ирүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул шүүгдэгч Т.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч нь шүүгдэгчээс 5723400 /таван сая долоон зуун хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. Шүүх иргэний нэхэмжлэлтэй холбогдох баримтуудыг үнэлж мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Т.Г-ийн эзэмшлийн “10 тооны эм хонь, 10 тооны эр ямаа, Т.Г-ийн өмчлөлийн 4316 ДУА улсын дугаартай мотоцикль битүүмжилсэн эд зүйлсийг хохиролд тооцож, шүүгдэгч Т.Г-оос 5723400 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд зүйл гаргуулан хохирогч Б.А-д олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Т.Г-ийн эзэмшлийн 01160310 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан даавууны өөдөс, цагаан өнгийн металлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Дундговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Т.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Т.Г-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.Г-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Т.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даавууны өөдөс, цагаан өнгийн металлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор “10 тооны эм хонь, 10 тооны эр ямаа, Т.Г-ийн өмчлөлийн 4316 ДУА улсын дугаартай фекон маркийн мотоцикль” битүүмжилсэн эд зүйлийг хохиролд тооцож, шүүгдэгч Т.Г-оос 5723400 /таван сая долоон зуун хорин гурван мянга дөрвөн зуун/ төгрөгтэй тэнцэх хэмжээний эд зүйл гаргуулан хохирогч Б.А-д олгосугай.
8. Шүүгдэгч Т.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүний үндсэн ялаа эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн Т.Г-ийн эзэмшлийн 01160310 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Э.Э-т даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.О