Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 213/МА2021/008

 

Б.Игийн нэхэмжлэлтэй

Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2021/00173 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.И

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох

2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 11.077.278 төгрөг, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3.589.236 төгрөг нийт 14.666.514 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.И, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Игаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шат, Улсын Дээд шүүх гэсэн 3 шатны шүүхийн шийдвэрээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. Энэ хугацааны цалингийн зөрүү 3.589.236 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин 11.077.278 төгрөг, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан цалингийн зөрүү 3.589.236 төгрөг, нийт 14.666.514 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.И нь ажилгүй байсан хугацааны цалин болох 11.077.278 сая төгрөг, Баянхонгор сумын 3 цэцэрлэгт ажиллаж байсан цалингийн зөрүү болох 3.589.236 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Б.И нь ажлаас чөлөөлөгдсөн байх хугацаандаа 3 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан тул ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүүг олгох боломжгүй байна. Учир нь 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа эрхлэгчийн цалинтай тэнцэх хэмжээний цалинг авч ажилладаг байсан нь 3 дугаар цэцэрлэгийн цалингийн тооцооны картнаас харах боломжтой байна. Иймд Б.Игийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Игаас анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан энэ хугацаанаас 2021 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан 9 сар 2 хоногийн цалин 11.077.278 төгрөг нэхэмжилсэн. Мөн ажилгүй байх хугацаандаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт багш хийж байсан тул багшаар ажиллаж байсан цалингийн зөрүүг мөн дээрх байдлаар тооцон нэхэмжилсэн. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүх 2019 оны 05 дугаар сард хэргийг эцэслэн шийдвэрлэж миний биеийг ажилд эгүүлэн томилохыг даалгасан боловч аймгийн засаг дарга нь ажилд буцаан томилохгүй байсаар өдийг хүрсэн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгсөөс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 3 дугаар цэцэрлэгийн багшаар томилогдох хүртэл хугацааны цалин нэхэмжилсэн гэж ойлгосон. Б.И нь 3 дугаар цэцэрлэгийн башаар ажиллаж байхдаа 5 дугаар цэцэрлэгт ажиллаж байснаас өндөр цалин авч байсан тул цалингийн зөрүүг гаргуулах боломжгүй юм. Шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаан томилогдох хугацаа яагаад удааширсныг би мэдэхгүй байна. Нэхэмжлэгч нь ажилгүй байх хугацааны цалинг одоо мөрдөгдөж байгаа цалингийн шатлалаар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.455.820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.210.694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар Б.Ид олгох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.455.820 төгрөгт ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231.823 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамж 134.243 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгсөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл буюу Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар томилогдох хүртэл ажпын 113 хоног, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/24 дүгээр тушаалаар Б.И бүлгийн багшийн ажпаас чөлөөлөгдөж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 89 хоног нийт 202 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг буруутай этгээдээс гаруулах нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна.

Аймгийн Засаг даргаас Б.Игийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хариуцах боломжгүй байна.

Учир нь Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, тус нэмэлт 2020 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т “…аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх..” гэж заасны дагуу сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгчийг сумын Засаг дарга томилж, чөлөөлөх эрхтэй болсон.

Дээрх заалтын дагуу Б.Иг Баянхонгор сумын Засаг дарга эрх хэмжээний хүрээнд 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр эгүүлэн томилсон.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, Б.Игийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин 11.077.278 төгрөг, Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан хугацааны цалингийн зөрүү 3.589.236 төгрөг нийт 14.666.514 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Баянхонгор аймгийн засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.455.820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.210.694 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн б/774 дүгээр захирамжаар Б.Иг ажлаас нь халсан бөгөөд орон нутгийн сонгууль явагдсаны дараа Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайхан томилогджээ.

Нэхэмжлэгч Б.И нь шүүхийн шийдвэрээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа эгүүлэн томилогдсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, олговор авахаар нэхэмжлэл гаргахдаа Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханд холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч Б.И нь хариуцагчаа зөв тодорхойлж нэхэмжлэл гаргаагүй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байна гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Баянхонгор аймгийн Засаг даргаас гэж ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тухайн ажилтныг буруу халсан буюу тухайн үед Засаг даргын албан тушаалыг хашиж байсан хүний учруулсан хохирол төлбөрийг одоо Засаг даргын албан тушаалыг хашиж байгаа хүн өөрөөсөө буюу хувиасаа төлж барагдуулахаар заасан нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцах эсхүл тухайн ажилтныг буруу халсан буруутай албан тушаалтан хариуцах үндэстэй эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлээгүй байна гэж үзлээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан ажиллагааг нэхэмжлэгчид тайлбарлаж, ойлгуулах, хариуцагчийг солих эсэхийг тодруулж асуух зэрэг ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан зэргээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгсөөс давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134.243 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 131/ШШ2021/00173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134.243 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

    ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