Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Н

Улсын яллагч: Д.Б

Хохирогч М.Я

Улсын өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Бд холбогдох 1722000810008 тоот хэргийг 2018 оны 2 сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1990.10.31-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, бичиг үсэг мэдэхгүй гэх, боловсролгүй гэх, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг Хавч-Эх гэх газарт оршин суух 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗА90103114/ Тавин овогт Батбаярын Борхүү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд дуудагдан ирсэн этгээдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд  Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Адагийн худаг” гэх газарт нутаглах М.Ягийн гэрт М.Ягийн нүүр лүү  мөргөж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Тэр өдөр М.Я айраг ууж байхдаа “нутаг руугаа явна” гэсэн. Тэр үед айлынх нь хүмүүс хүүхдээ үзүүлэх гээд Улаанбаатар хот руу явсан учраас М.Я гэрийг нь сахиж байсан. М.Я эхнэртэйгээ маргаад байхаар нь би гарахдаа М.Яг мөргөсөн, өөр зүйл болоогүй. Хохирогчтой эвлэрээд 700000 төгрөг хохиролд төлсөн” гэв.

- Хохирогч М.Я шүүхийн хэлэлцүүлэгт “2017.09.23-ны өдөр манайх оторт өвөлжиж байсан юм. Манайх Эрдэнэдалай сумын Өнгөт бригадад  өвөлжөөд, Адаацаг сум руу нүүсэн. Тэнд 2,3 сар болоод урагшаа нүүх болсон. Уг нь манайх Хулд суманд нутагладаг байсан ч Адаацаг суманд 6-9 сар хүртэл нутагласан юм. Би эхнэртээ “Адаацагт мал идэх ногоо байхгүй учраас нутаг буцая” гэж хэлсэн. Гэтэл Борхүү намайг татаж мөргөчихөөд яваад өгсөн. Миний хамраас  цус гоожоод үлдсэн. Уурандаа малаа туугаад явсан. Би эхнэртэйгээ нүүдлийн талаар ярьсан. Би эхнэртэйгээ маргасан нь үнэн, энэ хүнтэй маргаагүй.  Энэ хүнтэй юм яриагүй байхад  яасныг мэдэхгүй, намайг мөргөсөн. Мөргүүлээд хамраас цус их гарсан, толгой их өвдсөн. Одоо энэ хүнд гомдол санал байхгүй” гэв.

- Гэрч М.Уламбаярын /хохирогчийн эхнэр/ “ Манайх 2017 оны 6 сард Адаацаг суманд отроор очсон юм. Манай саахалт айл Отгонболдынхон хот руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд 2017.09.20-ны үеэр явахдаа нөхөр М.Я бид хоёрыг манай гүүг саагаад гэр хараад байж байгаач гэж хэлээд явсан. Тэгээд 2017.09.23-ны өдөр 13 цагаас гүү саах гэж байхад Б.Б, Амарбат нар ирээд цугтаа унага таталцаад гүү саачихаад хамт гэрт орсон. Тэгсэн манай нөхөр М.Я намайг нутаг руугаа нүүе гэхээр нь би нэг нь зовлонтой байхад чинь гэж хэлчихээд саам юүлэхэд манай нөхөр орон дээр юм налаад хэвтэж байсан чинь Б.Б манай нөхөрийг загнаад байхаар нь бид нар дуугараагүй байж байтал Амарбат Б.Бг явъя гэтэл Б.Б гэнэт М.Ягийн нүүр рүү мөргөчихөөд яваад өгсөн. Б.Б халамцуу байсан” гэжээ /хх-13/

- Шинжээчийн 2017.10.09-ний өдрийн 170200297 тоот дүгнэлтэд: Эмнэлэгийн бичиг баримтаар М.Ягийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зовхины зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, хамар ясны хугарсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-16-19/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд  Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Адагийн худаг” гэх газарт нутаглах М.Ягийн гэрт “нутаг буцна” хэмээн эхнэртэйгээ маргасан М.Яг ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт мөргөж, улмаар М.Ягийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь гэрч М.Уламбаяр, хохирогч М.Я нарын мэдүүлэг /хх-13, 11, 11/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-16-19/ зэрэг баримтаар нотлогдож байх ба эдгээр баримт нь  шүүгдэгч Б.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн мэдүүлгийг давхар батлаж байна.

Иймд шүүгдэгч Б.Бг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 7 сарын 21-ний өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2014.09.30-ны өдрийн 75 дугаар магадлалаар “шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдаж байсан, шүүхээс тэнссэн хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй нь шийтгэх тогтоол, магадлалын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-34/ тус тус тогтоогдож байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.2-т “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” байдлаар өршөөл үзүүлсэн тул шүүгдэгч Б.Бг ялгүйд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Ягийн бие махбодид “тархи доргилт, хамар ясны хугарал, зовхины зөөлөн эдийн гэмтэл” гэх хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр /хх-16-19/ тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Б хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч М.Я шаардах эрхтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч нь “эмчилгээний зардал гаргуулна” гэсэн мэдүүлэг өгч /хх-12/ байсан боловч эмчилгээ хийлгэсэн зардлын талаархи баримт гаргаж өгөөгүй, “хохиролд 700.000 төгрөг авсан” гэх тайлбар /хх-51/ гаргасан болох нь тогтоогдож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч баримт гаргаж өгөөгүйн улмаас хохирогчийн шаардсан төлбөр үндэслэлтэй эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч М.Я нь зохих ёсоор эмчилгээ хийлгэсний дараа баримтаа бүрдүүлж өөрийн харъяа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ялгүй болсон, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн хохирогч “хохирол төлбөрөө авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Б.Бгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хохирогч М.Я, гэрч М.Уламбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч Б.Бгийн согтуурсан эсэхийг шалгаагүй байх тул уг нөхцөл байдлыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзсэнгүй.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүхээс хугацаа тогтоох шаардлагатай байх тул торгох ялыг биелүүлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгах байдлаар тогтоохоор шийдвэрлэлээ.

Хэргээс үзэхэд гэмт хэрэг 2017 оны 9 сарын 23-ны өдөр үйлдэгдсэн, хохирогчоос гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг 2017 оны 10 сарын 2-нд гаргасан байх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт 2017 оны 1 сарын 16-ны өдөр гаргасан байна /хх-7-8, 29/ Хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн буруутай албан тушаалтанд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2017 оны 12 сарын 8-ны өдрийн б/94 тоот тушаалаар арга хэмжээ авсан байна. /хх-48, 49/ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарагдах тул холбогдох ажиллагааг шуурхай явуулах шаардлагатайг мөрдөгч, хяналтын прокурор нар цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Тавин овогт Батбаярын Борхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тавин овогт Батбаярын Борхүүд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлж дуусгахыг шүүгдэгч Тавин овогт Батбаярын Борхүүд үүрэг болгосугай.

     4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих журамтайг Б.Бд анхааруулсугай.

     5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.Я 700000 төгрөг хүлээж авсан гэж хүлээн зөвшөөрч мэдүүлснийг тус тус дурьдсугай.   

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч М.Ягийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийг нэхэмжлэхтэй холбогдсон иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

      7. Хохирогч М.Я нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд зааснаар шүүгдэгч Б.Бгээс нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

      8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.С