Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 213/МА2021/00009

 

Ө.Хы нэхэмжлэлтэй

Ж.Н, С.С нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болор-эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2021/00172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ө.Хы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Н, С.С нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 93.686.900 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч Ж.Н, С.С, хариуцагч нарын өмгөөлөгч ******* нарын тус тус давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Ж.Н, С.С, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Х анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Н болон түүний ээж С.С нар нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн Ө.Х надаас хүүтэйгээр мөнгө зээлж авдаг байсан. Надаас энэ 2 хүн зээл авах эхэн үедээ үндсэн зээл болон хүүг цаг тухайд нь өгч миний итгэлийг олж авсан. Би энэ 2 хүнд итгээд өмнө нь авсан зээл болон хүүгийн үлдэгдэлтэй байсан ч түүн дээр нь нэмээд зээл гарган өгч байсан юм. Ингээд нийт зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөг болж 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг Ө.Х, Ж.Н, С.С нар хийж нотариатаар батлуулсан юм. Үүнээс 10.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 40.000.000 төгрөг болсон. Мөн Ж.Н, С.С нар 5.500.000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлсэн. Ингээд үлдэгдэл 45.500.000 төгрөг болсон юм. Ж.Н, С.С нар 2020 оны 04 дүгээр сараас хойш хүү болон үндсэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Дараа нь Ж.Н 2020 оны 06-р сарын 12-ны өдөр Ө.Х надтай уулзаж зээлийн гэрээгээ сунгасан.

Энэ гэрээнд 2020 оны 4, 5, 6 дугаар сарын хүү 12.550.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 28-ний дотор төлнө. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2%-н алданги төлнө. Үндсэн зээлийн 45.500.000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сарын 10 %-н хүүтэйгээр төлнө. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.5%-н алданги төлөхөөр тохиролцож гэрээг Ж.Н өөрийн гараар бичиж, түүнийг нотариатаар баталгаажуулсан. Дээрх гэрээг нотариатчаар батлуулах үед ээж С.Стай утсаар ярьсан бөгөөд тэрээр би хөдөө ажлаар явж байна, Нтой тохироод гэрээгээ хийчих, би татгалзахгүй гэж хэлсэн юм. Энэ үед миний хажууд Ө.Х байсан. Ж.Н 2020 оны 06-р сарын 12-ны өдөр энэ гэрээг хийж, надад хадгалуулсан байсан приус 30 автомашинаа аваад явсан юм.

Иймд Ж.Н, С.С нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 45.500 000 \дөчин таван сая таван зуун мянга\-н төгрөг, үндсэн зээлийн хүү, 26.200.000 \хорин зургаан сая хоёр зуун мянга\-н төгрөг, алданги 21.986.900 \хорин нэгэн сая есөн зуун наян зургаан мянга есөн зуун\-н төгрөг буюу нийт 93.686.900 \Ерэн гурван сая зургаан зуун наян зургаан мянга есөн зуу \-н төгрөг гаргуулж өгнө үү.

1. Үндсэн зээл: 45.500.000 \2020 оны 06-р сарын 28-наас 2020 оны 09-р сарын 28-н хүртэлх хүүгийн төлбөр 13.650.000/. 2020 оны 09-р сарын 28- наас 2020 оны 12-р сарын 17-ны хүртэлх 78 хоногын алданги \45.500.000x0.5%= 227.500 төгрөг. 227.500 х78хоног= 17.745.000 төгрөг.

2. 2020 оны 4,5,6-р сарын хүүгийн төлбөр 12.550.000 төгрөг. 12.550.000x0.2% алданги= 1 өдрийн алданги 25.100 төгрөг.

2020 оны 06-р сарын 28-наас 2020 оны 12-р сарын 17-ныг хүртэл 169 хоног. 169х 25100 =4241900 төгрөг гэжээ.

Хариуцагч Ж.Н, С.С нар анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэг: 2018 оны 05 сарын 26-2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 115.420.000 төгрөгийг дансаар авч 156.599.000 төгрөг болгон төлсөн. Илүү төлсөн дүн 41.179.000 төгрөг. Үүнээс дансаар буюу бэлэн бус шилжүүлгээр төлсөн 109.800.000, бэлнээр 47.298.500 төлсөн.

Хоёр: 2019 оныг 2 тусд нь задалж харуулъя, яагаад гэвэл нэхэмжлээд байгаа 45.500.000 төгрөгөөс 40.000.000 төгрөгийг тодруулбал: 2019 оны 06 сарын 16-нд 20 сая төгрөгийг авсан. 2019 оны 01 сарын 15-нд 30.000.000 төгрөгийн үлдэгдэл 20.000.000 төгрөг байгаа гэж Ө.Хашбилэг надад ам тооцоо хэлж байсан. Мөнгө гэж хэлсэн үед шаардуулахгүй төлөөд байгаарай гэж хэлсэн. Хүү гэж тодорхой яриагүй. Энэ үед нарийн тооцоо хийгээгүй учир 30.000.000 төгрөгөөс хэд нь төлөгдсөнийг сайн мэдэхгүй байсан. Гэтэл дансны хуулгаас төлсөн мөнгийг тооцоход 2019 оны 01 сарын 03-наас 2019 оны 06 сарын 15 хүртэл 30 сая төгрөг бусад мөнгө нийлээд бүгд 54.750.000 төгрөг авч 47.346.500 төгрөгийг төлж /-7223500/ төгрөг дутуу тооцоо гарч байна. Энэ нь нэг ёсондоо 30 сая төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл юм.

2019 оны 06 сарын 16-нд 20.000.000 төгрөгийг авсан өдрөөс 2019 оны 09 сарын 16-ны өдөр хүртэл 38.100.000 төгрөгийг төлсөн. Үүний 18.700.000 төгрөг нь дансаар, 19.400.000 төгрөг нь бэлэн мөнгөөр төлөгдөж. Нийт 18.100.000 төгрөг илүү төлөгдсөн байна.

2019 оны 09 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 26.800.000 төгрөгийг дансаар авч 40.200.000 төгрөг төлснийг 27.900.000 төгрөгийг дансаар төлсөн. 12.300.000 төгрөгийг бэлэн мөнгөөр, нийт 13.400.000 төгрөгийг илүү төлсөн.

2020 оны 01 сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 сарын 27-ны өдөр хүртэл 12.500.000 төгрөгийг дансаар авч 48.200.000 төгрөг төлснөөс 28.700.000 төгрөгийг дансаар бэлэн бусаар, 19.500.000 төгрөгийг бэлнээр төлсөн. Нийт 35.700.000 төгрөг илүү төлсөн.

Гурав: Эдгээр тооцооллыг нийт дүнгээр нь авч 2018 оны 05 сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл нийт 127.920.000 төгрөг авч 204.799.000 төгрөг төлсөн. Үүний 138.500.000 төгрөгийг дансаар , 66.798.500 төгрөгийг бэлнээр төлсөн нь нийт 76.798.500 төгрөгийг үндсэн зээл дээр нэмэгдүүлэн төлсөн байгаа нь Ө.Х, Хашбилэг нарт учруулсан хохирол байхгүй харин ч нийтдээ 76.879.000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна.

Дөрөв: Авсан мөнгийг хэлсэн ёсоор шаардсан тухай бүрд хэлсэн хэмжээгээр төлж байсан. Гэтэл 2020 оны 02 сарын 06-нд 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр нөхөн гэрээ хийснийг бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Тав: Ө.Х нь бэлэн мөнгөөр авсан мөнгөндөө хүлээн авсан тухай баримт бүртгэл хөдөлдөггүй, мөн төлсөн мөнгөний тооцоонд огт оруулаагүй байгаа нь санаатай зүйл юм аа.

Зургаа: Бид 2020 оны 02 сарын 06-ны өдрөөс өмнө хүү төлөх нь тодорхой бус хуваарь тооцоолол байхгүй учир тэдний шаардсанаар төлж байсан.

Долоо: Бид дээрх мөнгийг төлөхдөө өөрсдийн бүх орлогоо мөн дээр нь хүмүүсээс мөнгө зээлж төлж байсаар эцэстээ төлбөрийн чадваргүй болоод зогсохгүй их хэмжээний мөнгөний өрөнд орж шүүхийн шийдвэр гарч Ж.Нийн өмчлөлд байсан Прадо 120 суудлын жип автомашинаа 20.000.000 төгрөгт хураалгасан. Мөн одоо нэлээн их хэмжээний өглөг шүүхийн шийдвэр гарсан байгаа нь зээлдэгчийн эрхийг маш дордуулсан гэж болно байхаа. Дээрх байдал нь бид үндсэн зээл гэх 45.500.000 төгрөг, хүү 26.200.000 төгрөг, алданги 21.986.900 төгрөг нийт 93.686.900 төгрөгийг төлөхөөр хүлээн төлөх үндэслэлгүй болно. Иймд илүү төлсөн 76.879.000 төгрөгийг буцаан олгоно уу..гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үндсэн зээл 45.500.000 төгрөг, зээлийн хүү 13.650.000 төгрөг, 78 хоногийн хүүгийн алданги 17.745.000 төгрөгүүдийн нийлбэр нийт 76.895.000 төгрөг төлөхийг зөвшөөрвөл эвлэрэх саналтай байна. 2018 оноос эхлэн Ж.Н, С.С нар нь хүүтэй мөнгө зээлж авч байсан. Зээлийн хүү болон үндсэн зээлээ цаг хугацаандаа төлдөг байсан тул үргэлжлүүлээд зээл өгдөг байсан. Сүүлийн 5,6 дугаар саруудын зээлийн хүүгээ өгөөгүй боловч нэг суманд ажиллаж амьдарч байгаа тул 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулаад их хэмжээний мөнгийг зээлсэн боловч зээлээ төлөхгүй байсан учир манай зүгээс хохиролд орсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага бүхий 93.686.900 төгрөг гаргуулах, мөн өмгөөллийн хөлс 4.000.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хүсэлтэй байгаа. Хариуцагч нь дансаар 115.420.000 төгрөгийн зээл авсан гэж байгаа боловч манайхаас дансаар гарсан зээл 133.820.000 төгрөг, бэлнээр 20.000.00 төгрөг, 10.000.00 төгрөг, 300000 төгрөг авсан бөгөөд нийт 166.120.000 төгрөг зээлж авсан байдаг. Хариуцагч С.С нь зээл авахдаа приүс-30 маркийн машинаа хашаанд байршуулсан боловч зээлийн хүү 4.000.000 төгрөг авчирч өгөөд машинаа авч байсан. Хариуцагч талаас 139.200.000 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлөлт юм. Гэрээ байгуулахдаа хоёр тал харилцан зөвшөөрөөд гарын үсэг зурсан, дарамт шахалтаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2018, 2019 оны зээлүүд энэ нэхэмжлэлд хамааралгүй, сүүлийн байгуулсан гэрээн дээр үндэслэн нэхэмжилж байгаа. Хариуцагч тал бол өмнөх зээлээ төлж дуусаагүй үлдэгдэлтэй байхад дахин дээрээс нэмж зээл авч байсан. 50.000.000 төгрөг бол үндсэн зээлийн үлдэгдэл байгаа, хүү огт тооцоогүй. Үүний дараа хариуцагч талаас 10.000.000 төгрөг эгүүлэн төлөөд, дахин 5.500.000 төгрөгийн зээл авсан байдаг юм. Бид гэр бүлээрээ Өлзийт суманд ломбардын үйл ажиллагаа явуулдаг, энэ эх үүсвэрээсээ зээл олгож байсан. 2018 оноос хойш олгосон зээлийн гэрээ, баримтууд бүгд байгаа. Бид нэхэмжлэл гаргахдаа ломбард гэдэг утгаар биш иргэний журмаар мөнгө зээлсэн гэсэн утгаар иргэд хоорондын гэрээ байгуулсан тул нэхэмжлэл гаргахдаа Ө.Хы нэрээр гаргасан. Одоо энэ нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ ломбардыг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, хуулийн этгээдийн эрхтэй эсэх, хэн төлөөлөх зэргийг би мэдэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэжээ.

Хариуцагч С.С анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2.700.000 төгрөг, 1.820.000 төгрөг эхлэн авч 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 127.920.000 төгрөг зээл авсан бөгөөд эргүүлж 204.799.000 төгрөг болгон төлсөн байдаг. Эдгээрийг сар жилээр тусгайлан тооцвол 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 115420 төгрөгийг дансаар авч, эгүүлэн 156.599.000 төгрөг төлсөн. Үүнээс 109.800.000 төгрөг бэлнээр, 47.298.500 төгрөг дансаар тус тус төлсөн. Ө.Хы нэхэмжилж байгаа 45.500.000 төгрөг нь дараах тооцооллоор төлөгдсөн байгаа. Зээлсэн мөнгөө тухай бүр хэлсэн хэмжээгээр төлсөн нь зээлийн илүү төлсөн бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 10 хувийн хүүтэй нөхөн гэрээ байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн 20.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр зээлсэн 30.000.000 төгрөгүүдийн үлдэгдэл 40.500.000 төгрөг байсан.

Мөн Ө.Х нь бэлнээр авсан мөнгөндөө баримт үйлддэггүй, төлсөн мөнгөний тооцоондоо оруулаагүй байгаа нь санаатай үйлдэл юм. Бид 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө зээлж байгаа мөнгөний хүүгийн талаар ярилцаж байгаагүй, шаардсан төлбөрийг тухай бүр төлж байсан. Бид зээлээ төлөхдөө өөрсдийн бүх орлого, хүнээс мөнгө зээлж өгч байсан бөгөөд эцэстээ төлбөрийн чадваргүй болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, илүү төлсөн дүн 79.879.000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Энэ бүх мөнгийг бид өөрсдийн эрхэлдэг үйл ажиллагаа болох дулаан үйлдвэрлэлийн буюу уурын зуухны санхүүжилтэд хэрэглэж олсон орлогоос төлбөрийг тухай бүр төлж байсан. Энэ уурын зуух нь Өлзийт суманд үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн хөрөнгө юм. Гэрээ хийхдээ хувь хүний нэрээр хийж байсан тул хуулийн этгээд буюу хоршоо, уурын зуух энэ асуудалд хамааралгүй, Н бид хоёр хариуцахаар бол хариуцах ёстой юм. Х, Х нар нь Өлзийт суманд ломбардын үйл ажиллагаа явуулдаг тул бид мөнгө зээлдэг байсан. Хамгийн сүүлд хийсэн 50 сая төгрөгийн хэлцэл хийснээс хойш 16 сая төгрөг төлсөн нь үнэн. Яагаад гэвэл бид өмнөх тооцоогоо нарийн хийгээгүй байсан тул ийм хэмжээний үлдэгдэлтэй гэж бодож байсан. Гэрээ, хэлцэл хийхдээ олуулаа ирээд орилж хашигчиж байгаад хийдэг байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.. гэжээ.

Хариуцагч Ж.Н анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй болно.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Н, С.С нараас зээлийн гэрээний төлбөр 39.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54.186.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626385 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н, С.С нараас улсын тэмдэгтийн хураамж 355450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Хд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны 131/ШШ2021/00172 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Х би давж заалдах гомдол гаргаж байна.

Болсон үйл байдлын талаар:

Ж.Н болон түүний ээж С.С нар нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн Ө.Хаас хүүтэйгээр мөнгө зээлж авдаг байсан. Энэ 2 хүн зээл авах эхэн үедээ үндсэн зээл болон хүүг цаг тухайд нь өгч итгэлийг нь олж авсан.

Ингэж итгэл төрүүлж байгаад зээлийн хэмжээгээ ихэсгэж хүүтэйгээр мөнгө зээлж авчихаад 2020 оны эхэн үеэс буцаан төлөхөө больсон юм. Зээлдүүлсэн мөнгөө буцаан авах талаар олон удаа шаардаж байсан ба тэд хэлэхдээ: “ удахгүй өгнө, халуун ус, уурын зуух ажиллахаар өгнө, барьцаа хөрөнгө сулрахаар өгнө” гэх мэт шалтаг тоочсоор, сүүлдээ уулзахгүй, утсаа авахаа больсон юм.

Үүний дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Ө.Х нь Ж.Н, С.С нартай уулзаж зээлээ буцаан төлөхийг шаардсан ба энэ гурав нотариатч дээр очиж төлбөр барагдуулах тухай хэлцэл хийсэн.

2020 оны 02 дугаар сарын 06-ний өдөр хийсэн “төлбөр барагдуулах тухай” хэлцлийн 1 дэх заалтыг шүүхээс анхааран үзэхийг хүсч байна.

Энэ заалтад Ө.Хаас 2018 оноос өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээгээр зээл авч байсан бөгөөд уг зээлийн хүүг төлж, үндсэн төлбөр нь өнөөдрийн байдлаар 50.000.000 төгрөг болсон бөгөөд уг харилцааг төлбөр барагдуулах хэлцлээр зохицуулна. Гэж тохирсон байгаа. Үүгээр зээлийн үндсэн төлбөр 50.000.000 төгрөг байсан нь нотлогдож байгаа болно. Энэ гэрээ хэлцлийг хийснээс хойш энэ хоёр хүн зээл болон хүүгээ төлөх санаачлага, үйлдэл хийгээгүй утсаа авахгүй, уулзахгүй байсан.

Бид зээл болон хүүгээ шаардсанаар цувруулан 10.000.000 төгрөг төлсөн байдаг. Мөн ахин 5.500.000 төгрөг нэмж зээлж авсан юм.

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн гэрээнд тусгагдсан 45.500.000 төгрөг бол тэдэнд зээлдүүлсэн үндсэн мөнгө юм. Үүнд ямар нэгэн хүү алданги тооцоогүй болно. Энэ гэрээг Ж.Н өөрөө бичсэн бөгөөд тэд нотариатч дээр өөрсдийн биеэр очиж үл маргаж зорилгоор баталгаажуулсан нь үнэн. Ө.Х нь зээл өгөх бүрдээ бичгээр гэрээ хийж , нотариатчаар баталгаажуулж байсан. Нэхэмжлэх үндэслэл болсон гол чухал гэрээ, хэлцэлээ шүүхэд гарган өгсөн болно. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн яриад байгаа шиг гэрээ байгуулахгүйгээр зээл өгсөн нэг ч тохиолдол байхгүй болно. Бүх гэрээ талуудын харилцан тохиролцсоны дүнд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Мөн хариуцагч С.С шүүх хурал дээр 79 сая төгрөг илүү төлсөн гэж хэлснийг зөвшөөрөхгүй байна. Жишээлбэл: 522523995 шилжүүлсэн 62.000.000 төгрөг, 5244111560 гэх дансруу шилжүүлсэн мөнгөнүүд гэх мэт 62 саяаас 70 гаруй сая төгрөгийн гүйлгээг аваагүй болно. Учир нь бид ийм данс эзэмшдэггүй.

Ж.Н, С нар тайлбартаа мөнгө авч өгч байгаагүй гэсэн байгаа боловч манайхаас 32.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн болохыг гэрчийн мэдүүлгээр баталгаажуулсан. Харин Хариуцагч нар нэг удаа 4 сая төгрөг бэлнээр авч ирж өгсөн өөрөөр бэлэн мөнгө өгч байгаагүй.

Хариуцагч нарын дансны хуулгаас харахад тодруулсан мөнгөн дүнгүүд манайхтай хамааралгүй их олон хүний данс тодруулан зурсан мөн манай харилцах дансгүй зарлагын мэдээллүүдээ манайд өгсөн мэтээр тэмдэглэж баримт хуурамчаар үйлдсэн байна.

Хариуцагч нар тайлбартаа анхнаасаа 50 сая төгрөг аваад цувруулж төлж дууссан мэт ярьж байгаа боловч эдгээр хүмүүстэй харилцаж эхэлсэнээс хойш нийт 166.120.000 төгрөгийг зээлүүлсэн ба энэ дүнд ямар нэгэн хүү ороогүй үндсэн зээлийн дүн юм. Харин хариуцагч нараас 126.100.000 буцаан авсан байдаг бөгөөд энэ нь хүү болон үндсэн зээлийн төлөлт юм. Энэхүү зээл өгсөн болон төлсөн мөнгөн дүн нь шүүхэд өгсөн хаан банкны дансны хуулгаар баталгаажсан байгаа.

Шүүхийн шийдвэрийн талаар:

Шүүхээс зохигчдын хооронд бичгээр байгуулсан 2020 оны 06 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шинж болох зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна.

Учир Ж.Н, С.С нарт өмнө нь 40.000.000 төгрөг өгчихсөн байсан, үүн дээр нэмж 5.500.000 төгрөгийг зээлдүүлсэн болохоо нэхэмжлэл, тайлбар гэх мэт бүх зүйл дээр хэлсэн, ярьсан

Бидний хооронд үүсэн асуудал харилцаа нь иргэний хуулийн 39 дүгээр зүйл 39.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйл 41.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйл 189.1 дэх хэсэг, 198 дугаар зүйл 198.1 дэх хэсэг, 206 дугаар зүйл, 242 дугаар зүйл, 281, 282 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2021/00172 дугаартай шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Н, С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 10-ны өдрийн Дугаар 131/ШШ2021/00172 тоот шийдвэрт, Ө.Хы нэхэмжилсэнээр хариуцагч Ж.Н, С.С нараас зээлийн гэрээний төлбөр 39.500.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэл байна. Учир нь:

1. Ж.Н нь Х , Хашбилэг нараас 2018 оны 5 дугаар сарын 26 -ны өдрөөс 2020 он хүртэл хугацаанд нийт дүнгээр 127 920 000.00 төгрөгийг авч 192.299.000 төгрөгийг буцаан төлсөн, гэтэл Х, Хашбилэг нараас хэрэгт гарган өгсөн материалд С.С, Ж.Н нар нь 166.120.000 төгрөг зээлүүлсэн үүнээс: 133.820.000 төгрөгийг дансаар, /10.000.000+20.000.000 + 300.000/=30.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр зээлсэн, 139.200.000 төгрөг төлсөн гэсэн нь өгсөн авсан мөнгө зөрүүтэй. Энэ нь мөнгө өгсөн, авсан 2 талын хоорондын тооцоо таарсан байх ёстой байтал ийм зөрүүтэй байгаагаас нэхэмжлэгчийн шаардсан 40.000.000 төгрөгийг хариуцагч тал төлөх нь үндэслэлгүй Учир нь.

40 сая төгрөг нь 2018 оноос хойш төлөгдөөгүй байсан мөнгөний хүү гээд байгаа юм. Энэ хүүгийн 40 сая төгрөг дээр 12 сарын 31-ний өдөр зээлсэн 10 сая төг-ийг нэмээд 50 сая төгрөг гээд байгаа юм.

Энэ 40 сая төгрөгийг 2 талаасаа тооцоо нийлж баталгаажуулаагүй.

2. 2018 оноос хойш зээлсэн мөнгөний гэрээг 100% бичгээр хийгээгүй. Хашбилэг Х нар нь Ж.Нид мөнгө зээлэхдээ 1 хоногийн 4%, энэ нь зөвхөн зээлийн хүү нь сард 120% буюу 2,8 дахин их болж байна. 8 хоногийн 10% ийн хүүтэй зээл энэ нь сарын 38-40% хувийн хүүтэй мөнгө зээлж байсныг нотлох баримтыг шүүх хурлын дараа олж авсан. Бусад зээлүүдэд гэрээ хийгдээгүй.

Жишээ нь: 2018 оны 6 сарын 11-ний өдөр 60 сая төгрөг зээлж аваад 12-ны өдөр ганцхан хоногийн дараа хүү тохироогүй гэрээ хийгдээгүй байсан.Гэтэл Хы 5225239935 дансанд 62 сая төгрөг болгож 1 хоногийн дараа 2 сая төгрөгийн хүү төлсөн баримт нь банкны хуулгаар нотлогдсон.

3. Мөн 30 сая төгрөгийг 2019 оны 01 сарын 15-ны өдөр 8 хоногийн 10 хувийн хүүтэй зээлээд 33 сая төгрөг болгож төлсөн, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 11.820.000 төгрөг Нийн 5103046873 дансны хуулгаар нотлогдоно. Харин 2019 оны 5 сарын 21-ний өдөр гэрээ хийхдээ 20 сая төгрөг зээлсэн болгож 8 хоногийн 10% хувийн хүүтэй төлөхөөр гэрээ хийгээд 8.180.000 төгрөгийг өгөөгүй байдаг. Бид шүүх хурал болсоны дараа эдгээр баримтыг олж авлаа.

Энэхүү 2019.05.21-ний өдрийн 20 сая төгрөгийн зээлийн гэрээг хавсаргав. /Нотлох баримт болох гэрээг хавсаргав /

Уг мөнгийг Ж. Н 2019 оны 6 сарын 04 ний өдөр 5103046873 тоот данснаасаа Ө.Хд 5244111560 дансанд 15.000.000 төгрөг төлсөн, 2019 оны 06 сарын 15-нд мөн Ө.Хы 5244111560 дансанд 8.000.000 төгрөг, ингээд бүгд 23.000.000 төгрөг болгож төлсөн нь Нийн ХААН банкны хуулгаар нотлогдоно./төлөлтийг хавсралт 2- н 1.2-р мөрөнд харуулав/

Бид ингэж өндөр хүүтэй богино хугацаатай мөнгө зээлж буцаан төлж байсан болохоор 2019 оны 6 сарын 16-нд Хашбилэгээс 20 сая төгрөгийг зээлсэн , хүү тохироогүй , гэрээ хийгээгүй байсан хэлсэн ёсоор удаахгүй төлж дуусгасан, төлөхдөө 2019 оны 06 сарын 15 ны өдрөөс эхлэн 2020 оны 04 сарын 06 хүртэлх хугацаанд 25 удаа нийт 71.900.000 төгрөг төлсөн нь баримт тооцоо банкны хуулгаар нотлогдож байгаа.

Ингээд 2019 оны 5 сарын 21 -ний өдрийн 20 сая төгрөгийн гэрээ хийж 11.820.000 төгрөг авсан, мөн оны 06 сарын 16-нд авсан 20 сая төгрөгөөс хойш Хашбилэг, Х нарт төлсөн мөнгөний жагсаалтыг хавсаргав. /Зээлийг төлсөн мөнгөний жагсаалтыг хавсралт 2-н, 3-25-р мөрөнд харуулав/

4. Бид Ө.Хаас нэхэмжлээд байгаа хүү болох 40 сая төгрөгийг нэхсэн хэмжээнд төлөхгүй байгаа шалтгаан нь дээр дурдсан /20сая+20сая = 40сая/ энэ мөнгийг бүр 2,5 дахин нугалаад төлчихсөн байгааг хавсралт 2, 3-д тодорхой харууллаа. Х ,Хашбилэг нар нь гагцхүү хууль бусаар, шахалтаар 2020 оны 02 сарын 06-ны өдрийн хэлцэлд гарын үсэг зуруулснаараа далимдуулж байна. Хэлцэлийн дараагаар хоёр талаасаа авсан өгсөн тооцоогоо нийлье хамт сууж тооцоо нийлье гэж удаа дараа хэлээд санаатайгаар тооцоо нийлэхгүй байсан.

5. Урд нь огт яригдаж байгаагүй, мөн нэг ч зээлийг бэлэн мөнгөөр өгч авч байгаагүй байтал Шүүхийн хэргийн материалд бэлэн мөнгөөр 10 сая, 20 сая, 300 мянган төгрөгийг өгсөн болгож тооцоонд оруулсан байгааг, шүүх өгсөн авсан тухай ямар ч нотлох баримт байхгүй , хэдэн сарын хэдний өдөр хэнд өгсөн, хэн авсан нь тодорхойгүй худал гүтгэлгийн чанартай байхад тэдний үндэслэлгүй тавьсан тоогоор үнэлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэтэл Х, Хашбилэг нар нь 2020 оны 02 сарын 06-ны өдөр гэнэтийн байдлаар тэдний шахалтаар хийсэн хэлцлийг үндэслэж 40 сая төгрөгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна

Бидний 2020 оны 02 сарын 06-ны өдөр хийсэн хэлцлийг Х Хашбилэг нарын дарамт шахалтаар гарын үсэг зурсан.

УЧИР нь : 2019 оны 12 сарын 31-ний өдөр Н Хашбилэгээс 10 сая төгрөгийг зээлэхэд барьцаанд тавьсан прусс 30 машинаа авах гээд 10 сая төгрөгийг бэлэнээр төлөөд машинаа авах гэтэл 2018, 2019 оны хүү болох 40 сая төгрөгийг төл тэгвэл машиныг чинь өгнө эсвэл гэрээ хэлцэл хий гэж барьцаалсан. Тийм учраас 40 сая төгрөгийг зээлж аваагүй байж авсан болгож хэлцэл хийсэн. Иймд энэ хэлцэл нь хууль бус юмаа. Энэ 40 сая төгрөгийг өгсөн авсан зүйл огт байхгүй.

Үүнийг шүүх шийдвэрлэхдээ 40 сая төгрөгийг зээлж авсан мэтээр ойлгож дээр нь 12 сарын 31-нд прусс машинаа барьцаалж зээлж авсан 10 сая төгрөг, 5.500.000 төгрөгийг нэмж 39.500 мян төгрөгийг биднээр төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Бид 2019 онд аваад төлөөгүй гээд байгаа 40 сая төгрөгийг 102,9 мян төгрөг болгож төлж 62,9 мян төгрөгийг хууль бусаар мөнгө хүүлж үндэслэлгүйгээр нэхэмжилсэн байна.

6. Бид 2020 оны 01 сарын 30-наас хойш 2019 оны 12 сарын 31-нд авсан 10 сая төгрөгийн төлөлтөөс гадна 38.200.000 төгрөгийг дахин нэмж төлсөнөөс оны дараа зээлсэн 7 сая төгрөгийн төлөлтийг хасахад 31.200.000 төгрөгийн төлөлт хийсэн нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоотой тохирч байхад шүүх 16.000.000 төгрөг төлсөн болгож шийдвэр гарсан. /Хавсралт № 3-д төлөлтийн түүвэрийг харуулав./

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь хариуцагч нартай 2018 оноос хойш тухай бүр гэрээ байгуулж зээл олгож байсан нь үнэн. Тухайн гэрээнүүд бол маргаж байгаа зүйл биш учир шүүхэд гаргаж өгөөгүй гэсэн нь хуулиа зөрчиж байна. Энэ өмнөх зээлийн гэрээнүүдийг хэрэгт авагдаагүй байгаа нь огт гэрээ хийгээгүй байна гэж үзэх ёстой. Хоёр талын маргааныг үнэн зөв шийдвэрлэх гол үндэс нь гэрээ шүү гэтэл зээл авсан тухай бүрийн зээлийн гэрээг хэрэгт авч нотлох баримтаар үнэлээгүй нь хэдэн хувийн хүү тооцож авдаг байсан нь нэхэмжлэгчийн бичгээр гаргасан болон амаар хэлж буй тайлбартай зөрж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр бодит үнэн зөв баримтад үндэслэгдээгүй байгаад гомдолтой байна.

8.Анхан шатны шүүх хуралд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Хээс , хариуцагчийн өмгөөлөгч *******ын одоо төлөөгүй гээд нэхэмжлээд байгаа 40 сая төгрөгийг өгсөн авсан гэрээ болон бусад зээлийн гэрээнүүд яагаад хэрэгт нотлох баримтаар авагдаагүй юм бэ энэ чинь гэрээ огт хийгдээгүй юм байна гэхэд 2020 оны 02 сарын 06-наас өмнөх зээлийн бүх гэрээ гүйцэтгэл хангагдсан учир хэрэгт өгөөгүй гэж хариулж байгаа нь ямар нэгэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл байхгүй байгааг харуулж байна. Ингэж 2019 онд аваад төлөөгүй гээд нэхэмжлээд байгаа 40 сая төгрөгийг 102.900.000 төгрөг болгон төлж , 62.900.000 төгрөгийг хууль бусаар хүүлсэн нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүхийн шийдвэр дахин төлүүлэхээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байнаа ШҮҮГЧИД ЭЭ.

Бид 62.900.000 төгрөгийг хууль бус хэмээн үзэж байгаа нь 2019 оны 5-р сарын 21-ний өдрийн гэрээнд өмнөх зээлийн төлөгдөөгүй хүүн дээр дахин зээл авсан болгож шинээр авсан зээлийн гэрээнд оруулж хоногоор хүү тооцож авсан, мөн 2019 оны 6 сарын 16-нд авсан зээлэнд гэрээ хийгээгүй хүү тохироогүй байтлаа Ж.Ноор 51.900.000 төгрөгийг илүү төлүүлсэн мөртөө 2020 оны 02 сарын 06-нд хууль бус хэлцэл хийж шахалтаар гарын үсэг зуруулснаар далимдуулж дахиж төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь дэндүү сувдаг шунахай хялбар аргаар баяжиж бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаа мөлжлөгийн хэлбэр байтал шүүх шударга шийдвэр гаргахгүй байгааг хүндэт шүүгчид та бүхэн анхаарч үзнэ үү.

9. Х нь төлөлтийг бэлэн мөнгөөр удаа дараа авч байсан баримтаа шүүхэд яагаад гаргаж өгөөгүй байгаа, мөн зээлийг нэг ч удаа бэлэн мөнгөөр өгч байгаагүй байтлаа / 20сая + 10 сая+ 300 мянга /= 30.300.000 төгрөгийг өгсөн хэмээн тооцоонд оруулж байгаа нь нотлох баримт байхгүй , хэдэн оны хэдэн сарын хэдэнд өгсөн талаар ямар ч сар өдөр байхгүй, гэтэл нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтгүйгээр хүлээн зөвшөөрч хэргийг шударга бусаар шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Бид Хаас 2019.05.21-нд зээлийг илүү төлсөн / 8.816.000 + 2019 оны 6 сарын 26 авсан зээлийг илүү төлсөн 83.100.000төгрөг /=91.946.000 төгрөгийг бидэнд гаргуулж өгөхийг хүсье. Хүндэт Шүүгчид та бүхэн бидний гаргасан нотлох баримт бүхий тайлбар, гомдлыг хүлээн авч шинжээчийн дүгнэлт гаргуулж үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч Ө.Х нь хариуцагч Ж.Н, С.С нараас зээлийн гэрээний үүрэг 93.686.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2021/00172 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Н, С.С нараас зээлийн гэрээний төлбөр 39.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 54.186.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626.385 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж , хариуцагч Ж.Н, С.С нараас улсын тэмдэгтийн хураамж 355450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Хд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Ө.Х нь Ж.Нид 2018 оны 5 сараас 2020 он хүртэлх хугацаанд өндөр хүүтэй мөнгийг бичгээр гэрээ хийхгүйгээр өгч авалцдаг байсан бөгөөд 2018 оноос хойш 2020 оны 06 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Ж.Н 127.920.000 төгрөгийг зээлээр авч 192.299.000 төгрөгийг буцааж төлсөн байдаг. Ж.Н 2019 оны 12 сарын 31-ний өдөр Ө.Хашбилэгээс 10.000.000 төгрөг зээлээр авахад түүний Приус -30 авто машиныг барьцаалсан байсан. 2020 оны 02 сарын 06-ны өдөр зээлсэн 10.000.000 төгрөгөө өгч машинаа авахаар ирэхэд нь 2019 оны зээлээс хүү төлөөгүй 40.000.000 төгрөгийн үлдэгдэл байна энэ мөнгөө төл гэсэн шаардлага тавьсан. Тэр үед Н өмнөх зээл төлөгдөж дууссан төлөхгүй гэхэд тэгвэл машиныг чинь өгөхгүй , чамтай гэрээ хийнэ, гэрээнд төлнө гэж гарын үсгээ зур, ээжийгээ гарын үсэг зуруул гэсэн. Ингээд 2020 оны 02 сарын 06-ны хэлцэл хийгдсэн. Энэ хэлцэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.гэсэн зээлийн гэрээний шаардпагад нийцээгүй. Бичгээр гэрээ хийгээгүй байж хүүгийн үлдэгдэл гэж 40.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг болгож хэлцэл хийсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл 40.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй байж хий мөнгө босгож хэлцэл хийсэн. Шүүх зээлийн гэрээний хүчинтэй байх нөхцлийг харгалзаж үзээгүй шийдвэрлэсэн. Үүнийг шүүх үнэлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нараас зээл түүний хүүгийн төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзсэнийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа. Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан гэх 2020 оны 06 сарын 12-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн атлаа хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаварыг шийдээгүй.

2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь заалтаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүй гэж зохицуулсан.

Зээлдүүлэгч Ө.Х, Ө.Х нар мөнгө зээлэхдээ өдрийн 8 хувийн хүүтэй сард 28 хувийн хүү тооцож мөнгө хүүлж үндэсгүйгээр хөрөнгөжсөн байдал дараах баримтаар нотлогдоно.

Тухайлбал :  Ө.Х 2018 оны 06 сарын 11-ний өдөр 60.000.000 төгрөгийг Ж.Нид зээлүүлж ганцхан хоногийн дотор буюу 2018 оны 06 сарын 12-ны өдөр 62.000.000 төгрөг болгож авсан. 2019 оны 05 сарын 21-ний өдөр 11.000.000 төгрөг зээлж аваад 20.000.000 төгрөг төлсөн баримтууд дансны орлого зарлагын хөдөлгөөнөөр батлагдаж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шалган тогтоогоогүй. Зохигчийн хооронд өрнөж байгаа өгсөн зээл буцаан төлсөн үйл баримтыг үнэн зөв тогтоогоогүй. Тухайлбал: Шүүх нэхэмжлэгч Ө.Хд Ж.Ноос нийт 16.000.000 төгрөгийг төлсөн болохыг тогтоосон. Харин 2020 оны 01 сарын 29-ний өдөр С.Сгийн данснаас зарлагадаж 2020 оны 01 сарын 30-ны өдөр С.С нь Ө. Хд бэлнээр өгсөн 5.500.000 төгрөг , 2020 оны 01 сарын 31-ний өдөр Ж.Нийн данснаас Ө.Хы 5244111560 тоот дансанд 2.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг / ХААН банкны хуулгаар харагдах/ 2020 оны 04 сарын 01-ний өдөр Ж.Н өөрийн биеэр Ө.Хд өгсөн 4.000.000 төгрөг / Ө.Хы авсан мөнгөний түүвэрт бичигдсэн / 2020 оны 04 сарын 16-ны өдөр шилжүүлсэн 7.700.000 төгрөг 22.200.000 төгрөг /дансны хуулгад байгаа/ нэхэмжлэгчид өгснийг орхигдуулсан. Ж.Нийн зээлсэн 10.000.000 төгрөг+ 7.000.000 төгрөг нийт 17.000.000 төгрөгийг тооцооноос хасаж тооцсон болно.

Шүүхийн шийдвэрт бичигдсэнээр Зохигчийн хооронд үүссэн 2018 оноос хойших зээлийн гэрээний харилцаа, төлбөр төлөлтийн байдлыг шалгах шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь: Талууд 2018 оноос хойш төлөгдөөгүй зээлийн хүү гэж 40.000.000 төгрөг дээр 2020 оны 02 сарын 06-ны өдөр өмнө авсан 10.000.000 төгрөгийг нэмж 50.000.000 төгрөг болгож хэлцэл хийснийг нотолгоо болгож шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний үүрэгт орсон 40.000.000 төгрөгийг хэзээ хэрхэн үүссэн, зээлийн хүү юмуу үндсэн зээл үү гэдгийг шалгах шаардлагатай байсан.

Хариуцагч Ж.Н, С.С нар зээлийн хүү хэт өндөр байгааг зөвшөөрөхгүй маргасаар ирсэн. Талуудын хооронд Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад хүүгээ дутуу төлсөн гэж үлдэгдэл хүүг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж дахин хүү болон хүүгээс анз тооцсон хэлцэл нь утга агуулгаараа хууль зөрчиж хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Хариуцагч нар хэт өндөр хүүгээр мөнгө хүүлснээс болж: одоо Ж.Н, С.С нарын бизнесийн үйл ажиллагаанд сөрөг байдлууд бий болсон. Тухайлбал: энэ компаний дансанд мөнгө байхгүй, өр зээл ихтэй болсон нь хэрэгт авагдсан банк бусад байгууллагуудын гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зээлийн гэрээний үүргийн 93.686.900 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ө.Хы нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Н, С.С, нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, хариуцагч Ж.Н, С.С, хариуцагч нарын өмгөөлөгч ******* нарын тус тус давж заалдах журмаар гаргасан гомдлуудад үндэслэн Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Н, С.С нараас зээлийн гэрээний төлбөр 39.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Хд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 54.186.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал зээлд илүү төлсөн 91.946.000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Хаас, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүргийн 93.686.900 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулахаар гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Ж.Н, С.С нарын тайлбарт хариу тайлбар гаргасан нэхэмжлэгч Ө.Хы 2021 оны 2 дугаар сарын19-ний өдрийн тайлбарыг хариуцагч нарт танилцуулаагүй, хариуцагч Ж.Н, С.С нарын нэхэмжлэлд тайлбар гаргасан гэх 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Хт танилцуулсан боловч тайлбарт хавсаргаж өгсөн нотлох баримтуудыг танилцуулсан эсэх нь тодорхойгүй, тухайн тайлбар бүрийг нөгөө тал эсэргүүцсэн тайлбар гаргасан байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмийн үндсэн дээр хэрэгжүүлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын эрх тэгш байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцэх зарчмаар хангах үүргээ биелүүлээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1.3-д хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. /хэргийн 64 дүгээр тал/

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Ө.Хы нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу нэхэмжлэлд тусгавал зохих Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ын шаардлагыг шалгахдаа маргааны гол үндэслэл болсон анх зээлдүүлсэн болон зээлж авсан төгрөгийн хэмжээгээр үндсэн зээл болон хүүг хэрхэн яаж тооцож нийт 93.686.900 төгрөгийн шаардлага гаргаж байгаа болохоо нэхэмжлэлд тусгаагүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 45.500.000 төгрөгийн үндэслэлээ нэхэмжлэлд бичээгүйг анхааралгүйгээр иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Мөн түүнчлэн иргэний хэрэг үүсгэсэн болон иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ орхигдуулан нэхэмжлэлийн шаардлагыг тухайн захирамжуудын удиртгал болон захирамжлах хэсгүүдэд бичээгүй нь учир дутагдалтай буюу үндэслэл тодорхойгүй эрхийн актууд гарчээ. /Хэргийн 20-22, 81-83 дугаар тал/

Хэргийн үйл баримтаас үзэхэд зээлдүүлэгч зээлд хэдэн төгрөг шилжүүлсэн, зээлдэгч хэдэн төгрөг зээлээр авсан болон тоо, тооцооллын тухайд бүхэлдээ маргаантай, хоорондоо тооцоо нийлээгүй байгаа тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ...тооцоо... зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээч томилох эрхээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хариуцагч нар болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2021/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч, хариуцагч талуудын гаргасан гомдол бүрд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасны дагуу давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тул хариуцагч нарын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.450 төгрөгийг төлөхөөс илүү төлсөн 269.935 төгрөг, нийт 625.385 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргаж, хариуцагч Ж.Н, С.С нарт олгож, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 54.186.900 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 428.884 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх байтал 355.450 төгрөг төлж, 73.434 төгрөгийг дутуу төлсөн байх тул гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авахдаа 36 ширхэг нотлох баримтыг хүлээн авч гомдлын хамт давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д “давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан хуулийн үзэл баримтлал нь давж заалдах шатны шүүх нотлох баримт авах эрхгүйг зөрчсөн хэдий ч хавтаст хэрэгт үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167. 1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШШ2021/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 625.385 төгрөгийг шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн сангаас буцаан гаргаж, хариуцагч Ж.Н, С.С нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Хы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.450 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 73.434 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Хаас гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Монгол Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Л.НЯМДОРЖ

Г.УЛАМБАЯР