| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0444/З |
| Дугаар | 128/ШШ2025/0446 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2025/0446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: С ХХК /РД:*****/,
Хариуцагч: Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Б нарын хоорондын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Ээ, хариуцагч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын улсын ерөнхий байцаагч Б.*****ын баталсан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/07 дугаар удирдамжаар...ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус...ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийх,...ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл авсан эсэх, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлсөн эсэх, худаг гаргах зөвшөөрөл авсан эсэх, тоолууржуулсан эсэх, ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавигдах шаардлагын хэрэгжилт,...хууль бусаар ус ашиглалттай холбоотой...хяналт шалгалтын хүрээнд мөн өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гүйцэтгэхээр шийдвэрлэсний дагуу Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ***** дүүргийн 11 дүгээр хороонд орших С**** **** ХХК-нд хяналт шалгалт хийсэн.
2.2. Уг хяналт шалгалтын явцад, цанын бааз, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй С**** **** ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ зөвшөөрөлгүй ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 00 минутад илрүүлснээр тэмдэглэл үйлдсэн,
2.3. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үзлэг хийж, Үйлдвэрлэлийн зориулалтаар 4 худаг ашигладаг. №47 53 29.173 Е107 2 13.165 худаг дээр усны тоолууртай, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр баталгаажуулсан, унд ахуйн зориулалтаар 1 худаг ашигладаг. №47 53 29.100, E107 2 13.119 худаг дээр усны тоолууруудыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр баталгаажуулсан. 2023, 2024 онд ус ашиглах гэрээ зөвшөөрөлгүй үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан нөхцөл байдал...-ыг тогтоосон,
2.4.Эрх бүхий албан тушаалтны, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай тогтоолоор ...***** дүүргийн 11 дүгээр хороо, цааны бааз, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй С ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ зөвшөөрөлгүй ашигласан усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөрийн хэмжээг шинжилгээ хийлгэхээр Усны газрын Усны нөөцийн хэлтсийн усны үнэ, тариф, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн А****ыг шинжээчээр томилсон,
2.5.Усны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/825 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбарын хяналтын газарт ..."С" ХХК нь 2022 оноос хойш усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашиглаж үйл ажиллагаа явуулсан байна, иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу усны нөөцөд учирсан хохирлын үнэлэн хавсралтаар хүргүүлж байна. гээд Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ Χнт=0.9*1*8550 төг/м*146.4 м/хон*292 хоног = 328,952,016 төгрөг, Χнт-328,952,016 (Гурван зуун хорин найман сая есөн зуун тавин хоёр мянга арван зургаан төгрөг)-ийн усны нөөцөд учирсан хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлнэ. Тайлбар: Зөвшөөрөлгүй ашигласан усны хэмжээг ашиглаж байгаа тоолуурын заалт, ажилласан хоногийн тоог "Н****" ХХК-ийн боловсруулсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн төслийг тус тус үндэслэл болгов гэх хавсралтыг хүргүүлсэн,
2.6.Хариуцагч Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Б 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсаар ...Холбогдогч С ХХК-ийн үйлдсэн усыг үйлдвэрлэлийн зориулалтаар гэрээ зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр торгох шийтгэл ногдуулж, шийтгэлийн 5 000 000 төгрөгийг Төрийн сангийн ******** тоот дансанд, хохирол, шимтгэл, алданги нөхөн төлбөрийн 328 952 016 төгрөгийг 100900013040 тоот дансанд тушаахыг даалгаж шийдвэрлэжээ.
2.7. Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч С ХХК-иас тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2024/9150 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан С ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын гаргасан, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудасны С ХХК-иас хохирол, нөхөн төлбөрт 328,952,016 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж, шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0119 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан С ХХК-аас гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бын үйлдсэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2025/0158 дугаар тогтоолоор С**** **** ХХК-ийн гомдлыг хэлэлцэхээр татгалзжээ.
2.8. С**** **** ХХК-иас 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг гаргаж, тус шүүхийн шүүгч 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/11132025/3230 дугаар захирамжаар шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргах хугацааг 7 хоногоор сэргээж шийдвэрлэснээр С ХХК-аас гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч С ХХК-иас шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ: ... Манай "С**** ****" ХХК нь анх 2008 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл ***** дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт цанын бааз, аялал жуулчлалын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй дэлхийн жишигт нийцсэн Монгол Улсын цорын ганц цанын бааз, гольфийн талбай бүхий аялал жуулчлалын байгууллага юм.
Манай компани үйл ажиллагааны хүрээнд гүний худгаас ус татан ахуйн хэрэглээндээ зориулан хэрэглэхээс гадна, байгалийн гадаргын усыг нөөцлөн усалгааны системдээ ашиглаж, байгаль орчинд ээлтэй орчныг бий болгох эрхэм зорилготой ажиллаж байна.
Тодруулбал бид зуны цагт байгалийн гадаргын ус /борооны ус/-ыг нөөцөлж усалгааны шугамын тусламжтайгаар орчны болон гольфын талбайн усалгаанд ашигладаг бөгөөд нөөцөлсөн ус хангалтгүй тохиолдолд гүний усыг усалгаанд ашигладаг.
Харин өвлийн цагт гадаргын болон гүний усыг ямар нэгэн химийн болон элдэв найрлагад оруулалгүй шууд байгальд хиймэл цас болгон оруулж, цанын баазын орчмын болон цана, чаргаар гулгах талбайд ашигладаг.
Нөгөөтээгүүр бидний ашиглаж буй усны дийлэнх хэсэг нь усалгааны системийн тусламжтай байгаль орчинд, газрын хөрсөнд буцаан шингэж, байгалийн унаган төрхийг хэвээр хадгалах, байгаль орчныг арчлан хамгаалахад зориулагддаг онцлогтой.
Гүний усыг 5 ширхэг насос бүхий гүний худгаас баталгаажсан 2 тоолуураар татан хэрэглэдэг бөгөөд тухайн худгууд бүгд Стандартчилал, хэмжил зүйн газрын Усны тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээгээр баталгаажсан.
Өөрөөр хэлбэл манай компани сар бүр албан ёсны тоолуурын баталгаажуулалтын заалтаар хэрэглэсэн гүний усны төлбөрөө төлсөөр байгаа болно.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б 2024 оны 05 дугаар 16-ны өдөр манай компанийн үйл ажиллагаанд байгаль орчны чиглэлээр хяналт шалгалтыг хийж, гүйцэтгэсэн.
Улмаар хяналт шалгалт хийх явцад "С**** ****" ХХК нь усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэж Улсын ахлах байцаагч Т.Б үзэж 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2402000360 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад манай "С**** ****" ХХК-ийг усыг үйлдвэрлэлийн зориулалтаар гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэж, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжээр буюу 5.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.
Мөн тус шийтгэлийн хуудсаар Усны газрын 2024 оны 07 сарын 02-ны өдрийн 01/825 тоот албан бичгийн хавсралт "Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ"-г үндэслэж 328,952,016 /гурван зуун хорин найман сая есөн зуун тавин хоёр мянга арван зургаан/төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ус ашиглагч аж ахуй нэгж зохих эрх бүхий байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулан, усыг үйл ажиллагаандаа ашигладаг.
Үүний дагуу манай компани Туул голын сав газрын захиргаатай 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ус ашиглах гэрээ байгуулж, Туул голын сав газрын захиргааны даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн "Зөвшөөрөл олгох тухай" А/22 тоот тушаалын дагуу, Туул голын сав газрын захиргаатай 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ус ашиглах гэрээ байгуулж, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн "Зөвшөөрөл олгох тухай А/08 тоот тушаалын дагуу, ********ТӨҮГ-ын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот Ус ашиглуулах дүгнэлт, Туул голын сав газрын захиргааны даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/10 тоот "Зөвшөөрөл олгох тухай" тушаал, Туул голын сав газрын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/06 тоот "Зөвшөөрөл олгох тухай" тушаал, гэрээ, зөвшөөрлийн дагуу ус ашиглагчийн эрх үүргээ биелүүлэн ажилласаар ирсэн.
