| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00014/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Хохирогч Д.М түүний өмгөөлөгч Б.Ганбаатар
Хохирогч Ж.О
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 1722000460051 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, компьютерийн эх бэлтгэгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Угтаал сумын 2-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн Баатрууд овгийн Б.Э /РД:ЗВ92061113/ гэв.
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 3 дугаар багийн нутаг “Шагшуурга” гэх газарт 76-28 ДУА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Д.М, Ж.О, Э.Э нарыг дайрч улмаар Д.М-гийн биед хүнд, Ж.О, Э.Э нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017.08.24-ний өдөр 10 цагийн орчимд хүүхэдтэйгээ хамт айлын найранд очихоор “Шагшуурга” гэх газар руу явсан. Морь уралдуулаад морио цоллуулаад буцах болсон. Би өмнө Д.Мтэй морины наймаа хийхээр, битүү морь авахаар тохирсон байсан. Тэгээд Д.Мгийн гэрт очихоор болсон... Гэрт оронгуут Ц.Гантөмөр миний нүүр рүү цохиод авсан. Д.Энхбаатар Ц.Гантөмөрийг барьж аваад тэд гарсан. Тэднийг гадаа гарахаар нь би араас нь гарсан чинь Ж.О чи манай ахтай муудаж байсан гээд намайг алгадаад байхаар нь би Ж.Оыг түлхсэн чинь унаад өгсөн. Д.Энхбаатар манай эхнэрийг яаж байгаа юм бэ гээд цохьсон. Тэр хооронд Ц.Гантөмөр намайг цохиод, гараас татсан, өшиглөсөн, дэвссэн. Тэгэхээр нь би гутлынхаа түрийнээс морины хусуур гаргаж ирээд бүгдийг чинь хутгална гэсэн. Би босоод зугтаах санаатай хүүхдээ суулгаад машинаа асаатал Д.Э машины цонхноос барьсан. Араас нь Ц.Гантөмөр ирээд цээжээ машинд оруулж байгаад миний нүүр рүү цохьсон. Би урагшаа хөдлөх гэтэл Д.Энхбаатар машины толь бариад, руль бариад байхаар нь би хүчтэй арагшаа ухарсан чинь машины доороос хүүхдийн унадаг дугуй гараад ирсэн. Зогсоод машинаа эргүүлээд яваад өгсөн. Явж байтал Д.Э араас мотоцикльтой хүрээд ирсэн. Хүүхэд дайрчихлаа шүү дээ гэхээр нь би Д.Э-ыг дагаад Д.Мгийнд буцаад ирсэн. Намайг очиход Д.М, Ж.О нар газар хэвтэж байсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирогч О.Мөнхдүүрэнгийн нэхэмжилсэн 11 сая төгрөгийг 1 жил 2 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулна гэв.
2.Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017.08.24-ний өдөр Аман ус гэх газар Ц.Гантөмөрийнх гэдэг айл шинэ гэр барьж, морь уралдуулсан. Тэр өдөр Булганаагийн морь айрагийн 3-т давхиж, миний уралдуулсан морь 4-т хурдалсан. Бид хамтдаа нэг шил архи уугаад, морь сонирхохоор болсон. Дараа нь худгийн тэнд нэг шил архи нэмж уусан. Тэгээд манайх руу очихоор болоод би эхлээд явсан, Гантөмөр, Д.Энхбаатар нар миний араас явсан. Эд нар нилээд байж байгаад ирсэн. Манай гэрт орж ирээд муудаад байхаар нь манай эхнэр гэрээс гаргасан. Эд нар гадаа гараад морь ачих гэж байсан. Би морь ачихад нь туслах санаатай араас нь гарсан. Гараад хартал Б.Э жаахан согтуурхаад байсан. Отгонзулыг Б.Э алгадсан учраас Д.Э уурласан. Тэмүүжин 2 морь хөтлөөд машинд ачих гэж байсан. Би гэртээ орох гээд явж байтал хүүхэд дайрлаа гэхээр нь хартал Д.Э-ны машины ард Энхбаатарын хүүхэд байсан. Тэгэхээр нь гүйж очоод хүүхдийг нь авсан, түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Миний зүүн нүд харахаа больсон, толгой өвддөг болсон. Доргиож болохгүй, тэгвэл эрүүл нүдэндээ нөлөөлнө гэж эмч хэлсэн учраас би малаа маллаж чадахгүй, адуу хонио өөр хүнээр маллуулж байгаа. Эрдэнэбулганаас хохиролд 2200000 төгрөг авсан. Одоо Эрдэнэбулганаас хохиролд 11 сая төгрөг нэхэмжилж байна гэв.
