Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/310

 

 

 

                                

    

О.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,

шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2306000001001 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            О.А-,

 

Шүүгдэгч О.А- нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Э.М-той холбогдож, “Би “Тэмүүжин Өрлөг” сургуулиас ярьж байна, танай хүүхэд манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа юм уу, тус сургуулийн 3 жилийн төлбөрийг нэг дор авахаар шийдвэр гарсан тул төлбөрөө шилжүүлээд суралцаж болно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Э.М-оос 3.895.600 төгрөгийг,         

2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ч.Ц-д “Оросын Холбооны Улсаас годон гутлыг үйлдвэрээс нь хямдхан оруулж ирж чадна, эгчдээ мөнгө зээлүүлчих, би чамд хүү бодоод өгье, хоёулаа нотариат ороод зээлийн гэрээ хийе, 10 хоногийн хугацаанд мөнгийг буцааж өгнө” гэж гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ч.Ц-гээс 11.453.000 төгрөгийг,

2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хохирогч Н.Г, Э.Ц, Б.Ц, Ө.Б нартай холбогдон “Их засаг их сургуулиас Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэн суралцуулна, тус сургуулийн элсэлтийн хураамж, байр, хувцас, кредитийн төлбөрийг шилжүүлэх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Н.Гоос 5.051.300 төгрөгийг, Э.Ц-иас 7.333.000 төгрөгийг, Б.Цаас 7.005.000 төгрөгийг, Ө.Баас 6.425.000 төгрөгийг тус тус өөрийн “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч, нийт 41.162.900 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт О-ын А-ийг үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А-ээс 11.809.300 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Год 4.351.300 төгрөг, Э.Цд 3.333.000 төгрөг, Ө.Бт 4.125.000 төгрөгийг тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А-ийн хүүхдүүд болох 2013 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Э.Х /РД:************/, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Э.С /РД:********/ нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, шүүгдэгч О.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт өрх толгойлон амьдардаг. Баянзүрх дүүргийн цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, шалгагдаж байгаа. Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа хэрэг шүүхийн шатнаас прокурорт буцсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гадуур байгаа хэргүүдтэй нэгтгэн шалгаж, прокурорт буцааж миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч О.А-ийг нэр бүхий 6 иргэнийг залилж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 41.162.900 төгрөгийн хохирол учруулж залилсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. О.А-ийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг нэгтгүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэх тайлбар байхгүй. Нийт нэр бүхий 6 иргэнд 41.162.900 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд 30 орчим сая төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Үлдсэн 11 орчим сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгч О.А- нь хувийн байдлын хувьд 04-09 насны хоёр хүүхэдтэйгээ, өрх толгойлон амьдардаг бөгөөд түүний нөхөр нь бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргадаггүй бөгөөд болсон үйл явдлыг талаар үнэн, зөв, тодорхой мэдүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч О.А-ийн 2 хүүхдийн асрамжийн асуудал хүнд нөхцөл байдалд байгаа, хөдөө орон нутагт эмээгийндээ ээжийгээ санасан байдалтай байгаа гэж ар гэрээс нь хэлсэн. ...” гэв.

 

Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.А-ээс хэд хэдэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй тул хэргийг прокурорт буцааж, нэмж нэгтгүүлэх давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. О.А- нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 6 удаагийн үйлдлээр бусдыг залилж, нийт 41.162.900 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хугацаанд тэрээр өөр хэрэгт холбогдон шалгагдаагүй байсан. Мөн шүүгдэгч О.А-ээс мөрдөн шалгах ажиллагааны болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж асуусан. Аль дүүрэгт, хэдэн удаагийн үйлдлээр ямар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд шийтгэх тогтоол гарсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой. Шүүгдэгч О.А- нь 41 орчим сая төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн бөгөөд хэрэг нэмж нэгтгэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар их хэмжээний хохирол учруулсан буюу 2-8 жилийн хорих ялын санкцитай тул хүндрүүлэх нөхцөл байдал бий болно гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч О.А- нь Зэвсэгт хүчний ангид ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн талаар мэдүүлж байсан тул улсын яллагч “Хохирлыг төлж барагдуулж байгаа санхүүгийн эх үүсвэр юу вэ. Хохирлыг төлж барагдуулахын тулд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн үү.” гэж асуухад “Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдээгүй, бусдаас мөнгө залилж авсан асуудал байхгүй.” гэж мэдүүлж байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч О.А- нь үргэлжилсэн үйлдлээр, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн хооронд  “Их засаг их сургуулиас Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэн суралцуулна, “Тэмүүжин Өрлөг” сургуулиас ярьж байна, Манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа юм уу, тус сургуулийн 3 жилийн төлбөрийг нэг дор авахаар шийдвэр гарсан тул төлбөрөө шилжүүлээд суралцаж болно,“Оросын Холбооны Улсаас годон гутлыг үйлдвэрээс нь хямдхан оруулж ирж чадна” гэх зэргээр хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нэр бүхий 6 иргэнээс 41.162.900 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Э.М-ийн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр над руу 88012081 дугаараас үл таних эмэгтэй залгаад “Би Тэмүүжин Өрлөг сургуулиас ярьж байна, танай хүүхэд манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй байгаа юм уу” гэж асуухаар нь миний гаргасан хүсэлтийн дагуу “Тэмүүжин өрлөг” сургуулиас ярьж байгаа юм байна гэж ойлгоод баярласан. Тэр эмэгтэй намайг “хүүхдээ аваад Батлан хамгаалах их сургууль дээр хүрээд ир” гэхээр нь би хүүхдээ дагуулаад очсон. “...Нийт төлбөр нь 5.340.000 төгрөг гэж хэлэхээр нь бидэнд 1 жилийн төлбөр л байна хугацаа байна уу гэж гуйсан. ...нийт 3.895.600 төгрөгийг залилж авсан. ...Сүүлдээ надад “уучлаарай би худлаа хэлээд мөнгийг тань өөртөө ашигласан юм. Би удахгүй  өгнө” гээд байсан. ...” /1хх 135-137/,

