Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Н

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгч: Н.У нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Уд холбогдох 1822000370015 тоот хэргийг 2018 оны 3 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1998.09.07-нд төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн хууль зүйн удирдлагын сургуулийн 2 дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр баг Нарлагийн 7-3 тоотод оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Дээд Салхитын 7-131 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗВ98090707/ Хиад Боржигон овогт Нармандахын Уянга нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.У нь 2018 оны 1 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн  Говь-Угтаал сумын Сум дундын эрүүл мэндийн төвийн хүлээлгийн өрөөнөөс А.Нандин-Эрдэнийн “Samsung J-7“ маркийн гар утсыг авч, бусдад 800000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч Н.У шүүх хуралдаанд: Би мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлэв.

- Яллагдагч Н.У мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018.01.17-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Сум дундын эмнэлэгт ээж Сайхантуяатай уулзахаар 10 цагийн үед очсон. Эмнэлэгт орж ээжтэйгээ уулзчихаад гарах гэтэл эмнэлэгийн хүлээлгийн танхимын сандал дээр Самсунг жэй-7 маркийн шаргал өнгийн корпустай, хар өнгийн гэртэй гар утас байсан. Тэр гар утасны ойр орчимд хүн байхгүй байсан болохоор нь гэр лүүгээ аваад явсан. Тэгээд гэртээ очоод утсыг орой болтол байлгасан боловч утсанд ямар нэгэн дуудлага, захидал ирэхгүй байхаар нь унтраагаад өөрийнхөө сим гартыг хийж уг утсыг ашиглах болсон. Тэгээд утсыг ашиглаад байж байтал цагдаагаас дуудлага ирж намайг Самсунг жэй-7 маркийн утас олсон уу гэхээр нь олсон гэж хэлэхэд цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Түүний дагуу би Говь-Угтаалын сумын цагдаагийн хэсэгт олсон гар утсаа аваачиж өгөөд мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг /хх-29/

- Хохирогч А.Нандин-Эрдэнийн: 2018.01.17-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Сум дундын эрүүл мэндийн төвийн амбулаторт ажилдаа иртэл ажлын өрөөнийхөө түлхүүрийг мартачихсан байхаар нь 4 настай хүү болох Б.Хангайбазарыг гар цүнхнийхээ хамт хүлээлгийн заалны сандал дээр суулгаж үлдээгээд буцаад гэр лүү яваад түлхүүрээ аваад ажилдаа ирсэн. Тэгээд би ажил дээрээ ирээд байж байтал манай ажлын нягтлан бодогч Б.Батцэнгэл над руу Х.Отгончимэгийн утсаар дамжуулан надтай ярьсан ба чиний утас чинь холбогдох боломжгүй байна, утас чинь яачихсан юм гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би утсаа тухайн үед гэртээ орхисон байж магадгүй гээд ээж рүү яриад асуутал гэрт байхгүй байна гэж хэлсэн. Дараа нь цэцэрлэг дээр очиж хүү Б.Хангайбазартай очиж уулзаад ээжийнхээ утасыг авсан уу гэж асуутал авсан би хүлээлгийн заалны хойд сандал дээр тавьсан гэж надад хэлсэн. Тэгээд утсаа хулгайд алдсан талаараа мэдээд  цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-14-15/;

- Гэрч Н.Уянзулын: Манай дүү Н.У нь 2018.01.17-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Эрүүл мэндийн төвийн хүлээлгийн танхим буюу коридороос Самсунг жи-7 маркийн гар утас олсон гээд бариад ирсэн. Тухайн үед нь хэн нэгэн утас руу залгахгүй байсан болохоор хэнийхийг нь мэдэхгүй байсан юм. Тэгээд тэр гар утсыг Н.У өөрөө ашиглана, эзэн нь гарч ирвэл өгнө гэж хэлээд өөрөө барих болсон. Манай дүү  гар утас олсоноос хойш 1-2 хоногийн дараа Улаанбаатар хот руу хичээлдээ явсан, явахдаа гар утсаа аваад явсан гэх мэдүүлэг /хх-16/;  

- Гэрч Д.Отгонзулын: 2018.01.17-ны өдөр намайг ажилдаа иртэл Сум дундын эрүүл мэндийн төвийн хүлээлгийн заалны цэнхэр өнгийн сандал дээр хар өнгийн Самсунг J7 маркийн утас байсан ба би А.Н эмчийн гар утас мөн байж магадгүй гэж бодсон. Тэгээд эргээд хартал А.Н эмчийн өрөөнийх нь хаалга хагас нээлттэй, бага хүүхэд нь зогсож байхаар нь би өрөөндөө орсон гэх мэдүүлэг /хх-18/;    

-  Шинжээчийн 2018.01.31-ний өдрийн 18 тоот дүгнэлтэд: Samsung J-7 маркийн гар утас – 800000 төгрөгийн үнэтэй гэх /хх-21/ баримтууд хамаарч байна.

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Улсын яллагч шүүгдэгч Н.Уянгыг 2018 оны 1 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын сум дундын эрүүл мэндийн төвийн хүлээлгийн өрөнд А.Нандин-Эрдэнийн гээгдүүлж орхисон Самсунг жэй-7 маркийн гар утсыг завшиж, 800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоож”, яллах дүгнэлт/хх-54/ үйлдэн шүүхэд  ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Уянгын үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн зарим шинжийг агуулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогч А.Нандин-Эрдэнийн “ажилдаа иртэл ажлын өрөөнийхөө түлхүүрийг мартчихсан байхаар нь 4 настай хүү болох Б.Хангайбазарыг гар цүнхнийхээ хамт хүлээлгийн заалны сандал дээр суулгаж үлдээгээд буцаад гэр лүү яваад түлхүүрээ аваад ажилдаа ирсэн… Дараа нь цэцэрлэг дээр очиж хүү Б.Хангайбазартай очиж уулзаад ээжийнхээ утасыг авсан уу гэж асуутал авсан, би хүлээлгийн заалны хойд сандал дээр тавьсан гэж надад хэлсэн. Би 2017 оны 12 сарын 14-ний өдөр G-Mobile компаниас зээлээр Самсунг Жэй-7 гар утсыг худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-14-15/
  • Гэрч Д.Отгонзулын “Сум дундын эрүүл мэндийн төвийн хүлээлгийн заалны цэнхэр өнгийн сандал дээр хар өнгийн Самсунг J7 маркийн утас байсан… Тэгээд эргээд хартал А.Н эмчийн өрөөнийх нь хаалга хагас нээлттэй, бага хүүхэд нь зогсож байхаар нь би өрөөндөө орсон” гэх мэдүүлэг /хх-18/
  • ЮНИТЕЛ ХХК-ийн 2018.02.08-ны өдрийн 05-01/752 тоот тодорхойлолтод “355100085060894 имей кодтой утсанд манай сүлжээний дугаар ороогүй байна.  355100085060894 имей кодтой утсанд 88682819 дугаарыг хийж ашигласан байна. 88682819-Нармандах Уянзул, Дундговь аймаг Говь-Угтаал 1-р баг. Хавсралтаар дугаарын орсон гарсан дуудлагын лавлагааг хүргүүллээ” гэсэн /хх-32/
  • Хавсралтад 88682819 дугаарын утаснаас 2018 оны 1 сарын 17-ны өдрийн 10 цаг 10 минут 24 секундээс хойш 2 сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хийсэн дуудлагын лавлагаа хавсаргагдсан байна./хх-33-35/
  • Гэрч Н.Уянзул “Нилээд хэд хоногийн дараа манай сумын хэсгийн төлөөлөгч надтай уулзаад та яагаад хүний гар утас бариад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд нь болсон явдлыг хэлсэн. Н.У олсон гар утсандаа миний нэр дээр байдаг 88682819 дугаарыг ашиглаж байсан юм” гэх мэдүүлэг /хх-16/ зэрэг баримт хамаарч байна.

