| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00303/И |
| Дугаар | 308/ШШ2025/00325 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 308/ШШ2025/00325
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 308/ШШ2025/00325 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Ш гудамж, ***-** тоотод оршин суух, Б овогт Гын П,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Ж **** тоотод оршин суух, У овогт Тын У,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А,
Хариуцагч: Т.УуГ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.П нь Т.УГад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
2014 оноос хойш Т.Утай хамт амьдарч байх хугацаандаа 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү Итгэлт төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оноос эхлэн тус тусдаа амьдарч байгаад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтийн баталгаагаа цуцлуулсан билээ. 2020 оноос хойш хүү минь миний асрамжид амьдарч байна. Хүү У.Ит нь Г аймгийн Ерөнхий боловсролын сургуульд * дугаар ангид суралцаж байна. Нэхэмжлэгч нь гэрлэлтийн баталгаагаа цуцлуулахдаа хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй. Эд хөрөнгийн маргаан гаргалгүй хэргийг шийдвэрлэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо харилцан тохиролцож хариуцагч нь нэхэмжлэгчид гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө болох Д аймаг, С сум, * дугаар баг, Э гудамж, *-** тоотод байрлах 47,1 мкв орон сууцыг шилжүүлэн өгч нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байх талаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь ажлын шаардлагаар шилжин суурьших болсноор байрыг худалдан борлуулахаар болж хариуцагч тал хийсэн тохиролцооноос буцаж маргаан үүсгэсний улмаас орон сууцны зах зээлд борлуулсан үнийн дүнгээс банкны зээлийн төлбөрт барагдуулан үлдсэн мөнгийг хариуцагч болон нэхэмжлэгч талууд харилцан тэнцүү байдлаар хуваан авсан байдаг. ... шүүх хурал болохоос өмнө харилцан тохиролцохдоо нотариатаар хэлцэл байгуулж батлуулсан байдаг. Энэ хэлцэл дээр Т.УуГ нь байрыг худалдахыг зөвшөөрсөн. ... хэлцлээр тохиролцсон болохоор Т.УуГ руу утасдаад байраа зарахаар болчихлоо нэрээ сольё гэхэд маргаан гарч эхэлсэн. Анхнаасаа байрыг хүүхэд бид хоёрт үлдээж байгаа гэж ойлгоод хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй гэж байсан. Одоо болохоор байраа зараад банкны төлбөрөө төлөөд үлдэгдлийг нь хоёр хуваагаад авсан учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд У.Итгэлтэд хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Т.УуГ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... бид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн тэтгэлэг болон дундын хөрөнгө дээр эвлэрч хоорондоо тохиролцон Д аймаг, С сум, * дугаар баг, Э гудамж, 5-** тоотод байрлах 47,1 мкв орон сууцыг Г.П, хүү У.И нарын өмчлөлд үлдээж Г.П нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцож нотариатаар хэлцэл байгуулсан болно. ... П над дээр ирээд уйлаад намайг гуйгаад чи байрныхаа нэрийг энэ худалдаж авсан хүн рүү шилжүүлчих, би чамаас хүүхдийн тэтгэлэг огт авахгүй, чамаас би дахиж юу ч нэхэхгүй, надад энэ хүний мөнгийг буцааж өгөх боломж байхгүй гээд байхаар нь өрөвдөөд ... байрныхаа нэрийг худалдаж авсан хүн рүү нь шилжүүлж өгсөн. ... П нь дандаа хэлсэн ярьсан тохиролцсон үгнээсээ буцдаг, ... байр худалдаж авсан хүн бүр сүүлд надад байрны үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг төлсөн. Би хүүдээ тэтгэлэг өгөхгүй гэж байгаа юм огт биш, хүүгээ цаашид ч гэсэн харж хандаж явна. ... Тэтгэмжийг хүлээн зөвшөөрч байна. Энэ байрыг гэрлэлтээ батлуулахаас өмнө 100 хувь урьдчилгаа өгч авч байсан. Одоо эмэгтэй дүү Зд байгаа. Одоо гэрлэлтээ цуцлуулаад эд хөрөнгийн маргаан гэж ярьж байна. Гэрлэлтээ батлуулахаас өмнө болсон асуудал. Гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж байсан. Би бас амьдрах гээд явж байна. Одоо хоёр нялх хүүхэдтэй автомашин, байргүй айлын хашаанд гэр бариад амьдарч байна. Байр саваа хөөцөлдөөд асуудалгүй мөнгө төгрөг шилжүүлж өгсөн. Хэлцлээсээ буцсан гэж яриад байна. Үүнд л гайхаад байна. Орхон аймагт байр авах гэж байгаа урьдчилгаа 50 хувь өгчих гээд байхаар нь 70,000,000 төгрөг ав гэж хэлсэн. Үүнээс байрны үлдэгдэл зээлийг төлөөд байрны ордер гаргаж аваад Орхон аймаг руу аваад явсан. Би өөрт нь хүртэл хэлж байсан. Зүгээр байсан амьдралыг өөрөө эхэлчхээд намайг энд хаяад явах хэрэг байгаа юм уу. Энэ хүнээс болж ажил дээрээ 2 удаа сахилгын шийтгэл авхуулсан. Гэр бүлийн асуудлаа дахиж ажилтайгаа холбож асуудал үүсгэхгүй гэж баталгаа гаргаад ажлаа үргэлжлүүлж хийж байна. Энд байхад нь хүүхдээ харж ханддаг байсан. Г аймаг руу авч явснаас хойш надтай утсаар яриулаагүй. Мөн би утас явуулсан боловч надтай яриулахгүй байгаа. Би зөндөө удаа холбогдох гэж үзсэн. Миний дугаарыг блок хийсэн байгаа. Өөрөө хэрэгтэй үедээ блокоо гаргаж яриад бусад үед нь блок хийдэг. Өөрөө ч хүүхэдтэйгээ хамт байхгүй тусдаа байгаа. Хүүхдийн тэтгэмжийг би өөр дээрээ авах хүсэлтэй байна. Тэтгэмж хүрэх хүндээ очихгүй байгаа гэж хэлмээр байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Д аймгийн С сумын * дугаар багийн ажлын албаны албан бичиг, М-М Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Г аймгийн С сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн тодорхойлолт, Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2024/00***дугаартай шүүхийн шийдвэр, 07** дугаартай итгэмжлэл, хэлцлийн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн дансны хуулга, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хүү У.Итгэлтийн санал авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Т.УуГтай 2020 оноос хамтран амьдрахаа больсон , 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2024/00*** дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан тул хүү У.Ид тэтгэлэг тогтоолгоно гэж,
4.Хариуцагч нь хүүхдийн асрамжийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийг дансанд хуримтлуулах саналтай байна гэж маргаж байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г.П, Т.УуГ нар нь 2014 оноос хамтран амьдарсан, тэдний дундаас 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү У.И нь төрсөн, хүүхэд эрүүл бойжиж байгаа болох нь төрсний гэрчилгээний хуулбар, Д аймгийн С сумын М-М өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Д аймгийн С сумын * дугаар багийн ажлын албаны тодорхойлолт зэргээр тогтоогдож байхаас гадна хүү У.Ийн эцгийг захиргааны журмаар тогтоожээ.
Тэдний гэрлэлтийг Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2024/00*** дугаар шийдвэрээр цуцалжээ.
6.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү У.И Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Т.УуГаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахаар хуульчилсан тул хариуцагчийн өөрт хуримтлуулж байгаад насанд хүрэхэд нь өгнө гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах. заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэхээр зааснаас гадна 26 дугаар зүйлийн 26.3.Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэж, 26 дугаар зүйлийн 26.6.Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарт хэн нэг нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Пын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү У овогт УуГын Иийг эх Г.Пын асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү У.Ид 11 хүртэл амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Т.УуГаар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Эцэг, эх нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Пын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.УуГаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 61,318 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