 

хохирогч Ч.Ц-гийн: “...”Орос явах хүн байна уу” гээд пост оруултал О.А- гэх эмэгтэй надтай чатаар харьцаж эхэлсэн. “Оросоос Годон гутлыг үйлдвэрээс нь хямдхан оруулж ирж чадна” гээд О.А- машинтайгаа ирээд намайг аваад Баянзүрх дүүргийн 38 дугаар хороонд байрлах “Хаан” банкин дээр ирээд эгчдээ мөнгө зээлдүүлчих, би чамд хүү бодоод өгье, хоёулаа нотариат ороод зээлийн гэрээ хийе” гэхээр нь би банкнаас 11.400.000 төгрөгийг иргэн О.А-ийн данс руу шилжүүлээд гэрээ хийсэн. Түүнээс хойш О.А- нь мөнгөө өгөхгүй удаад, мөнгөө өгөөч гэхээр надад мөнгө олдохгүй байна гэх зүйлийг байнга ярьдаг. ...” /хх 102/,   

 

“Их засаг их сургуулиас Дотоод хэргийн их сургуульд шилжүүлэн суралцуулна” гэсний дагуу мөнгө шилжүүлж, залилуулсан талаар хохирогч Н.Г /1хх 17-19/, хохирогч Э.Ц /1хх 56/, хохирогч Б.Ц /1хх 91/, хохирогч Ө.Б /1хх 74/ нарын,

 

О.А-ийн яллагдагчаар “...Н.Г гэх залуутай фейсбүүкээр холбогдож танилцсан. Тухайн залуу нь “Их Засаг” их сургуульд суралцдаг, би Дотоод хэргийн их сургуульд ормоор байна, та шилжүүлж өгч чадах уу” гэхээр нь би “чадна” гэж хэлсэн. Тухайн залуугаас нийт 5.051.300 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан. ...Ч.Ц- гэх эмэгтэйтэй уулзалдаад “годон гутлыг Оросоос оруулж ирээд зарвал ашиг олох юм байна, хоёулаа гутал оруулж ирэх үү, хамт Орос явах уу” гэхэд “би эрүүл мэндийн шалтгаантай байна, та эхлээд яваад ир, би таныг харж байгаад дараа нь цуг явъя” гэсэн. Тэгэхээр нь би “чи тэгвэл надад мөнгө зээлээч” гээд нотариат ороод зээлийн гэрээ хийгээд 11.400.000 төгрөг авсан. ...Б.Ц гэх оюутан охинтой фейсбүүкээр холбогдоод 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 6.833.600 төгрөгийг мөн адил Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэх нэрийдлээр авсан. ...Б.Ц гэх охиноос 6.833.600 төгрөгийг, Ө.Баас 6.425.000 төгрөгийг мөн адил Дотоод хэргийн их сургуульд оруулж өгнө гэх нэрийдлээр авсан. Тухайн хүмүүсээс авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...” /1хх 41-42, 176/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 7-8, 53, 71, 88/, Дотоод хэргийн их сургуулиас 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 04/277 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл, хавсралт /1хх 6-13/, “A” гэх фейсбүүк хаягтай хэрэглэгчтэй 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш мессенжерээр харилцсан зурвас /1хх 1143-156/, хохирогч Э.М-ийн “Хаан” банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нийт 3.895.600 төгрөгийг “Хаан” банкны *********** тоот данс руу шилжүүлсэн баримт /1хх 157-173/, шүүгдэгч О.А-ийн “Хаан” банкны *********** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 207, 28-32, 33-36/, хохирогч Э.Ц-ийн “Хаан” банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нийт 6.833.000 төгрөгийг “Хаан” банкны *********** тоот данс руу шилжүүлсэн баримт /хх 60/, О.А-ийн “Хаан” банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар “Хаан” банкны *********** тоот данснаас 500.000 төгрөгийг “ts” гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн баримт /хх 60/, хохирогч Б.Цын “Хаан” банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нийт 6.745.000 төгрөгийг “Хаан” банкны *********** тоот данс руу шилжүүлсэн баримт /1хх 93-94/, О.А-ийн “Хаан” банкны *********** тоот данс руу “Хаан” банкны *********** тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 110.000 төгрөгийг, *********** тоот данснаас 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 150.000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1хх 95/, хохирогч Ө.Бын “Хаан” банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар нийт 1.190.000 төгрөгийг “Хаан” банкны *********** тоот данс руу шилжүүлсэн баримт /1хх 76-78/, шүүгдэгч О.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 214/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч О.А- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч О.А-ийн “...хэргийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн гомдлын тухайд, өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд О.А-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч О.А-д шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/89 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-ийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БОЛОРТУЯА

 

 

            ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

 

 

            ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН