Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/11

 

 

 

 

С.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

      Прокурор Л.Галбадрах

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням

Шүүгдэгч С.А

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан          

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, ерөнхий шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарын гомдлыг үндэслэн С.А-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн *** суманд *** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багт түр оршин суудаг, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн С.А /РД: ***/.

С.А нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэр дотор иргэн Б.Т-тай “голомт руу бие зассан” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн шанаан тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Хөнөг овогт С.А-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аы цагдан хоригдсон 197 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч С.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-т 6,000,000 төгрөг төлсөн, нэхэмжлэлийн шаардлагаас 1,764,033 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, шүүгдэгч С.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 19,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчийг нөхөн төлөхөө илэрхийлсэн 19,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд болон хэлэлцэхгүй орхисон 1,764,033 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн алчуур 1 ширхэг, С.А-ы хумс, Б.Т-ын хумс, бинт марль 3 ширхэг, гудасны хэсэг 1 ширхэг зэргийг устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө үйлдэгдсэн Т-ын амь нас хохирсон С.А надад холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хохирогч нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны орой мотоцикльтой хонь туусан нэлээд согтуу манайд ирсэн. Тэгээд мэнд мэдэн хаанаас хаа хүрч яваа талаар хэлсэн. Мөн тухайн хүн танай хавьд хоноё гэсэн. Тэгэхээр нь би хохирогчийг хол замд мал тууж ядарч яваа байх гэж бодон малаа хашаанд хашин гэрт хонох санал тавихад уг хохирогч зөвшөөрөн манайд хонохоор болсон. Тэгээд бид малыг нь хашчихаад гэрт орон хоол цай идэж уусны дараа хохирогч надад шил архи өгсөн. Уг архийг бид хуваан уугаад шөнө нэлээд орой унтацгаасан. Харин хохирогч нь шөнө дунд манай голомт болон эцэг өвөгдөөс шүтэн мөргөн залбирч сүсэглэн ирсэн бурхан тахил руу шээж байсан. Харин би уг үйлдлийг хараад хохирогчийн үйлдлийг болиулах гэж цохиж авсан. Харин хэсэг хугацааны дараа гараад явсан, орж ирэхгүй болохоор нь араас нь гартал гадаа бие засаж байсан. Тэгээд дотор муухайраад байна гээд гадаа суугаад байсан. Тэгэхээр нь түргэн дуудсан боловч нэлээд удсан. Эмч ирээд үзэхэд амь нас нь хохирсон байсан. Иймд тухайн хэрэг болсон үеийн үйл явдлыг харгалзан үзэж миний буруутай үйлдлээс амь нас хохирсон байдлыг ухамсарлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг ямар нэгэн нотлох баримт шаардахгүйгээр бүрэн барагдуулсан, хэргээ ухамсарлаж байгаа байдал зэргийг харгалзан үзэж С.А надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч С.А нь амь хохирогч Т-ыг мал тууж явахад нь сайхан сэтгэлийн үүднээс гэрээрээ оруулж хоол ундаар дайлж хамт 1 шил архи хувааж уугаад унтсан. Шөнө Т нь С.А-ы зуух болон бурхан тахил руу нь шээснээс болж С.А нь тухайн цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол гэж хуульчлан заажээ. Т-ын айлын гал голомт, бурхан тахил руу шээсэн хохирогчийн зүй бус үйлдэл нь монголчуудын эртнээс одоог хүртэл эрхэмлэн дээдэлдэг гал голомт, бурхан шүтээн рүү шээсэн үйлдэл нь хүндээр доромжлогдсон хэлбэр мөн. Эрүүгийн эрх зүйд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэсэн ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс сурахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн хүний сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм. Хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд С.А нь Т-ыг бурхан тахил, гал голомт руу шээсэн гэх шалтгаанаар цохиж алсан гэдэг нь гэрч Э-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцээгүй үйлдэл гаргасан. Гадаад илрэл болон агуулгын хувьд шүүгдэгч болон түүний гэр бүл рүү шууд чиглэсэн ичгүүр сонжуургүй, хэтэрхий увайгүй байдлаар хүндээр доромжилж хууль бус үйлдэл тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. С.А нь бусдад төлөх төлбөргүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр тэнсэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн гаргасан гомдолтой санал нийлэхгүй байна. Хохирлын хувьд надад 6000000 төгрөг өгсөн. 19000000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч С.А нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж өгнө үү гэсэн утгатай гомдол гаргасан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тал дээр санал байхгүй. Л.Лхааганжав өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн гэсэн агуулга бүхий гомдолтой нь санал нийлэхгүй байна. Учир нь С.А-ы сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь цочрон давчидсан шинж тэмдэг илэрсэн байна гэсэн шүүх эмнэлгийн болон бусад нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байгаа учраас зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Харин давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний 3-ны 2-оос багагүй ял оногдуулахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогчид ажил явдал болон буяны зардалд 15000000 төгрөг, сэтгэл санааны дэмжлэг болгож 10000000 төгрөг нийт 25000000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнээс 6000000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. 19000000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэж гэм хорын хохирол барагдуулах гэрээг нотариатаар батлуулсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс энэхүү гэрээний үүрэг биелэгдэнэ гэж найдаж анхан шатны шүүх хуралдаанд гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад өөрчлөлт оруулахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй байна гэв.

Прокурор Л.Галбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Дээрх гомдол нь хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад тулгуурлан бодитой дүгнэлт хийж хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч С.А-ы гэрт ирж амрахдаа 1 шил архи хувааж уугаад унтсан байдаг. Шөнө дунд амь хохирогч босож айлын гал голомт руу шээсэн нь ёс зүйгүй үйлдэл гэдэг нь үнэн. Гэхдээ энэ үйлдэлд нь шүүгдэгч маргаан үүсгэж хохирогчийн биед гэмтэл учруулж халдах ёсгүй байсан. Тухайн цаг хугацаанд хохирогчийн зүгээс шүүгдэгчийн ойр тойрны хүнийг хэл амаар доромжилсон, заналхийлж айлган сүрдүүлсэн ямар нэгэн байдлаар өдөөн турхирсан үйлдлийг гаргаагүй байдаг. Шүүгдэгчийн хувьд хэрэг болсон цаг хугацаанд амарч байгаад эхнэр нь бос гэхэд амь хохирогчтой маргалдаж улмаар түүний биед гэмтэл учруулсан. Дээрх үйл явдал нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүрэн хянаж үзэж шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан бол түүний өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зүйлчилсэн. Тухайн болсон үйл явдлын хувьд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө амь хохирогчийн зүгээс шүүгдэгч болон түүний ар гэрийнхэн рүү турхирсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан шинж байдаггүй. Анхдагч үйл явдал дээр амь хохирогч болон шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн маргаан гараагүй. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж оюуны үйл ажиллагаа саармагжин өөрийн үйлдэлд зөв дүгнэлт хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн байхыг хэлдэг. Тухайн үед шүүгдэгчийн хувьд сэтгэл санааны цочролд орох боломж бололцоо байхгүй байсан үйл баримт харагддаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинж болох гэм буруутай этгээдийн үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний амь нас үрэгдсэн нь тогтоогдож байна. Хавтаст хэрэгт үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нь хэрэг болох цаг хугацаанд гал голомт, бурхан тахил руу шээлээ гэх шалтгаанаар амь хохирогчтой маргалдаж зүүн шанаа хэсэгт цохиж, хөлөөрөө өшиглөн амь насыг нь хохироосон нь нотлогдсон. Анхан шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хуулийг зөв тайлбарлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялын хамгийн бага ялыг оногдуулсан. Шүүгдэгчид оногдуулсан 8-н жилийн хугацаагаар хорих ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэсэн агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан. Гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийн хувьд бусдын хууль бус үйлдлийн улмаас гэмт этгээдийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж түрхэн зуурын хийсэн хариу үйлдлийн улмаас үүсдэг. Хэрэг гарах үед хохирогчийн ёс зүйгүй, хууль бус үйлдлээр тухайн гэмт хэрэг гарсан гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгч хэргийн зүйлчлэлийг өөрчилж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн шүүгдэгч С.А-ы гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч С.А болон түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарын гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянаж үзлээ.

