| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00356/И |
| Дугаар | 308/ШШ2025/00323 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 308/ШШ2025/00323
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 308/ШШ2025/00323 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, З *-р гудамж, 3** дугаар байрны ** тоотод оршин суух, Ш овогт Агийн Б,
Хариуцагч: У хот, С дүүрэг, ** дугаар хороо, х **-** тоотод оршин суух, Н овогт Гын М,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Б,
Хариуцагч: Г.М /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь Г.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Б миний бие 2013 онд Гын Мтай танилцан амьдарсан. 2015 онд охин Ш, 2017 онд хүү Э нар мэндэлсэн. Улмаар хүү Э төрсний дараа нөхөр М бэлгийн замын халдварт өвчин дамжуулсан. Үүнээс хойш амьдралаа салгахгүйн тулд тус үйлдлүүдийг удаа дараа давтан үзэж байсан хэдий ч 2 хүүхдээ бодон хамтын амьдралаа үргэлжлүүлсээр байсан боловч 2022 оноос архи ууж, гэр орондоо ирэхгүй байх нь ихсэж улмаар цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2022 оны 08 дугаар сараас тусдаа амьдарсан. Иймээс бид үргэлжлүүлэн амьдрах, гэр бүл байх боломжгүй байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцэг Г.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бага насны хүүхэдтэй тул өөрийн харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Г.М хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бүх зүйлийг ойлгож байгаа. Өөрийгөө өмгөөлж хэлэх зүйл байхгүй. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Э, Ш нар нь миний төрсөн хүүхдүүд мөн болно гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн эрүүл мэндийн тодорхойлолт, Д аймаг, С сумын * дугаар багийн албан бичиг, Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын - дугаар сургуулийн албан бичиг, Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс охин М.Ш, хүү М.Э нарын саналыг асуусан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч А.Б, Г.М нар 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1******** дугаарт бүртгүүлсэн, Тэдний хамтын амьдралын хугацаанд 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр охин М.Ш, 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү М.Э нар төрсөн. Хүүхдүүд сургуульд суралцаж, эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.Гэрлэгчид зан харилцааны байдлын улмаас таарамжгүй байдал, шүүхээс өмнө шатанд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримталж цуцлах нь зүйтэй байна.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин М.Ш, хүү М.Э нарыг эхийн асрамжид үлдээхээр талууд тохиролцсон байх тул эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
8.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин М.Ш, хүү М.Э нарт Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Г.Маар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Маас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш овогт Агийн Б, Н овогт Гын М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин М.Ш, хүү М.Э нарыг эх А.Бын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин М.Ш, хүү М.Э нарыг 11 нас хүртэл амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Г.Маар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Маас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бд, 107,686 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