Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 118/2017/0005/З |
Дугаар | 221/МА2017/0309 |
Огноо | 2017-04-26 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2017/0309
2017 оны 04 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2017/0309 | Улаанбаатар хот |
Завхан аймгийн Алдархаан сумын
Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.О, нэхэмжлэгч Ю.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагч М.Э нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй, тус аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.1, Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 161 дүгээр зүйлийн 161.2, 161.4 дэх хэсгийг тус тус баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Санал хураалтын дүнг хүчингүй болгох тухай 17 дугаар тогтоолыг хүчингүйд тооцжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолыг Монгол Ардын намаас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.
Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3-д /Сонгуулийн байгууллагын шийдвэр нь нээлттэй ил тод байх бөгөөд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргана/ гэж заасныг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хүлээн авч хууль зөрчсөн.
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох ээлжит сонгуулийн санал авах өдрийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосон байхад Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг ээлжит сонгуулийн санал авах өдөр гэж тогтоон асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох ээлжит сонгуулийн санал хураалт 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдаж сонгогдвол зохих 21 мандатаас 18 мандатад төлөөлөгч сонгогдож 3 мандатад нэр дэвшигчийн санал тэнцсэн.
Ээлжит сонгуулийн үр дүнгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах нөхцөл бүрдэж сумын өмнөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 31 дүгээр тогтоолуудаар анхдугаар хуралдааныг хуралдуулах товыг 2 удаа зарласан боловч шинээр сонгогдсон төлөөлөгчид хуралдаанд ирээгүйн улмаас Анхдугаар хуралдаан хуралдах нөхцөл бүрдээгүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д заасан нөхцөл үүсч сумын сонгуулийн хороо дахин сонгуулийг сумын 6 тойргийн 21 мандатад явуулах шаардлага бий болсон.
Дахин сонгуулийн товыг зарлахын тулд өмнөх сонгуулиар нэр дэвшин ялалт байгуулж, төлөөлөгчдийн түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн саналын дүнг хүчингүй болгох шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор гаргасан байхад шүүх энэ асуудлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барин шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын Монгол ардын намын хорооны дарга Ю.Дэлгэрнасангаас Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь заалтыг үндэслэн 2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд сонгогдож, түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн саналын дүнг хүчингүй болгож, дахин сонгуулийн товыг Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд зарлахыг сумын Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд тус сумын орон нутгийн хурлын төлөөлөгчийг сонгох ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдаж, 6 тойргийн нийт 21 мандатын төлөө МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 21 нэр дэвшигч тус тус нэр дэвшин өрсөлдөж, 5 тойргийн 18 мандатад МАН-аас 8 нэр дэвшигч, АН-аас 10 нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сонгогдсон байна. Хуралд сонгогдвол зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч буюу 85.7 хувь нь сонгогдож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт зааснаар хурлын хуралдаан хүчинтэйд тооцогдохоор төлөөлөгчид сонгогдсон болох нь тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Улмаар санал нь тэнцсэн тойргийн үлдсэн 3 мандатын төлөө 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явуулахад МАН-аас 1 нэр дэвшигч, АН-аас 1 нэр дэвшигч тус тус олонхийн санал авсан байх бөгөөд 5 дугаар тойрогт дахин санал тэнцэж, 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахин санал хураалт явуулж, МАН-аас нэр дэвшигч олонхийн санал авснаар төлөөлөгчид бүрэн сонгогдсон байна.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд маргаж буй тогтоолыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ хамгийн сүүлд дахин сонгууль явуулсан хугацаа буюу 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хуульд заасан 50 хоногийг тоолох ёстой, сумын сонгуулийн хороо хуулиар олгогдоогүй эрх хэмжээ эдэлж хурлыг тараасан хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна гэж зааснаас үзэхэд ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэж тооцох бөгөөд энэ өдрөөс хойш 50 хоногийн дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө тус сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 18 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа хуралдуулж, Хурлын даргаа сонгож, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байтал анхдугаар хуралдаан хуралдуулах товыг 2 удаа товлосон боловч шинээр сонгогдсон төлөөлөгчид хуралдаа ирээгүй, хуралдаанаа хуралдуулж чадаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул дээрх хуульд зааснаар хурал тарах нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн сумын сонгуулийн хорооны тогтоолыг хууль бус гэж үзэх боломжгүй.
Гэтэл анхан шатны шүүх ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоног ... гэх нөхцөлд дахин санал хураалт явуулсан 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 50 хоногийг тоолохоор байна" гэж хуулийн буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт Орон нутгийн хурлын дахин сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн байгууллага 30 хоногийн дотор зарлана, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт Сум, дүүргийн хурлын сонгуулийн тухайд сонгуулийн байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлнэ, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Сум, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн сум, дүүргийн хурал, түүний төлөөлөгчийн сонгуулийг шууд удирдан зохион байгуулна, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Сум, дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ, 34.1.13 дахь хэсэгт ... дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт Дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гарган, энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна гэж сумын сонгуулийн хорооны тухайн нутаг дэвсгэртээ орон нутгийн сонгууль болон дахин сонгуулийг хуульд зааснаар удирдан зохион байгуулж, бие даан хэрэгжүүлэх эрх хэмжээг олгосон бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт заасан хугацаанд анхдугаар хуралдаанаа хуралдуулж, Хурлын даргаа сонгоогүй, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэр дээр сонгууль зохион байгуулсан сумын сонгуулийн хороо, дахин сонгууль явуулах ажлыг зохион байгуулахаар байх тул нэхэмжлэгчийн дахин сонгууль явуулах эрх хэмжээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт Дахин сонгууль нь хүчингүй болсон хэмжээгээр явагдана гэж заасан бөгөөд нэгэнт хурал тарах хуульд заасан нөхцөл байдал бий болж, дахин сонгууль явуулах шийдвэр гаргах болсон тул сумын сонгуулийн хороо саналын дүнг бүхэлд нь хүчингүй болгосныг буруутгах боломжгүй байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин нэхэмжлэгчээс маргаан бүхий тогтоолыг бидэнд мэдэгдээгүй, уг тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй захиргааны хэрэг дэх хариуцагчийн тайлбараас мэдсэн гэсэн тайлбар болон хариуцагчаас Сонгуулийн тухай хуульд зааснаар гаргасан шийдвэрээ нээлттэй, ил тод мэдээлсэн гэх үйл баримт нотлогдоогүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авсан гэх гомдол үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 25 дугаар зүйлийн 25.3, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1.13, 163 дугаар зүйлийн 163.2, 163.3 дахь заалтыг тус тус баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын Монгол ардын намын хорооны дарга Ю.Дэлгэрнасангийн Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