| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00402/И |
| Дугаар | 318/ШШ2025/00324 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 318/ШШ2025/00324
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: У ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4,526,333 төгрөг, алданги 2,263,166 төгрөг, нийт 6,789,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь "Чандман эрдэнэ дэлгүүр"-тэй 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-ны өдөр өгдөг ба тухайн дулаан хэрэглэгч байгууллага нь нэхэмжлэл хүлээн авсан өдрөөс 3 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах ёстой байдаг. "Чандман эрдэнэ дэлгүүр"-т төлбөрийг төлөх нэхэмжлэлийг сар бүр хүргүүлсэн боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-нд учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 4,526,333/5-р сарын бичилт орсон болно төгрөг, гэрээний 4.5-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 2.263,166 төгрөг, нийт 6,789,499 төгрөгийн хохирлыг "Чандман эрдэнэ дэлгүүр"-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Чандмань эрдэнэ дэлгүүрийн захирал Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Үндсэн төлбөр 4,526,333 төгрөгөөс 3,879,750 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 646,583 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Чандмань эрдэнэ дэлгүүрийн захирал Ц.М нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь Чандмань эрдэнэ дэлгүүр-тэй 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан. 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр сум дундын анхан шатны шүүхэд 6,789,499 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Чандмань эрдэнэ дэлгүүр нь үндсэн төлбөр 4,526,333 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх тул 2,263,166 төгрөгийн алдангиас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулж байна. Дээрх эвлэрлийн гэрээг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь хариуцагч Чандмань эрдэнэ дэлгүүрт холбогдуулан дулааны төлбөр 14,526,333 төгрөг, алданги 2,263,166 төгрөг, нийт 6,789,499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Чандмань эрдэнэ дэлгүүрийн захирал Ц.М нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, дараах агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд: Чандмань эрдэнэ дэлгүүр нь үндсэн төлбөр 4,526,333 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх бөгөөд нэхэмжлэгч дулааны төлбөрийн алданги 2,263,166 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
3. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК нь улсын тэмдэгтийн хураамжид 123,582 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 4,526,333 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 87,371 төгрөгийн төгрөгийн 50 хувь буюу 43,686 төгрөгийг хариуцагч Чандмань эрдэнэ дэлгүүрээс, төрийн сангаас 43,686 төгрөгийг тус тус гаргуулан Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгож, 79,896 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Чандмань эрдэнэ дэлгүүрийн захирал Ц.М нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцон, Чандмань эрдэнэ дэлгүүр нь үндсэн төлбөр 4,526,333 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь алданги 2,263,166 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 123,582 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 4,526,333 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 87,371 төгрөгийн төгрөгийн 50 хувь буюу 43,686 төгрөгийг хариуцагч Чандмань эрдэнэ дэлгүүрээс, төрийн сангаас 43,686 төгрөгийг тус тус гаргуулан Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д олгож, 79,896 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР