| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2025/0008/З |
| Дугаар | 122/ШШ2025/0012 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 122/ШШ2025/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн *******ын Баттулгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баттулга, түүний өмгөөлөгч А.Мөнхзул, хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Баттулга, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.Баттулгаас Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулахаар товлож, хуралдаанаар
- Сумын 100 жилийн ойн бэлтгэл ажилтай танилцах
- Бусад асуудал гэсэн 2 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
2.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10:20 цагт ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч ирж 85.7 хувийн ирцтэй эхэлж Хурлын дарга Д.Баттулга хурлын дотоод журам, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад Хурлын төлөөлөгч Ч.*******оос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүй, цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх саналыг гаргажээ.
2.3. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 13 нь буюу 72.2 хувь нь төлөөлөгч Ч.*******ийн гаргасан саналыг дэмжиж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталж улмаар Хурлын даргыг огцруулах талаар санал хураалт явуулахад 17 төлөөлөгч санал өгснөөс 10 төлөөлөгч буюу 58.8 хувь нь Хурлын дарга Д.Баттулгыг огцруулах санал өгч “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04 дүгээр тогтоолыг гаргасан байна.
2.4. Үүний дараа Хурлын төлөөлөгч Б.Баттулга Хурлын даргад өөрийн нэрийг дэвшүүлж Хурлын даргыг сонгох асуудлаар санал хураалт явуулахад 15 төлөөлөгч санал өгснөөс 12 төлөөлөгч буюу 80 хувь нь Б.Баттулгыг Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолыг баталсан байна.
2.5. Нэхэмжлэгчээс дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын Баттулга нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 04 тоот тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсон.
Ажиллах хугацаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай
хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон бусад холбогдох хууль,
дүрэм журмуудыг баримтлан ажилласан.
Нэг. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын талаар:
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хурал нь 2025 оны 04
дүгээр сарын 15-ны өдөр товлогдож, нийт 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдсан. Тухайн үед 3 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй.
Хуралдаанаар:
-Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах
-Хурлын дотоод журмыг танилцуулж батлах
-Сумын 100 жилийн ойн бэлтгэл ажлыг танилцуулах талаар хэлэлцэхээр
зарлагдсан.
Тэгтэл хурлын дараалал танилцуулах үеэр иргэдийн Хурлын Төлөөлөгч Ч.******* “... Хурлын даргын ёс зүй болон цаашид засаг даргатай хэрхэн хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх” гэсэн хэлэлцэхээр тусгагдаагүй асуудлыг гэнэт оруулж, бусад тодорхой гишүүд дэмжсэнээр хурал цааш үргэлжилсэн.
Хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй боловч хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх тухай энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт нарийвчлан зааж өгсөн.
Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж заасан.
Дээрх хэсэг бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа
биелэлээ олж улмаар Хурлын даргын асуудлыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор хуралдаан даргалагчийг сонгох санал гаргаж дэмжигдэн хуралдаан даргалагчаар А.Өнөрцэцэгийг сонгосноор цааш үргэлжлэн миний ажлын бус цагаар хэсэг бүлэг хүмүүсийн тоглож байсан газраар орж гарсныг минь мөн, намын дарга миний өрөөнд орж ирэхдээ ажлын албаны ширээн дээр байсан дуу хураагуурт байсан ёс зүйн хорооны хурлын бичлэгийг бусдад сонсгосон гэх шалтгаанаар хурлын дарга намайг огцруулж, Хурлын Төлөөлөгч *******ын Баттулгыг Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилох шийдвэр гаргаад байна.
Гэтэл дээрх хуралдаан даргалагчийг дураараа сонгож байгаа ажиллагаа нь
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт заасан “Анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна. Хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг нь удирдана.” гэсэн заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл энэ заалт нь хуралдааныг хурлын дарга удирдана, харин түүний эзгүй тохиолдолд зөвхөн хурлын даргын санал болгосноор төлөөлөгчдийн аль нэг удирдана гэдэг агуулга байгааг онцолъё.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх
хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны
ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач
холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”
гэж, энэ хуулийн 26.2 дахь хэсэгт “...оролцогчоос гаргасан тайлбар санал авах
ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан бол энэ сонсох ажиллагааг явуулж, надад тайлбар санал гаргах боломж олгоогүй нь дээрх хуулийн заалтыг зөрчиж
байна.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан. Энэ заалт мөн зөрчигдсөн гэж үзэж байна.
Хоёр. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилох, огцруулах тухай
тогтоолын үндэслэлийн талаар:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 48 дугаар
зүйлийн 48.1, 48.2, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.8 дахь хэсгийг үндэслэжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг хуульчилсан. Үүнд:
40.1.1.төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн
болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах;
40.1.2.өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх гэж тодорхой заасан. Энд тогтож тайлбар хийх нь зүйтэй гэж бодсоны үндсэн дээр тодруулъя.
Аливаа нэгэн хурлын тэмдэглэлийг дуу хураагуурт бичлэг хийж баримтжуулж авдаг. Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцсэн асуудал мөн л дуу хураагуурт бичигдсэн байсан. Дуу хураагуур миний ажлын албаны өрөөний ширээн дээр л байж байдаг байсан. Намын дарга Д.******* дуу хураагуурыг сонссон л гэдэг болохоос биш, тухайн үед сонсож байхад нь би дэргэд нь байгаа ч үгүй, сонсох боломжоор хангаа ч үгүй, ер нь мэдэхгүй байна. Энэ талаар ******* даргаас асууж тодруулсан зүйл ч байхгүй байсан. Нөгөө талаар тухайн бичлэг дээр төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэл байгаагүй, нууцтай холбоотой асуудал биш учраас нууц задруулах гэдэг асуудал ч яригдахгүй, мөн тухайн мэдээллийг би хувьдаа ашиглаагүй, тэгэх шаардлага ч байхгүй гэдгийг би батлан хэлж чадна. Хэрэв нууцтай холбоотой асуудал гэж үзсэн юм бол тодорхой болгож байж, оролцогчийг тайлбар гаргах боломжоор хангасны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална.” гэж албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхой зааж өгсөн.
Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Байгууллагын нууц” гэж “Хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн
байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар
нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.” гэж, мөн зүйлийн 2
дахь хэсэгт “Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл
шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.” гэж заасан. Мөн түүнчлэн дээрх байгууллагын нууцад хамаарах мэдээллийг байгууллага өөрөө тогтооно гэж заасан. Тэгтэл мөн л байгууллагын нууцад хамаарах ямар мэдээлэл задруулсан асуудалд буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.
Албаны болон байгууллагын нууц задруулсан гэдэг асуудал ярьж байгаа бол албаны болон байгууллагын нууцад хамаарах мэдээллийн жагсаалтын хэддүгээрт заасан мэдээллийг ямар зорилгоор хэрхэн задруулсныг тогтоосны үндсэн дээр албан тушаалаас огцруулах асуудлыг ярих нь зүйтэй байх. Мөн би өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байгаагүй. Дээрх байдлууд нь захиргааны шийдвэрийг хууль бус болохыг нотлон харуулж байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд
оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн
олонхын саналаар батална” гэж, 48.2 дахь хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан. Энэ бол хуулийн ерөнхий заалт. Гэтэл захиргааны актын үндэслэл болгосон нь ойлгомжгүй, буруу байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.8 дахь хэсэгт “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх;” гэж заасан байх ба миний хувьд байгууллагын соёл, дэг журам, албаны харилцааны ёс зүйг чанд сахиж, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэл гаргадаггүй ба олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэхүйц байж чаддаг хүн гэдгийг энд зориуд дурдаж хэлэх нь зүйтэй болов уу. Тийм ч учраас 2016 оноос хойш олон түмэндээ нэр хүндтэй байж, улмаар тэднийхээ итгэлийг хүлээж 3 дахь удаагаа хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Дахин давтан хэлэхэд энэ нь миний байгууллагын соёл, дэг журам, албаны харилцааны ёс зүйг чанд сахидаг, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэл гаргадаггүй, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлдэг албан тушаалтан болохыг маш тодорхой харуулж байна гэж ойлгож байна.
Улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор зохион байгуулалттайгаар хурал
хийсэн дүр эсгэж, өөрсдийнхөө атгаг санааг хэрэгжүүлэхэд садаа болж буй төр
түмнийхээ төлөө шударга ажиллаж байгаа намайг албан тушаалаас минь үндэслэлгүйгээр огцруулах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд захиргааны актад үндэслэл болгосон хуулийн заалтууд нь хуульд
нийцээгүй, захиргааны актын шаардлага хангаагүй, хууль бус, эдгээр тогтоолуудын улмаас нэхэмжлэгч Д.Баттулга миний хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай”, мөн өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: *******ын Баттулга нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдоод, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу хэрэгжүүлж явсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэсэг төлөөлөгчид 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэгдүгээрт сумын 100 жилийн ойн бэлтгэл ажлын талаар, хоёрдугаарт бусад дотоод асуудал гэсэн 2 үндсэн асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлт гаргасан. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “…асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэсэн заалтын дагуу гаргасан хүсэлт байгаа. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын хэмжээ хязгаарыг маш тодорхой зааж хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж, түүнд холбогдох тооцоо, судалгааг хуралдаан болохоос ажлын 2 хоногийн өмнө төлөөлөгчдөд тарааж, хурлын бэлтгэл ажлыг хангасан байх ёстой. Хурлын дарга ээлжит 4 дүгээр хуралдааныг товлон зарласан захирамж гаргасан байдаг. Энэ захирамжид Хурлын даргыг огцруулах тухай асуудал хэлэлцэхээр тусгагдаагүй байгаа. Хэргийн материалтай танилцахад, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эхэлж Хурлын даргаас хуралдааны дарааллыг тогтооё гэхэд Хурлын даргын ёс зүй болон эрх зүйн чадамжийн талаар хэлэлцэх, огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэдэг шинэ асуудлыг оруулсан байдаг. Төлөөлөгч Ч.*******оос горимын санал байна гээд Хурлын даргыг огцруулах санал гаргасан нь тус хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Ийм замбараагүй байдлаар хурал явагдсан. Хуралдааныг хурлын дарга удирдана, түүний эзгүйд хурлын даргын санал болгосон хүн удирдана гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Мөн Хурлын даргын чадамжийн асуудал яригдсан. Эрх зүйн чадамжийн асуудлыг хурлаар тогтоогоод, энэ хүн чадамжтай юу? үгүй юу? гэдэг асуудлыг хурлаар тогтооё гэж байгаа бол, харин би *******ын Баттулга нь чадамжтай юу? үгүй юу? гэдэг асуудлыг хөндөж түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөн байгаа. Мөн хэргийн материалтай танилцаж байхад нэхэмжлэгчийг хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хаяад явсан гэдэг асуудал яригддаг. Нэгэнт хууль бус үйл ажиллагаа, хуралдаан болж байхад би байгаад яах юм бэ гэдэг бодолтой гараад явсан болохоос биш хурлыг үл хүндэтгэх, хууль зөрчсөндөө гарч яваагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Нэгтгээд хэлбэл Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн тогтоолуудыг гаргасан. Хариуцагчаас нэхэмжлэгчийг ёс зүйн алдаа зөрчил гаргасан, энэ ёс зүйн зөрчлийг бид нар удаа дараа ярьж, ёс зүйн хорооны хурлаар нь хэлэлцсэн, хурлын дараа намын зөвлөлөө хуралдуулж байгаад ярьсан гэдэг асуудлыг хэлдэг. Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлтэй танилцахаар *******, Пунцагдаш нарт арга хэмжээ авна гэсэн асуудал л яригдсан байдаг. Хурлын дарга Д.Баттулгын талаар яригдсан зүйл огт байдаггүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хурал хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалсан, зохион байгуулалттай хурал болсон гэдэг нь ойлгомжтой байгаа. 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан гэх ёс зүйн хорооны хуралдаанаас дүгнэлт гаргаагүй, намын бүлгийн хуралдааныг дараа нь хуралдуулаад Д.Баттулгын асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлье гэсэн шийдвэр гаргасан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй.
Өөр нэг дурдагдаж байгаа асуудал нь албаны нууцад хамаарах мэдээллийг задруулсан гэдэг зүйл яригддаг. Д.Баттулгын хувьд сонгуулийн материалыг хүлээж аваад, хүнд үзүүлж, өөртөө ямар нэгэн ашигтай байдлаар ашигласан зүйл бол байхгүй. Энэ асуудлыг шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Харин огцруулъя, энэ хүн ажлаа хийж чадахгүй байна, яаралтай дараагийн хурлаа хуралдуулъя гэж улайрсан байдалтай байгаа нь тодорхой харагдаж байна.
Мөн огцруулж байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулж яръя. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “байгууллагын соёл, дэг журам, ёс зүйг чанд сахих…” гэж заасан байгаа. Нэхэмжлэгчийг тухайн байгууллагын нэр хүндэд харшилсан үйлдэл гаргаж, олон нийтэд үлгэр жишээ үзүүлэх гэсэн заалтыг зөрчсөн гэж байгаа. *******ын Баттулгын хувьд багийн даргаар ажиллаж байсан, 3 дахь удаагаа сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдоод явж байгаа ийм хүн. Мөн нийтийн албан тушаал болон төрийн албан тушаалын алинд нь ч манлайлж, биднийг төлөөлж чадна гэсэндээ иргэд энэ хүнийг 3 дахь удаагаа сонгосон гэж ойлгож байна. Мөн хуралдаан дээр өөрийнх нь санал хүсэлтийг сонсох боломж олгоогүй гэж бодож байна. Хуралдааныг хэн нэгнээр дураараа даргалуулаад, Хурлын даргыг огцруулаад, дараагийн томилогдох хүн нь бэлэн байж байдаг, ийм зохион байгуулалттай хуралдаан болсон нь маш тодорхой харагдаж байгаа. Иргэдээ төлөөлөх, иргэдийн илэрхийлэл байх, хэсэг бүлэг этгээдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахгүй байх гэдэг зарчим алдагдаж байгаа нөхцөл байдал харагдаж байна.
Үйлчлүүлэгч маань шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль бусаар хуралдсан. Хурлаас гарсан 04, 05 дугаар тогтоолууд нь хууль бус байх тул уг актуудыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна гэв.
3.3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэг. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зарлаж улмаар 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч буюу 85,7 %-ийн ирцтэйгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасныг хангасан тул хуралдааныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга удирдан эхлүүлсэн байдаг.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга танилцуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй холбоотой санал авахад төлөөлөгч Ч.******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүйн байдал болон цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргасан болно.
Мөн тухайн саналыг хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах нь зүйтэй эсэх
талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нь өөрт олгогдсон эрх, үүргийн дагуу хуралдаанд оролцогч нийт төлөөлөгчдөөс санал хураалгахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 13 нь буюу 72.2 % нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн тул уг асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд цаашид хэлэлцэх асуудлын төлөвлөгөөндөө оруулан баталсан.
Ийнхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг
хэлэлцэж, харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* овогтой Баттулгын ёс зүйн зөрчил гаргасан тухай асуудлыг хэлэлцэх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэх зохицуулалтыг үндэслэн уг асуудлыг хэлэлцэх хуралдаан даргалагчийг сонгох нь зүйтэй гэж үзэн дахин санал хурааснаар төлөөлөгч Н.Өнөрцэцэгийг хуралдаан даргалагчаар томилж хуралдааныг үргэлжлүүлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын ёс зүйн зөрчлийг хэлэлцэж огцруулах эсэх тухай саналыг хэлэлцэх үед дарга Д.Баттулга нь хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт заасан “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэх заалтыг зөрчин, зөвхөн байгууллага дотор хадгалагдаж, албаны үйл ажиллагаанд хэрэглэгдэх ёстой хурлын тамгыг өрөөнөөсөө нууцаар гадагш авч зугтан ёс зүй цаашилбал гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй ч байж болзошгүй үйлдлийг гаргасан байдаг.
Өөрөөр хэлбэл хуралдаанд оролцогчид гишүүдийн зүгээс Д.Баттулгад “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүйн байдал болон цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх” асуудлын хүрээнд тайлбар хийх, санал өгөх боломжийг олгосон боловч тэрээр энэхүү эрх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь үүгээр харагдаж байгаа юм.
Нөгөө талаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үйлдсэн ёс зүйн зөрчлийн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэхээс өмнө 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ёс зүйн хороогоор авч хэлэлцээд намын бүлгээр дахин хэлэлцэхээр болсон байдаг ба улмаар намын бүлэг хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байдаг.
Гэтэл уг хуралдааны тэмдэглэлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Д.Баттулгад хүлээлгэж өгсөн боловч хурлын тэмдэглэл яасан эсэх нь тодорхойгүй
тэрээр тамга авч зугтдаг үйлдэл шигээ хурлын тэмдэглэлийг нуун дарагдуулж байгаа болно.
Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын өөрт холбогдох “ёс
зүйн байдал болон цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх” талаар мэдээгүй энэ талаар тайлбар хэлэх боломж, цаг хугацаа олгоогүй гэх тайлбар нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байгааг анхаарч үзнэ үү.
Хоёр. Хуралдааны хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга нь өөрөө сумын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”-ийн дарга байтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа төрийн улс төрийн албан хаагчийн гаргаж боломгүй ёс зүйн алдааг удаа дараа гаргаж, мөрийтэй тоглох, албан ёсны зөвшөөрөлгүй бооцоот уралдаанд оролцох, албан үүргээ биелүүлэх явцад олж авсан мэдээллийг бусдад тараах зэрэг ёс зүйн алдаа гаргаж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох бус, хөхиүлэн дэмжиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон төрийн албаны нэр хүндийг унагаасан үйлдэлд нь хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн тул энэхүү асуудлыг хэлэлцэж, холбогдох хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хурлын даргыг огцруулах нь зүйтэй эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 13 нь буюу 72.2 % нь дэмжсэнээр Д.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн тул миний бие ******* овогтой Баттулгыг хуралдаанаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нөхөн томилсон байдаг.
Харин дээрх тогтоолуудын төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж олонхын саналаар баталж, хуралдаан даргалагч гарын үсгээ зурж баталгаажуулсан ч өмнөх дарга Д.Баттулга нь төрийн тамгыг одоог болтол хаана, хэрхэн нууж, мөн хэрхэн ашиглаж байгааг бид мэдэхгүй байгаа тул төрийн албаны тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдаж давхар орон нутгийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
Нөгөө талаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь тэр хүний итгэл үнэмшлийн асуудал мөн шүүхэд хандах нь ч эрхийн асуудал ч бодит байдал дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өдөр тутамдаа сум орон нутгийн хөгжлийн төлөө хууль ёсны дагуу хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх бүхий л ажил олонхоо хүндлээгүй нэг хүнээс болж гацаанд орж төрийн тамга төрийн байрнаас алга болоод хэн нэгний гэрт магадгүй өөр хууль бус зүйлд ашиглагдаж байж болзошгүй нөхцөл үүсээд байгааг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.
Түүнчлэн ёс зүй болон чадамжийн талаар асуудал хэлэлцэх гэж байгаа тул ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байхад асуудлыг шийдвэрлэхээс өмнө өөрт олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүй тайлбар санал хүсэлтээ гаргаагүй байж өнөөдөр асуудалд хэт хувийн байдлаар хандаж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надад ямар ч боломж олгоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд иргэн *******ын Баттулгаас Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “... 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” мөн өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай...” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн Д.Баттулга гэдэг хүнээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай”, мөн өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага дээр ямар нэгэн байдлаар өөрчлөлт орсонгүй. Энэ талаар өмгөөлөгч нь тодруулж хэллээ.
2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хүчин төгөлдөр хурал гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2024 оны 10 дугаар сард явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Д.Баттулга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зар, тов тогтоох тухай гэсэн Б/02 тоот захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цагт сумын соёлын төвд хуралдуулахаар тогтоосон. Энэ хурлаар сумын 100 жилийн ойн бэлтгэл ажилтай танилцах, бусад асуудал гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр тогтоож, хурлын бэлтгэлийг хангах, төлөөлөгчдөд зар хүргэхийг хурлын ажлын албанд даалгасан захирамж гаргасан байдаг. Энэ захирамжийн дагуу хурлын ажлын алба төлөөлөгчдөд мэдээлэл хүргээд, товлосон өдөр хурал эхэлсэн байгаа. Үүрэг болгосон энэ захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт заасан “анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг тухайн Хурлын дарга хуралдаан эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “ ... Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын дарга захирамж гаргана”, 52 дугаар зүйлийн 52.1.1 дэх хэсэгт “ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах” гэсэн заалтад нийцсэн гэж үзэж байгаа.
Тухайн тогтоосон өдөр буюу 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 20 минутад хурал эхэлсэн байдаг. Хурлын тэмдэглэлээс харахад нийтдээ 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч ирсэн, 3 төлөөлөгч нь чөлөөтэй гэж бүртгэгдээд ирц 85 хувьтай учраас хурал эхэлсэн байдаг. Хурлыг дарга Д.Баттулга удирдаж, нээж явуулсан. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын дотоод журмын дарааллыг тогтоож танилцуулсан. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт заасан “... хуралдааныг хурлын дарга удирдана.” гэсэн заалт, 52 дугаар зүйлийн 52.1.2 дахь хэсэгт заасан “тухайн хурлын хуралдааныг даргалах …” гэж заасантай нийцэж байгаа гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэгт заасан “…хуралдааны дэгийг тухайн хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж заасан байгаа. Энэ 4 дүгээр хуралдаанаар бол хуралдааны дэгийг шинэчлэн баталж тогтоогоогүй. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буюу анхдугаар хуралдаанаас хурлын дэгээ баталсан байсан. Энэ хуралдааныхаа дэгээр явна гэдэг талаар тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хурлаар хэлэлцэх асуудал, дэг дарааллыг Хурлын дарга танилцуулсны дараа хурлын төлөөлөгч Ч.******* гэдэг хүн энэ хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүй, цаашид энэ ажлыг хийх чадамжтай юу, чадамжгүй юу гэдэг асуудлыг бусад асуудалд оруулж хэлэлцье гэдэг саналыг гаргасан. Тухайн саналыг гаргаж байгаа нь хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “… Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэсэн заалтад нийцсэн гэж үзэж байгаа учраас санал гаргасныг буруутгаж үзэх боломжгүй. Хурлаас хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоогоод, үүнийхээ 9 дэх хэсэгт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүйн болон эрх зүйн чадамжийн талаар хэлэлцэж, огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр хурлын дараалалд оруулсан байгаа. Энэ баримт нь хэрэгт авагдсан.
Нэхэмжлэгчээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан “… саналд холбогдох судалгаа, тооцоо, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын 2 өдрийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй ...” гэснийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа. Хэдийгээр ингэж тайлбарлаж байгаа боловч Хурлын дарга, өнөөдрийн нэхэмжлэгч Д.Баттулга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасан “… эрх бүхий этгээдээс хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах …” гэсэн заалтын дагуу хэлэлцэх асуудлыг бусад асуудалд оруулахаар хүлээн авч, хуралдаанаар хэлэлцүүлсэн байгаа. Үүнийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй гэж үзэж байгаа. Хурлын даргын ёс зүйн асуудал, чадамжийн асуудал, огцруулах асуудлыг хэлэлцэхэд нэхэмжлэгч Д.Баттулга өөрөө хуралдаанд оролцсон байдаг. Бусад асуудалд хурлын даргын ёс зүйн асуудлыг оруулан хэлэлцэхийг зөвшөөрсөн. Үүний дараа хуралдаан даргалагчийг сонгох асуудлаар санал хураалт явуулахад Д.Баттулга энэ санал хураалтад оролцсон. Хурлын тэмдэглэлд төлөөлөгч Н.Өнөрцэцэгийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хуралдаан даргалагчаар баталлаа гэж тусгагдсан байдаг. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах …” гэж заасантай нийцнэ. Хурлын дарга, хуралдаан даргалагчийн хувьд нэгжийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хурлаас гарсан тогтоолыг албажуулах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч Д.Баттулгын хувьд энэ үүргээ хэрэгжүүлээгүй, гаргасан тогтоолыг ёсчилж баталгаажуулаагүй орхичихсон, өөрөөр хэлбэл шинээр хуралдаан даргалагчаар сонгогдсон Н.Өнөрцэцэгийн тогтоолыг албажуулаагүй, хурлыг орхисон байдаг. Хурлын дарга үүргээ биелүүлээгүйгээс болоод тогтоол албажаагүйд Н.Өнөрцэцэгийг болон оролцсон төлөөлөгчдийг буруутгах боломжгүй.
Ёс зүйн асуудал хэлэлцэхэд хурлын даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Баттулгыг ажлын цагаар мөрийтэй тоглосон гэх асуудал яригдсан байдаг. Ажлын цагаар мөрийтэй тоглосон гэдэг асуултад тухайн үед хариулт өгсөн. Мөн чадамжийн асуудал дээр хурал, сум орноо удирдаж чадахгүй байгаа гэдэг асуудал яригдсан. Иймэрхүү байдалтай явсаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах эсэх талаар нууц санал хураалт явуулсан. Энэ нууц санал хураалт явуулахад 17 төлөөлөгч оролцсоноос, төлөөлөгч Батхолбоо санал хураалтад оролцоогүй гарч явсан. Хурлын дарга Д.Баттулга өөрөө энэ санал хураалтад оролцсон, нийтдээ 17 хүн нууц санал хураалтад оролцож, төлөөлөгчдийн 58.8 хувь нь Хурлын даргаар ажиллаж байсан Д.Баттулгыг огцруулах санал өгсөн учраас тооллогын болон редакцын комиссоос тогтоол гараад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тогтоолыг танилцуулсан байдаг. Энэ тогтоолыг танилцуулсны дараа хурлын дарга Д.Баттулга уг тогтоолуудыг чинь зөвшөөрөхгүй, би жагсаал цуглаан хийнэ гээд хурлыг орхиж гарсан байдаг нь тэмдэглэлд тусгагдсан байгаа. Нэгжийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт “төлөөлөгч хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хуралдаанд оролцохгүй байх, хурлыг орхиж гарахыг хориглоно …” гэсэн заалт байгаа. Хурлын дарга Д.Баттулга хурлаа орхиж гарсан нь энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хуралдаанаас тогтоолууд гарсан ч харамсалтай нь Хурлын дарга өрөөгөө цоожлоод тамгаа аваад явсан учраас эдгээр тогтоолууд баталгаажаагүй байдаг.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдахаас өмнө намын бүлэг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ёс зүйн хороо хуралдаад Д.Баттулгын асуудлыг хэлэлцээд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслээд хуралдаанаас Хурлын даргыг огцруулах шийдвэр гаргасан байгаа. Нэхэмжлэгч нь надад ямар нэгэн байдлаар тайлбар гаргах боломж олгоогүй, намайг сонсоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэх мэтээр тайлбарладаг. Өмнө нь ёс зүйн хорооны хуралдаан болон намын бүлгийн хурлаар өөрийнх нь асуудлыг хэлэлцчихсэн байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан “…сонсох ажиллагааг бусад хэлбэрээр зохион байгуулна …” гэсэнд хамаарна. Мөн өөрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр төлөөлөгчдийн асуултад хариулаад, тайлбараа гаргаад явчихсан учраас Д.Баттулгыг тайлбар гаргах боломжоор хязгаарласан, боломж олгоогүй гэдэг тайлбар үгүйсгэгдэнэ. Иймд Хурлын даргыг огцруулах тухай 04 тоот тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Дараагийн асуудал нь шинээр Хурлын даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа. Хурлын даргыг шинээр сонгосон, нөхөн сонгосон асуудал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах ...” гэж заасантай бүрэн нийцнэ. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу *******ын Баттулга гэдэг хүн Хурлын даргад өөрийн нэрийг дэвшүүлж төлөөлөгчдийн олонхын саналаар Хурлын даргаар сонгогдсон.
Хурлаас гарсан 04, 05 дугаар тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана, түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална…”, 48.2 дахь хэсэгт “хурлын даргыг сонгох чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна…” гэсэн заалтад нийцсэн байгаа.
2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг очиж сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга, нарийн бичгийн дарга, нэхэмжлэгч Д.Баттулга нарыг байлцуулан Хурлын тамгыг хүлээлцүүлсэн. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудал буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн ...” гэж, хариуцагчаас “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан эхлэхэд төлөөлөгч Ч.*******оос Хурлын дарга Д.Баттулгын ёс зүйн байдал болон цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх саналыг гаргаж төлөөлөгчдийн 72.2 хувь нь хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналыг дэмжин хэлэлцээд 13 төлөөлөгч буюу 72.2 хувийн саналаар Хурлын дарга Д.Баттулгыг огцруулж, Б.Баттулга намайг Хурлын даргаар нөхөн сонгосон нь хууль зөрчөөгүй ...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
3. Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагт хуралдуулахаар товлон зарлаж, уг хуралдаанаар
- сумын 100 жилийн ойн бэлтгэл ажилтай танилцах,
- бусад асуудал гэсэн 2 асуудлыг хэлэлцэхээр тусгаж, хуралдааны товыг төлөөлөгчдөд хүргэх, хэлэлцэх асуудлын бэлтгэлийг ханган ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгажээ. /хх-ийн 58 дугаар тал/
3.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 4 дүгээр хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10:20 цагт ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч ирж 85.7 хувийн ирцтэй эхэлж Хурлын дарга Д.Баттулга хурлын дотоод журам, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулахад төлөөлөгч Ч.*******оос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүй, цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх санал гаргаж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 13 нь буюу 72.2 хувь нь дэмжсэн санал өгч, хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталж улмаар Хурлын даргыг огцруулах талаар санал хураалт явуулахад 17 төлөөлөгч санал өгснөөс 10 төлөөлөгч буюу 58.8 хувь нь Хурлын дарга Д.Баттулгыг огцруулах санал өгснөөр “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04 дүгээр тогтоолыг баталжээ. /хх-ийн 13 дугаар тал/
3.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий таваас долоо хүртэл төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулна. Зөвлөлийг Хурлын дарга тэргүүлнэ.”, 51.3-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг Улсын Их Хурал батална.”, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ын 4.1-д “Зөвлөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэлийг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авна:” гээд 4.1.3-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах;” гэж тус тус заасан.
