Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00590

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00590

Хөвсгөл аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Ц.У***ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00422/и дугаар индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Ц.У***аас 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.У*** 1970 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Ц***ийн 1 дэх хүү болон мэндэлсэн. Бага насаа аав, ээжийн гар дээр хүмүүжиж 1978 онд Төмөрбулаг сумын 10 жилийн сургуульд элсэн орж 8-р ангид сурч байгаад 1985 онд 8-р ангиа төгсөөд дараа жил нь буюу 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын тушаалаар малчнаар 1988 оны 10-р сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Тэндээ ажиллаж байгаад 1988 оны 10 сард цэрэгт явсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн тушаалын дугаар, архиваас авсан лавлагааны тушаал болон чөлөөлсөн тушаалууд байхгүй, тэр үеийн хөдөлмөрийн дэвтрийн лавлагаа байхгүй гэсэн. Түүнээс шалтгаалан надад өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй тул шүүхээр тогтоолго гэсэн болно. Надтай уг ажиллаж 2 хүн бол байгаа шүүхийн шатанд тэдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах болно.

Иймд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1988 оны 10 дугаар сарын 31-ний хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.У*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ц.У*** нь тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Би өөрийн буруугаас сумын архивын ажилтанд худал хэлж цалингийн лавлагаа гаргуулан хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн үнэн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.У*** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.У***аас 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд

ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч ... Би өөрийн буруугаас сумын архивын ажилтанд худал хэлж цалингийн лавлагаа гаргуулан хуурамч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн үнэн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байнаа гэсэн хүсэлтийг ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд ажиллаж байсан хугацаанд гаргаж өгсөн баримтуудыг бусад хэрэгт цугларсан баримттай харьцуулан үзэж, мөн үзлэгийг тус баримтыг гаргаж өгсөн холбогдох байгууллагын архивт явуулахад нэхэмжлэгч нь дээрх хугацаанд Завхан аймагт сургуульд сурч байсан мөн Завхан аймгаас цэргээс татагдсан зэрэг үйл баримт илэрсэн ба холбогдох албан тушаалтан хуурамч баримт гаргаж өгсөн болохоо тайлбарласан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд үндэслэгддэг бөгөөд ингэснээр цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй, нэхэмжлэгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох эрхтэй байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.У*** нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь 35,100 ( гучин таван мянга нэг зуу ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 ( гучин таван мянга нэг зуу ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Ц.У***ын хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн шүүхэд хуурамч нотлох баримтыг гаргаж өгсөн ба энэ үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.У***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ    Б.МӨНХТУЯА