Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 213/МА2021/006

 

Х.Цын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00110 дугаар шийдвэртэй,

 

 Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт оршин суух, Х.Цын хүсэлттэй

           

            Цагаатгалын нөхөн олговрын 80.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: прокурор Э.Гантулга, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л, өмгөөлөгч Б.Бурмаа, С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

 

Хүсэлт гаргагч Х.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний эцэг Буянгийн Гэндэнжамц нь 1983 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан 1938 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн цаазлагдсаныг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 140 дүгээр магадлалаар цагаатгагдсан юм. Намайг Гэндэнжамцын төрсөн хүү мөн болохыг Сум дундын шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2019/00491 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр тогтоосон болно. Иймд БНМАУ-ын Цэргийн коллегийн 1998 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 140 дүгээр магадлал, Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 05/6536 тоот лавлагаа, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2019/00491 дугаар шийдвэр, Зууны мэдээ сонины 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 222 дугаарын хайчилбар Үндэсний төв архивын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-1/6048 дугаарын лавлагаа Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дүгээр маягтын лавлагаа зэргийг үндэслэн Буянгийн Гэндэнжамцын нөхөн олговрын 80000000 /наян сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь нэхэмжлэгч Х.Цын дүү Цэгмэдийн хүүхэд юм. Аав маань нас барсан. Х.Ц нь хэлмэгдэгч Б.Гэндэнжамцын төрсөн хүү болох нь шүүхийн шийдвэр, нотлох баримтуудаар тогтоогдсон. Тэрээр одоо Өлзийт суманд оршин суугаа, өндөр настай юм. Би түүнийг төлөөлөн нөхөх олговрын асуудлыг хөөцөлдөж байсан. 2021 оны 1 сард цагаатгалын 1 сая төгрөгөө төрөөс гаргуулсан. 80.000.000 төгрөгийн материалыг бүрдүүлэн 2021 оны 1 сарын 13-нд шүүхэд хандсан нь үнэн. Хууль сайн судлаагүй учир энэ хуульд заасан хугацаа хэтрүүлэн шүүхэд хандсан байна. Нөхөх олговор гаргуулах нотлох баримт бүрдүүлэхдээ Баянхонгор аймгийн ИТХ- аас зөвлөгөө авч байсан гэжээ.

 

Прокурор Э.Гантулга анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Буянгийн Гэндэнжамц нь 1983 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан 1938 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын 24 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэн цаазлагдсаныг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 140 дүгээр магадлалаар цагаатгагдсан байна.Х.Цыг Гэндэнжамцын төрсөн хүү мөн болохыг сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 131/ШШ2019/00491 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр тогтоосон байна. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Л нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргана гэсэн заалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн гаргасан байх тул нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

            Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Цын цагаатгалын нөхөх олговрын 80.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

            Нэхэмжлэгч Х.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00110 дугаартай шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гардаж аваад эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүхээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Цын цагаатгалын нөхөх олговрын 80 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ С. Л намайг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан нөхөн олговрын нэхэмжпэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн байна.

Гэтэл тус хуульд” энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжпэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалах анхан шатны шүүхэд гаргана”

Нөхөн олговрын нэхэмжлэх эрх нь Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хэлмэгдэгчийг амьд байхад нь нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд байхаар заасан байна.

Мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 240.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн хувьд төрөөс нөхөн олговрын мөнгө гаргуулах үүрэг дуусгавар болсон гэж хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн байна.

Нэхэмжпэгчийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэл гаргаж чадаагүй нь улс орон даяар КОВИД -19 цар тахалын хүрээнд хөл хорионд орсон байсан. Энэ талаараа шүүхэд хэлсэн байхад шүүх үүнийг авч хэлэлцээгүй мөн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд” хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох нөхцөл байдал үүссэн байсан . Үүнийг шүүх авч үзээгүй.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л нь хэлмэгдэгч Буянгийн Гэндэнжамцын цагаатгалын нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, анхан шатны шүүх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч Х.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Л нь “..Нэхэмжпэгчийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэл гаргаж чадаагүй нь улс орон даяар КОВИД-19 цар тахалын хүрээнд хөл хорионд орсон байсан. Энэ талаараа шүүхэд хэлсэн байхад шүүх үүнийг авч хэлэлцээгүй, ...зөрчигдсөн эрхийг сэргээнэ үү” гэж гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Цын цагаатгалын нөхөх олговрын 80.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Л нь хуулийн заалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэн нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлээ 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ...,... хуулиар тогтоосон хугацаа өнгөрсөн нь үүрэг гүйцэтгэгч буюу төрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалахгүйгээр үүрэг дуусгавар болно ...” гэх дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

                        Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Л нь нэхэмжлэлээ 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ын бүрдүүлбэрийг шалгахдаа шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг анхаарч улмаар үндэслэл болон шаардлагыг нотлох ямар баримт байгааг нэхэмжлэгч нэхэмжлэлд тусгаагүй орхигдуулсан бол мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д “ энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ингэхдээ мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг буюу Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д “ шүүх...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасны дагуу шийдвэрлэх эрхтэй байхад, анхааралгүйгээр шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох бусад хуулийн зохицуулалтуудыг анхаарч ялангуяа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд төрөөс нөхөн олговор олгох, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгахтай холбоотой шаардлагын тухайн тохиолдол дахь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, эсэх асуудлыг шүүх урьдчилан шийдвэрлэснийхээ дараа иргэний хэрэг үүсгэх байтал шууд иргэний хэрэг үүсгэж улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167. 1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон байна.

            Мөн хэлмэгдэгч Б.Гэндэнжамц нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө буюу Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 140 дүгээр магадлалаар цагаатгагдсан хэдий ч Х.Цыг нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс үзэж, “Зууны мэдээ” сонины 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №222-д нийтлүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Л 2021 оны 1 дүгээр сарын 10-дын үеэр Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилтнаас мэдэж, улмаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа болон улс орон даяар КОВИД-19 цар тахалтай холбоотой аймаг, орон нутагт үүссэн нөхцөл байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иймд дээрх үндэслэлээр анхан штаны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Лгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн 19 хуудас бүхий, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар

 зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2021/00110 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, гомдол гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Г.УЛАМБАЯР