С.А нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 21-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэр дотор иргэн Б.Т-тай “голомт руу бие зассан” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн шанаан тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн амь насыг хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... талийгаач Б.Т нь манай төрсөн эцэг байгаа юм. Бид хэд өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр гэрийг нь ачаад явсан. Өөрөө араас малаа мотоциклоор туугаад явахаар болсон юм. Тэгээд 5 дахь өдөр *** сумаас гарч, хагас сайны өглөө аймагт ирсэн. Тэрнээс хойш утсаар холбогдоод байсан. Өчигдөр өглөө 9 цаг 40 минутын үед өөрийнх нь *** утаснаас танихгүй эрэгтэй хүн яриад энэ хүн нас барчихсан юм шиг байна, бид хэд түргэн дуудсан чинь түргэн ирэхгүй байна. Өчигдөр орой шөнө ирсэн. Манай гадна мотоциклоос буугаад гэрт орж амар гэсэн чинь үгүй гэсэн. Тэгээд өглөө сэрээх гэсэн чинь сэрэхгүй, тэгээд түргэн дуудсан, түргэн ирэхгүй байна, ирж энэ хүнээ ав гэсэн. Тэгээд би Булганы *** сумаас гараад сая ирсэн. Талийгаач тухайн айлд очсон талаар хэлээгүй. Тэр айлыг бол танихгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч О.Мядагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2023 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 8 цаг өнгөрч байхад хонинд явж байтал утас дуугараад байхаар нь авахад С.А-ы эхнэр Т ярьсан. Над руу ярихдаа та 103 руу яриад өгөөч гэхээр нь би С.А-ы гэрт очиход баруун урд талд нь дээлтэй хүн дээшээ хараад 2 гараа дэлгээд, хөлөө жийгээд хэвтэж байсан. Тэгэхээр нь тухайн хүний хажуугаар яваад С.А-ы гэрийн үүдэн дээр очоод утсаа өгөөд 103 руу залгуулсан. ... намайг очиход ямар нэгэн зодоон болсон зүйл байхгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би С.А-ыг бол танина, манайх айл саахалт байдаг байсан. Ах дүү хамаатан садангийн холбоо байхгүй. Харин Б.Т гэх хүнийг бол танихгүй. С.А гэх хүн нэг танихгүй хүнтэй мотоциклтой сундлаад  манайд 2023 оны 6 дугаар сарын 20-ны оройн 20 цаг өнгөрч байх үед гэрийн хойно хонь нь байсан, тэрийгээ авах гэж яваа гээд манайхаар орж ирээд цай уучихаад тавагтай идээ амсаад хэсэг сууж байгаад гараад явсан. Ойролцоогоор 30 минут болсон байх. Тэгээд хонио туугаад явсан. Тухайн үед согтуу байсан. Гэхдээ яахаа алдсан согтуу бол байгаагүй. Манайд архи уугаагүй. Манайд манай нөхөр Та бид 2 байсан, өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн эмчийн ажил үүрэг гүйцэтгэхээр өглөө 09 цагт ээлж хүлээж авсан.  Ажил дээрээ байж байсан чинь 103 дугаарын утсаар Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг ***-ы ард нэг согтуу хүн айлын гадаа унтаад байна, сэрэхгүй байна гэж дуудлага ирсэн. Тухайн дуудлагад би түргэний жолоочийн хамт очсон. Тэгээд үзэх үед гэрийн урд хэсэгт газар дэвссэн дээл, дээр нь нэг эрэгтэй хүн цээж бие хэсэг нь шалдан, доогуураа өмдтэй, гуталгүй хөл нүцгэн хүн хэвтэж байсан. Тэгээд очоод үзэхэд нас бараад удчихсан байсан. Хүүрийн, толбо үүсчихсэн байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхийг нь хүлээж байгаад ирэхээр нь зөрөөд явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бугуйн цаг харахад 20 цаг 47 минут болж байсан, талийгаач мотоциклтой бог мал туугаад ирсэн. Ирэхдээ их согтуу ирсэн. Тэгээд гэрт оронгуут хоол цай хийж өгөөд манай хүн С.А-тай 1 шил архи уугаад унтацгаасан. Шөнийн 02 цаг болж байхад нас бардаг хүн манай гал голомт руу шээгээд, манай хүүхэд сэрээд орилсон. Тэгээд хүүхэд сэрээд орилоход манай хүн С.А сэрээд босож ирсэн. Нөхөр С.А баруун талын орон дээрээс босож ирээд талийгаачийг зодсон. Тэгээд буцаж унтаад өглөөний 7 цагийн үед талийгаач босоод гарч бие засаад дотор нь эвгүйрхсэн үү намайг орох уу гэхэд дотор жаахан эвгүйрээд байна гээд үүдэнд жаахан хэвтье гээд хэвтсэн. Үүдэнд газар хэвтээд босоогүй, унтаж байна гэж бодсон. Тэгээд хөдлөхгүй байхаар нь эвгүйтээд байгаа юм болов уу гээд түргэн дуудсан. Түргэн 08 цаг өнгөрч байхад дуудсан, их удаж ирсэн. Тэгээд манай хүн С.А хажууд нь зогсож байгаад амьсгаа хураачихлаа гэж хэлсэн. Тэгээд цаг харахад 09 цаг 40 минут болж байх шиг байсан. Тэгээд түргэний эмч ирж үзээд амьсгаа хураасан байна гэсэн. ...2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орой манай гэрт Б.Т, С.А, би, манай 4 настай охин Эн нар байсан. Гаднаас Б.Т-аас өөр хүн ирээгүй. ...Талийгаач гэрийн хойд талын орон дээр, нөхөр С.А бид хоёр охинтойгоо гэрийн баруун талын орон дээр унтсан... Голомт руу шээлээ гээд А нөгөө хүнийг зодсон. Манай нөхөр С.А талийгаачийн зүүн талын шанаа руу гараараа цохисон. Өнөөдөр өглөө харахад талийгаачийн зүүн талын шанаа халцарсан байсан. Өшиглөж авч байгаа бололтой байсан. Тэгээд унтацгаасан. ...Шалбарсан шанаанаас нь жаахан цус гарсан байсан. Өөр эд эрхтнээс нь цус гарсан зүйл байхгүй. ...А нь Т-ыг ямар нэгэн зүйлээр цохиогүй, гараа зангидаж байгаад цохисон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-49 дугаар хуудас/,

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Миний мэдэж байгаагаар дуудлага өгөөд эмч ирэхэд л нас барчихсан байсан. Гадаа үүдэнд хэвтээдэхье  гээд 07 цаг өнгөрч байсан. Тэгээд хэвтээд босоогүй. Нөхөр бид хоёр хараад байсан. Хөл нь хөдлөөд байсан. Манай нөхөр хажууд нь очоод гарыг нь атгаад байсан.  Шөнө 02 цаг 02 минутын үед байсан, юм гоожиж байгаа дуугарсан, би орноос босоод гэрлээ асаасан. Тэгсэн талийгаач яг зуухны хойноос шээж байсан. Нөхөр сэрсэн. Би энэ голомт руу шээгээд байна, чи босооч ээ гэсэн. Тэгээд хүүхэд уйлсан. С.А зүүн шанаанд нь гараараа цохисон, нөгөөдөх нь зөрүүлээд цохисон. Тэгээд бас манай хүн өшиглөөд байсан. Хөл хавиар нь өшиглөөд байсан. Тэгээд ноцолдоод байсан. Манай жаахан хүүхэд өвөө боль, боль гээд байсан. Би орон дээрээ хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан. С.А-ыг боль гэхээр үгэнд орохгүй, болихгүй байсан. Голомт руу шээлээ гээд  уурлаад байсан. Тэгээд тэр хүнийг пудволкны хормойг нь мушгиад шалан дээгүүр шээсэн газраар нь чирээд байсан. Тэгээд би нөхрийг одоо болно гээд хүүхдээ тэврээстэй очоод салгасан. Тэгээд нөхрөө унтуулсан. Нөгөө хүн хойд орон дээр очоод унтсан. Би босоод шээсийг нь ногоон шалны алчуураар арчсан, багавтар цус гэрийн тогооны савны тэнд гэрийн зүүн талаар дуссан байсан. Би төмпөнд ус хийж угаасан, тэгээд би унтаагүй. Б.Т өглөө 07 цагийн үед босоод бие засаадахъя гээд гарсан. Тэгээд дотор зүрх хөөрөөд байна гэл үү, гадаа хэвтээд байсан. Би нөхрийгөө гадаа хэвтэнгүүт нь сэрээсэн. С.А сэрээд гараад гар хөлийг нь барьж үзээд манай хүн эмч дуудъя гэсэн. Тэгээд урд саахалтын ах эгч хоёрыг гялс хүрээд ир, энэ хүн эвгүй болчихлоо гэсэн. Би зодоонд оролцоогүй боль гээд, тэгээд бас салгасан. Манай нөхөр бас намайг зодох гээд дайраад байсан салгасан чинь. Халуун сав хагарсан байсан. Тогооны савны урдуур жоохон, жоохон цус дуссан байсан. Шанаа руу нь цус нь урссан, гарын алгандаа бас цустай байсан. Нүүр гарыг нь нөхөр С.А усаар угаагаад цэвэрлэсэн. Хоёр гар нь цус болсон байсан. Чихний хажууд нь цус болсон байсан. С.А-ы баруун тохойн дээр нь шалбарсан байсан. Манайд нэг шил архи С.А-тай уусан. Ирэхдээ согтуу ирсэн байсан. Шөнө шээж байхдаа нэлээн согтсон байсан. Пудволкны хормойг сөхөөд өөд нь чирээд байсан. Гадаа бол зодолдсон зүйл байхгүй гэрт л зодолдсон. Хогийн поошгинд хийсэн. Гэрт хомоол шатааж байгаад тавьсан, уугиад байсан. Хог бол шатаагаагүй. Эд зүйл ашиглаагүй. Шанаанд нь, хөлөнд нь цохиод байсан, чирсэн. Хоёр шанаа руу нь ээлжилж цохисон, хөл нүцгэн байсан. 3 удаа лав энд тэнд нь нуруунд нь чирч байхдаа өшиглөөд байсан. Бие нь зүгээр байсан өвдлөө гэж яриагүй. Би гурилтай хоол хийж өгөөд манай нөхөртэй 1 шил архи хувааж уусан. тэгээд 00, 01 цагийн үед л унтсан. Ямар байсан тэр голомт руу шээхэд нь 02 цаг 02 минут болж байсан. Би утасны цаг харсан. Чирж байсны дараа тэр хоёр босчихсон, бие биеийнхээ гар марыг барьчихсан байхад нь би босоод салгасан. Ахиж зууралдаагүй. Зодолдож байх үедээ хүрэн пудволктой, доогуураа өмдтэй байсан. Унтахдаа өмдтэйгөө унтсан юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 71 дугаартай ... Талийгаачийн цогцсын задлан баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, хатуу хальсан доорх цусан хураа /300мл/, аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, тархины дарагдал, шахагдалт, хаван, тархины гүүрний цус харвалт, баруун, зүүн жолоо булчин, улаан хоолой, голтын салстад цус хуралт, дээд уруулд язарсан шарх, зүүн эгэм, суга, баруун суга, бугалгад цус хуралт, дух, зүүн хацар, чих, доод эрүү, зүүн эгэм, цээж, нуруу, баруун шуу, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нас барахаас өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, талийгаач нь тархины битүү хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ, нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно, талийгаач нь нас барах үедээ цус-3.6, ходоодны шингэн-4.1, шээс-4.5 промилли спиртийн агууламжтай хүнд зэргийн согтолттой байжээ гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-96 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч С.А-аас ... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хохирогч нь шөнө дунд манай голомт болон эцэг өвөгдөөс шүтэн мөргөн залбирч сүсэглэн ирсэн бурхан тахил руу шээж байсан. Би уг үйлдлийг хараад хохирогчийн үйлдлийг болиулах гэж цохиж авсан. Харин хэсэг хугацааны дараа гараад явсан, орж ирэхгүй болохоор нь араас нь гартал гадаа бие засаж байсан. Тэгээд дотор муухайраад байна гээд гадаа суугаад байсан. Тухайн хэрэг болсон үеийн үйл явдлыг харгалзан үзэж миний буруутай үйлдлээс амь нас хохирсон байдал, хохирлоо барагдуулсан байдал зэргийг харгалзан надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжаваас ...шүүгдэгч С.А нь амь хохирогч Тыг мал тууж явахад нь сайхан сэтгэлийн үүднээс гэрээрээ оруулж хоол ундаар дайлж хамт 1 шил архи хувааж уугаад унтсан. Шөнө нь Т С.А-ы зуух болон бурхан тахил руу нь шээснээс болж С.А нь тухайн цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн. Хэргийн үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд С.А нь Т-ыг бурхан тахил, гал голомт руу шээсэн гэх шалтгаанаар цохиж алсан гэдэг нь гэрч Э-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Гадаад илрэл болон агуулгын хувьд шүүгдэгч болон түүний гэр бүл рүү шууд чиглэсэн ичгүүр сонжуургүй, хэтэрхий увайгүй байдлаар хүндээр доромжилж хууль бус үйлдэл тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. С.А нь бусдад төлөх төлбөргүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр тэнсэж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.А-ы иргэн Б.Т-тай “голомт руу бие зассан” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн шанаан тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.А-д найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинжээр тодорхойлогддог. Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байсан нь тогтоогдсон. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан боловч энэ нь шүүгдэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарын гаргасан гомдлууд болон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням нарын саналыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.А-ы анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А болон түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ы анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 61 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.