Дээрх ус ашиглах эрхийн хүсэлтийг эрх бүхий байгууллагууд жил бүр хүлээн авч холбогдох баримт бичгийг хүсэлтээ өгснөөс хойш багагүй хугацааны дараа гарган өгдөг байсан.
Үүний нэгэн адил манай компани 2022 оны 01 сарын 13-ны өдөр ус ашиглах дүгнэлтийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хүсэлтээ өгсөн байсан боловч тус газрын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/59 тоот албан бичгээр хуульд заасан баримт бичгийн бүрдлийн шаардлага хангаагүй гэх үндэслэлийг зааж манай хүсэлтийг буцаасан байсан бөгөөд шаардлагатай баримт бичгүүдийн бүрдлийг хангахаар төрийн эрх бүхий байгууллагуудад хүсэлтээ гарган ажиллаж байсан.
Гэвч Улсын ахлах байцаагч Т.Б дээр дурдсанчлан 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсаар 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Манай компанийн ус ашиглах эрхийн зөвшөөрөл нэгэнт төрийн эрх бүхий байгууллагаас гараагүй байсан тул шийтгэлийн хуудасны 5.000.000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч төлсөн.
Харин 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл маргасаар байна.
Учир нь улсын ахлах байцаагч тухайн нөхөн төлбөрийг усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ гэж тодорхойлж, хэрэглэсэн усны үнэлгээг гурав дахин нугалж тогтоосон бөгөөд манай компанийн хувьд усны нөөцөд хохирол учруулаагүй.
Тодруулбал манай компани төрийн эрх бүхий байгууллагаас ус ашиглах зөвшөөрөл гараагүй байсан хэдий ч сар бүр хэрэглэсэн усны төлбөрөө гүний худаг дахь тоолуурын заалтаар төлсөөр ирсэн бөгөөд, төлөөгүй тохиолдол огт байхгүй.
Гэвч улсын ахлах байцаагч бодит нөхцөлийг шалган тогтоолгүй, нөхөн төлбөр тогтоосон нь үндэслэл бүхий байж чадахгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон хэсгийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШШ2025/0024 дүгээр шийдвэрээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0119 дүгээр магадлалаар гомдол гаргагч "С" ХХК-ийг "шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан "С" ХХК-ийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч "С**** ****" ХХК-иас Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ШХТ2025/0158 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
Ийнхүү манай компаниас 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг гаргаж, тус шүүхийн шүүгч 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/11132025/3230 дугаар захирамжаар шүүхэд гомдол /нэхэмжлэл/ гаргах хугацааг 7 хоногоор сэргээж шийдвэрлэсэн тул шүүхэд дахин гомдол /нэхэмжлэл/ гаргаж байна.
Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Б нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2402000360 дугаартай С**** **** ХХК-нд холбогдох зөрчлийн хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 13-ны 221/MA2025/0119 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3. 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан С**** **** ХХК-аас гаргасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бын үйлдсэн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулсан хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий гомдлыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0119 дүгээр магадлалтай захиргааны хэрэгт магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хэлэлцээд 2025 оны 04 дүгээр сарын 08-ны 001/ШХТ2025/0158 дугаар Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны Хэргийн Танхимын Нийт Шүүгчийн хуралдааны тогтоолоор гомдол гаргагч С**** **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гарсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2024 оны 01/07, 01/11 дугаар удирдамжийн хүрээнд "С**** ********" ХХК-д хяналт шалгалтыг зохион байгуулж усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын хяналтын дор 2402000360 дугаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч "С**** ********" ХХК-д хандан удаа дараа зөрчлийн хэргийн материалтай танилцахыг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж байсан. Үүнд:
С**** **** ХХК-д холбогдуулан оногдуулсан ***** дугаартай шийтгэлийн хуудсыг 2402000360 дугаартай хэрэгт оролцогч С**** **** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.********өд танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзаж, гарын үсэг зураагүй.
Холбогдогч нь эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т (Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.1.5, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ) заасны дагуу гомдол гаргах эрхтэй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т (Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана) гэж хуульчлагдсан байна.
Дээрх аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хуульд заасан арга хэмжээ авч байгаа болон хэргийн материалтай танилцах талаар 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж ажилласан бөгөөд холбогдогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.
Иймд Монголд шуудангаар (RD176450815MN бүртгэлтэй) хүргүүлсэн ба тухайн аж ахуйн нэгжийн гаргасан нэхэмжлэлд 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар ирүүлснийг хүлээн авсан тухай дурдсан байна. Энэ нь шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй байна.
мэдэгдсэнд тооцох Хүлээн авч танилцсан ***** дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг хүлээн авснаас хойш шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар дурдсан.
Эдгээр нөхцөл байдал нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөллийг оролцох эрхээр хангаж, Захиргааны ерөнхий хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж ажилласан... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.
4.2.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 сарын 16-ны өдрийн ***** дугаартай Шийтгэлийн хуудсын үндэслэл болж буй Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...усыг үйлдвэрийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ...ашигласан" гэх хууль зүйн үндэслэлд заасан нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байх тул шүүх тус шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.
4.3.Учир нь хариуцагч өөрийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудасны үндэслэлээ ...Усны тухай хуулиар болон Зөрчлийн тухай хуулиар ус ашиглах зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй учир Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох шийтгэл ногдуулсан..., 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөрийг ногдуулж буй нь хохирол бөгөөд энэ хохирлыг шинжээчийн дүгнэлтээр[1] нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй ашигласан хугацааг зөрчил илэрсэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаа хамааруулан тогтоосон... хэмээн тайлбарласан.
4.4.Харин хавтас хэрэгт авагдсан баримт болох УНТ 24/63 SR-OP-24-102 дугаар Ус ашиглуулах гэрээ-нд нэхэмжлэгч С**** **** ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах газрын доорх ус, гольфийн талбайн усалгаанд шаардагдах газрын доорх ус, хүн амын унд ахуйд шаардагдах газрын доорх усыг ашиглах эрхийг олгосон үйл баримт байна[2].
4.5.Уг үйл баримтын үр дагавар нь нэхэмжлэгчийг ус ашиглах зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй гэж буруутгагдаж буй хугацаанд хамаарах 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс маргаан бүхий акт гарах 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны усны төлбөрийн тооцооллын зөрүүтэй нөхцөл байдлыг бий болгосон.
4.6.Улмаар нэхэмжлэгчийн ...Эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан лацтай тоолуурын заалтын дагуу төлбөрөө төлсөн. 2024 онд 24,703,678 төгрөг төлсөн.... гэх тайлбар болон мөн хугацаанд зөвшөөрөлгүй ашигласан усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг тооцох Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалын 1 хавсралтын 3.1-д Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо...бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилтийн үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтална...4.2. Усны нөөцөд учирсан хохирлын нийт хэмжээ нь ...газрын доорх усны нөөцөд учирсан хохирлын нийлбэрт тэнцүү байх, ...14.4.1.газрын доорх усны экологи-эдийн засгийн үнэлгээний дундаж 2850 төг/м3-ээр авна... гэж заасан зэргээс үзвэл дээр нэхэмжлэгч С**** **** ХХК-ийн ашигласан усны хэмжээ, түүний төлбөрийн тооцооллыг шүүх өөрөө тооцоолон гаргах боломжгүй байна.
4.7.Тиймээс нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж буй асуудлаар дээр дурдсан асуудлыг тодруулан, эргэлзээгүй байдлаас нь эцэслэн дүгнэн дахин акт гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзэв.
4.8.Иймээс Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна зарчмыг баримтлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон хэсгийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
4.9.Эцэст нь хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг дагуу маргаан бүхий актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 2 / хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нөхцөл байдлыг сайтар судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 (хоёр) сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын Байгаль орчны хяналтын Улсын ахлах байцаагч Т.Бын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудасны 328,952,016 төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР