| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00013/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Нямаа
Улсын яллагч: Д.Б
Шүүгдэгч: Ц.П нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Пт холбогдох 1822000040002 тоот хэргийг 2018 оны 2 сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Хохирогч Б.С шүүх хуралдаанд оролцоогүй болно.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1992.02.11-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй гэх, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарынхаа хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5-р баг Өнөрийн 2-2 тоот, одоо Чулуут баг Очирын –Усанд оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗГ92021118/ Балам овогт Ц.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ц.П нь 2017 оны 12 сарын 20-ны өдөр өөрийн найз Б.Стэй архидан согтуурч, улмаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5-р баг Өнөрийн 2-2 тоотод байрлах гэртээ хохирогч Б.Сгийн зүүн суганы орчимд хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Пийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг гардаг өдөр орой 17 цаг өнгөрч байхад би суманд ирээд Б.Стэй таарсан. Б.С бид хоёр багын найз, ойрд уулзаагүй байсан учраас уулзаад дэлгүүрээс хоёр шил архи авч манай гэрийн гадаа Б.Сгийн машинд 1 шил, нөгөө шилтэй архины талыг нь уусан. Үлдсэн хэсгийг нь манай гэрт орж уусан. Би гэртээ орсон гэдгээ мэдэж байгаа, түүнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй байгаа гэх мэдүүлэг;
- Яллагдагч Ц.Пийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.12.20-ны өдөр хөдөө гэрээсээ сумын төвд ирээд найз болох Б.Стэй тааралдаад би дэлгүүрээс 2 шил 0.75 граммын Ерөөл архи аваад бид 2 сумын төвд байдаг гэрийнхээ хашааны урд Б.Сгийн машин дотор нэг шил бүтэн архи, нөгөө архийг талд орж байхад гэртээ орж байснаа санаад байгаа юм, тэрнээс хойш юу болсон талаар мэдэх зүйл байхгүй.
Нэг мэдэхэд цагдаа нар намайг гэрт дуудаж сэрээсэн. Би тэр өдөр хөдөөнөөс орж ирэхдээ дурангийнхаа хажуу талд хүрэн модон иштэй эвхдэг хутгыг зүүн явсан юм. Би яг юунаас болж Б.Стэй маргалдсаныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-30-31/
- Хохирогч Б.Сгийн: 2017.12.20-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад ЗДТГ-ын үүдэнд манай найз Ц.Птэй таараад Ц.П дэлгүүрээс хоёр шил 0.75 граммын Ерөөл архи аваад Ц.Пийн гэрийн хашааны гадаа миний машин дотор нэг шил архиа хувааж ууж дуусгаад, дахиад нэг шил архиа талд нь ортол уугаад Ц.Пийн гэр лүү ороод бид 2 архи хэн нь аягалах гэснээс болж маргалдсан. Тэгээд бид 2 барилцаж аваад зогсож байтал Ц.П гартаа хутгатай зогсож байснаа арагшаа болох хооронд миний зүүн суганд хутгатай гараараа цохих шиг болсон. Тэгээд би шууд гэрээс гараад явсан, явах замд миний зүүн суганд нойтон оргиод байхаар нь тухайн үед хутгалуулсан байна гэж бодоод эмнэлэг дээр ирсэн. Би бол ухаанаа алдаагүй, болсон үйл явдлыг сайн санаж байна. Ц.П бид хоёр багын найзууд, надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал, аймаг хот явсан унааны зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-12-13/;
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвийн тэмдэг бүхий “Сумын эмнэлгийн тодорхойлолт” гэх баримтад “ 2017.12.20-ны өдрийн 20 цаг 30 минутын үед хүнд хутгалуулсан” гэсэн /хх-21/,
- Шинжээчийн 2017.12.26-ны өдрийн 189200017 тоот дүгнэлтэд: Б.Сгийн биед зүүн суганы ар хэсэгт хатгагдсан шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн шарх нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл гэх /хх-20/ баримтууд хамаарч байна.
Дээрх баримт болон хохирол төлбөрийн талаарх, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.П нь 2017 оны 12 сарын 20-ны өдөр өөрийн найз Б.Стэй архидан согтуурч, улмаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5-р баг Өнөрийн 2-2 тоотод байрлах гэртээ үл ялиг зүйлээр шалтаглан найз Б.Сгийнхээ зүүн суганы ар хэсэгт хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хохирогч Б.Сгийн мэдүүлэг/хх12-13/, Б.Сг анх үзэж, шарх цэгцэлсэн эмчийн тодорхойлолт /хх-21/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-20/ дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр баримт нь шүүгдэгч Ц.Пийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг баталж байх тул шүүгдэгч Ц.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Пийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хариуцлагыг шүүгдэгч Ц.П өөрөө хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.С нь гэм хорыг арилгахыг Ц.Пээс шаардах эрхтэй.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч аймагт эмчилгээ хийлгэсэн зардалд нь 300000 төгрөг, Улаанбаатар хот явсан зардалд нь 1 сая гаруй төгрөг өгсөн. Баримтууд нь хэрэгт байгаа” гэж мэдүүлсэн, мөн мөрдөн байцаалтанд “Сумъяасүрэнгийн эмчилгээнд гарсан 1060720 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн /хх-31/, “яаралтай тусламжаар үйлчлүүлсэн эм тарианы зардалд 38120 төгрөг, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардалд 312000 төгрөг, Улаанбаатар хотод ГСҮтөвд үзүүлэхээр явсан ирэх очих унаа, тээвэр, бусад зардалд 577600 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 133000 төгрөг, нийт 1060720 төгрөг төлсөн” гэх тодорхойлолт /хх-55/ гаргаж өгчээ.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Ц.Пийн мэдүүлгийг нотлох баримт хэргийн 59 дүгээр талд хавсаргагдсан “шатахууны зардалд 377600 төгрөг, орлого-133000 төгрөг” Ж.Буянхишиг гэгчээс тушааснаас өөр баримт авагдаагүй, мөн хэрэгт хавсаргагдсан нийт 650600 төгрөгийн баримтыг хэнээс гаргаж, хэнд өгсөн нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10-т заасныг зөрчсөн баримт байх ба уг баримтыг улсын яллагч, шүүгдэгчийн хэн аль нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна.
Мөн хэргээс үзэхэд хохирогч Б.С нь “Эмчилгээний зардал, аймаг хот явсан унааны зардлаа нэхэмжилнэ” /хх-12-13/ гэж мэдүүлж байсан боловч хуульд заасан журмаар нэхэмжлэлээ гаргаагүй байна. Мөн хохирогч Б.С нь “1200000 төгрөг авсан нь үнэн” гэсэн баталгаа /хх-72/ гаргаж өгсөн боловч уг баримт дахь бичгийн хэв, гарын үсэг нь хохирогч Б.Сгийн өөрийнх нь бичгийн хэв, гарын үсэгтэй тохирохгүй байгаа, мөн хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүйн улмаас уг баримтын эх сурвалжийг магадлах боломжгүй байна
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал тул шүүгдэгч Ц.Пт холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.С нь нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч “санал, гомдол байхгүй” гэсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Ц.П нь гэмт хэрэг үйлдэх үедээ архидан согтуурсан нь хохирогч, шүүгдэгч нарын хэн алиных нь мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч цагдаагийн албан хаагч гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн аваад Ц.Пийн согтуурлын хэр хэмжээг шалгаагүй нь буруу байна. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан боловч уг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй байна. Иймд шүүх Ц.Пийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг нөхцөл байдал тогтоогдоогүйд тооцлоо.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан Ц.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Торгох ялын хугацааг 2018 оны 5 сарын 1-ний дотор биелүүлэхийг шүүгдэгч Ц.Пт даалгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Балам овогт Ц.Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Балам овогт Ц.Пт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүхээс оногдуулсан торгох ялыг 2018 оны 5 сарын 1-ний дотор биелүүлэхийг шүүгдэгч Ц.Пт даалгасугай.
4. Шүүгдэгч Ц.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд зүйл битүүмжлүүлээгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эвхэгддэг хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч Б.Сгийн баримтаар нэхэмжилсэн 650600 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.С нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд зааснаар шүүгдэгч Ц.П-ээс нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтайг шүүгдэгч Ц.Пт анхааруулсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хүчин төгөлдөр болтол Ц.Пт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэжмээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, хутгыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.С