Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 213/МА2021/007

 

Д.Бын нэхэмжлэлтэй

Б.Бд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00605 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Б

Хариуцагч Б.Бд холбогдох

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Бийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Баас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2011 онд Б.Бтэй танилцан үерхэж байгаад 2012 оны 09 сарын 17-ны өдөр хурим найр хийж нэг гэрт амьдрах болсон. Бид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй. Бидний дундаас 2013 оны 09 сарын 18-ны өдөр хүү Д.С төрсөн. Д.Бтэй амьдарч байх хугацаанд Д.Б өөр эмэгтэйтэй уулзаж, гэр бүлийн гадуур харилцаатай бий болгож түүний улмаас бид таарч тохирхоо больж байнгын хэрүүл маргаанттай байх болсон. Тэр үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд холбоо харилцаагүй байгаа. Б.Б нь хүү Б.Сг харж ханддаггүй, эцэг хүнийхээ үүргийг биелүүлдэггүй тул хуулийн дагуу шүүхэд хандаж байна. Иймд хүү Б.Сг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Баас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид хоёр албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 18-нд хүү С төрөөд 2015 оноос хойш хариуцагчтай уулзаагүй тусдаа амьдарч байгаа. 2017 онд хүүхдээ нүдний хагалгаанд оруулах гэж Улаанбаатар хот явахад тусламж дэмжлэг үзүүлээгүй, өдийг хүртэл сураггүй байна. Иймээс хүү Сд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ВЮ13291816 регистрийн дугаартай, 2013 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Сг эх Б.Бын асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Б.Сг сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас / хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Б.Бээр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасныг баримтлан охин Б.Сг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэхмжлэгч Б.Быг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 70.200 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 32.529 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Бальдирын Бээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч Б.Б миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 131/ШШ2020/00605 шийдвэрийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг хангахгүйгээр шүүх хуралдаааныг хийсэн гэж үзэж байна.

Миний ойлгосноор хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцох, тайлбар нотлох баримт гаргах, шинжээч томилуулах, шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг эрхтэй байхад эдгээрийг эрхийг минь эдлүүлэхгүйгээр шүүх хуралдаанд намайг оролцуулалгүйгээр шүүх хурлыг хийсэн нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 131/ШШ2020/00605 шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ВЮ13291816 регистрийн дугаартай, 2013 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.Сг эх Б.Бын асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хүү Б.Сг сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас / хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг Б.Бээр тэжээн тэтгүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Б нар нь албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд зөвхөн хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хариуцагч Б.Бд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбараа 2020 оны 4 дүгээр сарын 11-ний дотор гарган ирүүлэхийг хариуцагчид даалгаж, 10 хоногийн хугацаа тогтоож өгсөн боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь буруу болжээ.

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар “…хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх…” гэснийг болон мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасныг биелүүлж хариуцагч Б.Бд шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй байна гэж үзлээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хэргийн оролцогч нь хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, тайлбар нотлох баримт гаргах зэрэг эрх, үүргийг эдлэх боломжийг хариуцагчид олгоогүй байна.

Иймд анхан шатны шүүх зохигчийн шүүх хуралдаанд биечилэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч Б.Бээс давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Б.Бд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2020/00605 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Б.Бд олгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