3.4. Хууль, журмын дээрх зохицуулалтаас үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, ингэхдээ эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, тухайн саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараасан байхыг шаардаж байна.
3.5. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь зохицуулалт нь хэлэлцэх асуудлыг Хурлын төлөөлөгч нарт урьдчилан мэдэгдэж, хэлэлцэх зүйлийг тодорхой байхыг шаардсан буюу өөрөөр хэлбэл, урьдчилан мэдэгдээгүй, гэнэтийн байдлаар асуудал дэвшүүлэхгүй, ийм зүйлийг хуралдаанд оруулж хэлэлцэхгүй гэсэн агуулгатай бөгөөд Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны явцад төлөөлөгч Ч.*******оос иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ёс зүй, цаашид ажиллах эрх зүйн чадамжийн талаар хэлэлцүүлэх санал гаргаж, уг саналыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталж, нэхэмжлэгч Д.Баттулгыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тогтоол гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна.
3.6. Хурлын дарга Д.Баттулгыг огцруулах саналыг хуралдааны явцад, гэнэтийн байдлаар оруулж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталж, огцруулсан шийдвэр гаргасан нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны тэмдэглэл, гэрч Р.*******, Ж.*******, Ц.******* нарын “... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлын сонсгол, Хурлын даргыг огцруулах асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй. Хуралдаан дээр төлөөлөгч Ч.******* Хурлын дарга Д.Баттулгын ёс зүй, цаашид уг ажлыг хийх чадамжтай эсэх талаар хэлэлцүүлэх санал гаргаж, санал хураалт явуулан огцруулах шийдвэр гаргасан ...” гэх мэдүүлгээр /хх-ийн 33-45, 65-70 дугаар тал/ тус тус тогтоогдох бөгөөд тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдээлэлтэй болох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох зэрэг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг Хурлын Төлөөлөгчдөд бодитоор олгоогүй, түүнчлэн Хурлын даргыг огцруулах асуудалтай холбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, асуудалд баримт нотолгоотой тайлбар гаргах зэрэг боломжийг цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид олгохгүйгээр түүний улс төрийн алба хаах эрх, Хурлын даргын хувьд хуулиар олгогдсон нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийг зөрчсөн байна гэж шүүх үзэв.
4. Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Д.Баттулгыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож батламжилсан байна. /хх-ийн 7 дугаар тал/
4.2. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаас нэхэмжлэгч Д.Баттулгыг Хурлын даргаас огцруулсан шийдвэр гаргаж улмаар Хурлын төлөөлөгч Б.Баттулга Хурлын даргад өөрийн нэрийг дэвшүүлж Хурлын даргыг сонгох асуудлаар санал хураалт явуулахад 15 төлөөлөгч санал өгснөөс 12 төлөөлөгч буюу 80 хувь нь Б.Баттулгыг Хурлын даргаар сонгохыг дэмжсэн санал өгч “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолыг баталсан байна. /хх-ийн 14 дүгээр тал/
4.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, 53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно.”, 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно.”, 53.7-д “Хурлын даргыг нөхөн сонгоход энэ хуулийн 53 дугаар зүйлийг баримтална.”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;” гэж тус тус заажээ.
4.4. Нэхэмжлэгч Д.Баттулгыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулах тухай 04 дүгээр тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл тухайн Хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, Хурлын даргыг нөхөн сонгох нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй байхад Хурлаас “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоол батлан гаргасныг зөвтгөх, уг тогтоолыг хуулийн хүрээнд гарсан, хууль ёсны тогтоол гэж үзэх боломжгүй.
4.5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”, 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарах тогтоол нь холбогдох хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ёстой.
5. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолууд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь заалтыг зөрчсөн, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, улс төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах тухай” 04, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 05 дугаар тогтоолуудыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНХАНД