Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2025/0409

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г******* ХХК 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О*******,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******, Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.М*******, М.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА- дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч нь ь аймгийн сумын нэртэй газарт Ашигт малтмал газрын тосны газраас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авч үүнийхээ дагуу 2020 оноос эрчим хүчний нүүрс олборлож, БНХАУ-д бүртгэлтэй 6 компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулан Монгол Улсын *******, ******* боомтоор экспортолж, борлуулдаг.

2.2.Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М*******, М.О******* нар нь 2123501563 тоот томилолтын дагуу Г******* ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хийж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-21240000001 дугаар нөхөн ногдуулалтын актаар Г******* ХХК-нд 136,978,430,934.92 төгрөгийн зөрчилд 6,774,855,362.53 төгрөгийн нөхөн татвар, 2,847,324,351.37 төгрөгийн торгууль, 2,416,930,305.16 төгрөгийн алданги, нийт 12,039,110,019.06 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

2.3.Нэхэмжлэгч маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-21240000001 дугаар нөхөн ногдуулалтын актаар 136,978,430,934.92 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 12,039,110,019.06 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.4.Нэхэмжлэл гаргагчаас тус шүүхэд хандан 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож улмаар нэхэмжлэгчийн бүрдүүлбэр хангуулж ирүүлсэн нэхэмжлэлээр тус шүүх 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2025/0697 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.5. Нэхэмжлэгчээс тус компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (цаашид "АМНАТ" гэх)-ийн ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар шалгаж улмаар 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр НА-21240000001 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэж, 136,978,430,934.92 төгрөгийн зөрчилд 6,774,855,362.53 төгрөгийн нөхөн татвар, 2,847,324,351.37 төгрөгийн торгууль, 2,416,930,305.16 төгрөгийн алданги, нийт 12,039,110,019.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

2.6.Шалгалтын явцад тогтоосон зөрчлүүд, НА-21240000001 тоот нөхөн ногдуулалт, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 1.Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж татвар төлөгчид ихээхэн хэмжээний татвар нөхөн ногдуулсан.

Манай Г******* ХХК нь автомашинаар ачаа тээвэрлэх, хоёрдогч түүхий эд боловсруулах, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээс, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ь аймгийн сумын нэртэй газар Ашигт малтмал, газрын тосны газраас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авсан. Уг тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд 2020 оноос эрчим хүчний нүүрс олборлож, БНХАУ-д бүртгэлтэй 6 компанитай Худалдах, худалдан авах гэрээ байгуулан Монгол улсын *******, ******* боомтоор экспортолж, борлуулдаг.

Тус 6 компани нь Хятад улсын ******* хотод Эрчим хүч үйлдвэрлэдэг байгууллагуудад нүүрс нийлүүлдэг этгээдүүд бөгөөд манай компани бараагаа олон улсын Инкотермсийн DAP /Delivered at place/ нөхцөлтэйгөөр БНХАУ-ын ******* хотын ******* зэрэг гаалийн хяналтын талбайд нийлүүлдэг. Ингэхдээ харилцагч байгууллагын тогтмол худалдан авдаг үнэ болон тухайн хэсгийн ерөнхий эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнэд үндэслэн гэрээгээ байгуулж, олборлосон нүүрсээ борлуулдаг.

Олон улсын зах зээлд нүүрсний чанар, илчлэг хэрэглээний зориулалтаараа нүүрсний төрлийг anthracite /антрацит/, bituminous /чулуун нүүрс/, subbituminous /хагас чулуун нүүрс/, lignite /хүрэн нүүрс/ гэсэн 4 үндсэн ангилалд хуваадаг. Манай компанийн борлуулдаг нүүрс нь subbituminous /хагас чулуун нүүрс/-ний ангилалд багтдаг thermal coal /эрчим хүчний нүүрс/ юм. Тус нүүрсний илчлэг нь 4,000-6,500 ккал бөгөөд зөвхөн дунд хэмжээний цахилгаан болон эрчим хүчний станцууд хэрэглэдэг нүүрс юм.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт болох Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-д нүүрсийг боловсруулаагүй нүүрс болон Баяжуулсан нүүрс гэсэн хоёр төрөлд хувааж боловсруулаагүй нүүрсийг антрацит, чулуун болон хүрэн нүүрс гэсэн 3 ангилалд хувааж олон улсын зах зээлд ашиглагддаг хагас чулуун нүүрсний ангиллыг зохицуулж өгөөгүй байдаг. Иймээс манай компанийн нүүрсийг bituminous /чулуун нүүрс/-ний төрөлд хүчээр оруулсан. Чулуун нүүрсний хувьд 5000-7500 ккал илчлэгтэй, гангын үйлдвэр болон томоохон цахилгаан станцуудад түлш болгон ашигладаг онцлогтой. Гэтэл манай борлуулдаг нүүрс нь орон нутгийн цахилгаан, дулааны станцад ашиглагддаг, зориулалт, хэрэглээний хувьд ихээхэн ялгаатай, үнэ хямд нүүрс юм. Тодруулбал, манай компанийн 2020 оноос 2022 оны хоорондох Лабораторийн шинжилгээний дүгнэлтээр Qar /бодит илчлэг/ 4239 ккал/кг-4950 ккал/кг хооронд, Wt /чийг/ 8.26%-16.4% хооронд, V daf /дэгдэмхий/ 41%-47.1% хооронд Ad /үнслэг/ 14.7%-19.5% хооронд тус тус харилцан адилгүй байдлаар шинжилгээний үзүүлэлтээр гарч байсан. Өөрөөр хэлбэл, хагас чулуун нүүрсний ангилалд хамаарах тул чулуун нүүрс болон хүрэн нүүрсний ангилалд хамаарах тул чулуун нүүрс болон хүрэн нүүрсний хооронд хэлбэлзэж ангиллыг шууд тогтоох боломжгүй байсан. Гэтэл Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр дээрх үзүүлэлтийг харгалзан үзэлгүйгээр шууд боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс гэсэн дүгнэлт гаргадаг байсан. Жишээлбэл, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн нүүрсний дээжээр илчлэг 4404 ккал/кг, үнслэг 25.6%, дэгдэмхий 42.9%, хүхэр 1.61% гэж Гаалийн төв лабораториор шинжлэгдсэн ч Гаалийн магадлан шинжилгээний дүгнэлтээр боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс гэж хүчээр дүгнэсэн байдаг. Хэрвээ дээрх үзүүлэлтээр дүгнэвэл манай нүүрс хүрэн нүүрсний ангилалд хамаарах юм.

Иймээс Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан нүүрсний ангилалд манай компанийн борлуулдаг нүүрсний төрөл байгаагүй. Улмаар хүчээр чулуун нүүрсний ангилалд оруулж байснаас шалтгаалан Ашигт малтмал, газрын тосны газрын https:mrpam.gov.mn/ цахим хуудсаар сар бүр зарладаг нүүрсний үнэ борлуулалтын үнэлгээнээс нэлээдгүй өндөр үнэтэйгээр зарлагдах болсон.

Дээрх нөхцөл байдлын улмаас 2020 онд ь аймгийн сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн хуулийн этгээдүүд хамтран ******* ТББ-ыг байгуулж, зах зээлийн үнэлгээ тодорхой бус байгаа тухай, хэрхэн тооцдог тухай болон хэт өндөр дүнгээр борлуулалт тооцсон асуудлаар Сангийн яам болон холбогдох төрийн байгууллагад албан бичиг хүргүүлж, уулзалт зохион байгуулж байсан. Тухайн үед Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.*******ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/6776 тоот албан бичгээр Боловсруулаагүй, коксжих чанаргүй ангиллын нүүрсний үнийг тогтоохдоо http://en.sx.coal.com цахим эх сурвалжид зарлаж буй нүүрсний төрлүүдээс БНХАУ-ын Өвөрмонголын Ордос, Бугат зэрэг хотын уурхайн ам дээр болон FOR нөхцөлөөр худалдагдаж буй эрчим хүчний нүүрсний үнийг жишиг болгон авч БНХАУ-ын холбогдох татвар, хураамжийг хасаж тооцсон гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Бугат хотын байршлын хувьд БНХАУ-ын хилийн өртөө биш бөгөөд БНХАУ-ын гүнд байрлах, дотоодын засаг захиргааны нэгж юм. Бугат хот нь ганга, төмөрлөгчийн үйлдвэрээрээ алдартай, эрчим хүчний салбар өндөр хөгжсөн, стратегийн хувьд Хятадын болон дэлхий дахинд алдартай нутаг дэвсгэр бөгөөд зөвхөн антрацид, эрчим хүчний чулуун нүүрс ашигладаг. Цаашлаад дээрх FOR гэх нөхцөл нь БНХАУ-ын дотоод худалдааны нийлүүлэлтийн нөхцөл бөгөөд олон улсын худалдааны нөхцөл болох INCOTERMS-д хамаарахгүй нөхцөл байсан.

Иймээс Засгийн газраас зарласан нүүрсний ангилалд манай компанийн манай компанийн борлуулдаг нүүрсний ангилал байгаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь хэсэгт заасны дагуу дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн гэсэн зохицуулалтад үндэслэн борлуулалтын үнэлгээгээ тодорхойлж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, СТОУС 15 /орлого, хүлээн зөвшөөрөх/ Монгол Улсын засгийн газрын 342 дугаар тогтоол, 81 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт заасны дагуу гэрээ болон худалдан авагчаас хүлээн авсан мөнгөн дүнгээр хүлээн зөвшөөрч бүртгэж тайлагнасан.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт болох Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-д Засгийн газрын 2022 оны 305 дугаар тогтоолоор 2.21 дэх заалтад өөрчлөлт орж Нүүрсний ангиллыг илүү тодорхой болгож эрчим хүчний (саб-битумт) нүүрсний ангиллыг нэмж, нарийвчилсан. Үүний дагуу манай компанийн экспортолдог нүүрсний ангилал тодорхой болж Эрчим хүчний коксжих чанаргүй чулуун нүүрс ангилалд шилжиж, манай компанийн гэрээний үнэтэй яг ижил болж өөрчлөгдсөн.

Ингэснээрээ Зах зээлийн үнэ 2022 оны 07 дугаар сард 1тн нь 103.03-152.96 ам.доллараар тооцогдож байсан бол 2022 оны 08 дугаар сараас 1 тн нь 66.8-80.2 ам доллар болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2022 оны 305 дугаар тогтоолоор бидний маргаад буй асуудлыг шийдвэрлэж, олон улсын ангиллаар нүүрсний ангиллаа өөрчилж тодорхой болгосон. Иймээс манай компани нүүрсний ангиллаа шийдвэрлүүлсэн хэмээн үзсэн тул Татварын ерөнхий газарт өөрсдөө татварын хяналт шалгалтад хамрагдах хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу татварын төлөвлөгөөт бус хяналт шалгалт 8 сарын хугацаанд үргэлжилж маргаан бүхий Татварын нөхөн ногдуулалтын акт тавьсан.

Гэтэл бид ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр буюу хуулийн 47.2.3 дахь хэсэгт зааснаар борлуулсан үнэлгээгээр орлогоо тооцсон байхад Засгийн газраас зарласан чулуун нүүрсний ангилалд хүчээр оруулж, үнэтэй зах зээлийн үнээр Ашигт малтмалын нөөц борлуулсны орлогыг тооцож, улмаар 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөрийг бидэнд тавьсан байна.Татварын улсын байцаагч татварын нөхөн ногдуулалтын акт тавихдаа Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу татвараас зайлсхийсэн, татвар төлөгч татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоогүй, татварын суурь буурсан бол буурсан дүнгийн зөрүүгээр татварын суурийг нэмэгдүүлэхээр, түүнчлэн татвар төлөгч татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд төлөөгүй тохиолдолд татварын нөхөн ногдуулалтын акт тавих учиртай. Гэвч манай компанид тавьсан татварын нөхөн ногдуулалтын акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.1, 47.1.2, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан эрх зүйн зөрчилтэй акт байх тул хууль бус захиргааны акт юм. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 75.2 дахь хэсэгт зааснаар Татварын албан нь зөвхөн татвар ногдуулах бус үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл маргаан бүхий актаар татвар төлөгчийн хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдөж, эрх ашиг нь хөндөгдөж байгаад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн мэдсэн болон мэдэх боломжтой байсанд дүгнэлт өгч улмаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авах үндэслэлгүй хэмээн үзэж Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

2.Татвар төлөгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй их хэмжээний татварын алданги, торгууль ногдуулсан.

Дээр дурдсаны дагуу манай компани өөрсдийн эрх ашгаа хамгаалах зорилгоор Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж буруу байгааг хүлээн зөвшөөрч 2022 оны 305 дугаар тогтоолоор нүүрсний ангиллыг нэмсэн. Ингэснээр манай компанийн борлуулалтын үнэлгээ болон зах зээлийн үнэлгээ ижил хэмжээнд очсон. Гэтэл Татварын хяналт шалгалтаар НА-21240000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын акт тавихдаа 6,774,855,362.53 төгрөгийн татвар нөхөн ногдуулж, нэмж 2,847,324,351.37 төгрөгийн торгууль, 2,416,930,305.16 төгрөгийн алданги ногдуулсан буюу нөхөн ногдуулсан татварын дүнгийн 42%-тай тэнцэх хэмжээний торгууль, 36%-тай тэнцэх хэмжээний алданги, нийт 78%-ийн алданги торгууль ногдуулсан. Манай компанийн борлуулсан нүүрс нь олон улсын зах зээлд олборлодог нүүрсний төрөл болох хагас чулуун нүүрс гэж БНХАУ-ын ******* хотод худалддаг бөгөөд тус ангилал Засгийн газрын тогтоосон ангилалд тусгагдаагүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь хэсэгт заасны дагуу борлуулалтын үнэлгээгээр орлогоо тодорхойлж байсан. Гэтэл татварын хяналт шалгалтаар 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэнэт их хэмжээний орлого олсон болж, тус дүнгээс татвар төлөхөөр болж, улмаар нөхөн ногдуулалтын дүнгээс торгууль, алданги төлөхөөр акт гарсан. Бид энэхүү нөхөн ногдуулсан татварын дүнг төлөхөөр болж, улмаар нөхөн ногдуулалтын дүнгээс торгууль, алданги төлөхөөр акт гарсан. Бид энэхүү нөхөн ногдуулсан татварын дүнг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр л төлөхөө мэдсэн байтал Татварын ерөнхий хуулийн 73.1 дэх хэсэгт заасан хугацаандаа татвараа төлөөгүй үндэслэлээр алданги тооцсон нь үндэслэлгүй юм. Иймд, нөхөн ногдуулалтын актад дурдсан торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн компани 2020 онд 13,934,566,595.86 төгрөгийн 2021 онд 52,747,385,247.02 төгрөг, нийт 66,681,951,842.88 төгрөгийн зөрчил гаргасан байхад 133,363,903,685.76 төгрөгийн зөрчил гаргасан хэмээн үзэж улмаар нэг зөрчилд 4 удаа тус тус хариуцлага ногдуулсан нь нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (non bis in idem) шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар зүйлийн 73.1-д Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно гээд 73.1.1-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар гэж 84 дүгээр зүйлийн 84.1-д Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно.

Гэхдээ Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэж болохыг хууль тогтоогч тусгайлан журамлажээ.

Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19.1-д Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж тус зохицуулсны дагуу нөхөн ногдуулсан татварт нийт 78%-ийн алданги, торгууль ногдуулсан нь үндэслэлгүй юм. Ийнхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Маргаан таслах зөвлөлөөс Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчиж буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.

Иймд, Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-21240000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагч Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Бид Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: 76.1.1.хууль дээдлэх гэж зааснаар бид татварын хяналт шалгалтаар хүчин төгөлдөр үйлчилж байсан журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмуудыг баримтлан ажилласан болно.

Татвар төлөгч дараах хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж татварын ногдлоо үнэн зөв тодорхойлоогүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Үүнд:

Татвар төлөгч 2020, 2021 онд экспортод гаргасан коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг

1.1.Ашигт малтмалын нөөц ашигласны Ашигт малтмалын тухай хууль /2019 оны/-ын 47 дугаар зүйлийн 47.2.1 экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан,

1.2.Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийн 7-д БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнэ (http:en.sxcoal.com),

1.3.Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам-ын

2.2-д Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, АМНАТ-ийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалагдах татварын албанд хүргүүлнэ гэж,

2.7-д Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дахь заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно.

4.2-т Экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь найрлага, чанар, ангиллыг гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлно. Гаалийн лаборатори нь дүгнэлт гаргахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол улс, эсхүл олон улсад итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно мөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.10.Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлээгүй тул тус компанийн 2020, 2021 онд экспортод гаргасан коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл татварын албанаас хариу өгсөн эсэхээс үл хамааран татвар төлөгч өөрөө дээрх харьцуулалтыг хийн олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээр борлуулалтын үнэлгээг тооцон ашигт малтмалын төлбөрийг үнэн зөв тайлагнаж төлөхөөр байсан. Бид татварын хяналт шалгалтын явцад Эрдэс баялгийн хэлтсээс мэргэжлийн зөвлөгөө авч, тус хэлтсээс гаргадаг танилцуулга, татвар төлөгчөөс ирүүлсэн материал зэрэгтэй танилцаж ажиллахдаа Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина гэж заасныг баримтлан ажилласан болно.

2.Татвар төлөгч дээрх онуудад экспортод гаргасан коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.17.Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно: гэж заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг ногдуулаагүй.

3.Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл. Төлөх татварын хэмжээг борлуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага, 82.1.Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татвар ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар 73 дугаар зүйл.Алданги, 73.2.Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно:, 73.2.1.татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор; гэж заасны дагуу төлбөл зохих нөхөн татварын дүнгээс торгууль, алданги ногдуулсан болно.

Мөн Татварын ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, 41.4-д Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасны дагуу татвар төлөгчийн хүсэлтээр татварын хяналт шалгалт хийсэн болно.

Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-2 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4.2.Учир нь маргааны үйл баримтад хамаарах журмууд болох Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолын хавсралтаар нүүрсийг боловсруулсан болон боловсруулаагүй, боловсруулаагүй нүүрсийг дотор нь антрацаит, чулуун нүүрс, хүрэн нүүрс гэсэн 3 төрөлд ангилсан бол ... чулуун нүүрс болон хүрэн нүүрсний гол ялгаа нь илчлэг буюу хүрэн нүүрс нь 4500 ккал/кг доош илчлэгтэй, чулуун нүүрс нь 4500 ккал/кг дээш илчлэгтэй, чулуун нүүрс нь барьцалдах чанартай байдаг бол хүрэн нүүрс нь барьцалдах чанаргүй, эдгээрийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 2.1-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээг дараах байдлаар тооцно, 2.4-т Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно гэж, 2.6 дугаар зүйлд Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно гэжээ.

4.3.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн болон түүний төлөөлөгчөөс ... Г******* ХХК-ийн 2020 онд 202.943.92 тонн, 2021 онд 324.542.88 тонн экспортолсон нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн Магадлан шинжилгээгээр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем буюу БТКУС-ийн 27011213 ангилалд хамаарах коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрс хэмээн дүгнэлт гарсан тул Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан... хэмээн тайлбарласан.

4.4.Гэтэл хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт болох Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн Магадлан шинжилгээний 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №0121002175 дугаар дүгнэлтэд[1] Г******* ХХК-ийн экспортолсон нүүрсний бодит илчлэгийг 4404 ккал/кг , 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №0121002242 дугаар дүгнэлтэд[2] бодит илчлэг 4239 ккал/кг , 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №0121002243 дугаар дүгнэлтэд[3] 4360 ккал/кг, 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №0121003865 дугаар дүгнэлтэд[4] 4402 ккал/кг тус тус агууламжтай гэж,

4.5. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 2.5-д гаалийн лаборатори нь энэ журмын 2.4-т заасан дүгнэлтийг гаргахдаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно гэсний дагуу Гаалийн төв лабораторийн захиалгын дагуу хийгдсэн Геологийн төв лабораторийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 462 дугаар шинжилгээний дүгнэлтээр нэхэмжлэгч компанийн борлуулсан нүүрсний ичлэг 4404 ккал/кг гэж дүгнэлт гарч, Г******* ХХК-ийн экспортолсон нүүрс нь чулуун болон хүрэн нүүрсний хооронд хэлбэлзэж, ангиллыг шууд тогтоох боломжгүй байхад хариуцагч татварын байцаагч нар Г******* ХХК-ийн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо бүхэлд нь коксжих чанаргүй нүүрсний зах зээлийн үнээр тооцож акт тавьсан учир дутагдалтай болжээ.

4.6.Өөрөөр хэлбэл дээрх 4500 ккал/кг бага ичлэгийн агууламжтай нүүрсний ангиллыг зөв хөдөлбөргүйгээр тогтоолгон, тооцуулснаар маргаан бүхий актаар тогтоосон үнийн дүн өөрчлөгдөх боломжтой.

4.7. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...нөхөн ногдуулсан нийт татвараас 1.051.312.290 төгрөгийн татвар, 420,524,915,85 төгрөгийн торгууль, 399,498,670,06 төгрөгийн алдангийг бууруулах боломжтой гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

4.8.Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нар хяналт шалгалт хийх явцдаа нэхэмжлэгчийн экспортод гаргадаг нүүрс нь чулуун нүүрсний ангилалд хамааруулан тооцох хангалттай үндэслэл биш байхад энэхүү зөрүүтэй нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч компанийн борлуулсан нүүрсний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн ялгамжтай тогтоож болохоор атал бүхэлд нь 47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-2 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.тодорхой байх; 5.1.3.шударга байх; гэж заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчимтай нийцэх байх тул үүнийг зөвтгүүлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.

4.9.Түүнчлэн нэхэмжлэгч маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар гаргаж буй нэг үндэслэл болох Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/6776 дугаартай албан бичигт ... Нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох жишиг үнийг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу http://en.sxcoal.com цахим хуудсыг ашиглан мэдээлж байна. Энэ хүрээнд тус цахим хуудаснаас зарлаж буй нүүрсний төрлөөс Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан ангилал, аргачлалаар боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрсний тооцох зарчимд нийцэх БНХАУ-ын Өвөрмонголын Ордос, Бугат зэрэг хотын уурхайн ам дээр болон FOR нөхцөлөөр худалдаалагдаж буй эрчим хүчний нүүрсний үнэ (БНХАУ-ын нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн)-ийг жишиг болгон БНХАУ-ын холбогдох татвар, хураамжийг хасаж тооцдог болно гэжээ.

4.10.Харин тус албан бичгийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байцаагч нар хэм хэмжээний актыг ашиглаж татварын улсын байцаагчийн актыг гаргаж байгаа. Тэгэхээр хуульд юу гэж заасан түүнийг хэрэгжүүлж байгаа. Уул уурхайн, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортолсон байвал олон улсын жишиг үнийг барина гээд хуульчилсан. 342 дугаар тогтоолд мөн заасан. Жишиг үнийг барихын тулд гаалийн мэдүүлгийг үндэслээд АМНАТ ногдуулж байгаа. 342 дугаар тогтоолын 2.4, 2.7, 2.1-д баримталж байгаа. Албан бичгийн дагуу ногдуулалт хийгээгүй... хэмээн тайлбарлаж буй нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах зарчимтай нийцэхгүй.

Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүүгийн салбарын бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд бусад яам, газруудын үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүгийн төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээг мэргэшлийн өндөр түвшинд үзүүлэх чиг үүрэгтэй болохын хувьд тус яам, газраас гаргасан албан бичгийг Сангийн яамны харьяа агентлаг болох Татварын ерөнхий газрын байцаагч үйл ажиллагаатай тусгах нь зүй ёсны юм.

4.11.Тиймээс нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж буй асуудлаар шүүхээс тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.5-4.8 дурдсан үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн тул хариуцагч нар нэхэмжлэгч компанийн борлуулсан нүүрс нь одоогийн хагас чулуун нүүрс ангилалтай адилтгаж авч үзэх болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14.Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана гэх хуулийн заалт, Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан бичигт дурдсан Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан ангилал, аргачлалаар боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрсний тооцох зарчимд нийцэх БНХАУ-ын Өвөрмонголын Ордос, Бугат зэрэг хотын уурхайн ам дээр болон FOR нөхцөлөөр худалдаалагдаж буй эрчим хүчний нүүрсний үнэ (БНХАУ-ын нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн)-ийг жишиг болгон БНХАУ-ын холбогдох татвар, хураамжийг хасаж тооцдог гэх агуулгыг нэхэмжлэгч компани бараагаа олон улсын Инкотермсийн DAP /Delivered at place/ нөхцөлтэйгөөр БНХАУ-ын ******* хотын ******* зэрэг гаалийн хяналтын талбайд нийлүүлдэг гэх үйл баримттай харьцуулан дүгнэн, шаардлагатай гэж үзвэл дээрх албан бичгийг төлөвлөсөн газраас тодруулга авч, эргэлзээгүй байдлаас нь эцэслэн дүгнэн Татварын нөхөн ногдуулалтын актын дахин гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.

4.12.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА- дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөр хэсгийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

4.13.Эцэст нь хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг дагуу маргаан бүхий актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын улсын байцаагч Ц.М*******, М.О******* нарт холбогдох Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нарын үйлдсэн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-21240000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147 төгрөгийн торгууль, 2,170,891,459.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөр төлөх хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 (гурав) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М*******, М.О******* нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-21240000001 дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147 төгрөгийн торгууль, 2,170,891,459.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөр төлөх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.БАТБААТАР