3.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018.08.24-ний өдөр Аман ус гэх газар Гантөмөрийнх гэдэг айл шинэ гэр бариад, бид бөөнөөрөө очсон. Төгрөг гэх газарт бид нэг шил архи хувааж уусан. Архи уугаад би гэр рүүгээ явсан. Удалгүй эд нар морь ачаад манай гэрийн хажуугаар явсан. Хэсэг хугацааны дараа Д.М-гийн гэрт ортол морь ачаад хөдлөх гэж байгаа гэхээр нь араас нь гартал Б.Э миний өөдөөс уурлаад Ж.Оыг алгадсан. Би Б.Эыг бариад автал чи намайг тавь, би явлаа гэсэн. Машиндаа суугаад нилээд өндөр хаазлаад ухрахаар нь хажууд нь очоод рульнээс нь барьсан. Нэг мэдсэн эд нарыг дайрсан байсан. Хүүхдийн биеийн байдал одоо гайгүй байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
4.Хохирогч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 24-ний өдөр бид нар Гантөмөрийнх гэдэг айлын шинэ гэрийн найранд очсон. Биднийг Мөнхдүүрэнгийнд очих үед гэрт байсан хүмүүс маргасан байсан. Б.Э уурлаад намайг алгадаад авсан. Тэгж байгаад машиндаа ороод хаазлаад ухарсан. Манай хүүхэд ард нь байсан. Хүүхдээ машины тэндээс очоод авсан, би дайруулсан гэдгээ мэдэхгүй байна.Одоо миний уушиг хэржигнэж өвддөг, яс хугарсан талаараа өвддөг. 1 жилийн дараа миний ясанд хадсан хадаасыг авна гэсэн. Хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлсэн, баримтгүйгээр мөнгө зарцуулсан тохиолдол байгаа гэв.
5.Гэрч Ө.Отгонтөгсийн: “...Бид нар гэртээ ирээд нилээн удаж байхад Төмөрөө, Эрдэнэбулган хоёр араас ирсэн. Гэрийн гадаа хурдтай ирж тормослож зогсоод мотоциклио асаатай чигээрээ газар хажуугаар хаячихаад гэрт орж ирсэн. Мотоциклио аятайхан тавьж болдоггүй юмуу гэхэд дараагийн хүн нь унаад явна биз гэж хэлээд Эрдэнэбулган Төмөрөөтэй муудалцаад эхэлсэн. Хоорондоо муудалцаад барилцаж аваад нэг нэгнийгээ цохисон байх. Эрдэнэбулган унинд хавчуулсан байсан хөрөө бариад байхаар нь би уурлаж та нар явцгаа гэж хөөхөд Төмөрөө суугаад нөгөө Эрдэнэбулган гэх залуу гараад явсан. Тэгсэн Дүүрэн гарч морийг нь ачилцаж өгье гээд араас нь гарсан. Би араас нь дагаж гарахад Дүүрэн рүү дайраад байсан. Энхбаатарын машины ачаан дээрээс бэхэлгээний төмрийг нь авчихаад ална гээд хүмүүс рүү дайрахаар нь Энхбаатар дарж унагаад эхнэр Отгонзул нь төмрийг нь булааж авсан. Тэгээд босгосон чинь машинруугаа очоод суусан юм, урагшаа хөдлөөд явах гэж байгаа юм болов уу гэж бодтол арагшаа ухраад Энхбаатарын хүүхдийг кузовоороо саваад унагачихсан. Тэгтэл Отгонзул, Мөнхдүүрэн 2 хүүхэд дайрчихлаа гээд 2 талаас нь гүйгээд очтол дахиж арагшаа ухраад хоёуланг нь дайрчихсан. Энхбаатар гүйж очоод машины жолоон дээрээс нь барьж зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
6.Гэрч Ц.Гантөмөрийн: “...Тэгээд машинтай хүмүүс нь түрүүлж хөдлөөд би Эрдэнэбулган гэх залуутай мотоцикльтой үлдсэн. Тэгээд явах гэтэл Эрдэнэбулган намайг цохиж аваад нүүрээ дараад суутал цээж рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би миний дүү ахыгаа яагаад зодоод байгаа юм бэ гээд гуйж байгаад мотоциклийн ар дээр нь суугаад Мөнхдүүрэнгийн гэрт очсон. Дүүрэнгийн гадаа мотоциклийг нь талаар нь хаячихаад /асаалттай/ гэрт орж ирээд надтай дахиж муудалцаад заамдалцаж байтал Дүүрэнгийн эхнэр бид 2-ыг хөөхөд Эрдэнэбулган хөрөө барьж ална шүү гээд хөрөө далайгаад байсан. Гэрт сууж байтал Мөнхдүүрэн, Энхбаатар 2 морийг нь ачилцъя гээд гарсан, би гараагүй гэрт үлдсэн. Гэтэл Отгонтөгс хашхирахаар нь гүйгээд гартал Энхбаатар, Эрдэнэбулган 2 зууралдаад байж байсан. Тэгээд Дүүрэнгийн гэрийн гадаа бид 2 зогсож байтал Эрдэнэбулган машинруугаа гүйгээд явж байгаад хөдлөх шиг болсон, би тэр хооронд хаашаа яаж хөдөлсөн гэдгийг нь мэдэхгүй, анзаараагүй. Тэгтэл хүмүүс хүүхэд дайрчихлаа гээд гүйлдээд машины ар тал руу очтол арагшаа ухраад Мөнхдүүрэн Отгонзул нарыг дайраад машин нь дээр нь гарчихсан. Буцаж урагшаа хөдлөөд дахиад дээгүүр нь гарчихсан. Би Мөнхдүүрэн дээр очоод битгий хөдөл гэж хэлээд эмнэлэг иртэл дэргэдээс нь холдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
7. Гэрч Д.Энхбаатарын : “...Дүүрэнгийн гэрт очиход Төмөрөө Эрдэнэбулган нар хоорондоо муудалцсан байдалтай сууж байсан. Эрдэнэбулган гарч морио ачъя, явна гээд гэрээс гарахад Мөнхдүүрэн араас нь морийг нь ачилцъя гээд гарсан. Би хийж өгсөн хултай айргийг уучихаад удалгүй араас нь гарсан. Юунаас болж алж хядна гээд байсныг нь мэдээгүй. Машины ачааны өндөрлөгөөний төмөр барьчихсан орилоод байхаар нь би эхнэртэйгээ хамт нийлж байгаад төмрийг нь булааж авсан. Тэгтэл гэнэт машинруугаа гуйгаад ална аа гээд орилсон. Тэгээд машинаа асаагаад хойшоо хүчтэй хөдөлсөн. Тэгтэл манай эхнэр хүүхэд дайрчлаа гээд гүйтэл хойшоо ухраад Мөнхдүүрэн, Отгонзул 2 машин доор ороод явчихсан. Би тэр үед машинынх нь хойно зогсож байгаад гүйж очоод жолоо барьж байсан гарнаас нь юутай хээтэй нь татсан, тэгтэл машин нь тэр доороо эргээд байсан. Би нилээн чангааж байгаад гарыг нь тавьтал хойшоо зугтаагаад давхиад явсан, би араас нь мотоцикльтой хөөж гүйцээд хүн дайрчихлаа зогс гэж байж зогсоогоод буцаад аваад очсон...” /хх-ийн 30-31, 35-36/
8. Гэрч С.Тэмүүжингийн: “...2017.08.24-ний өдөр Мөнхдүүрэнгийн гэрт очоод айраг уугаад сууж байтал 20-30 минутын дараа Төмөрөө Эрдэнэбулган 2 араас ирсэн. Орж ирэхэд нь айраг хийж өгөөд байж байтал Төмөрөө босож ирээд Эрдэнэбулганыг цохиод авсан. Тэгээд тэндээ тэр 2 зууралдаж байгаад Мөнхдүүрэнгийн эхнэрт хөөгдөөд гарсан. Гадаа гараад дахиад зууралдаж ноцолдоод байсан. Тэгтэл Энхбаатарын авгай Отгонзул, Эрдэнэбулганруу дайраад “чи муу миний ахтай мууудалцаж байсан биз дээ” гэх зэргийн юм яриад байсан. Энхбаатар бид 2 салгах гээд нилээн үзсэн дийлдэхгүй байсан. Тэгтэл Эрдэнэбулган, Отгонзулыг түлхээд унагасан чинь Энхбаатар авгайгаа өмөөрөөд Эрдэнэбулган руу дайраад зууралдаж ноцолдоод эхэлсэн. Би уяан дээр байсан морийг нь ачих гэж очоод уяаг нь тайлж байтал 1 морины уяа нь тайлагдахгүй байсан. Тэгтэл Эрдэнэбулганы машин нь ассан. Тэгээд хартал морины уяаны урд, баруун хойшоо хараад зогсож байгаад зүүн урагшаа ухраад, ухарсан чигээрээ зүүн гар тийшээ тойроод уяаны баруун талаар хойд зүгт ширүүн давхиад явсан. Тэгтэл урдаас 2 хүн гүйж ирээд эмээл юмуу гэмээр зүйл шидчихээд гүйгээд явтал морь үргэж зулраад алдчихсан. Тэгтэл урд хүн дайрчихлаа гээд л хашхирсан, гүйгээд очтол Мөнхдүүрэн, Отгонзул нар газар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/
9. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.09.04-ний өдрийн №11108 тоот дүгнэлтэд: Мөнхдүүрэнгийн биед тархи доргилт, зулай яс зүүн гойморын хөндийн дотор хана, дал ясны хугарал, цээжний баруун талын 1,2,4,5,6,7-р хавирга, зүүн талын 1,3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн хий, шингэн хуралдалт, зүүн уушигны бүрэн бус авчийлт, зүүн уушигны няцрал, цээжний арьсан доорх хий хуралдалт, зулайн хуйх, эрүү, уруул, зүүн чих, цээж баруун зүүн бугалга, шууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, 1 шүдний хугарал, нуруу, цээж, зүүн бугалганы зулгаралт, зүүн сарвууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 45-46/
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.12.04-ний 1295 дугаартай дүгнэлтэд: Д.Мгийн зүүн нүдний алимны хүнд зэргийн доргилт, зүүн нүдний хараа бууралт /хараа-0.04/ бүхий гэмтэл тогтоогдлоо.
- дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын 35 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Цаашид нүдний хараа сайжрах эсэх ба ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 208-209/
11. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.09.04-ний өдрийн 11109 тоот дүгнэлтэнд: Отгонзулын биед тархи доргилт, цээжний зүүн талын 2,3,4,5,6-р хавирганы хугарал, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, эрүү, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гуя, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 47/
12.Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.08.28-ны 10995 тоот дүгнэлтэд: Б.Эы биед зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 49/
13. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017.09.11-ний өдрийн 11539 тоот дүгнэлтэд: Э.Эгийн биед баруун, зүүн умдаг ясны дээд салааны далд хугарал, баруун сарвуунд сорви гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 60/
14. 2017.11.09-ний өдрийн 78 дугаартай Дундговь аймаг дахь Замын Цагдаагийн тасгийн дүгнэлтэд:
- Hyundai Porter маркийн 76-28 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баярсайхан овогтой Эрдэнэбулган нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Хохирогч Д.М, Э.Отгонзул, Э.Э нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна.
- Hyundai Porter маркийн 76-28ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баярсайхан овогтой Эрдэнэбулган нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 бусдын хөдөлгөөнд саад учруулахаагүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
- Hyundai Porter маркийн 76-28 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Баярсайхан овогтой Эрдэнэбулганы буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол гарсан үндэслэл тогтоогдож байна /хх-ийн 65/
15.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 3 дугаар багийн нутаг “Шагшуурга” гэх газарт 76-28 ДУА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Д.М, Ж.О, Э.Э нарыг дайрч улмаар Д.М-гийн биед хүнд, Ж.О, Э.Э нарын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд Б.Эыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дугаар зүйлд заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтай гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Ж.О, Э.Э нарын биед хүндэвтэр, Д.Мгийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгж буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор биелүүлэхээр тогтоож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах хязгаарлалтын арга хэмжээ тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Мөнхдүүрэнд 2200000 төгрөг, хохирогч Ж.О болон насанд хүрээгүй хохирогч Э.Э нарт 1600000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Хохирогч Д.М нь эмчилгээ болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршигын хохирол гэж мөрдөн байцаалтын шатанд 2.200.000 төгрөгийн, шүүх хуралдаанд 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн буюу нийт 13.200.000 төгрөгийн баримтыг ирүүлж, шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжилжээ.
Үүнээс шүүгдэгч Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 2.200.000 төгрөгийг хохирогч О.М-нд төлж барагдуулсан ба шүүх хуралдаанд хохирогч О.Мөнхдүүрэн нь 11.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Хохирогч Д.Мгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтыг судалж үзэхэд 11.118.850 төгрөгийн баримт байх боловч хохирогч О.Мөнхдүүрэн шүүгдэгчээс 11 сая төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тайлбарыг гаргаж байна.
Хохирогч Д.Мгийн шүүхэд гаргаж өгсөн эмчилгээ болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаархи нотлох баримтыг судалж үзээд шүүгдэгч Б.Эаас 10.498.950 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож, хохирогч Д.М-гийн нэхэмжлэлээс 501050 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Хохирогч Д.М болон түүний өмгөөлөгчөөс 612900 төгрөгийн эм тариаг авсан зарлагын баримтыг ирүүлсэн ба дээрхи эм тариаг 1 жилд 2 удаа хийлгэнэ гэж нэхэмжилж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул 501050 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч Ж.О нь шүүх хуралдаанд 3 сая төгрөгийн зардал гарсан, үүнийг нэхэмжилнэ гэсэн ба шүүгдэгч Б.Э нь хохиролд 1.600.000 төгрөгийг төлсөн байна.
Хохирогч Ж.О-ын болон насанд хүрээгүй хохирогч Э.Эгийн эмчилгээний талаархи хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд нийт 1.239.789 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Э нь хохирогч Ж.О, насанд хүрээгүй хохирогч Э.Э нарт учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Иймд хохирогч Ж.Оын нэхэмжлэлээс 1.400.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь шүүхээс хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Эаас нэхэмжлэх эрхтэйг болохыг зааж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Мд учирсан гэм хорын хохирлыг 1 жил 2 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан 2019 оны 05 сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баатрууд овгийн Б.Э-ыг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.17 дугаар зүйлд заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтай гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Ж.О, Э.Э нарын биед хүндэвтэр, Д.Мгийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар долоон зуун нэгжээр буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4-т зааснаар шүүгдэгч Б.Э-д ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах хязгаарлалтын арга хэмжээ тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Эыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор биелүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Мөнхдүүрэнд 2200000 төгрөг, хохирогч Ж.О болон насанд хүрээгүй хохирогч Э.Э нарт 1600000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 10.498.950 төгрөг гаргуулан хохирогч Д.Мд олгож, хохирогч Д.М-гийн нэхэмжлэлээс 501050 төгрөгт холбогдох хэсгийг, хохирогч Ж.Оын нэхэмжлэлээс 1400.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М, Ж.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Энхбаатар нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн болон цаашид гарах эмчилгээний зардлын талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Э-аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
9. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Мд учирсан хохирлыг 2019 оны 05 сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тогтоосугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