Эдгээр баримтаар хохирогч А.Н нь гар утсаа гээгээгүй, 4 настай хүүдээ орхисон байсан цүнхнээс нь хүү Б.Хангайбазар нь авч сандал дээр тавьсан байсан, хүүхэд тухайн үед утасны ойролцоо байсан болох нь хохирогч А.Н, гэрч Д.Отгонзул нарын мэдүүлгээр;  355100085060894 имей кодтой Самсунг жэй-7 маркийн гар утсыг хохирогч А.Н Жи-Мобайл компаниас зээлээр худалдаж авсан байхад тухайн кодтой утсанд 2018 оны 1 сарын 17-ны өдрийн 10 цаг 10 минутанд шүүгдэгч Н.У нь эгч Н.Уянзулынхаа нэр дээр бүртгэлтэй 88682819 дугаарыг хийж идэвхитэй ашигласан болох нь Юнител компанийн тодорхойлолт, лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Н.Уянгын “эзэн нь залгаж магадгүй гэж бодоод орой болтол байлгасан боловч ямар нэгэн дуудлага захидал ирэхгүй байхаар нь унтраагаад өөрийнхөө 88682819 дугаарын сим картыг хийж, уг утсыг ашиглах болсон” гэх мэдүүлэг нь дээр дурьдсан Юнител компанийн тодорхойлолт, лавлагаа болон хохирогч А.Нандин-Эрдэнийн “тэгээд би ажил дээрээ ирээд байж байтал манай ажлын нягтлан Б.Батцэнгэл над руу Х.Отгончимэгийн утсаар дамжуулан ярьсан ба чиний утас чинь холбогдох боломжгүй байна утас чинь яачихав гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа гэртээ орхисон байж магадгүй гэж ээж рүүгээ яриад асуутал гэрт байхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлгээр /хх-14-р хуудасны ар талд/ няцаагдаж байна.

 Хохирогч А.Н нь гар утсаа хаяж гээгдүүлээгүй ба хохирогчийн бага насны хүүхдийн дэргэд бусдын эд хөрөнгийг авч, улмаар завших санаа зорилгоо шууд хэрэгжүүлсэн байгаагаас үзэхэд шүүгдэгч Н.Уянгын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн зарим шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна.  Учир нь: Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэж бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөгүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд бага настай буюу…бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний дэргэд эд хөрөнгийг авсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үздэг тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгож ирүүлсэн зүйл хэсгийг буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж Н.Уд ял оногдуулахад эргэлзээ гарч байна.

Хэргээс үзэхэд энэ хэрэгт холбоотой шалгавал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хохирогч “гомдолгүй” гэж байгаа, дахин нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч …Эрүүгийн хууль-…ийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зарчмын дагуу асуудлыг шийдвэрлэлээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял нь хорих ялтай, харин Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хорих ялгүй байгаа тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь шүүгдэгч Н.Уянгын хувьд ашигтай, улсын яллагчийн ял сонсгож ирсэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.У нь завшсан эд зүйлээ биетээр нь хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-11/, хохирогч А.Н хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй” гэсэн /хх-49/, хохирогч хуульд заасан журмаар иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ талаар шийдвэр гаргах шаардлагагүй байна.

Шүүгдэгч Н.У нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч “гомдолгүй” гэсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлөх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогчийн “миний утсыг авч ашигласан Н.Утай эвлэрсэн, гар утсаа хүлээн авсан, одоо түүнд ямар нэг гомдол санал байхгүй” гэснийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д шүүхээс торгох ял оногдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүхээс хугацаа тогтоох шаардлагатай байх тул торгох ялыг биелүүлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын тугацаанд төлж барагдуулахыг даалгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл, 17.5 дугаар зүйл,  36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Нармандахын Уянгыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хиад боржигон овогт Нармандахын Уянгад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан  энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг шүүгдэгч Н.Уд даалгасугай.

    4. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих журамтайг шүүгдэгч Н.Уд анхааруулсугай.

          5. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Н.У нь цагдан хоригдоогүй, хохирогчид гар утсыг нь биетээр нь буцаан хүлээлгэж өгсөн, хохирогч гомдолгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.   

     6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

     7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Уд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.С