| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0207/З |
| Дугаар | 128/ШШ2025/0429 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2025/0429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.*******,
Хариуцагч: дүүргийн Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Д.******* дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/418 дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар[1] дүүргийн 20 дугаар хорооны ын урд байрлах дугаар нэгж талбар бүхий 89996 м.кв газрыг мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг[2] олгожээ.
2.2. Улмаар нэхэмжлэгч Д.******* 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дүүргийн газар зохион байгуулалтын албатай 01116-2020/13551 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан[3], тус гэрээнд заасан газар эзэмшигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр болсон байна.
2.3. Гэтэл дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/1808 дугаар албан бичгээр[4] ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, ...40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тус газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдүүлсэн байна. ... мэдэгдлийг[5] ******* ХК-иар дамжуулан Д.*******ад хүргүүлсэн боловч илгээмжийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буцаан хүргүүлжээ[6].
2.4. Мөн энэ тухай дахин *******ы 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Пүрэв гарагийн №146/4159/ дугаараар[7] дамжуулан ...газар эзэмших эрхийг дуусгавар болгохтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд даасны дагуу холбогдох тайлбар, саналаа нотлох баримтын хамт 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дотор ирүүлэхийг мэдэгдэж заасан хугацаанд ...ирүүлээгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдсэнд тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дуусгавар болгох талаар мэдэгдэл нийтэлсэн байна.
2.5. Улмаар дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар[8] ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1. 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт. 40.2 дахь хэсгийг үндэслэн ...хавсралтын 5-д[9] нэгж талбарын дугаартай, дүүргийн 20 дугаар хороо ын урд нутаг дэвсгэрт, мод үржүүлгийн зориулалттай, 89996 м.кв газрыг эзэмшигч Д.******* эзэмшил газраа 2 жил болон түүнээс хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэн түүний газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
2.6. Энэхүү захиргааны акт гарсантай холбогдуулан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18/2873 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр[10] ... дүүргийн Засаг даргын 2024 оны А/637 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн болохыг Д.*******ад мэдэгдсэн байна.
2.7. Д.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргахад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05-02/436 Хариу хүргүүлэх тухай албан бичгээр[11] ...гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй... хариуг өгчээ.
2.8. Иргэн Д.*******аас дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Д.******* би дүүргийн 20 дугаар хорооны ын урд байрлах дугаар нэгж талбар бүхий 89996 м.кв газрыг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/418 тоот Засаг даргын захирамжаар Мод үржүүлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн Э-2201020651 дугаарт бүртгэж гэрчилгээг надад олгож газраа эзэмшиж байсан.
Д.******* би тус газарт мод тарихаар олон жилийн өмнөөс бэлтгэл хийж төсөл хөтөлбөр боловсруулан олон төрлийн моднуудыг тарьж ургуулахаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шатанд явж байсан ба хувь хүн болон хуулийн этгээдүүдтэй олон тооны гэрээ хэлцэл байгуулж, тусгайлан бэлдсэн модны суулгацыг тусгай аргаар хадгалж, суулгах хөрсөө удаан хугацаагаар бэлдэн үйл ажиллагаагаа төлөвлөн тус газраа ногооноор моджуулах зорилгыг тавин ажиллаж 2025 оны хавраас үйл ажиллагаа жигдрэхээр төлөвлөгдсөн байсан.
Гэтэл дүүргийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 тоот Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрхийг дуусгавар болгосон байна.
Газар ашиглах эрхийг маань цуцалсан гэсэн мэдээллийг би 2025 оны 1 сард авсан тул Нийслэлийн засаг даргад хандаж 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өргөдөл гаргахад Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, гомдлыг шийдвэрлэх боломжгүй" тухай хариуг Нийслэлийн засаг даргын тамгын газар 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05-02/436 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр өгсөн.
Хариу хүргүүлэх тухай албан тоотод дурдахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-г эшилж, "гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй", "газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэсэн зөрчлийг нэрлэн заасан байна.
Иймд дээд шатны захиргааны байгууллага байхгүй тул дүүргийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 тоот дугаар Засаг даргын захирамжийн өөрт холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тус шүүхэд шууд нэхэмжлэл гаргаж байна:
1. Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний 15 дугаар тогтоолын 1.10-т "хуулийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор ... тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" хэмээн заасан.
Тус газарт мод тарихаар олон жилийн өмнөөс бэлтгэл хийж төсөл хөтөлбөр боловсруулан олон төрлийн моднуудыг тарьж ургуулахаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх шатанд явж байсан ба хувь хүн болон хуулийн этгээдүүдтэй олон тооны гэрээ хэлцэл байгуулж, тусгайлан бэлдсэн модны суулгацыг тусгай аргаар хадгалж, суулгах хөрсөө удаан хугацаагаар бэлдэх шаардлагатай тул бэлтгэх шатандаа явагдаж байсан ба санхүүгийн хүнд нөхцөл байдлын улмаас түр хугацаанд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан ч тус газартаа моджуулах зорилготой байсан болно. Манайх тодорхой ажил хийсэн мод тарих бэлтгэл шатандаа явж байсан гэдгээ дээр тайлбарласан.
Тэгэхээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд Д.******* мод тарьж ургуулах төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлэх шатанд явж байхдаа бусдын нэгэн адил санхүүгийн хүнд нөхцөлд орсон ч газраа ашиглахгүй хий орхисон зүйл байхгүй болно.
2. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явуулаагүй тул захиргааны шийдвэр мөн хууль бус болно.
Иймд холбогдох баримтыг буруу үнэлж, хууль болон зорилгодоо нийцээгүй захиргааны акт гаргасан байх тул дүүргийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 тоот дугаар Засаг даргын захирамжийн Д.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Монгол Улсын Үндсэн хуульд заасан "хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах", Газрын тухай хуульд заасан "газар ашиглах эрх" тус тус сэргэх юм.
Иймд дүүргийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 тоот дугаар Засаг даргын захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.*******ын хувьд дүүргийн 20 дугаар хорооны -ын урд талд байрлах 89,996 метр квадрат газрыг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 418 тоот Засаг даргын захирамжаар мод үржүүлэх зориулалтаар 15 жилийн хугацаатай газрын хэсгийг авсан. Д.*******ын хувьд тухайн газар дээр мод тарихаар Баянхяргас ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулж мод тарих бэлтгэл ажлын шатанд явж байсан. Боловсруулсан төсөл хөтөлбөрийн хүрээнд тус газрын хөрсөнд ямар нэгэн байдлаар модыг ургуулах боломжгүй байсан учир тухайн компанид бэлтгэл ажлыг хийж байсан. Гэвч дүүргийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 637 тоот Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Үүнийг нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сард мэдсэн. Тус оны 01 дүгээр сарын 03-ны өдөр газар эзэмших эрх хүчингүй болгосныг мэдээгүй учир Нийслэлийн Засаг даргад өргөдөл, гомдол гаргасан. Бэлтгэл ажлуудаа хийсэн байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх агуулгатай хариу албан бичгийг ирүүлсэн.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй. Д.*******ын хувьд газраа ашиглаагүй гэдэг байдлаар захирамж гаргахдаа дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас бодит байдалтай огт танилцаагүй. Ямар нэгэн байдлаар сонсох ажиллагаа хийж мэдэгдээгүй. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн гэх боловч Д.*******ад хүлээн авсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Холбогдох баримтуудыг буруу үнэлж, хууль бус, зорилгодоо нийцээгүй, бодит байдал тохирохгүй захиргааны акт гаргасан учраас дүүргийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 637 дугаар Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.*******ын Дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын А/637 дугаартай захирамжтай холбогдуулан гаргасан гомдолдоо Захиргааны Ерөнхий Хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны шийдвэр хууль бус холбогдох баримтыг буруу үнэлж, хууль болон зорилгодоо нийцээгүй захиргааны акт гаргасан тул дүүргийн засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын А/637 дугаартай захирамжийн Д.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/418 дугаартай захирамжийн дагуу дүүргийн 20 дугаар /ын урд/ хороо, нэгж талбарын 1801501405 дугаартай, 89996 м.кв/га/газрын гэрчилгээг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгож, улмаар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дүүргийн газрын албатай Иргэн, хуулийн этгээдээр газар эзэмшүүлэх тухай №01116-2020/13551 дугаартай гэрээг байгуулсан байна. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах /Эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах/...4 дүгээр зүйлийн 4.20 дох хэсэгт Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээнэ... гэжээ.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч Агентлаг Газар зохион байгуулалтын албанд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01-07/7208 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг, дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 01 дүгээр сарын 11 өдрийн 18/2873 дугаартай албан бичигт 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 18/1808 дугаартай албан бичиг хүргүүлсэн заасан хугацаанд тайлбар ирүүлээгүй тул дүүргийн Засаг даргын 2024 оны А/637 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдэл, дүүргийн Газрын 1 дүгээр албаны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03/127 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт "*******" 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №146 (4159) дугаарт зарлуулан сонсох ажиллагаа явуулсан тухай дурджээ. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 05-02/436 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заажээ.
4.3. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц обьект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино гээд,
... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
4.4. Нэхэмжлэгчээс газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан талаар ...газар дээрээ 2024 онд 300 ширхэг мод тарьсан... гэж, харин хэсэг хугацаанд хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглах боломжгүй байсан тухайд Ковид 19 цар тахлын нөхцөл байдлыг нэрлэн заасан.
4.5.Гэтэл хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хүртэл 2 жилээс дээш хугацаанд газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.Тодруулбал,
4.6.Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий газар дээр үзлэг хийхэд нэхэмжлэгчээс өөрийн газар дээрээ хашаа барьсан, газар эзэмшүүлэх захирамжид заасан мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зүйлгүй, бодит байдалд цөөн тооны улиас модны нялх зулзган суулгац тарьсан[12] байх боловч тэдгээрийг хэн, хэзээ, ямар хугацаанд, хичнээн ширхгийг тарьсан талаарх нотолгоог ирүүлээгүй, энэ үйл баримттай холбогдох Байгаль орчны газрын дүгнэлт, хяналт хийгдсэн үйл баримтгүй, шилжүүлэн суулгахаар бэлтгэж байгаа талаар Баянхяргас ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ,[13] тодорхойлолт,[14] төслийн танилцуулгыг[15] шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн хэдий ч нэхэмжлэгчийг 2024 онд мод тарьсан талаарх үйл баримт дээрх баримтад байсангүй.
4.7.Энэ талаар хариуцагчаас ...2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр очиж газрын үзлэг хийсэн баримтад[16] ямар ч суулгацгүй, хоосон газар байсан... зэрэг нотлох баримтыг үнэлэхдээ шүүгч би, өөрийн дотоод итгэл үнэмшлээр дээр дурдсан суулгацыг нэхэмжлэгч 2024 онд тарьсан гэх үйл баримтыг хөдөлбөргүй үнэн гэж үзсэнгүй.
4.8.Учир нь дээрх нөхцөл байдлыг тодруулах үүднээс шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/3681 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчээс шаардсаны дагуу нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаж байсан талаар баримтыг шаардсан хэрэгт үйл баримттай хамаарал бүхий нотолгооны ач холбогдол бүхий баримтыг хавсаргаж өгөөгүй болно.
4.9.Түүнчлэн нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн байдлын зэргийг цуцалсан нийтэд илэрхий үйл баримт тохиолдсон.
4.10.Гэтэл дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 2 жил 8 сарын хугацаанд нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой байхад зориулалтын дагуу газраа ашиглаагүй.
4.11..Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг газар эзэмшиж эхэлснээсээ хойш газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.12.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас дээрх хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан дүүрэг 21 хороо *******, ******* хаяг руу дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/1808 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагаа мэдэгдэл зэргийг хүргүүлсэн, мөн *******-ны[17] 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №146(4159) дугаарт зарлуулсан болох нь баримтаар нотлогдсон.
4.13.Гэвч нэхэмжлэгчээс мэдэгдлийг хүлээж аваагүй гэж маргах боловч хариуцагч байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих хэмжээнд хийж гүйцэтгэсэн байх тул уг үйл ажиллагааг үгүйсгэх нь маргаан бүхий актыг хүчингүй болгох хангалттай хууль зүйн үндэслэл биш юм.
4.14. Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан газар эзэмших гэрээнд[18] заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т заасан газрыг үр ашигтай, зохистой ашиглах, төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6- -д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******аас дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/637 дугаар захирамжийн Д.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР